• Өнөөдөр 2026-04-03

МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ

       Ах дүү болж амраглан тэврэлдэцгээх атлаа, албан тушаалын төлөө хоёр хуваагдаад, хэмх нүдэлцдэг нь Ардын намынхны араншин. 10-аад жилийн өмнө Ардын намын 55 гишүүн ах дүүс гэгдэх М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын талд тэхий голоороо 32, 33-ын бүлэг болж хуваагдаад, халз үзэж, хэмх нүдэлцэж байлаа. Тэр зодоонд У.Хүрэлсүх ялснаар Засгийн тэргүүн болж, Ардын намын арслантай тамгыг ч атгасан түүхтэй. 
 
Тэгвэл Ардын нам тэртээ 10-аад жилийн өмнөх хагарал хуваагдлын шархныхаа гүн хөх сорвины хажуу талаар ахиад л хуваагдчихлаа. Одоо Ардын намын 68 гишүүн Н.Учрал, Д.Амарбаясгалан хоёрын талд 30, 38-ын бүлэг болж хуваагдчихаад ид үзэлцэж, бүр үсдэлцэж байна. Толгойлж байгаа нь тэд гэж харагдавч, Н.Учралын ард У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалангийн ард Л.Оюун-Эрдэнэ байгааг бүгд мэднэ. 
 
        Энэ хуваагдлын шалтгаан юу байв гэхээр, У.Хүрэлсүх угсаагаа Г.Занданшатараар залгамжлуулж Ерөнхийлөгч болгохыг хүссэн. Гэхдээ төрж өссөн тойргоосоо ч сонгогдож чадаагүй Г.Занданшатарыг “гудамж”-наас шууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжгүй. Иймээс Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Г.Занданшатарыг байнга зангиатай буюу албан тушаалтай байлгаж, ард түмэнд лидер гэж харагдуулах ёстой болсон. 
 
Ард түмэнд лидер гэж харагдах боломжтой гурван албан тушаал нь МАН-ын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Мэдээж, Г.Занданшатар УИХ-ын гишүүн биш тул УИХ-ын дарга болох боломжгүй. Иймээс Л.Оюун-Эрдэнийг унагааж, Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгосон. Дараа нь, Л.Оюун-Эрдэнээс МАН-ын даргын сэнтийг Г.Занданшатарт авч өгөхөөр зүтгүүлсэн.  Ийнхүү бүх сэтэр, сэнтийг нь Г.Занданшатарт шилжүүлж, өөрийг нь “шалдалж” буйд Л.Оюун-Эрдэнэ уурласан. Улмаар МАН-ын даргын сэнтийгээ өгөхгүй гэдийж, МАН-ын даргын сонгуульд Г.Занданшатарын эсрэг Д.Амарбаясгаланг сөргүүлсэн. Ингэж У.Хүрэлсүхийг залгамжлах Г.Занданшатарын замд саад болсноороо Д.Амарбаясгалан УИХ-ын даргын сэнтийгээ Н.Учралд алдсан. Улмаар МАН-ын даргын сэнтийг ч Н.Учралд алдсан. 
 
        Ийнхүү төрснөөс өөрцгүй ахдаа бүхнээ булаалгаж, сул гишүүн төдий сэтэртэй үлдсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаягалан хоёр хор шарандаа УИХ дахь МАН-ын бүлгээс өөрсдийнхнөө тасалж аваад 30-ын бүлгийг байгуулж, алдсанаа буцааж авахаар зодоон эхлүүлсэн. Хариуд нь У.Хүрэлсүх, Н.Учрал хоёр ч 38-ын бүлгийг байгуулж, хариу зодолдож эхэлсэн. Ардын намын хоёр дахь их хагарлын түүх товчдоо ийм. 
 
Хаваржин хуваагдаж зодолдсон 30, 38-ын бүлгийнхэн саяхан тохиролцооны ширээнд суусан. 30-ын бүлгийн талаас УИХ-ын даргын сэнтийг авах санал тавьсан. Харин 38-ын бүлгийнхэн УИХ-ын даргын сэнтийг өөрсдөө авна гэдгээ илэрхийлж, оронд нь шинэ Засгийн газарт 5-6 сайдын суудал өгөх санал тавьсан. Өөдөөс нь 30-ын бүлгийнхэн УИХ-ын даргын сэнтийг л өгөхгүй бол хэдэн ч сайдын суудал хэрэггүй гэж гүрийсэн. Ингээд 30, 38-ын бүлгийнхэн тохиролцож чадаагүй, одоо УИХ нь даргагүй, Ерөнхий сайд нь танхимгүй, төрийн ажил тэг зогсчихоод байж байна. 
 
          УИХ дахь МАН-ын 30, 38-ын бүлгийнхэн яагаад УИХ-ын даргын сэнтийг булаацалдаад байгаа гэхээр, энэ сэнтийд хэн суухаас Ерөнхийлөгчийн сонгууль шууд хамаарна. 
 
