Ердөө сар гаруйхны дараа орон нутгийн сонгууль болно. УИХ-ын сонгуулийн халуурал хуучраагүй, шинээр сонгогдсон гишүүд хурууны хээгээ уншуулж сураагүй, хэлэх үгээ эвлүүлж дадаагүй шахуу байхад дахиад л сонгуультай золгох нь. Сошиал ертөнц дахиад л улаан, цэнхэр, ягаанаар алаглаад, ганган хослолтой горилогчдын зургууд эрээлжилж эхэллээ. Ирэх сар гаруйн хугацаанд Улаанбаатар хот үсрэнгүй хөгжсөн мэт байх болно. Энд тэнгүй зам талбайнууд засагдаж, шинэ сургууль цэцэрлэгүүд, тоглоомын талбайнууд өдөрт хэд хэдээрээ нээлтээ хийнэ. Хотод камергүй гудамж ганц үлдсэн байсныг олж, гэрэлтүүлэг тавилаа гэж саймширна. Хотод уулын оройд амьдардаг, цахилгаангүй айл байсныг илрүүлж тусаллаа гэж шогширно. Энэ хотыг өнөө маргаашгүй дэлхийд гайхагдсан хот болгож хөгжүүлэх гарц шийдэл олсон, агуу төлөвлөгөөнүүд боловсруулсан гэх горилогчид гарч ирж, сошиалд зураг, ярилцлага, видеогоор бөмбөгдөнө. Тэгээд сонгогдоно. Дөрвөн жил дүр нь байтугай, сүнс нь ч үзэгдэхгүй алга болно. Эцэст нь, үерт үйдэг, утаанд угаартдаг, түгжрэлд тэг зогсдог, ходоод, хөргөгч хоосон хотынхны амьдрал яг л янзаараа үргэлжилнэ.
НИТХ ХЭМЭЭХ ЦЭЦЭРЛЭГ
"Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй" гэж үг бий. Хатуухан хэлэхэд, НИТХ-ын төлөөлөгчид яг л ийм зарчмаар ажиллаж ирсэн. Өөрөөр бол, НИТХ-ын төлөөлөгчийн сэтэр бол УИХ-д орох гишгүүр, Хангарди ордноос саарал ордонд залрах тасалбар л төдий. Сургуульд элсэхийн өмнөх бэлтгэл цэцэрлэг ч гэхэд хилсдэхгүй. НИТХ-ын төлөөлөгч нэртэй дөрвөн жил сууж намтраа баяжуулаад, УИХ-д нэр дэвших л чухал. Харин НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан дөрвөн жилдээ юу хийж, хэрэгжүүлсэн нь хэнд ч, бүр өөрт нь ч хамаагүй. Саяны сонгуулиар л гэхэд саарал ордон руу Хангарди ордноос их нүүдэл болж, олон хүн буурь сэлгэлээ. Тухайлбал, Хан-Уулын Ж.Алдаржавхлан, Сонгинохайрханы Н.Алтаншагай, Чингэлтэйн Н.Батсүмбэрэл, Сүхбаатарын Х.Болормаа, Баянзүрхийн Д.Пүрэвдаваа, ХҮН-ын П.Ганзориг, П.Наранбаяр болон өмнөх НИТХ-аас АН-ын Д.Энхтуяа Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Түвшин гэхчилэн НИТХ-ын төлөөлөгчөөс УИХ-ын гишүүний сэтэртэй болж, дэвшицгээсэн. Гол асуудал нь, тэд НИТХ-ын төлөөлөгч нэртэйгээр нийслэлчүүдийг төлөөлж суухдаа чухам юу хийсэн бэ, гишүүн болж дэвших ямар гавьяа байгуулсан бэ. Харамсалтай нь, хэн ч санахгүй л байгаа болов уу.
