• Өнөөдөр 2024-05-04

ХҮСЭЛ, ХОРЛОЛ, ХОРШИЛ, ХОРСОЛ, ХАЙР ТАВ

2024-03-22,   670

      УИХ-ын сонгуульд уран мэхийг уралдуулан “зодоглох” улс төрчид “дэвжээ”-нийхээ тэргүүнүүдийн өрөөг сахиж, үүдэнд нь оочерлож, өнжин хонон бүртгэлээ хийлгэцгээж байна. Зүүний магнайгаас завсаргүй хоёр түрүүлсэн МАН, барууны магнайгаас угсраа өвдөг шороодсон АН, МАН-ыг дагаж ХҮН, АН-ыг дагаж МоАХ, араас нь АН, МАН-ын “дархан аваргууд”-ын “Үндэсний эвсэл”, тэдний араас “Шинэ эвсэл” тэргүүтэй “цолгүй” намууд жагсана. Толгой таван “дэвжээ”-ний хооронд гол “барилдаан” өрнөх хүлээлттэй байгаа. 
 
УИХ-ын сонгуульд “дэвжээ”-нээсээ хэнийг зодоглуулж, хэнийг гоц мөргүүлж, хэнийг хэнтэй оноолтод тааруулахаар болсноо Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Х.Баттулга, Т.Доржханд, Н.Номтойбаяр тав тун удахгүй зарлана. Уг нь Х.Баттулга Л.Гантөмөрийн “дэвжээ”-нд харьяалагдах боловч МоАХ гэх “гал”-аараа тусдаа бэлтгэлд гарчихаад буй тул ийн тус тусад нь дурдаж буй юм. 
 
Тэгвэл ирэх сонгуульд өрсөлдөх толгой намуудын дарга нарын хэн нь хэн бэ, тэдний хүсэл, бас характер нь юу вэ гэдгийг таван “Х”-гээр товч тоймлож байна. 
 
ХҮСЭЛ- Л.ОЮУН-ЭРДЭНЭ
 
     Баруун гартаа Ерөнхий сайдын, зүүн гартаа намын даргын тамгыг урт удаан атгаж, өнөд нам, төрийг хослон баригч байх оройгүй их хүсэл Л.Оюун-Эрдэнэд бий. Бэрх тосгоны галчаас “бэрс” болтлоо зорьж, зольж зүтгэхдээ гуравхан жил засаглая гэж төлөвлөөгүй нь тодорхой. Тиймдээ ч тэр Ерөнхий сайд болсныхоо ердөө маргаашнаас л тоногдсон сан, банк, компаниудын хав дарагдсан мэдээллүүдийг дэлгэж, ах нарыгаа, анд найзуудаа, намын нөхдөө, ирээдүйд өөрийнх нь өөдөөс үстэй дээл, үнэгэн малгайтай төв талбайд жагсаж мэдэх бүгдийг агнаж, намнаж эхэлсэн. Ард түмэнд тэр авлига, хулгайтай тэмцэж буй харагддаг ч ардаас нь ийм үнэр ханхалдаг. 
 
Улс төрийн өрөг дээр урт удаан “бэрс” байхын тулд түүнд хүч, хангалттай олон кноп хэрэгтэй. Өөрөөр бол, парламентын танхимд ч, засгийн зааланд ч өөрийнх нь хүмүүс олон байх хэрэгтэй гэсэн үг. Тэгж байж улс төрд урт удаан “ноёрхоно”. Яг ийм зарчмаар л “Сү-гийн”, “Ми-гийн” гэх цагийг эзэлсэн нүсэр фракцууд МАН дотор мэндэлсэн байдаг юм. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэд төрд өөрийн фракцаа байгуулах, басхүү хүчирхэгжүүлэх боломж нь ирэх сонгууль. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ Оксфорд, Харвард имижтэй О.Батнайрамдал, Э.Болормаа тэргүүтэй олон залуучуудыг энэ сонгуульд “зодоглуулахаар” бэлтгэж буй. Ганц мандат ч болтугай өөртөө илүү гаргах гэж гашилж ядаж явахад нь зүлэг ногоон дэвжээнд аварга байхаасаа залууст “зай тавих”-ыг мартсан нутгийн ах Б.Бат-Эрдэнэ, “бандааш”-ны хэргээсээ болж “бангадуулж” хөөгдсөн нутгийн дүү Д.Гантулга нар нь “надад нэг боломж” гэж шалгаагаад байгаа гэх. 
 
