• Өнөөдөр 2024-04-23

“ЗАГНАДАГ” сайдыг “ТОНГОРДОГ” сайд залгамжлах уу

2021-01-24,   1890

-У.Хүрэлсүхийн хэлснээр “Ерөнхий сайдын ажил бол яс янгинадаг ажил”-
 
      Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нартайгаа огцрохтой зэрэгцэн 32 дахь Ерөнхий сайд хэн байх вэ гэх асуулт анхаарлын төвд орсон. Гэвч энэ асуултын хариултыг хайх хэрэггүй боллоо. Учир нь өнөөдөр эрх баригч Монгол Ардын Намын удирдах зөвлөл хуралдаж, шинэ Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн. Улмаар МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг дэмжээд байна. Ингэснээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ болох нь бараг л тодорхой болж байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ, өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх, түүнээс илүү биш юм гэхэд дутахгүй ажиллаж чадах хүн мөн үү, түүнд Ерөнхий сайд байх зангараг, Засгийн газрын харьяа агентлагуудыг удирдан зохион байгуулах ур чадвар, элгээрээ хэвтсэн эдийн засгийн сэргээх мэдлэг боловсрол байгаа юу, туулж ирсэн улс төрийн замнал нь хэр цэвэр вэ гэх асуултууд зүй ёсоор гарч ирж байна. Эдгээр асуултын заримд нь дараах байдлаар товч хариулт бэлтгэлээ. 

Л.Оюун-Эрдэнийн БОЛОВСРОЛ

 
       Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотод төрж, таван настайдаа Хэнтий аймгийн Бэрх тосгон руу шилжсэн. 41 настай, ам бүл тав. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн. Улмаар 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч, 2008 онд МУИС-ийг эрх зүйч, 2011 онд МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. Мөн 2008 онд МУБИС-д боловсрол судлалын магистр, 2015 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Кеннедигийн нэрэмжит улс төрийн сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан гэдэг. Л.Оюун-Эрдэнэ Харвардын сургууль төгссөнөөрөө бахархдаг бөгөөд тус сургуулийг өөрөөс нь өмнө ганцхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж л сурч төгссөн хэмээн ярьдаг. Тэрбээр Сэтгүүлч, Эрхзүйч, Улс төр судлаач мэргэжилтэй ч алинаар нь ч ажиллаж байгаагүй. 

Л.Оюун-Эрдэнийн АЖЛЫН ТУРШЛАГА

 
     Ажлын туршлагын хувьд 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2019 оноос Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа. Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнийн ажил, амьдралын ихэнх нь МАН-ын гал тогоонд өнгөрсөн гэж болмоор. Чухамдаа намын дотоод ажлаас өөр ажилд бараг л оролцож байгаагүй хүн Ерөнхий сайд болох гэж байгаа дүр зураг харагдаж байна. 

Л.Оюун-Эрдэнийн ХӨРӨНГӨ

 
       Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал, Л.Оюун-Эрдэнэ нь жилд 233 сая төгрөгийн өөрийн орлоготой, 244 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай. Түүнчлэн 28 сая төгрөгийн үнэтэй нэг жийп, 100 сая төгрөгийн үнэлгээтэй мал, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банканд 100 сая төгрөгийн хадгаламжтай, “Херо энтертайнмент групп”ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент”ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Херо”-гийн Б.Баатар нар эцэг нэгтэй ах дүүс гэдэг бөгөөд өдгөө “Херо энтертэйнмент групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байхгүй боловч “Голден бридж нью монголиа” ХХК, “Голден бридж” сургалтын төвийг Л.Оюун-Эрдэнэтэй холбодог. Учир нь Л.Оюун-Эрдэнийн эхнэр Б.Туул нь тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд “Голден бридж” сургалтын төвийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Түүний АНУ-ын Харвардын их сургуульд суралцсан төлбөр тус компаниас гарсан гэх мэдээллүүд гарч байсан. Түүнчлэн “Голден бридж” сургалтын төв нь төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтад хамруулах тендерээр БСШУЯ-наас 2.5 тэрбум төгрөг авсан гэх дуулианд холбогдож байсан. Тухайн үедээ уг тендер будлиантай болсон хэмээн өрсөлдөгч компаниуд нь шүүхэд хандсан байдаг. 

