Ерөнхий сайд Г.Занданшатар гурван Засгийн газар дамнан дөрөв дэх жилдээ Эрчим хүчний яамыг толгойлж буй Б.Чойжилсүрэнг чөлөөлөхөөр болжээ. Он гарснаас хойш нийслэл даяар тогны хязгаарлалтад шилжсэн, нэмээд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз, зөвлөх, нэг сумын дүү гэх тойрон хүрээлэгчид нь асар их хэмжээний авлига, хулгайн хэргээр АТГ-ын хаалга татацгаасан. Арга буюу Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч нэгдүгээр сарын 28-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуудлаа шийдэх 30 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаа нь хоёрдугаар сарын 28-нд дууссан ч дахин 30 хоногоор сунгасан. Хоёр удаа хугацаа өгөөд ч Б.Чойжилсүрэн асуудлуудаа шийдэж чадаагүй тул ийнхүү чөлөөлөхөөр болжээ.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яамыг ХҮН намын дарга Т.Доржхандад өгч, сайдаар нь түүний үеэл ах, УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор тохирсон мэдээлэл байна. ХҮН намын дарга Т.Доржханд хоёр Засгийн газар дамнуулан Боловсролын яамыг эрхшээж буй ч Эрчим хүчний яам руу санаархаж, тогоо руу нь өнгөлзсөөр ирсэн. Тэгвэл одоо Боловсролын яамаа Эрчим хүчний яамаар сольж, үеэл ах Б.Найдалаагаараа дамжуулан эрчим хүчний салбарыг эрхшээхээр тохирсон бололтой юм.
Гол нь, ХҮН намд, тэр тусмаа Т.Доржхандад Эрчим хүчний яамыг өгөх нь “чононд мах хадгалуулах” гэгч болохыг доорх хэдхэн жишээнээс харж болно.
Нэгдүгээрт, өмнөх Засгийн газарт Т.Доржханд Эрчим хүчний реформын үндэсний хороог даргалж байсан. Тиймдээ ч 2030 он хүртэл манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Саудын Арабаас 10 тэрбум ам.доллар, Европын хөрөнгө оруулалтын банкнаас 1.0 тэрбум евро, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 1.0 тэрбум ам.доллар гэх мэтээр асар их хэмжээний мөнгө орж ирнэ гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь Т.Доржханд. Тэгэхээр Т.Доржханд энэ их мөнгөнд “эзэн” суухаар санаархаж, Эрчим хүчний сайдаар үеэл ах Б.Найдалаагаа томилуулахаар улайрч буй бололтой.
Хоёрдугаарт, “MCS”-ийнхэн үе үеийн Засгийн газарт нөлөөтэй явж ирсэн гэгддэг ч эрчим хүчний салбарт “тавиул”-тай байгаагүй. Ямар сайндаа л “MCS”-ийнхэн Баянхонгорт цахилгааны дэд станц барихдаа Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж асан Б.Насантогтоход их хэмжээний авлига өгсөн гэх асуудал нь одоо АТГ-т шалгагдаж буй. Тэгвэл Эрчим хүчний сайдад яригдаж буй Б.Найдалаа нь үеэл дүү Т.Доржхандтайгаа ХҮН намыг байгуулалцахаасаа өмнө “MCS”-ийн Хөрөнгө оруулалтын ахлах менежер, “MCS”-ийн охин компани “Юнител групп” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан.
Гуравдугаарт, Шадар сайд Т.Доржханд 2012 онд Оксфордын их сургуулийг хамт төгссөн найз Л.Дулмаазулыг өөрийн зөвлөхөөр томилон ажилуулж буй. Ноцтой нь, Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Л.Дулмаазулын “Вольфсон” ХХК, “Талын энержи” ХХК, “Эс Эс Пи Салхин энержи” ХХК, “Эс Эс Пи Манлайн Энержи” ХХК, “Сан степпе энерги” ХХК гэх таван компани нь Өмнөговь, Говьсүмбэр аймагт 837 сая м2 газрыг сэргээгдэх эрчим хүчний буюу нар, салхины цахилгаан станц барих зориулалтаар ашиглахаар эзэмшиж буй. Нэг айл хашааны 0.07 га газартай гэхээр Л.Дулмаазулын 837 сая м2 газар нь 1.1 сая айлын хашааны газартай тэнцэх хэмжээний том газар гэсэн үг. Тэгээд болоогүй, Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Л.Дулмаазул “Сан степпе” ХХК-даа сэргээгдэх эрчим хүчний станц барих тусгай зөвшөөрөл гаргуулж аваад, өдгөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд эзэмшдэг 1.0 сая м2 газар дээрээ 50МВт-ын нарны буюу сэргээгдэх эрчим хүчний станц бариад эхэлчихсэн. Тэгэхээр Эрчим хүчний сайдаар Т.Доржхандын үеэл ах Б.Найдалаа томилогдвол нар салхины станц барих бэлэн 837 сая м2 газартай зөвлөх Л.Дулмаазул нь эрчим хүчний салбарын “акул” болж хувирна гэсэн үг.
Дөрөвдүгээрт, өнгөрсөн Засгийн газар төрийн өмчит компаниудад менежер томилоход ХҮН намын дарга Т.Доржханд эрчим хүчний салбарт хамгийн олон менежер томилуулж дөнгөсөн. Өөрөөр бол, өнгөрсөн хугацаанд Т.Доржхандын “тавиул”-ууд төрийн өмчит эрчим хүчний компаниудыг менежер сэтэртэйгээр удирдаж ирсэн. Жишээ нь, “ДЦС-3” ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлт хариуцсан менежерээр ХҮН намын УЗ-ийн гишүүн, Т.Доржхандын зөвлөх Ш.Энхтуулын нөхөр М.Ангараг, Дотоод үйл ажиллагаа хариуцсан менежерээр ХҮН намын гишүүн Д.Бат-Эрдэнэ, “ДЦС-4” ТӨХК-ийн Бизнес хөгжил хариуцсан менежерээр ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Чинзориг, “Багануур” ХК-ийн Бүтээмж хариуцсан менежерээр Багануур дүүргийн ХҮН намын хорооны дарга Д.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны даргаар 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшээд унасан Л.Жамбаа гэх мэтээр томилогдсон байдаг.
| ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ |
|