• Өнөөдөр 2026-03-11

Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ

2026-03-11,   145

    Улс төрд халуухан хавар болох хүлээлт үүсчихээд буй. Гэхдээ хэн нь түймэрдэхийг, хэн нь түлэгдэхийг одоогоор таах хэцүү. Ямбанаас бууж, ялагдлаа хүлээн зөвшөөрчихсөн мэт харагдах Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр үнэндээ Ардын намын ах нарынхаа доороос гал өрдөхөөр зэхэж буйг үгүйсгэх аргагүй. Тэр тусмаа, төрж өссөн тойргоосоо сонгогдож чадаагүй хүнд Ерөнхий сайдын сэнтийгээ булаалгачихаад, сул гишүүний сэтэртэй сажилсаар карьераа дуусгая гэж сэтгэлээр унах хүн Л.Оюун-Эрдэнэ биш. Ахлах ангийнхаа ахад зодуулчихаад, хашааных нь үүдэнд тоосго барьж хонон өнжин хүлээсэн түүх түүний намтарт байдаг юм. Ах нарынхаа өөдөөс ахиад босно гэдэгт нь эргэлзэхгүй байж болно. 
 
      МАН-ын гал тогоог найман жил удирдаж, угсраа олон сонгуулиар ялалт авчирч, амттай хоол бүрийг намынхандаа бэлдэж өгсөн Д.Амарбаясгалан гавьяагаа ах нартаа үнэлүүлж чадаагүй, ганцхан жил УИХ-ын даргаар ажиллаад буусан. Ардын намын ачааны хүндийг үүрч явахад нь аахилахаас өөрийг хийгээгүй хүнд хамгаа булаалгах, тэр байтугай намаасаа хөөгдөх түүнд шударга биш байгаа. Тэгэхээр Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэтэй хамт эргэж ирж л таарна, энэ хавар. 
 
Гол нь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр дэлбэрэхэд бэлэн дарь дүүрэн торхтой л ирэх болов уу. Тэр хоёр Засгийн газрыг хамтран удирдаж байхдаа “дэлбэрэлт”-ийг салбар бүрд яаж хийж байсныг бид мэднэ. Хөгжлийн банканд “дэлбэрэлт” зохион байгуулаад 80 хүнийг шүүхийн танхим руу илгээж байлаа. Олон хүн “түлэгдсэн”, Ё.Баатарбилэг бүр онцгой их. Дараа нь нүүрсний хулгай гэх том “дэлбэрэлт” хийсэн. Түүнд нь МАН-ын олон гишүүн өртөж, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр хүнд “шархадсан”. Дараа нь 2023 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индрээс “Төмөр замын компаниудад дараагийн дэлбэрэлт болж магадгүй шүү. Бас Байгаль орчны яамны газар зардаг дарга нарын дунд ч дэлбэрэлт болно” гэж байлаа. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр авлига, хулгай үүрлэсэн салбарыг сануулж байгаад л “дэлбэлдэг” байлаа. 
 
       Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр эргэж ирэхдээ энэ арга барилаараа ах нарыгаа “дэлбэлж” таарна. Энэ бол тэдний ах нарыгаа ялах, алдсан байр сууриа буцааж олж авах ганц л арга. Түүнээс биш ах нартайгаа хундаганы ард ойлголцоход хэтэрхий хол явцгаасан. 20-иодхон насандаа Ардын намын босго алхсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрт ах нарынх нь авлигын схемийн зураглал, орд газар, ордон харшны баримт сэлт байж л байгаа. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын схем”, “Эрдэнийн 49 хувийн схем” гээд олон схемийг зад “дэлбэлж” асан туршлагатай. Товчхондоо, халуухан хаврын гол дүрүүд нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр байх боломжтой гэсэн үг. 
 
        Эцэст нь сонирхуулахад, МАН-ын дарга нарт 45, 46 нас эргэж ирэх эргэлтийг цэг шиг л байдаг. Одоо Д.Амарбаясгалан 45, Л.Оюун-Эрдэнэ 46-тай. У.Хүрэлсүх 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүний ажлаа хоёуланг нь өгөөд Австрали явахдаа 44 настай байлаа. Тэр үед У.Хүрэлсүхийг улс төрөөс нэг мөр зодог тайлж буй мэтээр л ярьж, бичиж байсан. Хоёр жилийн дараа 46 настай У.Хүрэлсүх Шадар сайд болж буцаж ирсэн, дараа нь МАН-ын дарга, Ерөнхий сайд болсон, харин одоо Ерөнхийлөгч болчихоод сууж буй. 
 
      Ерөнхий сайд Г.Занданшатар 2014 онд автомашины осолд орж, сар шахам сэхээнд хэвтэхдээ 44 настай байлаа. Тэр үед МАН-ынхан “Улс төрийн карьер нь ч өнгөрлөө, ухаан орвол л барав” гэцгээж байсан.  Гэхдээ Г.Занданшатар тэр ослоос хоёр жилийн дараа буюу 2016 онд 46 настайдаа  УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын даргаар таван жил ажилласан, одоо Ерөнхий сайд болчихоод сууж буй. 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188