• Өнөөдөр 2024-04-25

У.Хүрэлсүхээс хүсээд хийгдээгүй ажлуудыг Л.Оюун-Эрдэнэ хийж буй нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тал засалт биш байгаасай...

2021-02-19,   1034

         У.Хүрэлсүх явж, Л.Оюун-Эрдэнэ ирснээс хойш улс төр бүхэлдээ цэгцэнд орчихов уу гэмээр элдэв дуулиан, шуугиангүй, хэн нэгний сүржин мэдэгдэл, хэрүүл маргаангүй, хэтэрхий чимээгүй, нам гүм өдөр хоногууд үргэлжилж байна уу даа. Эсэргээрээ улс орон маань урагшилж хөгжөөд, асуудлууд алга урвуулахын төдийд л шийдэгдээд байх шиг. 
 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гурван сар хийгээгүй ажлуудыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 20 гаруйхан хоногт хийж байгаа нь У.Хүрэлсүхийн муугийнх уу, Л.Оюун-Эрдэнийн сайных уу. Эсвэл У.Хүрэлсүх аль эрт хийж болох байсан ч зүгээр л Ерөнхийлөгчийн сонгууль гэх тохиромжтой цагийг хүлээж байсан уу. Тэгээд одоо тэр цаг нь болчихсон учраас “гарын шавь”-иараа хийлгэж байна уу. Мэдээж хийж хэрэгжүүлж буй ажлуудад талархсан ард түмний алга ташилт МАН-д ирэх учраас хэн нь ч хийсэн яадаг юм гэж бодсон ч юм бил үү гэдэг эргэлзээ төрөөд байна. 

 
Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа зарим ажлууд оны өмнө ч хийгдэх боломжтой байсан, гагцхүү одоо хийгдэж эхлэхээр хүлээгдэж байсан гэж харагдаад байгаа юм. Тухайлбал, 
 
Нэгдүгээрт, У.Хүрэлсүхийн Засгийн газар гадаадад гацсан иргэдээ татаж авах гэж бүтэн жил мөн ч их хүлээлгэсэн. Хамгийн сүүлд л гэхэд БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргаж, тусгаарлах байр, онгоцны зардлаа төлсөн 1000 иргэнээ татан авах тусгай үүргийн нислэгээ гэнэт цуцалж, тэндийг тэнд нь сар шахам хөсөр хаяж, өч төчнөөн хоног өлсгөлөн зарлуулж байлаа. Тухайн үедээ хэлж байсан тайлбар нь “Тусгаарлах байрны хүрэлцээ муу”. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цаашид сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр болов. Ингэхдээ тусгай үүргийн нислэгээр ирж буй хүмүүс тусгаарлагдах зочид буудал, өрөөгөө өөрсдөө сонгох бөгөөд өрөөний нөөц хангалттай гэнэ. Зочид буудлууд У.Хүрэлсүхэд гаргаж өгөөгүй өрөөнүүдээ Л.Оюун-Эрдэнэд гаргаж өгөв үү гэмээр.
 
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш 24 хоногийн хугацаанд нийт 2000 өрөөтэй зочид буудлууд баригдаагүй л байлтай. Тэгвэл яагаад У.Хүрэлсүх, Я.Содбаатар хоёр сул байгаа өрөөнүүдийг ашиглаагүй вэ гэдэг асуулт анхаарал татаж байгаа биз дээ. 
 
Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар оны өмнөхөн л данс улайсан, халаас хоосорсон гэж байсан атал одоогийн Засгийн газар 10 их наядын багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болчихлоо. Залуучуудыг ажил мэргэжилд бэлтгэж, бялдаржуулхад  500 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихэд хоёр их наяд, залуусын хороолол барихад гурван их наяд, малчдын амжиргааг дэмжихэд 500 тэрбум гэх мэт. Тэгээд ч болоогүй хямралын үед төрийн бүх байгууллагууд бичгийн цаас, принтерийн хороо хүртэл хэмнэж ажиллана гэнэ. Залуучуудаа, аж ахуйн нэгжүүдээ, малчдаа дэмжиж буйд нь Л.Оюун-Эрдэнэд алга таших хэрэгтэй. Гэхдээ энэ гайхалтай санаануудаа, эдийн засгийн гарц гаргалгаагаа ЗГХЭГ-ын дарга байхдаа У.Хүрэлсүхэд шивнэж байхгүй яасан юм бэ гэж асуумаар. 
 
Гуравдугаарт, Коронавирусийн анхны дотоодод алдсан тохиолдол бүртгэгдсэнээс хойших буюу 11,12 сарын хөл хорионы үед нийтийн дунд шинжилгээ хийхэд зардал өндөртэй, оношлуурын нөөц хүрэхгүй гэж тас гүрийцгээсэн. Тиймдээ ч түүврээр 70 мянган өрхөөс шинжилгээ аваад хөл хориогоо цуцалж байлаа. Тэгвэл энэ удаагийн хөл хорионы үед 400 мянган өрхөөс шинжилгээ авч байна. Засгийн газраас оношлуурын нөөц, төсөв хөрөнгөний талаар нэг ч гомдоллохгүйгээр хөл хориог дуусгах гэж байна. Нийслэлийг бүхэлд нь шинжилгээнд хамруулах ийм боломж оны өмнө ч байсан гэсэн үг биз дээ. Тэгвэл яагаад У.Хүрэлсүх анхны тохиолдол илэрснээс хойш ажлаа өгтлөө гурван сар яагаад нийслэлийг бүхэлд нь шинжилгээнд хамруулахгүйгээр дахин дахин хөл хорио тогтоогоод байсан хэрэг вэ. Бас Я.Содбаатар УОК-ийн дарга байхдаа хөл хорионы үеэр архийг хориод байхад л иргэд архидан согтуураад, хэрэг төвөг гаргасан мэдээллүүд дүүрэн байдаг байлаа. Гэтэл С.Амарсайхан УОК-ийн дарга болоод хөл хорио тогтоохдоо архийг хориогүй байтал иргэд архи уухаа больж, шөнийн цагаар шагчид ажилгүй болцгоосон гэнэ.
 