Х.НЯМБААТАРЫН ХААНЫ ЭНТЭЙ ӨДРҮҮД
НИТХ-ын төлөөлөгчдөөс олонх нь УИХ-ын гишүүн болж дэвшээд явчихсан, одоогоор НИТХ эзгүйрчихсэн байна. Үлдсэн төлөөлөгчид нь сар гаруйхны дараа болох орон нутгийн сонгуульдаа бэлдэж, сошиалд өөрийгөө сурталчилж, хотын даргыгаа магтахаас өөрөөр хотын ажилд хуруу, хошуу нэмэхээ больчихлоо. Өөрөөр бол, хотын МАН-ын дарга Х.Нямбаатарын хааны энтэй өдрүүд эхэлж байна.
Жишээ нь, Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү сүүлийн үед Х.Нямбаатарыг магтаад сүйд. Өчигдөр л гэхэд “20 жил төрд ажиллахдаа Х.Нямбаатар шиг даргатай таарч байсангүй. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байна. Шөнийн 12 цагт өрөөнд нь ороход аягатай цайгаа барьж чадахгүй, гар нь татчихсан сууж байна. Тэр тэгтлээ ажиллаж байна” гэж магтсан. Х.Нямбаатарт тултал нь тал тохой татсан Ц.Төрхүүгийн энэ магтаалыг удахгүй болох сонгуулиас холуур ойлгож болохгүй. Хотын МАН-ын дарга нь Х.Нямбаатар. Магад, онцгойлж харж үзээсэй гэсэндээ энэ биз. Ил гаргаж, ичихгүй магтсан нь Ц.Төрхүү болохоос биш, бусад төлөөлөгч ч Х.Нямбаатарыг өргөж гүйхээс наахнуур байгаа.
УЛСТӨРЧ “ТӨРҮҮЛЭГЧ”
Хотын дарга Х.Нямбаатар улс төрч “төрүүлэгч” болчихлоо. Саяны сонгуулиар О.Номинчимэг, П.Сайнзориг гэх хэнд ч танигдаж амжаагүй шахуу хоёр орлогчоо УИХ-ын гишүүн болгосон. Тэднийхээ орыг залгаж, Хөгжлийн банкны Н.Мандуул, Хууль зүй, дотоод хэргийн яамнаасаа дуудаж авчирсан Л.Хосбаяр хоёрыг орлогчоороо томилсон. Гэтэл Н.Мандуул, Л.Хосбаяр хоёр нь ч эхлээд НИТХ-д төлөөлөгчөөр, дараа нь УИХ-д гишүүнээр суух амбиц цухалзуулж, сошиалд сурталчилгаагаа эхлүүлэв. Татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгаа, барьж ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэг, зам талбайг өөрөө хийчихсэн мэтээр хэдэн өдөр сошиалд сурталчлаад УИХ-ын гишүүн болсон О.Номинчимэг, П.Сайнзориг хоёроос урам авсан ч биз.
Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа яамныхаа санхүүг хариуцуулж байсан Л.Хосбаярыгаа орлогчоороо томилоод буй. Тэгвэл Л.Хосбаярын сонгууль угтсан сурталчилгаа сошиалд бараг л цөмөрч байна. Сонгинохайрхан дүүрэгт сагсанбөмбөгийн талбай байгууллаа, энэ онд нэмээд 20 талбай байгуулна л гэнэ. Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орууллаа л гэнэ. Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байгаа гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний шилжилт, амьжиргааг дэмжих төсөлтэй танилцлаа л гэнэ. Өдөр тутмын сонингийн хоёр нүүр дамнасан данагар ярилцлагууд ч өгсөн харагдана. Удахгүй болох НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж, НИТХ-аасаа, цаашаа УИХ-д буурь сэлгэх алсын төлөвлөгөө нэгэнт гаргачихсан харагдана.
Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнийн даалгавраар Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг нийтэд зарлаж, түүгээрээ танигдсан Н.Мандуул саяны сонгуулийн дараа Х.Нямбаатарын орлогч болж, улс төрд орох замаа засаад буй. Сошиал дахь сурталчилгааг нь харвал, гадаад зах зээлээс мөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулах замаар Сэлбэ гэх шинэ хот байгуулна л гэнэ. Олны шүүмжлэлд өртөөд байсан Дунд голыг лаг шаварнаас нь салгалаа л гэнэ. Анзаарвал, НИТХ-д Сүхбаатар дүүргээс нэр дэвших амбиц нэвт ханхалж байх ажээ.