Сонирхуулахад, О.Батнайрамдал төрд орох, түмэнд танигдах замаа Л.Оюун-Эрдэнийг “өвчсөн мэт” адилхан тактикаар тавьж буй. Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ярьж, “Сахал” Д.Эрдэнэбилэгийг “ноцож” гарч ирсэн шиг О.Батнайрамдал “Эрдэнэт”, “Хөтөл”, Боловсролын зээлийн сангаар дагнаж буй. 
 
ХОРЛОЛ- Х.БАТТУЛГА
 
    Уг нь МАН-ынхан Х.Баттулгыг улс төрийн тайзнаас унагах гэж Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаар хангалттай ороож, оролдож үзсэн. Гэхдээ “хонгил”-ын түлхүүр Х.Баттулгын өөрийнх нь халаасанд байсан учраас тэсэж үлдсэн. Гэвч Х.Баттулгын тэнхээ барагдаж, төр дэх хамгаалалтын хана хэрэм нь нурсаар байгаа. Иймд тэр ирэх сонгуульд бүх хүчээ хаяж, байдгаа барж таарна. 
 
Нам дотроо нам байгуулж, “хөх туг” намируулан давхиж яваа МоАХ-ны тэргүүн Х.Баттулга бол АН-ын, МАН-ын, ерөөс өөрөөсөө бусдын хувьд “лусын хорлол” лугаа. “Лусын хорлол” удам дамждаг гэлцдэг шиг Х.Баттулга харц тулж, халз үзэх хүнийхээ ураг удамтай нь эхлээд “ярьдаг” зантай. Уг хүнийх нь характер, улс төрийн тактик нь ийм хойно, ирэх сонгуулиар ч “цусны хэрүүл” өрнөж л таарах биз. Түүнтэй, түүний галаас “зодоглож” буй нэр дэвшигчидтэй нэг тойрогт өрсөлдөнө гэхээс бусад нь халгаад эхэлчихсэн байх. “Хаан” шахуу байсан М.Энхболдыг “хятад” болгож, Ерөнхийлөгчийн сонгуульд унагах, ерөөс улс төрийн тайзнаас таягдах сценари Х.Баттулгын энгэрийн хар дэвтэрт анх зурагдсан. Үүгээрээ тэр өөртэй нь тэмцэлдэхийн тулд эхлээд цусаа шинжлүүлж, удмынхаа 10 үеийг нэвт судалсан байх шаардлагатайг бусдад мэдрүүлсэн. Ойлгоогүй гэх үү, огоорсон гэх үү, саяхан Ч.Хүрэлбаатар Х.Баттулгатай шөргөөцөлдөж үзээд, үр дүнд нь Увсын архивын газрын ураг удмын тамгатай тодорхойлолттой болж авсан. Уг нь, Ч.Хүрэлбаатар мөчөөгөө өгөхгүй “хэнийх нь цус “хольц”-тойг хамт шинжлүүлье, цугтаа явъя” гэж Х.Баттулгад “урилга” илгээсэн. Хэрхсэн нь одоогоогоор тодорхойгүй байна. 
 
Ямартай ч УИХ-ын сонгуульд Х.Баттулга АН-аас, өөрөөр бол өөрийнхөө МоАХ-ны “Хөх туг”-ынхаа доороос УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Ц.Туваан, МоАХ-ны дэд дарга П.Нүрзэд, П.Галиндэв, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, ЕТГ-ын дарга асан А.Шижир, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, АН-ын дэд дарга Б.Ган-Очир нарыг “зодоглуулах” зураглалтай байна. 
 
ХОРШИЛ- Т.ДОРЖХАНД
 
      ХҮН-ын дарга Т.Доржханд өнгөрсөн дөрвөн жил МАН-ын төлөө өнөөх үдээсгүй бор элгэн гутлаа элэгдтэл гүйсэн. Тиймдээ ч түүнийг “МАН-ын хэвлэлийн ажилтан”, ХҮН-ыг “МАН-ын халаас нам” гэцгээдэг болсон. Магад, жижиг намын ганц төлөөлөлд үнэмлэхүй олонх намыг бараадаж “амь зуух”-аас өөр арга байдаггүй ч байж мэднэ. Бие дааж орж ирсэн “Босоо Ганбаа”-г хүртэл МАН дэргэдээ “хэвтүүлж” л байлаа. Тэгэхээр Т.Доржхандад анхнаасаа МАН-ын харцаар хөдөлж, хэлснээр нь хоршиж ажиллахаас өөр сонголт үлдээгүй ч байж мэднэ, хөөрхий. Гэхдээ хүчлүүлсэн байлаа ч, хүссэндээ байлаа ч Т.Доржхандын МАН-тай хоршиж, хамтрах нь хэтийдсэн.  
 
