• Өнөөдөр 2025-05-02

МӨРДӨГЧИЙН ӨМНӨ БҮЛТЭЛЗЭХИЙН ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ СЭТГҮҮЛЧ ХОВОР БОЛЖЭЭ

2025-05-02,   515

       Мөрдөгч, сэтгүүлч, шүүгч гурав “найзалдаг” болоод удаж буй. Ялангуяа Сүхбаатар, Чингэлтэйн мөрдөгчид сэтгүүлчидтэй тун “дотно”, ойр ойрхон дуудна, уулзана. Цуглуулсан баримтуудаа хавтаслаж, дуудсан цагт нь очоод хаалгыг нь сахина даа. Хэдий байгаа баримтдаа итгэлтэй байх авч баримттуудаа нэг бүрчлэн тайлбарлана, ер нь байцаагдана гэдэг “ёрын” ажил. Бүтэн хоёр хоног хөштлөө нойргүй сууж, нэр бүхий улстөрчийн авлига, хулгайн баримтуудыг цуглуулан нэгтгэж нийтэлчихээд, маргааш өглөө нь мөрдөгчийн ширээний өмнө дохилзож суусан тохиолдол ч байлаа. Хэн захиалсан бэ, ямар зорилгоор ийм нийтлэл бичсэн бэ гээд л эхэлнэ. Сэтгүүлч бидний зорилго тодорхой, иргэдийн мэдэх эрхийг хангах. Энэ ганцхан зорилгын төлөө хэчнээн цаг, хоног нойр, хоолгүй сууж, ийм баримт олж, иргэдэд ил болгосноо нэг бүрчлэн ярина. Баримтаа дутуу дулимаг тайлбарлаж буруудвал цаашаа шүүхийн хаалга татаж, тэндээсээ таслагдана. Тиймээс үг бүрээ үнэн, бас баараггүй баримттай л хэлэх ёстой. Мөрдөгчийн өмнө ингэж бүлтэлзэхийн зовлонг мэдэхгүй, мэдрээгүй сэтгүүлч ховор болж. 
 
    Улс төрчид улам л увайгүй болж байна. Авлига, хулгай, ашиг сонирхлынх нь зөрчлийг хөдөлшгүй баримтаар дэлгэсэн сэтгүүлчийг эхлээд утсаар дарамтлах гэж оролдоно. Дараа нь харьяа дүүргийнх нь Цагдаагийн хэлтэст гомдол хаяглана. Ингээд л өнөөх сэтгүүлчийг сар, жилээр мөрдөгч, шүүгчидтэй “найзлуулна” даа. Уг нь нэг ч болов улстөрчийн авлига, хулгайн хэрэг нийтэд ил болж байж нийгэм хэрсүүжиж, түүнийг дагаад сонгуулиар сонголтоо зөв хийдэг болж, төр цэвэрших ёстой юм. Эдийн засгийн гэмт хэрэг, эрэн сурвалжлах нийтлэл, нэвтрүүлгээр дангаж буй сэтгүүлчдийн үндсэн зорилго ердөө л энэ.
 
Харамсалтай нь, энэ зорилгын төлөө яваа сэтгүүлчид цагдаа, шүүхийн өмнө үзгээ хатаж, хувцсаа гандтал зогссоор зарим нь зорилгоосоо няцаж байна. Залуухан сэтгүүлчдийн хувьд мөрдөгчийн ширээний өмнө нэг, хоёр суугаад халширдаг, хайран зорилго, тэмүүлэл, авьяас нь тэр ширээний өмнө унтардаг. Анзаарвал “алъя” гэсэн эрэн сурвалжлах нийтлэл, нэвтрүүлэгтэй шинэ залуу сэтгүүлч сүүлийн хэдэн жил лав төрсөнгүй. Хөөрхий, хал үзэж, хууль хяналтынхны хаалга сахиад “сурчихсан” хэдэн сэтгүүлч л мөчөөгөө өгөхгүй үзэж, мөрдөгчидтэй “найзалсаар” явна. Одоо тэдний ч үзэг нь бүдгэрч, үг нь зөөлдөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, авлигач, хулгайч улстөрчид цагдаа, шүүхээр далайлган сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэх замаар хэвлэлийн эрх чөлөөг нийтэд нь хумисаар, нууцаа нийтээс нууцлах зорилгодоо хүрэх нь бололтой. 
 
      Нэгхэн жишээ дурдахад, 2016 онд МАН-ын улаан туг төрийн эрхэнд мандах үед Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 180 улсаас 60-т бичигдэж байлаа, бид. Гэвч 2017 онд 69, 2018 онд 71, 2023 онд 88 гэж ухарсаар, одоо 109-т бичигдэж байна. Есөн жилийн дотор 49 байр ухарсан гэдэг нь авлигач, хулгайч улстөрчид сэтгүүлзүйн салбарын “хойдохыг” уншиж байна гэсэн үг. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсаар, авлига, хулгайн хэргүүдийг илчилдэг сэтгүүлчид үгээ үдүүлж, хэлээ хориулсаар, хууль хяналтын хаалгыг улам олуулаа сахидаг болж буйг батлах бэлээхэн, бас бодит баримт бол энэ. Атал сэтгүүлчид бид хамгаалагдах дөрөвхөн зүйл, тавхан өгүүлбэр бүхий Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай гэх ганцхан л хуультай. Эсрэгээрээ гүтгэсэн, нэр төрд халдсан зэргээр “яллагдах” олон хуультай. Эрүүгийн хуулиар ч, Зөрчлийн хуулиар ч гэх мэтээр. 
 
     Маргааш Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр. Тиймээс ч сэтгүүлч бид хүч тэнцвэргүй “тулаан”-д өдөр тутам орж байдгаа уншигч, үзэгч, сонгогч, олон нийтэд ганц удаа “гомдоллоход” гэмгүй биз. Бас, авлига, хулгайн хэргийг илчилсэн нийтлэл, нэвтрүүлэг ямар их аюул, айдас, эрсдэл, эрх мэдэлтнүүдийн дарамтыг давж “төрдөг”-ийг ч нийтэд ярьж, ойлгуулж байх цаг нь нэгэнт иржээ. 
 

МӨРДӨГЧИЙН ӨМНӨ БҮЛТЭЛЗЭХИЙН ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ СЭТГҮҮЛЧ ХОВОР БОЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188