• Өнөөдөр 2025-04-22

УЛСТӨРЧДИЙН ХӨГЖҮҮЛЬЕ, ХӨГЖҮҮЛНЭ ГЭХ ХУДЛАА ҮГЭНД ХУУРТСАН ЯДРУУХАН МОНГОЛЧУУДЫН ЗҮДРҮҮХЭН АМЬДРАЛ

2024-06-14,   307

        Улстөрчдийн хөгжүүлье, хөгжүүлнэ гэх худлаа үгэнд хууртсан ядруухан монголчуудын зүдрүүхэн амьдрал өрнөж байна, манай нийгмэд. Сонгууль дөхөхөөр улстөрчид, намууд амандаа орсноо амлаж, иргэдийг хуурч, том том төслүүд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад, бэлэн мөнгө тараадаг жигтэйхэн баян улс болчихно. Өмнө нь өгсөн амлалтаа эргэж хараад мартчихсан хэр нь дараагийн амлалтаа улам томруулж, чихэн дээр цэцэг ургуулаад саналаа авч, санаагаа гүйцээсэн бол мөнөөх амлалт нь цаасан дээрээ үлддэг.
 
         Уг нь улстөрчдийн амласнаар бол өдийд Монгол Улс хөгжлөөрөө хоёр зуун жил тэргүүлж, Азийн цагаан дагина гэгдэх Улаанбаатар хотын иргэд нь метро хөлөглөөд, дүүжин тээврээр дүүлж, гэр хороолол гэж байхгүй, утаа униараас салчихсан, түгжрэл гэж огт мэдэхгүй “диваажинд” байгаа мэт л амьдрах байлаа. Оросоос бензин, түлш горьдох нь битгий хэл Газрын тосны үйлдвэр ашиглалтад орчихсон, шатахуунаар бялхаж, том том цахилгаан станц барьчихсан, эрчим хүчээр бүрэн хангагдчихсан, ёстой үйлдвэрлэгч орон болчихсон жаргаж суух байсан юм.
 
         Тэр байтугай хөдөөгийн малчид гэрээсээ интернэтэд холбогдож, малаа утсаараа хариулдаг болчихсон жаргаж суух байв. Үндсэндээ бол аль 2017 оноос нийслэлчүүд метрогоор зорчиж, 2021 онд гэр хороололгүй болчихно гэх амлалт ч сонингийн хуудсанд шарлачихсан хэвтэж байна.
 
         Гэтэл бодит байдал дээр нийслэлийн утаа, түгжрэл утгаа алдаж, сүүлдээ дүн өвлийн хүйтэнд суух автобусгүй болов. Шатахууны хомсдолд орж, бензиндээ сав бариад дугаарладаг, эрчим хүчний хязгаарлалтад орж, харанхуй байшинд лаа бариад суудаг боллоо. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил эхлүүлсэн. Тус ажлыг 2017 онд эхлүүлж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулж, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажилтны 50 гаруй хувь гаднын оронд боловсрол эзэмшсэн, мэргэжлийн хүмүүсийг гаргаж, ажиллуулж байв.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ

 
У.Хүрэлсүх, түүний Засгийн газрын гишүүд ч Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэртэй хэд хэдэн удаа очиж танилцсан, ам сайтай байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох үед “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ажил үндсэн технологийн 12 байгууламж, дагалдах байгууламж, дэд бүтэц, үйлдвэр хотхон зэргээс бүрдэх төслийн ажил идэвхтэй үргэлжилж, бүтээн байгуулалт эхэлсэн байв. Тийм ч учраас У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар тус газарт очиж ажиллахдаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” 2023 онд ашиглалтад орж, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулахыг мэдэгдэж байлаа. 22 жил гацаанд байсан газрын тос боловсруулах үйлдвэр шаваа тавьснаас хойш хоёр жилийн дотор “биежсэн” ч одоогийн Засгийн газрын үед бүтээн байгуулалт нь зогсож, өнгөрсөн жил ашиглалтад орох хуваарьтай байсан ч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй хэвээр "царцсан".
 

