• Өнөөдөр 2025-11-26

ДАРХАН РУУ НҮҮСЭН ХХААХҮЯ-НЫХАН ДАХИАД ХУВЦСАА БАГЛАХ УУ

2025-11-26,   34

        ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэн томилогдов. Тэр даруйдаа ХХААХҮЯ-ыг Дарханаас Улаанбаатарт буцааж нүүлгэж авчрах тухай ярьж эхэллээ. Гайхмаар нь, жилийн өмнө Дархан руу нүүлгэсэн экс сайд Ж.Энхбаяр нь эсэргүүцэж харагдсангүй. Тэгэхээр ХХААХҮЯ-ыг Улаанбаатарт буцааж авчрах нь М.Бадамсүрэнгийн сэдсэн санаа биш, харин Ж.Энхбаяр нь хутгасан бантангаа “шинэков” М.Бадамсүрэнгээр цэвэрлүүлэх гэж байгаа заль болов уу гэх таамаг ч гарч байна. Гол нь, шинэ сайд М.Бадамсүрэнгийн энэ мэдэгдлээс болоод Дарханд төвхнөөд, дөнгөж дасаад байсан ХХААХҮЯ-ны ажилтнууд дахиад хувцсаа баглах уу, Дарханд авсан байраа зарах уу, хотод очоод хаана амьдрах вэ, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийг яах вэ гээд түмэн асуулттай болчихлоо. 
 
Цаашилбал, ХХААХҮ-ийн экс сайд Ж.Энхбаяр, шинэ сайд М.Бадамсүрэн хоёроос асуух асуулт ч олон гарч ирлээ. 
 
Нэгдүгээрт, Ж.Энхбаяр ХХААХҮЯ-ийг Дархан руу нүүлгэх саналыг 2024 оны наймдугаар сард УИХ-д, есдүгээр сард Засгийн газарт таницуулж, дэмжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ж.Энхбаяр санаачилж, УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэр гарч нүүлгэсэн. Хэрвээ одоо ХХААХҮЯ-ийг Дарханаас Улаанбаатарт авчирвал УИХ, Засгийн газрын шийдвэр буруу байсан буюу Ж.Энхбаяр гэх ганц хүний хувийн амбиц, “лобби”-нд автаж Дархан руу нүүлгэснээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн болох уу. 
 
Хоёрдугаарт, Ж.Энхбаярыг ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэхэд нь зориулж, Засгийн газраас нүүлгэлтийн зардалд нь 2.4 тэрбум төгрөг тавьж өгсөн. Ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй “Тунгалаг мөнгөн булаг” гэх компани нүүлгэлтийг нь хийж, овоо мөнгө халаасалсан бүртгэл байна. Одоо буцааж Улаанбаатарт авчирвал энэ 2.4  тэрбум төгрөгийн хохирлыг хэн төлөх вэ. 
 
Гуравдугаарт, ХХААХҮЯ-ны үндсэн 121 ажилтантай, харьяа байгууллагуудтайгаа нийлээд 320 гаруй хүн бий. ХХААХҮЯ-ыг дагаад харьяа байгууллагууд нь ч бүгд Дарханд нүүж очсон. Жишээ нь, ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХК-ийнхан хамгийн түрүүнд нүүж очсон. Дараа нь ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ТӨХК, Малын удмын сангийн үндэсний төв гээд бүгд нүүж очсон. Тэгэхээр ХХААХҮЯ-ыг нүүлгэх нь зөвхөн тус яамны үндсэн 121 ажилтан компьютерээ чирээд ирэх тухай асуудал биш, харьяа байгууллагууд нь ч нүүж ирцгээнэ. Өөрөөр бол, 2-3 тэрбумын зарлагатай нүсэр нүүдэл болно гэсэн үг. Энэ мөнгийг дахиад татвар төлөгчдийн халааснаас буюу төсвөөс гаргах уу. 
 
Дөрөвдүгээрт, ХХААХҮЯ-ыг Дарханд нүүж очмогц нь буюу 2024 оны аравдугаар сард төсвийн 34 тэрбум төгрөгөөр барьсан, 10 давхар цоо шинэ барилгыг хүлээлгэж өгсөн. Энэ онд ХХААХҮЯ-наас Дарханы шинэ байрныхаа хурлын зааланд 100 сая төгрөгөөр дэлгэц, 50 сая төгрөгөөр хурлын тоног төхөөрөмж авах гэх мэт тендерүүд зарласан. Мөн оффиссын хивсэнцэр худалддаг дэлгүүр руу ч ХХААХҮЯ-наас багагүй мөнгө гарсан бүртгэл байна. Өөрөөр бол, Ж.Энхбаяр Дарханы 10 давхар шинэ барилга төсвийн багагүй мөнгөөр тохижуулсан гэсэн үг. Хэрвээ ХХААХҮЯ-ыг Улаанбаатарт буцааж авчирвал төсвийн өдий төдий мөнгөөр тохижуулсан Дарханы 10 давхар барилга нь яах вэ. 
Тайлбар: ХХААХҮЯ-ны Дархан хот дахь оффисын барилга
Тавдугаарт, Ж.Энхбаяр ХХААХҮЯ-ыг Дарханд нүүлгэж аваачаад, ажилтнуудаа Дархан дахь ХААИС-ийн Оюутны дотуур байранд түрээсээр оруулсан. Улмаар Засгийн газраас Ж.Энхбаярт яамныхаа харьяа байгууллагуудынхаа зарим эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж, олсон мөнгөөрөө ажилтнуудаа орон сууцаар хангахыг зөвшөөрсөн. Ж.Энхбаяр ажилтнуудаа Дарханд ипотекийн зээлээр орон сууцанд оруулахаар Монголбанктай зөвшилцсөн тухайгаа тайлагнаж байсан. Гэхдээ одоогоор Ж.Энхбаяр яамныхаа хэдэн ажилтныг ямар орон сууцанд хэчнээн төгрөгийн зээлээр оруулсан нь тодорхойгүй байна. Хэрвээ ХХААХҮЯ-ыг Улаанбаатар буцааж авчирвал ажилтнуудынх нь Дархан дахь орон сууц яах вэ. 
 
