• Өнөөдөр 2024-04-27

МАН-ынхан вакцин авчирлаа, АН-ынхан яах гэж байна даа

2021-02-28,   923

-АН-Д ВАКЦИНААС ГАДНА УЛС ТӨР ДЭХ НӨЛӨӨ, ЗАНГАРАГ ЗЭРГИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АВЧРАХ УУ-
 

Эрх баригч МАН-ынхан Энэтхэгээс 150 мянга, Хятадаас 300 мянган тун вакцин оруулж ирсэнтэй зэрэгцээд ард түмний дунд “АН-ынхан вакцин оруулж ирэх үү” гэдэг хүлээлт үүсээд байна. МАН байтугай хувийн хэвшлийн Худалдаа хөгжлийн банк харилцагчдадаа зориулж, 200 мянган тун вакцин оруулж ирэхээ мэдэгдээд байхад улс төрийн хоёрдогч том хүчин АН ард түмэндээ зориулж их бага хэмжээгээр вакцин оруулж ирэхгүй бол юу болох вэ гэдэг хатгалаг ч явж байна. Нээрээ ч арван тун вакцин оруулж ирсэн ч “баатар” болохоор байгаа энэ цаг үед АН гар хоосон суувал “Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхсэн” хэрэг болно. 

 
Засгийн газар вакцин оруулж ирмэгц, анхны тунг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөртөө хийлгэсэн нь авчирсан вакцинаа аюулгүй гэдгийг нотолж, ард түмнийг вакцинжуулалтад уриалах зорилготой байсан хэдий ч цаанаа “МАН анх вакцин оруулж ирлээ шүү” гэдэг мессэжийг түгээх давхар агуулгатай үйлдэл байлаа. Хэдийгээр цар тахлын хүнд цаг үед вакцин оруулж ирэх нь төрийн эрхэнд байгаа намын үүрэг, хийх ёстой ажил нь боловч нөгөөтэйгүүр вакцин бол намынхаа нэр хүндийг өсгөх, өрсөлдөгч намуудаасаа хол тасрах, ард түмний төлөө ажилладаг гэж харагдах асар том боломж. Эрх баригч МАН ч энэ боломжийг алдсангүй, атгаад авлаа. Оруулж ирсэн вакцинуудаа дээгүүрээ хувааж авалгүй зорилтот бүлгүүддээ хүртээгээд байвал эцэст нь МАН том гавьяа хүртэнэ. Магадгүй, зөвхөн вакцин оруулж ирсэн гавьяагаараа л Ерөнхийлөгчийн суудлыг “авах” боломжтой. 
Гэхдээ вакцинжуулалт дөнгөж эхэлж байгаа учраас вакцинтай холбоотой бүх гавьяаг МАН-д хүртээхэд эрт байна. Өөрөөр хэлбэл, анх вакцин оруулж ирсэн гавьяа МАН-ынх болсон ч бүх нийтийг вакцинжуулсан гавьяаг МАН-тай хуваалцах боломж АН-д байгаа гэсэн үг. Тухайлбал, Засгийн газар энэ улиралд “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 188 мянган тун, БНСУ-аас 125 мянган тун вакцин авахаар төлөвлөөд буй. Мөн эхэнд дурдсанчлан Худалдаа хөгжлийн банк 200 мянган тун, Монос групп 300 мянган тун вакцин оруулж ирнэ гэх мэдээлэл байгаа. Нийлбэрээр нь тооцвол нийт хүн амын 20 орчим хувийг дархлаажуулах вакцин ойрын хугацаанд орж ирэх нь тодорхой болоод байна. Манай улс нийт хүн амынхаа 60 хувь буюу хоёр сая орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Ойрын хугацаанд орж ирэх вакциныг хасаад тооцвол манай улсад дахиад 2.3 сая орчим тун вакцин шаардлагатай гэсэн үг. Чухамдаа нэмж шаардлагатай байгаа 2.3 сая тун вакцины тодорхой хувийг оруулж ирээд гавьяа хүртэх боломж АН-д байна. 
 