Жишээ нь, тэр 2021 оны хавар Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болгохын тулд Үндсэн хуулийн цэц, Тусгаар тогтнолын ордон хооронд “улаа эргэтэл” гүйсэн. Санасандаа ч хүрсэн. Дараа нь, 2022 онд Т.Доржханд МАН-аас давхар дээлийн хязгаарлалтыг алга болгох “даалгавар” авч, мөн л Үндсэн хуулийн цэц рүү гүйдэлтэй болсон. Бас л санасандаа хүрч, үр дүнд нь Л.Оюун-Эрдэнэ дандаа давхар дээлтэй сайд нараар засагтаа засвар оруулж байв. Сүүлд, МАН-аас УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох санал гаргахад мөн л оройлон манлайлж дэмжсэн хүн нь ХҮН-ын Т.Доржханд. Энэ мэт гавьяагаараа тэр МАН-д магтуулж, үр дүнд нь парламент дотор өдий зэрэгтэй гадуурхагдахгүй, ганцаардахгүй яваа. 
 
Ямартай ч ХҮН-ын Т.Доржханд ирэх сонгуулиар МАН-ын “халаасны өрөө”-ндөө илүү олуулаа болж орж ирэхээр П.Наранбаяр, Д.Гантулга, Б.Найдалаа, Б.Мөнхсоёл, П.Ганзориг нартайгаа хамт “зодоглохоор” бэлтгэлээ хангаж буй. 
ХОРСОЛ- Н.НОМТОЙБАЯР
 
    “Ноёноороо оролвол толгойгүй” гэдгийн бодит жишээ бол тэр. Төрийн түшээгийн сэнтийгээс чөлөөлөгдөж, төрөлх намаасаа “хөөгдөж”, эцэст нь төмөр торны цаана суусан Н.Номтойбаярын хорсол одоо ч тайлагдаагүй нь байгаа. Тиймдээ ч тэр МНН, МҮАН-ын “Үндэсний эвсэл”-ийг толгойлж, ирэх сонгуульд яс, цусны МАН-тайгаа халз үзэлцэхээр эргэн ирсэн. Тэгээд болоогүй, тойрогт өрсөлдөж азаа үзэхгүй, жагсаалтаар нэр дэвшиж Төрийн ордны босгыг дахин алхана гэдгээ зарлаад буй. 
 
Хайр хорсол болж хувирахаараа хамгийн аюултай байдаг гэдэг. Гэхдээ үнэмлэхүй олонх МАН-ын эсрэг “МАК”-ын хөрөнгө, Н.Номтойбаярын хорсол хэчнээн хоршоод ч нөлөөлөх нь бага. Тиймдээ ч Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл”-ийн туган доор “гомдогсдын гал” бүрдүүлж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, МАН-ын дарга асан М.Энхболд тэргүүтэй “дархан аваргууд”-тай уудтай гар барьж, “гал”-аа хамтран удирдахаар болсон гэх. Өөрөөр бол, өнгөн дээрээ “Үндэсний эвсэл”-ийг тэргүүн Т.Номтойбаяр, МНН-ын О.Бум-ялагч, МҮАН-ын Б.Цогтгэрэл нар төлөөлж ил гарч байгаа ч ард нь АН, МАН-д гомдогсод бий гэгдэж байна. МАК-ын хөрөнгө, Н.Номтойбаярын хорсол, М.Энхсайхан, М.Энхболд нарын “луугар”-уудын гомдол гурав хоршвол МАН-ын ч, АН-ын ч хувьд жинхэнэ аюул энэ болно. 
 
Ямартай ч Н.Номтойбаяр цаад эздээ нууцалж байгаа шигээ “зодоглуулах” улс төрчдийнхээ нэрсийг ч хав дарж буй.
 
ХАЙР- ЛУ.ГАНТӨМӨР
 
     Тэр АН-ын даргаар сонгогдож, арслантай тамгыг нь атгаад нэг жил хоёр сар болж буй ч Ардын намын өөдөөс “а” гэж дуугарсан удаа үгүй. Сөрөг хүчний биш, аялдан дагалдагчийн үүргийг л гүйцэтгэж буй. Тиймдээ ч АН-ын зарим фракцууд хамтран өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлийн хурал хийж “Л.Оюун-эрдэнэ Л.Гантөмөрийг хэзээ дуудна, тэр бүрд нь гүйж очдог, гар барьдаг, бүр хайраа илчилсэн” хэмээн мэдэгдэж, огцруулах гарын үсэг цуглуулж эхэлснээ зарлаж байв. 
 
