• Өнөөдөр 2026-02-10

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ӨМЧИЛСӨН ХҮН НАМЫНХАН ХӨГЛӨЖ БАЙНА ДАА, ХӨӨРХИЙ

2026-02-10,   144

       Цэцэрлэгийн 260 мянга хүүхэд, сургуулийн 840 мянган сурагч, их дээд сургуулийн 150 мянган оюутан, тус салбарт ажиллаж буй 110 мянган багш, ажилтны асуудлыг ХҮН нам, тэр тусмаа Боловсролын сайд П.Наранбаяр хариуцаж буй. Гэвч яг үнэндээ Япон хэлний орчуулагч төдий мэргэжилтэй, хувийн сургуульд хэдэн жил захирал хийсэн төдий намтартай П.Наранбаяр Боловсролын сайдын сэнтийд тухлах, бодлого тодорхойлох хүн биш гэдгийг харцгааж байна, бид. 
 
Өнгөрсөн зун ЭЕШ-ын үеэр П.Наранбаяр элсэгчид, тэдний эцэг, эхчүүдэд “дүүжлүүлэх”-ээ шахсан. Үнэхээр ч П.Наранбаяр ХҮН намаас УИХ-д нэр дэвшээд унасан, “Мобиком”-ын 2222 төвд оператор байсан төдий намтартай Г.Гантуяаг Боловсролын үнэлгээний төвийн захирлаар томилж, ЭЕШ хариуцуулсан нь түүний том алдаа байсан. Эгээ л 43 мянган элсэгчийн ирээдүйгээр тоглох шахсан ч өршөөгдөөд өнгөрсөн. 
 
Цаашлаад, өнгөрсөн намар хичээлийн шинэ жилийг таван дүүргийн 13 сургууль ширээ сандалгүй, 20 цэцэрлэг ор дэргүй, улс даяар сурах бичиггүй угтсан. Харин сайд П.Наранбаяр өөрөө тэрбум гаруй төгрөгийн чулуун ширээ, арьсан сандалтай угтсаныг санаж буй байх. 
 
     Одоо Боловсролын сайд П.Наранбаярын өмнө улсын сургууль, цэцэрлэгүүдийн хувьсах зардал, багш нарын цалингийн нэмэгдэл гэх хоёр том асуудал босож ирчихээд байна. Уг нь Боловсролын яам хувьсах зардлаа шинэчилж, Засгийн газраар батлуулах учиртай ч П.Наранбаяр энэ ажлаа хийгээгүй. Үүнээс нь болоод төрийн өмчийн 1000 гаруй цэцэрлэг, 700 гаруй сургууль, 30 гаруй МСҮТ-ийн хувьсах зардлын асуудал хоолойнд тулчихаад буйг ярьцгааж байна. Дараагийнх нь багш нарын цалингийн асуудал. Сарын сая  гаруйхан төгрөгөөр амьдралаа залгуулсаар аргаа барсан багш нар цалингаа нэмүүлэхээр өнгөрсөн намаржин жагсаж, ажил хаялт зарлаж, адаг сүүлд нь Боловсролын сайд П.Наранбаяр он гармагц цалинг нь 50 хувиар нэмэх амлалт өгснөөр ойлголцолд хүрсэн. Гэвч П.Наранбаяр энэ амлалтаа биелүүлээгүй учир багш нарын цалингийн асуудал дахин сөхөгдлөө. Хэрвээ П.Наранбаяр багш нарын цалинг нэмэх амлалтаа цаг алдалгүй бодитоор биелүүлэхгүй бол энэ хавар төв талбай дахиад жагсагчдын хөлд дарагдаж мэдэхээр байна. 
 
