• Өнөөдөр 2025-04-21

ТӨСӨВ ТӨНХӨХ ТЕНДЕРИЙН ХУЛГАЙГАА ХУУЛЬ ЁСНЫХ БОЛГОХООР ХАНЦУЙ ШАМЛАЖ БАЙНА, ТЭД

2024-08-26,   519

       Шинэ 30 жил. Энэ бол эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амны уншлага. Тэр өнгөрсөн 30 жилийг зүхэж, шинэ 30 жилийг амлаж, МАН дахин олонх болсон. Харамсалтай нь, түүний эхлүүлэх шинэ 30 жил нь өнгөрсөн 30 жилийнхээ хар түүхийг давтах нь бололтой. Ингэхдээ бүр ил цагаанаар. Тодруулбал, Засгийн газраас Тендерийн хуулийг өөрчлөхөөр улайрч, УИХ-ыг шавдуулж эхэллээ. Хэрвээ энэ хуулиа батлуулчихвал Засгийн газар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр нийтэд танилцуулсан 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум ам.долларын 593 төслөө тендергүйгээр хүссэн компаниуддаа хуваарилж эхлэх нь. Тендергүй буюу шууд гэрээний цаана ямар хулгай явагддагийг бид ковидын маск, ногоон автобус зэрэг нууц нь өдгөө ч бүрэн ил болоогүй дуулиант хэргүүдээс харсан. Өөрөөр бол, шинэ 30 жил дахиад л хулгайгаар эхэлж, бас үргэлжлэх нь бололтой.  
 

ХУУЛИЙН ХУЛГАЙ БУЮУ ТЕНДЕРИЙН ХУУЛЬД ШИНГЭЭХЭЭР САНААРХАЖ БУЙ ХОЁР НОЦТОЙ ЗААЛТ

     Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тайлбарласнаар Хамтарсан Засгийн газраас Тендерийн хуульд хоёр ноцтой заалт оруулахаар санаархаж буй. 
 
Нэгдүгээрт, “Засгийн газраас хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж, нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хувь хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол Тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт оруулж ирсэн. Өөрөөр бол, цаашид Засгийн газраас бүтээн байгуулалтын том төсөл хэрэгжүүлэхдээ гүйцэтгэгчийг нь нээлттэй тендерээр сонгон шалгаруулахгүй. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний танхимын сайд нар тойрч сууж байгаад “Энэ ажлыг тэр компаниар хийлгэе” гэж дур мэдэн шийддэг болно гэсэн үг. Эрх баригч гурван намын дарга нарын хань хамсаатнууд, цаашлаад эрх баригч гурвын намыг санхүүжүүлэгч монополь компаниуд хүссэн төслөө тендергүйгээр авдаг болох нөхцөл бүрдэж байна гэсэн үг. 
 
Хоёрдугаарт, Засгийн газраас бүтээн байгуулалтын төслийн гүйцэтгэгчийг сонгохдоо чадавх, туршлагын өндөр чадамж бүхий аж ахуйн нэгжийг урьж, хэлэлцээ хийх замаар гэрээ байгуулах буюу “чадавхад суурилсан хэлэлцээний арга” гэгчийг ашиглахаар тусгажээ. Ингэхдээ тухайн “өндөр чадамж бүхий аж ахуйн нэгж”-ийг салбарын сайд болон мэргэжлийн нэгдсэн холбоотой хамтран сонгож байх ажээ. Өөрөөр бол, цаашид Засгийн газраас бүтээн байгуулалтын том төсөл хэрэгжүүлэхдээ тухайн салбарынх нь сайдын “өндөр чадамжтай” гэж үнэлсэн компанид урилга явуулж, хэлэлцээ хийх замаар гэрээ байгуулж болно гэсэн үг. Жишээ нь, Эрчим хүчний салбарт хэрэгжих дулааны болон усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгохдоо тухайн салбарын сайд Б.Чойжилсүрэн аль компанийг “өндөр чадамжтай” гэж үнэлнэ, тухайн компанид урилга илгээж, тендерт оролцуулж, цаашлаад хэлэлцээ хийх замаар гэрээ байгуулж байх ажээ. 