Уг нь Лу.Гантөмөр АН-ын дарга болсныхоо дараа “Бид одоо МАН-ын эсрэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ. Тэгж байж бид ирэх сонгуульд эрх баригч болж, шархаа нөхнө” гэж мэдэгдэж байсан. Үнэхээр ч Л.Гантөмөр сөрөг хүчний даргын үүргээ гүйцэтгэсэн бол Ардын намыг айлгах түмэн боломж түүнд байсан. Наанадаж л 2018 оноос хойш 800 тэрбумыг зарцуулсан сайжруулсан түлшний үйлдвэр 2020 оны сонгуулийн “шоу” байсан нь илчлэгдэж, утаа угаар утгаа алдлаа, Хөгжлийн банкны дээрэм, нүүрсний хулгайгаас холбогдсон МАН-ынхан бүгд хамгаалагдаж үлдээ. Нийслэлийн иргэдийн хөл дүүжлэх ганц унаа буюу автобусны парк шинэчлэлтийн 300 тэрбум төгрөгөөс МАН-ынхан цавчаа хийж, Вьетнамд угсарсан хулхи автобус оруулж ирсэн нь илчлэгдлээ. Одоо Засгийн газар, Хотын захиргаатай хамтарч газрын наймааны нээлттэй сонсгол явуулахаар дуншиж байна. Хотод 2000 оноос хойш 24 жилийн 20 жилд нь Ардын нам, дөрвөн жилд нь АН засагласан. Тэгэхээр АН УИХ-ын сонгуулиас урьтаж, газрын наймааны хэргүүдээр МАН-ыг айлгаж, ичээх бүрэн боломжтой ч ашиглахгүй байна. Энэ мэтээр эрх баригч намын хулгай, луйвар өдөр алгасахгүй шахам ил болж, иргэдийн итгэл алдраад байхад хоёр сонгуульд угсраа ялагдаж хүлээсэн АН-ын дарга Л.Гантөмөр аанай л ганц үг ган гэхгүй суусаар байгаа. 
 
Тэгэхээр АН-ын зарим фракцуудын мэдэгдсэнчлэн “Л.Гантөмөр МАН-д хайртай” гэдэг нь үнэн боловч таарах нь. Магад, Ардын намаас өнгөрсөн хавар охиных нь боловсролын сангийн зээлийг, намар нь эхнэрийнх нь нүүрсний гэрээний мэдээллийг сошиалд хаяж өгч, хайр, найргүй сэвүүлснээс нь айгаад хүчээр хайртай болсон байж болно. Эсвэл, эрх баригч МАН-ыг ирэх сонгуульд дахиад үнэмлэхүй ялна гэж хүлээн зөвшөөрөөд, өөрөө жагсаалтаар түшээ болно гэж бардаад, давхар дээлтэй сайд болно гэж тохироо хийчихээд хүслээрээ “хайртай” болсон ч байж болно. 
 
Гэхдээ хүчээр хайрласан ч бай, хүслээрээ хайрласан ч бай, МҮДН, Шонхор, МоАХ, Алтан гадас, Monde, Open, Од, Олуулаа, Нэг-Ардчилал, Хийморь, Ан-чин, Эрх чөлөө, Хангарьд, Морьтон мэтчилэн 10 гаруй фракцтай, 200 гаруй мянган гишүүнтэй, угсраа ялагдсан АН-ыг удирдаж УИХ-ын сонгуульд оролцох гэж буй Л.Гантөмөр МАН-тай “хайрын романс” үүсгэчихээд, барилдаагүй байж тахимаа өгчихөж болмооргүй л байна. 
 

ХҮСЭЛ, ХОРЛОЛ, ХОРШИЛ, ХОРСОЛ, ХАЙР ТАВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 12:20:51
    ард : хөөрхий ард түмэн энэ хүчтэй мэдрэмжүүдэд нэгэнд нь ч хавчуулагдсангүй. намуудын үзэл баримтлал нэгэн адил .Монголд ямар ч арга замаар ноёрхлоо тогтоох . ганцаар чадахгүй бол эвсээд ч гэсэн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188