МАН ба Л.Оюун-Эрдэнэ

 
       Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Л.Оюун-Эрдэнэ 2000 онд МАН-д элсэж, ажил амьдралаа холбосон гэдэг. Улмаар 2008 оноос хойш тус намын Нарийн бичгийн дарга, Хэрэг эрхлэх газрын дарга, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгч гэх мэт бүхий л хариуцлагатай албыг хашиж, тус намын гал тогоонд туслах тогоочийн үүргийг хангалттай сайн гүйцэтгэсэн гэгддэг. Энэ хэрээрээ МАН-ын өсөх ирээдүйтэй, залуу лидер хэмээн өргөмжлөгдөж, улмаар 2016 онд Хэнтий аймагт нэр дэвшиж, нийт сонгогчдын 52 хувийн саналаар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.  
 

“Жудаггүй эр” ба Л.Оюун-Эрдэнэ

 
       Тэрбээр УИХ-ын гишүүн болоод удаагүй байхдаа буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намын дарга М.Энхболдынхоо сонгуулийн менежерээр ажилласан. Даргыгаа “үнсэх” шахам сурталчилгаа хийж явсан ч ялуулж чадаагүй. Улмаар жилийн дараа буюу 2018 оны сүүлчээр нутгийн ах У.Хүрэлсүхтэйгээ нийлж, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нартай үгсэн намын даргыгаа огцруулах төлөвлөгөөг улаан гараараа гүйцэтгэж, идэр есийн хүйтэнд хацраа "хайрагдтал" төв талбайд жагсаж явсан. Энэ үед түүнийг “Өөрийг нь гишүүн болгосон намын даргыгаа “тонгорох” увайгүй, жудаггүй үйлдэл гаргаж байна” хэмээн нийгмийн нэг хэсэг нь шүүмжилж байсан бол үлдсэн хэсэг нь “МАНАН” бүлэглэлийг устгасан “Шударга-5” хэмээн өргөмжилж байсан. 

Гэвч Л.Оюун-Эрдэнийн “МАНАН” гэх “мангас”-ыг унагасан баатрын дүр нь удаан үргэлжлээгүй бөгөөд М.Энхболдыг огцруулсан жагсаалаас  хойш сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 2-ны  УИХ-ын чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилсон байдаг. Энэ томилгоог “УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсныхаа хариуд нутгийн ах У.Хүрэлсүхээсээ шагналаа авч байна” хэмээн ард түмэн ихэд дургүйцэн хүлээж авсан байдаг. Үүнээс болж Л.Оюун-Эрдэнийн араас “Жудаггүй эр” гэх шүүмжлэл үргэлж уяатай байх болсон.

 
ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ 2019 оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр"-т онцгой дэглэм тогтоох ажлыг ахалсан. Улмаар “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрд авсан гэх гавьяа  түүнийх болсон байдаг. “Эрдэнэт”-ийн эл асуудал Л.Оюун-Эрдэнийн нэр хүндийг МАН дотор ч, ард түмний дунд ч өсгөсөн гэж болно. Гэвч төд удалгүй “Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэнтэй нэг тал болж, нутгийн ах У.Хүрэлсүхийнхээ эсрэг ажиллаж эхэллээ” гэх мэдээллүүд гарах болсон.
 
Үүнтэй холбоотойгоор Л.Оюун-Эрдэнийн “Жудаггүй эр” гэх хоч нь дахин сэргэсэн байдаг. 
 