ЗАСГИЙН ГАЗАР ТЕНДЕРИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР УЛАЙРЧ БУЙН ЦААД САНААРХАЛ

     Засгийн газар Тендерийн хуулийг өөрчлөхөөр улайрч, УИХ-ыг шавдуулаад буйн цаад шалтгааныг тайлбарлая. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд гурвын Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ирэх дөрвөн жил 593 төсөл хэрэгжүүлэхээр тусгаж, танилцуулсан. Энэ мөрийн хөтөлбөрийг 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум ам.доллароор хэрэгжүүлнэ. Жишээ нь, Тавантолгойн ДЦС, Эрдэнэбүрэн болон Эгийн УЦС, Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц, хангайгаас говь руу ус татах Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Эрээнцав-Чойбалсан-Баруун урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн хил дамнасан төмөр зам, Зэс боловсруулах цогцолбор, Гангийн үйлдвэр, Алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Нэмээд 17.7 км метро, ган татлагат гүүр, Хөшигийн хөндийд туннель, төр захиргааны нэгдсэн байр барих гэх мэт том төслүүд ч бий. 
 
Ноцтой нь, Засгийн газраас дээрх том төслүүдийг хэрэгжүүлэхдээ гүйцэтгэгчийг нь нээлттэй тендерээр сонгохгүй, “Тэр компаниар гүйцэтгүүлнэ” гэж дур мэдэн сонгодог болохын тулд Тендерийн хуулийг яаралтай өөрчлөхөөр ийн улайрч байна гэж харагдаж байгаа юм. 

“ШИНЭ ТЕНДЕРЧИД”-ЭЭР СЭЛБЭСЭН ЗАСГИЙН ГАЗАР БА УИХ

     Засгийн газар буюу эрх баригч гурван намын дарга УИХ дахь кнопчдоо ашиглаж, Тендерийн хуулийг өөрчилж, хүссэндээ хүрч чадлаа гэж бодъё. Дараа нь яах вэ? Дээр дурдсанчлан төмөр замын төслийг хэнд, авто замын төслийг хэнд, эрчим хүчний салбарын төслүүдийг хэнд, барилгын төслүүдийг хэнд гэхчилэн “бялуу хуваах” ажилдаа орно. Өөрөөр бол, хоёр, гурван тэрбумыг зарлагадаад ч гишүүнээр сонгогдож чадаагүй намынхаа нөхдөд, сонгуульд ялалт байгуулахад нь санхүүжилтээр дэмжсэн компаниудын эздэд, халаас нимгэн шинэхэн гишүүдийнхээ хамаарал бүхий этгээдүүдэд гэхчилэн хуваарилалт хийнэ. Нэгэнт Засгийн газраас сонгосон бол тендерийн хууль үйлчлэхгүй учраас аль төслийг хэнд өгөх нь тэдний дурын хэрэг. Ноцтой нь, УИХ анх удаа 126 гишүүнтэй болсон. Шинэ тендерчдээр ч үлэмж баяжсан. Хатуухан хэлэхэд, эрх баригч гурван намын дарга нар илүү олон хүнийг “тэжээх” хэрэгтэй болсон гэсэн үг. Илрэл нь Тендерийн хуулиар цухуйж буй бололтой. Ийм л аюултай, хор хохиролтой хууль яг одоо хэлэлцэгдэж байна. 
 
Тендер тоншиж, төсөв төнхөж амьдардаг түшээд энэ УИХ-д олон бий. Хууччуулыг нь сайн мэдэх тул нурших илүүц байх. Харин намын даргатайгаа тун ойр, жагсаалтаас орж ирсэн түшээдээс хэдхэн жишээ дурдъя. Дүгнэлтийг уншигч та хийх биз ээ. 
 
     МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа жагсаалтын хоёроор эрчим хүчний инженер мэргэжилтэй М.Энхцэцэг гэх эмэгтэйг УИХ-ын гишүүн болгосон. Тэгвэл М.Энхцэцэг нь эрчим хүчний салбарын тендерүүдийг “түүдэг” топ хоёр компанийн эзэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн “Бодит чадал” ХХК нь цахилгаан эрчим хүч дамжуулах шугам, дэд станцын зураг төсөл, угсралт, засвар, тохируулгын 100 тендерт оролцож, шалгарч байсан. Харин “Хүчит хөтлүүр” ХХК нь эрчим хүчний тоног төхөөрөмжийн 41 тендерт оролцож, шалгарч байсан түүхтэй. Цаашилбал, МАН-ын жагсаалтын дөрвөөр УИХ-ын гишүүн болсон Д.Рэгдэлийн үүсгэн байгуулсан, өдгөө хүү Р.Хангайгийнх нь эзэмшиж буй “Ган тоонот констракшн” ХХК нь өнгөрөгч 2023 оны дөрөвдүгээр сард ХУД-ийн 18-р хороонд 640 хүүхдийн сургууль барих 10.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байлаа. Энэ оны зургадугаар сард БГД-ийн 16-р хороонд мөн л сургууль барих 7.7 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байдаг. 
 
      АН-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр намынхаа жагсаалтын дөрвөөр С.Цэнгүүн гэх эмэгтэйг УИХ-ын гишүүн болгосон. С.Цэнгүүн нь аав С.Саруулсайханыхаа “Атмор” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад ийнхүү УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл “Атмор” ХХК нь 2012-2016 онд АН-ыг засаг барьж байх үед төсвийн тендерүүдээр ёстой л туйлж байлаа. Жишээ нь, 2012 онд Орхон аймгийн ЗДТГ-аас Эрдэнэт хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах нэрээр 200 айлын амины орон сууцны эко хорооллын төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тус төслийн гүйцэтгэгчээр нь “Атмор” ХХК шалгарсан. Улмаар Орхон аймгийн ЗДТГ-ын газраас “Атмор” ХХК-д Эрдэнэт хотын “А” зэрэглэлд 11 га газар олгож, улмаар “Атмор” ХХК-ийнхан 2012-2015 онд “Эко хороолол” нэртэй 200 айлын хорооллыг барьсан байдаг.
 
- 2013 оны хавар Хотын дарга Э.Бат-Үүл СХД-ийн 30-р хороо, “Хархорин” захын арын дэнжийн гэр хорооллын 170 айлыг цэвэр, бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбох төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тендерт нь “Атмор” ХХК шалгарч байв. 
 
2014 оны хавар УИХ-ын дарга З.Энхболд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хоёр хамтран “Шинэ сум” төслийг эхлүүлсэн. Улмаар Х.Баттулга өөрийн нутаг болох Баянхонгор аймгийнхаа Баянлиг, Бууцагаан суманд “Шинэ сум” төслийг сүр дуулиантайгаар хэрэгжүүлж байсныг санаж буй байх. Тэгвэл тухайн үед З.Энхболд Дорнод аймгийн Баян-Уул сум болон Хэнтий аймгийн Биндэр суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх Ерөнхий гүйцэтгэгчээр “Монгол дайвин” ХХК-ийг шалгаруулж, улсын төсвөөс 10 тэрбум төгрөг олгуулсан байдаг ажээ. 
 
       ХҮН-ын дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн Т.Доржханд намынхаа жагсаалтын гурваар УИХ-ын гишүүн болгосон П.Ганзоригтойгоо халаас нэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржхандын эхнэр У.Сийлэн, УИХ-ын гишүүн П.Ганзориг нар “Их эрин констракшн” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. “Их эрин констракшн” ХХК нь хот, хөдөөгүй барилга барьдаг. Тэр тусмаа П.Ганзоригийн гэр бүлийнхэн Хөвсгөл аймгаас гаралтай тул түүний дүү П.Гантогоо нь “Их эрин констракшн” ХХК-иар Хөвсгөл аймгийн сургууль, цэцэрлэгийн барилгын тендерүүдийг илүүтэй “түүдэг” болсон. Тухайлбал, нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 640 хүүхдийн суудалтай сургууль, спорт заал барих 10.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих 4.0 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Үүнээс өмнө нийслэлийн хэд хэдэн тендерүүдэд оролцож явсныг нь ч дурдах нь зөв байх. 
 
 

ТӨСӨВ ТӨНХӨХ ТЕНДЕРИЙН ХУЛГАЙГАА ХУУЛЬ ЁСНЫХ БОЛГОХООР ХАНЦУЙ ШАМЛАЖ БАЙНА, ТЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-26 17:28:45
    Малнуудаа: Нянбактерын хийж бгаа ажил ш дээ тийшээгээ ухаачээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188