САГСАН БӨМБӨГ, ФИТНЕССИЙН ТАЛБАЙГААС ӨӨРИЙГ СЭТГЭДЭГГҮЙ СОШИАЛЧИД
Хотын хөгжлийг тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн төдийхнөөр төсөөлдөг төлөөлөгчидтэй болчихжээ, нийслэлчүүд. Арга ч үгүй байх. АН, МАН-ын ах нар нь алга дарам газар бүрийг худалдаад, шил, шилээ дарсан өндөр барилгууд босгож хөлжөөд УИХ-д дэвшицгээсэн. Араас нь гарч ирсэн дүү нар нь хогийн цэгийг цэвэрлэж тохижуулах, уулын энгэрийг тэгшилж янзлах зэргээр жижигхэн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, түүнийгээ хэний ч хийгээгүй ажлыг хийсэн мэт сайрхацгааж, сонгуулийнхаа сурталчилгаа болгож ашигладаг болжээ. Энэ “жанр”-ын хамгийн “поп”, бас сонгуулийн сурталчилгаагаа хамгийн түрүүлж эхлүүлсэн хоёр төлөөлөгчийн жишээг дурдъя.
Чингэлтэйд З.Төмөртөмөөгийн сурталчилгаа хэдийнэ эхэлчихжээ. Д.Сумъяабазарыг Хотын дарга байхад Боловсрол, эрүүл мэнд хариуцсан орлогчоор нь ажиллаж байсан. Чингэлтэйн 18-р хороонд, уулын оройд сагсан бөмбөгийн талбай барилаа л гэнэ. Бас Чингэлтэйд уулын оройд санаачилж тохижуулсан “Уулын фитнесс”-ээ дахин сэргээж байна л гэнэ. Улаанбаатарт уулын оройд талбай барьж тохижуулахаас өөр арга үлдээгүйг З.Төмөртөмөө баталж байна. Гэхдээ Чингэлтэй дүүрэгт өдөрт 10 хүн хичээллэх жижигхэн фитнесс талбай барьж тохижуулахаас өөр хийх ажлыг З.Төмөртөмөө харж чадахгүй байгаа нь харамсалтай. Хамгийн хөгжилтэй нь, тэр саяхан сошиалдоо “Төрд ажиллаж буй хүмүүс поп шийдвэр гаргадагт харамсдаг” гэсэн байх юм. Хотын орлогч байхдаа “Улаанбаатар марафон”-д 07777 дугаар зүүж оролцоод, “шалихгүй поп” гэж цоллогдож байсныг нь нийслэлчүүд санаж л буй байх.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баярын сурталчилгаа бусдаа түрүүлж эхэлжээ. Дүүргийнхээ хэмжээнд сагсан бөмбөгийн 36 талбай байгууллаа л гэнэ. Шар хадны хогийн цэг байсан жалгыг “Жишиг гудамж” болгож, хүүхдүүд тоглох орчин бүрдүүлээ л гэнэ. Цагаан давааны хогийн цэгийн 42 га талбайг тохижуулж, “Дарь-Эх” спорт цогцолбор болголоо л гэнэ. Туул голын эрэгт спорт, фитнессээр хичээллэх нөхцлийг бүрдүүлж “Экстрем” цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна л гэнэ. Үерт хамгийн түрүүн урсдаг, үргэлжийн тэг зогсолтын түгжрэлтэй байдаг Баянзүрх дүүрэгт спорт цогцолборууд байгуулахаас өөр хийх ажил, хийсэн ажил байхгүй бололтой юм.
ҮЕРТ ҮЙЖ, УТААНД УГААРТАЖ, ТҮГЖРЭЛД ТЭГ ЗОГСОЖ АМЬДАРДАГ СӨНӨСӨН ХОТЫН ИРГЭДЭД СОШИАЛЫН ГЯЛ ЦАЛ СУРТАЛЧИЛГАА БИШ, ШИЙДЭЛ, СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА, НИТХ-ЫН ГОРИЛОГЧИД ОО |
|