АГААРЫН БОХИРДЛЫГ 80 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛНА

 
"Утаа арилгана" гэсэн МАН-ынхны жүжиг 2010 оноос эхлэлтэй гэж болно. Тухайн үеийн Засгийн газар Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төсөлтэй хамтарч, "Утаа гаргадаггүй" гэх зуухыг сурталчилж, гэр хорооллын айлд аваачан туршиж сүр болж байв. Түүнээс хойш эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн шаталттай буюу утаа гаргадаггүй зуух нийслэл бүү хэл, орон даяар тархаж, айл өрх болгон "утаа гаргадаггүй" зуухтай болсон. Гэсэн ч утаа гаргадаггүй зуух нь "ид шид"-ээ үзүүлэлгүй Улаанбаатарын утаа арилах нь "үлгэр" болох нь тэр. Ингээд утаа гаргадаггүй зуухаар Улаанбаатарын утааг арилгах МАН-ын төлөвлөгөө үндсэндээ нурахад дахин нэг "заль" бодож олсон нь өнөөгийн иргэдийн өргөнөөр хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлш.
 
2018 онд "Сайжруулсан түлш" төслийг хэрэгжүүлж, нийслэлийн төвийн дүүргүүдээс эхлээд түүхий нүүрс түлэхийг хориглосон тогтоол гаргаж,  ард түмэнд сайжруулсан шахмал түлшээ "шахаж" байв. Тухайн үедээ л сайжруулсан шахмал түлшнийхээ дээжээс БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс руу илгээчихсэн. Гаднын том том лабораториудаар шинжлүүлчихсэн байлаа. Тэгээд түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлштэйгээ харьцуулж, түлж үзүүлээд "Ингээд утааг арилгаж, утаанаас сална" гээд МАН-ынхан их л додигор сууцгааж байсныг мартаагүй хүн олон. Гэтэл хэрэглээнд нэвтрүүлээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа сайжруулсан шахмал түлшээ мөн л стандартын шаардлага хангахгүй, утаа их гаргадаг хэмээн МАН-аас коксжсон нүүрс хэрэглээнд нэвтрүүлнэ гээд сууж байгаа.

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

     У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Үндэсний урлагийн их театрыг барих асуудлыг судлах Ажлын хэсэг гаргаж, байгуулах захирамж ч гаргаж байв. Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар, Соёлын сайд асан С.Чулуун нар ахалж, зураг төслийн ажилтай танилцсан байдаг. Зөвхөн Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөж, 160 гаруй айлын газрыг чөлөөлсөн. Гэсэн ч орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник, технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий интерьер шийдэлтэй, урлаг, уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт одоог хүртэл сураггүй.
 

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АСУУДАЛ

         Нийслэл хотын иргэдийн амьдрах ахуй нөхцөлийг эрүүл, цэвэр болгох асуудалд МАН-аас ариутгал, шинэчлэлийн ажил хийхээр том амлацгаасан байдаг. Бүр прокурорын байгууллагаас муу дүн тавиад байсан Төв цэвэрлэх байгууламжид тухайн үеийнх нь Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ очиж, Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделханаар ахлуулж, Засгийн газар нь БНХАУ-ын “Экзим” банкнаас 300 сая ам.долларын зээл авч, бүтээн байгуулахаар ярьж байв. Тэгвэл өдгөө бараг л “байгуулагдчихсан” байх ёстой Төв цэвэрлэх байгууламжийн сураг тасарчээ.

УЛСТӨРЧДИЙН ХӨГЖҮҮЛЬЕ, ХӨГЖҮҮЛНЭ ГЭХ ХУДЛАА ҮГЭНД ХУУРТСАН ЯДРУУХАН МОНГОЛЧУУДЫН ЗҮДРҮҮХЭН АМЬДРАЛ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188