Зургадугаарт, Ж.Энхбаяр буюу ХХААХҮЯ-наас энэ сарын 7-нд Г.Цэвээнсүрэн эмэгтэйгээс 1.1 тэрбум төгрөгөөр 40-70 м2 талбайтай зургаан ширхэг орон сууц худалдаж авахаар болсон байна. Хэрвээ ХХААХҮЯ Улаанбаатарт нүүж ирэхээр болвол Дарханд худалдаж авсан 1.1 тэрбум төгрөгийн зургаан орон сууцаа яах вэ.  
Тайлбар: ХХААХҮЯ-нд 1.1 тэрбум төгрөгөөр зургаан орон сууц нийлүүлэхээр болсон Г.Цэвээнсүрэн
Долдугаарт, ХХААХҮЯ Дарханд нүүж очсоноосоо хойш том хурал зөвлөгөөнүүд нь Ж.Энхбаярын өөрийнх нь “Буудай” зочид буудалд болсон. Шилэн дансанд бүртгэснээр 1, 4-р сард ХХААХҮЯ-наас Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК руу “Удирдах ажилтны зөвлөгөөн” гэх утгаар 20 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөө Ж.Энхбаярын ашиг болоод үлдэх үү. 
 
        Энэ мэтээр, ХХААХҮ-ийн шинэ сайд М.Бадамсүрэнгийн хариулах ёстой олон асуултууд гарч ирж байна. 
 
Эцэст хатуухан хэлэхэд, ХХААХҮЯ-ынхан салбараа мэддэг сайн сайдын хувьгүй юм. Ерөөс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжддөггүй шалгаан нь сайдын хувьгүйнх ч байж магад. Жишээ нь, С.Баяр, Сү.Батболдын Засгийн газарт Хөдөө аж ахуйн сайд нь алдарт Т.Бадамжунай байлаа. Ард олноо “авлигын эцэг” гэгддэг тэрбээр алс Филиппинээс баривчлагдаж ирээд, өдгөө АТГ-ын хүндэт үйлчлүүлэгч болчихсон яваа. Н.Алтанхуягийн үед зураач, самбын тамирчин Х.Баттулга байлаа. Өдгөө түүний хошуу, хуруу дүрээгүй хулгай ховор л гэлцдэг. Ч.Сайханбилэгийн үед англи хэлний орчуулагч Р.Бурмаа, Ж.Эрдэнэбатын үед манлай уяач П.Сэргэлэн байсан. Манлай уяач П.Сэргэлэнгийн хувьд, төрд хурган дарга ч хийж үзээгүй, түй гэх ч туршлагагүй атлаа хурдан морины уяан дээрээсээ шууд төрийн сайд болж байв. Тэгээд болоогүй өдгөө Кувейтэд Элчин сайдаар сууж буй. 
 
Харин У.Хүрэлсүхийн үед эсгүүрчин гэх улс төрд нэн ховор мэргэжилтэй Б.Батзориг ажиллаж байгаад “аав”-ын хаалга татаж, түүний дараа нутгийн ах Ч.Улааныгаа томилж байв. Сүүлд, Л.Оюун-Эрдэнийн үед манлай уяач З.Мэндсайхан, “ЖДҮ”-ийн “хүндэт” үйлчлүүлэгчид болох Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нар байсан. Улмаар Ж.Энхбаяр Г.Занданшатарын Засгийн газар улирч, өчигдөр М.Бадамсүрэнг сэнтийгээ хүлээлгэж өглөө. 
 
        ХХААХҮ-ийн шинэ сайд М.Бадамсүрэн л гэхэд газрын тосны мэргэжилтэй, олны мэдэх “НИК”, “МТ” колонкийн түгээгч байсан буюу мэргэжлийн бус хүн. Арга ядахдаа М.Бадамсүрэн “Хөдөө төрж өссөн, амьдрал мэддэг учраас ХХААХҮ-ийн сайдаар томилсон байх” гэж улалзаж  зогсоно лээ. Яах вэ, мэргэжлийн бус гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй “мангар” тайлбар хэлсэн анхны сайд нь М.Бадамсүрэн биш. Эргэн санавал, 2020 онд Зам тээврийн сайд томилогдсон Б.Энх-Амгалан “Би жолоочийн хүүхэд. Миний бага нас жолооч аавынхаа том тэрэгний кабинд өнгөрсөн учраас зам тээврийн салбарыг гадарлана” гэж байсан бол, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Д.Сарангэрэл “Би эрүүл мэндийн салбарын хүн биш. Гэхдээ сайд хүн чагнуур, тариур бариад гүйх хэрэггүй юм чинь эхийн сэтгэлээр л удирдана” гэж байв. 
 

ДАРХАН РУУ НҮҮСЭН ХХААХҮЯ-НЫХАН ДАХИАД ХУВЦСАА БАГЛАХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-26 09:02:07
    Зочин: Бух яам л ийм дампуу удирдлагатай болж, терийг хагартал таргалуулж, хамгийн чадваргуй этгээдуудийг тавьж улсаар тоглосог. Ялангуяа Оюун-эрдэнэний уед!!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188