• Өнөөдөр 2024-05-06

МАЛ БИШ ШҮҮ, МОНГОЛЧУУД. САЙН ВАКЦИНААР НЬ Л ДАРХЛААЖУУЛААРАЙ ДАА

2021-02-04,   775

-ЗАСГИЙН ГАЗАР ХҮНЭЭ БОДВОЛ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ВАКЦИНЫГ НЬ ЯАЖ ИЙЖ БАЙГААД АВАХ ЁСТОЙ-
 
         Манайх Бат, Дорж гэдэг хоёр айлтай саахалт байлаа. Батынх амины, тов хийсэн хэдэн малтай. Доржийнх мянгат. Нэг мянгат биш бүр гурван мянгат. Адилхан гэвэл хэн хэнийх нь гурван тэрсхэн хүүтэй. Би ихэнхдээ Батынхаар орно. Шинэ тарган хонины мах чанаад, тос халиурсан шөлөнд нь гурил хаяж, “Эр хүнд зохихгүй гэх юм биш, цохиод өг” гэнэ. Хүүхдүүд нь цовоо цолгиун гэж. Доржийнд хаяа орно. Тэр бүрийд зээрийн бор мах чаначихсан, цийлэн шөлөнд нь будаа хаяж байх. Өвөө маань Доржийг “Идэх харгүй баян” гэдэг сэн. Ганц өвөө ч биш гол даяараа “Хонь нь мянга гараад ирэхээр алж идэх хонь олдохоо больдог юм гэнэ билээ. Хэд хүргэнэ гэж зээр, гөрөөсхөн эргүүлж, эхнэр хүүхдээ дөрвөн улирал ангийн шөлөөр зогоодог юм бол” гэцгээдэг байлаа. 
 
Одоо бодож байна, манай улс Доржийнхтой адилхан юм уу даа гэж. Газрын доорх баялаг, малын тоогоороо дэлхийд толгой цохиод байдаг. Тэгсэн атлаа ганц зам барихдаа хүртэл гаднаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авна. “Алтан дээр суусан гуйлгачин” гэж хэлүүлээд л зээл аваад байна. Гадаадын аль нэг орноос төрийн тэргүүн нь, Ерөнхий сайд нь ирэхэд юун түрүүнд л зээл гуйна, өмнөөс нь ичмээр.

Сүүлийн үед дэлхий нийтээр вакцинд анхаарал хандуулж байна. Нэгэнт хүн төрөлхтөн коронавирустэй дасан зохицож амьдрахаас өөр аргагүй. Хэзээ ч бүр мөсөн устаж үгүй болохгүй хэмээн эрдэмтэн, судлаачид анхааруулж буй. Харин вакцинтай байж гэмээнэ коронавирусийг цар тахлын хэмжээнд биш, жирийн нэг ханиад шиг хүлээж авдаг болно гэж байгаа. Тиймээс вакцин хамгийн чухал болоод байгаа юм. Төр нь эрдэмтдээ хайхардаг орнууд вакцин түрүүлж үйлдвэрлэхийн төлөө, үйлдвэрлэснийгээ борлуулахын төлөө өрсөлдөж байна. Зарахын хажуугаар ядуу, буурай орнуудад буцалтгүй тусламжаар олгоно гэж зарлаж байна. Энэ бол өөрсдийгөө баян, өндөр хөгжсөн, том гүрэн гэж дэлхий нийтэд тунхаглах алдаж боломгүй боломж юм л даа. Гэтэл манайх вакцины буцалтгүй тусламж авах ядуу орнуудын тоонд багтах гэж хичээж, басхүү Дэлхийн банкаас 50.7 сая ам.доллар вакцин авахад зарцуулах нэрээр мөнгө зээлэх гээд байдаг арга чаргаа хэрэглэж байна. Юун тэр том гүрнүүд шиг вакцин үйлдвэрлэх, бусдад хандивлах. Дэлхийн банкны зээл нь бүтээд вакцинаа авбал их юм болж байна. 

 
      Он гарсаар төрийн өндөрлөгүүд Энэтхэг Улс манайд 150 мянган хүн\тун вакцин өгөхөөр болсныг мөн их ярьж байна аа. Нарендра Модид “Танайхаас вакцин авмаар байна” гэж захидал бичтэл “Манай улс хэд хэдэн улсад үнэгүй вакцин өгнө. Танай улсад ч мөн өгнө өө” хэмээн хариу захидал илгээжээ. Үнэндээ тэд “Хөөрхий минь, уг нь баян юм. Даанч вакцин ч авах мөнгөгүй гээд гүрийгээд байх юм, өгөхөөс дөө” гэж шоолонгуй байгаа даа.
 
Нийт хүн амын 60 хувийг вакцинжуулж байж, “Айдгаа авдартаа хийх” боломжтой гэж ДЭМБ-аас үзэж буй. Энэ тооцооллоор бол манайд хоёр сая хүн тун вакцин хэрэгтэй. Энэтхэгээс 150 мянган хүн тун вакцин авлаа гэж бодоход, дахиад нэг сая 850 мянган хүн тун вакцин хэрэгтэй. 
 
Одоогоор Pfizer, AstraZeneca, Moderna гэх гурван төрлийн вакцинаас хольж аваад, хоёр сая хүн тун хүргэх тооцоо хийгээд буй гэх. Гэхдээ Дэлхийн банкны зээлээр шүү дээ. Гэхдээ сэтгэл зовоосон нэг асуудал байна. Монголын Засгийн газар үнэ хямдад нь голлон анхаараад чанаргүй вакцин л битгий аваасай, мал биш хүн вакцинжуулах гэж байгаагаа битгий мартаасай. Малын вакцинжуулалтын мөнгөнөөс л дарга сэтэртнүүд хэрхэн “иддэг” билээ дээ. Тиймээс л хүнд хийх вакцины санхүүжилтээс битгий хумслаарай, хумслуулаарай гэж Засгийн газарт, холбогдох хууль, хяналтын байгууллагынханд захимаар байна.  

Ядаж энэ удаад бид нийт хүн амаа цар тахлаас хамгаалах вакцины асуудал дээр аль чанартай, гаж нөлөөгүйг нь үнэ цохиод авч болдоггүй юм уу. Ард түмэн байж байж төр оршино гэдгийг эрх бүхий хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Ийм ч учраас иргэддээ “Хамгийн хямдаас нь” гэж мал шиг, малаас дор битгий хандаарай гэж онцлон сануулъя. 

 

МАЛ БИШ ШҮҮ, МОНГОЛЧУУД. САЙН ВАКЦИНААР НЬ Л ДАРХЛААЖУУЛААРАЙ ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-04 09:38:12
    Тархи угаагч : Бас нэг ёайхөн тархи угаагч гараад ирлээ. Алтан дээрээ хамгаалж хадгалах гэж л сууж байгаа юм лдаа. Алтыг нь үнэлэхгүй эсвэл өөрөө зарж борлуулж чадахгүй бол зүгээр өгч байхаар суугаад хамгаалж байсан нь дээр лдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188