Тэгвэл вакцин оруулж ирэх тухай хэлэлцэх манатай, даргын албан тушаалын хэрүүл нь дуусаагүй байгаа АН-ынхнаас вакцин оруулж ирэх шаанстай хүн одоогоор алга. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-ын эрх мэдлийг дүү нараараа дамжуулан авахыг туйлын хүсэж, цөөнгүй оролдлого гарган багагүй амжилтад хүрээд байгааг улс төрийн хүрээнийхэн ил далд ярьж буй.  Тиймдээ ч МАН вакцин оруулж ирсэн өдрөөс хойш түүний “туслахууд” нь “Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчилж, 20 мянган тун вакцин авчирна” гэх бор шувууг санаатай нисгэж, “Хятад вакцин муу, Орос вакцин л хийлгэнэ” гэх давалгааг цахим орчинд өрнүүлж буй. МАН-ын оруулж ирсэн вакциныг эсэргүүцэгчид, Оросын вакциныг сайшаагчид олон байгаагийн цаана Х.Баттулгын “Орос” вакцин оруулж ирэх төлөвлөгөө байна гэх юм уу даа. Хэзээ, хэдэн тун гэдэг нь л тодорхой бус болохоос биш, оруулж ирнэ гэдэг нь баталгаатай болоод байна. 

 
Ерөнхийлөгч Х.Баттулгад вакцин оруулж ирэх хоёр шалтгаан, хоёр ашиг байна. Шалтгааны хувьд нэгдүгээрт, Хятадад коронавирусийн халдвар гаарч байхад 30 мянган хонь бэлэглэж байсан атлаа өөрийн улс нь вакцины нөөцгүй байхад вакцин оруулж ирэхгүй бол “Монгол ялна” биш “Хятад ялна” болчихно биз дээ. Хоёрдугаарт, түүний бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Өнгөрсөн дөрвөн жил МАН-д “дөнгөлүүлээстэй” байсан түүнд оффшор, тэтгэврийн зээлээс өөр дурсагдах зүйл бараг л алга. Тиймээс ядаж вакцин оруулаад ирчихвэл эцсийн бүлэгт хийсэн ажилтай харагдана. 
 
Харин ашгийн хувьд нэгдүгээрт, Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын зорилго нь АН-ыг гартаа авах болоод буй. Угтаа АН-ын “хоёр дарга” С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын хэрүүлийн цаана МАН, Х.Баттулга хоёрын “зодоон” өрнөж байгаа. Хэрвээ Х.Баттулга яг энэ цаг үед вакцин оруулаад ирчихвэл, ингэхдээ Ардчилсан Ерөнхийлөгчийн хувиар оруулж ирсэн гэж харагдвал АН-ын нэр хүндийг өсгөж, үүнийг дагаад өөрийнх нь нам доторх нөлөөлөл ч томорно. 
 
         Хэрвээ тэр АН-ыг гартаа авчихвал энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө биш юм гэхэд өөрийнхөө хүнийг дэвшүүлэх эрхтэй болно. Хоёрдугаарт, тэр иргэн бүрд сая төгрөг олгох санаачилга хоёр удаа гаргасан ч аль алиныг нь МАН дэмжээгүй. Сая төгрөгийн санал нь бүтэлгүйтсэнээс болж тэр хүчгүй харагдаж байгаа. Тэгвэл вакцин оруулж ирж, ард түмний хүлээж буй сая төгрөгийн хүлээлтийг дарах боломж байна. Яг энэ цаг үед сая төгрөгтэй байх чухал уу, коронавирусийн эсрэг дархлаатай байх чухал уу гэж асуувал ард түмэн вакцин л гэж хариулахаар байгааг мэдрэхгүй өнгөрч яавч болохгүй. 
 
 

МАН-ынхан вакцин авчирлаа, АН-ынхан яах гэж байна даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-28 10:59:18
    Бэрх: Юу хуцаад бна өнөөдөр төрийн эрхийг барьж байгаа нам хийх ёстой ажилаа хийж байгаа гэхдээ маш муу хийж бн гудамжинд байгаа АН ямарч эрх мэдэлгүй ерөнхийлөгчөөр юу хийлгэх гээд байгаа мал бэ чи. Юу бичиж байгаагаа мэдэдгүй чам шиг малуудаас болж хар масс хэмлэлдэж бна. Зайл чимуу баас
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188