Тодруулбал, Г.Занданшатарыг Ерөнхийлөгч болгох “зохиол” бүтэлгүйтэж, тэр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл бүтэн жил дутуу байхад Ерөнхий сайдаас уначихлаа. Өөрөөр бол, Г.Занданшатарт Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ард түмний анхаарлын төвд байх, лидер гэж харагдах албан тушаал үлдсэнгүй. Иймд, “зохиол”-оос Г.Занданшатарыг хасаж, түүний оронд Ерөнхийлөгчид дэвшүүлэх “шинэ дүр” гаргаж ирэх хэрэгтэй болсон. Харин өнөөх “шинэ дүр”-ээ УИХ-ын дарга болгож, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ард түмний анхаарлын төвд ажиллуулаад, улмаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Яагаад Ерөнхийлөгчид дэвшүүлэх тэр “шинэ дүр”-ээ Ерөнхий сайд болгож болоогүй гэхээр, тун удахгүй түлш шатахууны үнэ нугарч нэмэгдэх зэргээр нийгмийн бухимдал хурцдана. Ийм хүнд цаг үед өнөөх “шинэ дүр”-ээ Ерөнхий сайд болговол ирэх жил Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай, ирээдүйн карьер нь дуусах эрсдэлтэй. Харин УИХ-ын даргын сэнтийд суулгах нь хамгийн зөв хувилбар. Иймээс л 38-ын бүлгийнхэн УИХ-ын даргын сэнтий чухал байгаа юм. 
 
        Харин 30-ын бүлгийнхэн УИХ-ын даргын сэнтийг авах нь хоёр талын ашигтай. Нэгдүгээрт, шинэ Ерөнхий сайд Н.Учралын бодлого, шийдвэр, санаачлагууд УИХ-аар дамжина. Тэгэхээр УИХ-ын даргын сэнтийг өөрсдөдөө авснаараа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр Ерөнхий сайд Н.Учралыг хараандаа байлгаж “хянах” боломжтой болно. Хоёрдугаарт, Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Одоо УИХ-ын даргаар томилогдох хүн Ерөнхийлөгчид нэр дэвших учраас томилгоо нь гацчихаад байгаа” гэж ам алдсан. Тэгэхээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын сэнтийг өөрсдөдөө авснаараа У.Хүрэлсүхийн залгамжлагчаа тодруулах “зохиол”-ыг зогсоох боломжтой болно. Өөрөөр бол, бүх сэтэр, сэнтийгээ булаалгасан “хонзон”-гоо тайлна гэсэн үг. Иймээс л 30-ын бүлгийнхэн Засгийн газрын 5-6 сайдын суудлыг голж, УИХ-ын даргын сэнтийг авахаар улайраад байгаа хэрэг. 
 
Эцэст нь, Ардын намын 10 жилийн цикл дэх хоёр дахь их хуваагдал буюу 30, 38-ын бүлэгт УИХ-ын гишүүд хэрхэн харьяалагдаж буйг танилцуулж байна. 
 
Д.Амарбаясгалангийн 30-ын бүлэг
 
1. Д.Амарбаясгалан- 
2. Л.Оюун-Эрдэнэ- 
3. С.Амарсайхан- 
4. Х.Булгантуяа- 
5. А.Ариунзяа
6. Х.Баасанжаргал
7. П.Сайнзориг
8. О.Батнайрамдал
9. Б.Баярбаатар
10. Ж.Бат-Эрдэнэ
11. Э.Болормаа
12. Ц.Идэрбат
13. Г.Лувсанжамц
14. М.Мандхай
15. Л.Мөнхбаатар
16. Ч.Номин
17. О.Номинчимэг
18. Ч.Анар
19. Д.Ганмаа
20. М.Ганхүлэг
21. Ц.Сандаг-Очир
22. О.Саранчулуун
23. Б.Тулга
24. Г.Тэмүүлэн
25. Б.Уянга
26. М.Энхцэцэг
27. С.Эрдэнэбат
28. Б.Бат-Эрдэнэ
29. Ж.Алдаржавхлан
30. Н.Алтаншагай
 
Н.Учралын 38-ын бүлэг
 
1. Н.Учрал
2. Т.Аубакир
3. М.Бадамсүрэн
4. Э.Бат-амгалан
5. Ж.Батжаргал
6. Д.Батлут
7. Б.Батцэцэг
8. Э.Батшугар
9. Д.Бум-Очир
10. С.Бямбацогт
11. Ж.Галбадрах
12. Х.Ганхуяг
13. Г.Дамдинням
14. Б.Дэлгэрсайхан
15. Б.Жавхлан
16. Х.Жангабыл
17. Б.Заяабал
18. С.Лүндэг
19. Т.Мөнхсайхан
20. Н.Наранбаатар
21. У.Отгонбаяр
22. Д.Рэгдэл
23. Л.Соронзонболд
24. Ч.Ундрам
25. З.Мэндсайхан
26. Д.Үүрийнтуяа
27. Б.Хэрлэн
28. Дам.Цогтбаатар
29. Ж.Чинбүрэн
30. Б.Чойжилсүрэн
31. Л.Энх-Амгалан
32. Б.Энхбаяр
33. Ж.Энхбаяр
34. Д.Энхтүвшин
35. Н.Батсүмбэрэл
36. Ж.Ганбаатар
37. Ц.Даваасүрэн
38. С.Зулпхар
 

МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-03 08:30:22
    Зочин: МАН -г тер гацаасны телее татан буулгаяа!!! Улсын ч самарчихлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-03 07:20:56
    Зочин: 3.5 сая монголчуудад ганцхан МОНГОЛ газар шороо, гол ус, таван хошуу мал байна. Үүнээс илүү баялаг, боломж, жаргал гэж юу байх юм бэ? Эдгээр бүлэглэлүүд доторхи хүнэнцэрүүд мөнх биш бүгд л тун удахгүй хорхой шавьжны идэш болоод дэлхийгээс арчигдан ҮГҮЙ болно. Эдгээр хүмүүс шиг хомхой, хүн чанаргүй хүмүүс алга. Нефтьтэй байж шатахуунгүй, нүүрстэй байж цахилгаангүй, дулаангүй байна гэдэг ямар аймшигтай мунхаглал вэ????????
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188