• Өнөөдөр 2026-03-13

ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ

        Өөрийгөө хууль шүүхийн хонгилоор өвдгөө зулгартал, үсээ халцартал чирүүлж байна гэж цаг үргэлж хашхирах юм, Н.Алтанхуяг. Эгээ л, өөрийгөө шударга ёсны бурхан Фемидад шоовдорлогдсон физикч гэх нь холгүй. Тэр төрийн түшээгээр тав сонгогдож, засагт дөрөв залагдсан. АН ч, ард түмэн ч түүнийг тэгж эрхлүүлсэн. Атал одоо Хөгжлийн банкны хэргийг минь цагаатгасангүй хэмээн цадигаа алдаж, хэргийг нь шүүсэн шүүхийг хонгилоор нь цоллоод хашхирч байна. Ерөөс Ерөнхийлөгч болгож байж л төр, түмнээрээ түүнд “өр”-өө төлж дуусаад, шүүхийнхний чих шуугихаа болих юм гэнэ. 
 
“Намайг Ерөнхийлөгч болно гэж айсандаа хонгилддог” буюу шүүхийн хонгил хэмээх шүлсээ савируулсан мангааны үлгэр
 
      Хөгжлийн банканд 36.4 тэрбумын хохирол учруулсан Н.Алтанхуягийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 2-нд болсон. Гэтэл Н.Алтанхуяг давж заалдах шатны шүүх хурлаасаа дөрөвхөн хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 26-нд “Би ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гээд зарлачихаж байгаа юм. Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Н.Алтанхуягийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг цуцалж, ахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан. Тэгмэгц Н.Алтанхуяг гарч ирээд “Намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан чинь л давж заалдах шатны шүүх хонгилдоод, цагаатгагдсан шийдвэрийг маань хүчингүй болгочихлоо” гэж хашхирч байгаа юм. Өөрөөр бол, Н.Алтанхуяг анхнаасаа давж заалдах шатны шүүхийг давж гарахгүй гэдгээ мэдэж байсан. Тиймдээ ч шүүх хурлынхаа өмнөхөн “Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж зарлах заль зохиосон. Ингээд шүүхийн шийдвэр гармагц “Намайг Ерөнхийлөгч болгохгүй гэсэндээ шүүхээр хонгилдлоо” гэж хашхирч байгаа юм. Айхтар заль биз. 
 
Нөгөө талаас, ерөөс “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр надаас айгаад хонгилдчихлоо” гэж хашхирдаг нь Н.Алтанхуягийн сэтгэлээ зогоох зуршил гэж хэлж болно. 
 
      Эргэн санавал, 2017 оны нэгдүгээр сард Н.Алтанхуяг авгайнхаа хэргээр АТГ-т яллагдагчаар татагдчихаад “Яг Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байтал яллагдагч болгочихлоо. Намайг Ерөнхийлөгч болгохгүй гэсэндээ Ц.Элбэгдорж хонгилдчихлоо” гэж хаваржин хашхирсан. Хоржоонтой нь, “Намайг Ерөнхийлөгч болохоос бүгд айж байна” гэж хашхирч явсан Н.Алтанхуяг 2017 оны тавдугаар сард АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дотоод сунгаанд оролцоод, Х.Баттулга, Р.Амаржаргал, Д.Дорлигжав нарын үе тэнгийнхнээсээ сүүл мушгиж байлаа. Угаасаа Н.Алтанхуягийг АТГ яллагдагчаар татсан, татаагүй АН-ын гишүүд нь түүнийг нэр дэвшүүлэхгүй байсан гэсэн үг. Тэгээд ч өмнөх жилийнх нь УИХ-ын сонгуульд уугуул нутаг Увсдаа нэр дэвшээд унасан Н.Алтанхуягийг ард түмэн Ерөнхийлөгчөөр сонгохгүй нь тодорхой л байсан.
 
       2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН хоёр даргатай, хоёр тамгатай болчихсон байсан. Ингээд О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болж, СЕХ-нд материалаа хүргүүлсэн. СЕХ-ноос хоёуланг нь нэр дэвшүүлэх боломжгүй тул хуулийн дагуу М.Тулгат даргатай АН нь албан ёсных гэж үзэж С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Ингээд Н.Алтанхуяг сурсан зангаараа М.Тулгат даргатай АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр руу “Чи Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан, монголд хонгил угсархад нь гол хувь нэмрээ оруулсан. Одоо чи С.Эрдэнэтэй нийлж, миний Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг үгүй хийлээ” гэж баахан хашхирсан. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахиад л Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёрт “хонгилдуулсан” хохирогч мэтээр хашхирч сэтгэлээ тайтгаруулсан. 
 