Ямар сайндаа анхны хөл хорионы үед улсаараа л архи хэзээ зарж эхлэхийг сонирхож байсан бол энэ хөл хорионд бүгдээрээ л “clubhouse”-д улсынхаа хөгжлийг хэлэлцэж байхав.
 
Дөрөвдүгээрт, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа буусан шалтгаан нь дөнгөж төрсөн эхийг коронавирусийн халдвартай гэж үзээд нярайтай нь хамт тавчиг, халадтай нь зөөсөн ХӨСҮТ-ийн эмч нарын хариуцлагагүй үйлдэл байсан. "Хүнлэг бус үйлдэл гаргасан төрийн байгууллагуудын өмнөөс хариуцлага хүлээж байна" хэмээн тэр танхимаараа огцорч буйгаа мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын 10-нд автобусанд зорчиж явсан 30 гаруй хүнийг автобустай нь зургаан цаг тусгаарласан ноцтой асуудал гарсан. Зорчигчдийн дунд байсан залуугийн шинжилгээ эерэг гарсныг УОК-оос утсаар мэдэгдсэн учраас тэр даруй автобусыг зогсоож, бүх зорчигчдийг тусгаарласан байдаг. Гэтэл тухайн оюутан залууг хамт зорчигчид нь “халдвар тээгч” хэмээн байх суух газаргүй болтол нь дайрч, доромжилж, ад үзсэн учраас арга ядахдаа автобусны цонхыг хагалаад гадагш гарсан байгаа юм. Гэтэл цагдаа нар өнөөх залууг гавлаад, ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг иртэл автобусны гадна дөрвөн цаг орчим зогсоосон байдаг. Шинжилгээний хариу нь эерэг гарсны төлөө хүн алж, хүүхэд хүчирхийлсэн хэрэгтнээс дорд үзэгдэж, доромжлуулсан залуу юу мэдэрч байсан бол... Амаржаад удаагүй эхийг тавчиг, халадтай нь эмнэлгээс гаргасан, халдвартай гэдгээ өөрөө ч мэдээгүй явсан залууг дүн өвлийн хүйтэнд дөрвөн цаг гадаа зогсоосон хоёр угтаа яг адилхан хүний эрх зөрчсөн, хүнлэг бус үйлдэл. Гэвч хэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс, Шадар сайд С.Амарсайханаас хариуцлага нэхсэнгүй. Уг нь хүнлэг төртэй болно гэж төв талбайд жагсаад У.Хүрэлсүхийг унагасан биш бил үү.
 
Түүнчлэн, төрийн байгууллагууд ч сүүлийн хагас сар гаруй маш дуулгавартай, хүлцэнгүй болж байна. “Таван толгой түлш”ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэрийн тортог гэр хорооллыг бохирдуулж байгааг нийтээр шүүмжилж эхэлмэгц маргааш нь шахуу л хотоос нүүлгэхээр болов. “ДЦС-3”ТӨК үйлдвэрийн бохир усаа Туул гол руу цутгаж буй нь ил болмогц тэр даруй л захирал нь гарч ирээд уучлал гуйв. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд ажлын байран дээрээ зөрчил гармагц шууд л халж орхив. 
 

         Энэ мэтээр У.Хүрэлсүхийн Засгийн газраас хүсэж хүлээсэн, хийж хэрэгжүүл гэж шахаж шаардаж байсан ажлууд түүнийг огцорсноос хойш буюу сүүлийн 24 хоногийн хугацаанд гэнэт л хийгдээд, хэрэгжээд эхэллээ. Бүх айл өрхийг шинжилгээнд хамруулах, гадаадад гацсан иргэдээ бүгдийг нь татан авах, вакцин оруулж ирэх, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, бодлого аль эртнээс байсан нь харагдаж байна. Гагцхүү нэг, хоёр сарын өмнө ч болов хэрэгжүүлж эхлэхгүй яасан юм бэ л гэдэг асуулт байна. Бас энэ бүх шийдэл, шийдвэрүүд зөвхөн Ерөнхийлөгч сонгуулийг угтах оноо авах гэсэн МАН-ын тал засалт төдий биш байгаасай. 

 

У.Хүрэлсүхээс хүсээд хийгдээгүй ажлуудыг Л.Оюун-Эрдэнэ хийж буй нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тал засалт биш байгаасай...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-19 16:13:14
    зочин: Өнөөдөр энэ бүхнийг хийх боломжийг Хүрэлсүхийн Засгийн газар бүрдүүлж өгсөн. Хөл хорио тогтоож өвчлөлөө хяналтаас алдалгүй байж вакцины эхний нийлүүлтэнд хүрч байна. Энэ хооронд гаднаас татан авсан хүмүүс тусгаарлалтаас гарсан учраас гадаадаас иргэдээ татаж авах боломж бүрдэж байна. Үнэндээ хамгийн хүндийг нь Хүрэлсүхийн ЗГ үүрсэн шүү. Цахилгаан, дулаан, усны мөнгийг төрөөс даах, зээлийн төлөлтийг хойшлуулах гээд хэрэгтэй маш олон шийдвэр гаргаж хэрэгжүүлж байж энэ бүхний суурийг тавьж өгсөн юм даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188