Энэ мэтээр Боловсролын сайд П.Наранбаярын балаг дуусахгүй нь. Одоогоор АН-ынхан Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Мөн МҮЭХ-ноос Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцохыг шаардаад эхэлсэн. Нөгөө талаас, Боловсролын сайд асан Л.Энх-Амгалан ам л нээвэл П.Наранбаярыг шүүмжилж, зайгаа тавьж өгөхийг зогсоо зайгүй шаардаж байна. Хэрвээ Боловсролын сайд П.Наранбаярыг хөөнө гэвэл ХҮН намыг хөнжлөөсөө хөөх хэрэг гарах учраас Ерөнхий сайд Г.Занданшатар хөдлөхгүй байгаа бололтой юм. 
 
Яах вэ, П.Наранбаяр боловсролын салбарыг удирлахад туршлага нь балчирдаад байж болно. Ядаж түүнийг тойрон хүрээлэгчид буюу түмэн олон зөвлөхүүд нь энэ салбарын туршлагатай, түүнийгээ зөвлөдөг байсан бол нөхцөл байдал арай өөр байх байв. Харамсалтай нь, П.Наранбаяртай хамт бүхэл бүтэн боловсролын салбарыг удирдаж байгаа хүмүүс нь 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшээд унасан, боловсролын яаманд орогнох зуураа ирэх сонгуулийг хүлээж буй хүмүүс л байна. 
 
Боловсролын дэд сайд Д.Гантулга- 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намын жагсаалтын 7-д бичигдэж нэр дэвшээд унасан. Улмаар П.Наранбаяр “гудамж”-нд хоцорсон Д.Гантулгыг өөрийн зөвлөхөөр ажиллуулж байгаад Боловсролын дэд сайд болгож дэвшүүлээд буй. Мөн оны өмнөхөн ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. 
 
Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх Ц.Алтансор- 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намын жагсаалтын 8-д бичигдэж нэр дэвшээд унасан. ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 
Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх А.Отгонбаяр- Боловсролын сайд П.Наранбаярыг “Шинэ монгол” сургуулийн захирал байх үед тус сургууль багшилж байсан. 2020 онд П.Наранбаярыг дагаж ажлаасаа гараад ХҮН намд орсон. Тэр цагаас хойш П.Наранбаярыг хормойдож яваа.  2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намын жагсаалтын 38-д бичигдэж нэр дэвшээд унасан. Одоо Баянзүрх дүүргийн ХҮН намын хорооны даргаар ажилладаг. 
 
Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх О.Цэцэгбал- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Баянзүрх дүүрэг буюу 8-р тойрогт нэр дэвшээд унасан. ХҮН намын Удирдах зөвлөлийг гишүүнээр ажилладаг. 
 
Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх бөгөөд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Л.Лхагвасүрэн- ХҮН намын дарга Т.Доржхандын үеэл ах. Өмнө нь Дорнод аймгийн Баянтүмэн суманд фермерийн ахуй эрхэлдэг малчин байсан. Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар Т.Доржханд үеэл ах Л.Лхагвасүрэнгээ ХҮН намаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 6-р тойрогт дэвшүүлсэн ч унасан. Улмаар Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирлаар давхар томилогдон ажиллаж буй. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас алслагдсан сумдын багуудад хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” төслийг Л.Лхагвасүрэн ахалж буй. 
 
Боловсролын сайд П.Наранбаярын туслах бөгөөд Боловсролын зээлийн сангийн захирал М.Төртогтох- Төрсөн ах М.Пүрэвцогт нь ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тиймдээ ч М.Төртогтох Боловсролын сайд П.Наранбаярын туслах болж, тэндээсээ Боловсролын зээлийн сангийн захирал болж суга дэвшээд буй. 
    Эцэст нь, эхэнд дурдсанчлан цэцэрлэгийн 260 мянга хүүхэд, сургуулийн 840 мянган сурагч, их дээд сургуулийн 150 мянган оюутан, тус салбарт ажиллаж буй 110 мянган багш, ажилтны асуудлыг хариуцаж буй П.Наранбаяр, түүний тойрон хүрээлэгчдийн бодит байдал ийм л байна. 
 

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ӨМЧИЛСӨН ХҮН НАМЫНХАН ХӨГЛӨЖ БАЙНА ДАА, ХӨӨРХИЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188