Цаашлаад Л.Оюун-Эрдэнэтэй үргэлж холбоотой байдаг асуудал бол Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох. Уг нь түүний санаачилгаар Хэнтий аймагт “Андлалын өргөө”, “Их хуралдай” гэх аялал жуулчлалын цогцолбор барихаар улсын төсвөөс тус бүр хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Харамсалтай нь, хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй гэх цогцолбор нь үнэндээ “шавар амбаар” байсныг ард түмэн өнгөрсөн намар мэдэж, шүүмжилж эхэлсэн юм. Зүгээр ч нэг шүүмжлэх бус “Монгол Улс 400 сая жуулчин хүлээж авдаг болно” гэх тэнгэрийн мөрөөдөлтэй Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлал гэх сэдвээр дэмий “попорч”, жуулчдын цогцолбор барих мөнгөөр тоглосон байж болзошгүй асуудал ч хөндөгдсөн байдаг. 
         Эцэст нь, Монгол Улсын Ерөнхий сайдын ажил бол У.Хүрэлсүхийн хэлснээр “Яс янгинадаг” ажил. Ялангуяа коронавирусийн цар тахлын аюул нүүрлэсэн, эдийн засаг урьд хожид байгаагүйгээрээ хямарсан, ажилгүйдэл, ядуурал хавтгайрсан энэ цаг үед томилогдсон Ерөнхий сайдаас маш их ухаан, ур чадвар шаардана. Өөрөөр хэлбэл, шинэ Ерөнхий сайд өчигдөр огцорсон Засгийн газраас албан тушаал, эрх мэдэл гэхээсээ илүү амь нь тасрах гэж байгаа эдийн засгийг л өвлөн авна. Амь тариа хийх үү, тэр чигээр нь амийг нь таслах уу гэдэг нь харин шинэ Ерөнхий сайдыг отож байгаа хамгийн том сорилт байх болно. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ энэ бүх сорилтыг даван туулах чадвартай Ерөнхий сайд байж чадах болов уу. Намын гал тогооноос гарч үзээгүй байж байгаад гармагцаа зангаа хувиргаж намын даргаа тонгордог худрагагүй араншин түүнд одоо ч байсаар байгаа бол ард түмний Ерөнхий сайд байж чадна гэдэг нь юу л бол. Тэгвэл тэр У.Хүрэлсүх шиг танхимын сайд нараа загнаж, төрийн албыг бүхэлд нь хөдөлгөдөг шиг зангарагтай Ерөнхий сайд байх хүн мөн үү. “400 сая жуулчин” гэсэн амны алдаанаасаа болж шүүмжлүүлж, эцэст нь “Та нар намайг доромжиллоо” гэж гоншигонож явсан хүн сайд нарыг загнаж чадна гэдэг нь юу л бол. Товчхондоо тэр У.Хүрэлсүхийг залгамжлахад хэтэрхий булбарайдаж мэднэ. Ямартай ч эцсийн дүгнэлтийг уншигч танд үлдээе. 
 
 

“ЗАГНАДАГ” сайдыг “ТОНГОРДОГ” сайд залгамжлах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-23 11:35:42
    Эмээ: Оюун эрдэнэ чалахын дээдээр чадна. Эмгэн би хүртэл энэ залууг л болгоосой гэж хүсч ббайсан юм. Хүрэлсүх хаяад явчихаагүй. Дэлхий тэр чигээрээ хямралтай , эдийн засаг гь хүнд байгаа. Манайх харин ч биднийгээ хүүхдийн мөнгө, түлш, тог цахилгаан өас гаалийн хөнгалөлт, ААН Ийг тнтгэсэн үйл ажиллагаа явуулаад нийтээр нь эрүүл саруул энх мэнд сайхан байна. Дандаа л хар амалж билэггүй бүхнийг ярьдаг, бичдэг үргэлж л амандаа хоол чихүүлэхийг мөрөөддөг, хөдөлмөр хийж байгаа хүнийг мэрж таашаал авдаг хүмүүс Ардчилсан солонгост очиж амьдрах сонголт хийж болно шүү дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188