Одоо Н.Алтанхуяг “Ирэх 2027 онд намайг Ерөнхийлөгч болно гэж айсандаа анхан шатны шүүх рүү хэргийг маань буцааж, шүүхээр хөлийг минь тушиж байна” гэж хашхирч явна. Яг үнэндээ өнгөрөгч 2024 сонгуулиар СХД-т нэр дэвшсэн Н.Алтанхуяг Э.Батшугарт саналын тоогоороо ялагдсан. МАН-ын экс ерөнхийлөгчийн эрх хүүтэй тойрогт өрсөлдөөд ялж чадаагүй Н.Алтанхуяг нийт ард түмний саналыг авч Ерөнхийлөгч болно гэж байх уу. Тэгэхээр Н.Алтанхуягийн хэрэг анхан шатны шүүх руу буцсан нь аанай л ардаа улс төрийн явууллагагүй буюу сурсан зангаараа “Яг Ерөнхийлөгч болдгийн даваан дээр шүүх хөлийг маань тушчихлаа” гэж сэтгэлээ тайтгаруулж, хонгидуулсан хохирогчийн дүрд тоглож буй хэрэг ажээ. 
 
Н.Алтанхуяг давж заалдах шатны шүүхийг давж чадаагүй цаад шалтгаан
 
      Ядахад Н.Алтанхуяг физикчээс өөр дипломгүй болоод ч тэр үү хуулийн мэдлэг “0” юм. Хуулийн хоёр ном ч атугай уншсан бол “Шүүх намайг хонгилдлоо” гэж хашхирхаасаа өмнө саяны Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн хүрээнд гарсныг ойлгох ёстой байв. 
 
Тодруулбал, Н.Алтанхуяг “Нийслэлийн давж заалдах шатны шүүх өмнө нь намайг цагаатгаж байсан. Гэтэл сая цагаатгасангүй, харин анхан шат руу буцаачихлаа.  Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тулд зориудаар ийм шийдвэр гаргасан” гэж хашхирч яваа. Тэгвэл Н.Алтанхуяг саяны шүүхийн шийдвэрээс юуг ойлгох ёстойг маш энгийгээр тайлбарлаад өгье. Улсын дээд шүүхээс Н.Алтанхуягийг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг анхааралгүй үлдээсэн байна гэж үзээд цагаатгасан шийдвэрийг нь хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заалт бий. Өөрөөр бол, Улсын дээд шүүхээс “Цагаатгасан шийдвэрт чинь ноцтой алдаа байна, ахиад хэлэлц, алдаагаа зас” гэдэг шийдвэр гаргасан л бол анхан шатны шүүх энэ шийдвэрийг нь үг дуугүй дагаж, алдаагаа засаж шинээр шийдвэр гаргах ёстой.  
 
      Гэтэл СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Алтанхуягийн хэргийг дахин хэлэлцэхдээ өмнөх цагаатгасан шийдвэрээ тэр чигээр нь үг үсэггүй хуулбарлаад ахиад цагаатгачихсан. Алдаагаа засах байтугай, Улсын дээд шүүхийн хүчингүй болсон өмнөх цагаатгах шийдвэрээ А, Б-гүй “коби”-доод ахиад цагаатгачихсан гэсэн үг. Иймээс сая Нийслэлийн давж заалдах шатны шүүх Н.Алтанхуягийг хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн “коби”-дсон, алдаатай цагаатгах шийдвэр нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзээд хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь энэ юм. Бүр энгийнээр бодоод үз, 1+1=3 гэдэг хариу чинь буруу байна, алдаагаа засаад ир гэхээр ахиад 1+1=3 гэдэг хариугаа бариад очиж болохгүй биз дээ. Яг үүнтэй адилаар, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн шийдвэрийг сөрж, алдаатай шийдвэрээ ахин гаргасан учраас Нийслэлийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгоод буцаасан гэсэн үг. Товчхондоо, цагаатгагдахаар хэт улайрч яваа Н.Алтанхуяг үүнийг ойлгохгүй “Намайг Ерөнхийлөгчид  нэр дэвшинэ гэхээр хонгилдлоо” гэж хашхираад яваа хэрэг шүү дээ. 
 
Эцэст нь, хүссэн шийдвэрийг нь гаргаагүй шүүхийг хэдий болтол хонгил гэж цоллох вэ, Н.Алтанхуяг гишүүн ээ. 
 

ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188