• Өнөөдөр 2024-04-25

Орлогч Ж.Сандагсүрэнгийн ОНЧГҮЙ, ОНЦГҮЙ мэдэгдлүүд

2021-01-10,   1350

-МОНГОЛ ХҮН “БУРУУ ЯРЬЖ, ЗӨВ ОЙЛГОДОГ” ГЭХ МЭТ ҮГСЭЭР ТОО БАРИМТ, ХУУЛИЙН НЭРШИЛ, ЗҮЙЛ, ЗААЛТАА Ч ЗӨВ ХЭЛЖ, ТАЙЛБАРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХУРГАН ДАРГА НАРАА ЗӨВТГӨЖ, ӨӨГШҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА-
 
    Хатуу хөл хорионы үед Нийслэлийн онцгой комиссоос гаргасан бүхий л шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн танилцуулж буй. Гэвч тэр мэдэгдэл хийх бүртээ нийслэлийн 1.5 сая иргэнд үнэн зөв мэдээлэл хүргэхээсээ илүү тоо баримт, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж, ээрч муурч, үгээ урд хойно нь оруулан мунгинаж, эцэстээ иргэдийг төөрөгдүүлж, заримдаа бүр загнаад дуусгах нь олонтаа. “Муухай дээрээ улцан” гэгчээр үнэн зөв мэдээлэл хүргэж чадахгүй байж иргэдийг буруутгах, өөрсдийгөө зөвтгөх тайлбарыг байсхийгээд л хийхийг нь яана. Тэгвэл хөл хорионы дэглэмд шилжсэнээс хойш Ж.Сандагсүрэнгийн хэлсэн хамгийн ончгүй, онцгүй таван мэдэгдлийг онцолж, олон нийтийн дургүйг илтэд хүргэсэн утга найруулга, логик дараалал, ёс зүйн алдаатай мэдэгдлүүдээс товчхон тоймлохыг оролдъё. 

БАРИМТ: НЭГ

“Нэг жил торт хэрэглэхгүй одоо жишээ нь, өнжчих боломж иргэдэд маань байгаа шүү дээ. Заавал тэнд байгаа тэр торт дээр нэг өдөр очиж, оочерлож зогсох, уг нь тэгүүлэхгүй байхын тулд Нийслэлийн онцгой комиссоос арга хэмжээ зохион байгуулахаар яг тэрнийх нь эсрэг түүн дээр очиж оочерлоод тэгээд бид нар оочерлочихлоо гээд иймэрхүү зүйл яриад байгаа нь нөгөө талаар иргэдийн маань хариуцлагатай холбоотой. Тэр үйлдэл болгоныг хууль хяналтын байгууллагууд хянаж, шалгаж тогтоох боломж байхгүй” 

   Хатуу хөл хорионы дэглэм шинэ жилийн баяраар бүхэлдээ “нуран унасан” гэхэд болно. Тодруулбал, шинэ жилийн өмнөх хоёр өдөр зах, худалдааны төвүүдэд иргэд хөл гишгэх зайгүй шахам бужигнаж, тэр тусмаа бялууны лангуу, “Жүр үр” гэх мэт нэрийн дэлгүүрүүдэд иргэд урт дараалал үүсгэсэн. Хүн хоорондын хоёр метрийн зай, халдвар хамгаалал сахих гэх мэт хөл хорионы үеийн дэглэм утгаараа алдагдсан гэж болно. Улмаар бялуу авах гэсэн иргэдийн дараалал үүссэн асуудал нийгэмд шүүмжлэл дагуулж эхэлмэгц Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн дээрх тайлбарыг хийсэн. Ээрч муурч, үгээ урд хойно нь оруулж, найруулгын алдаа гаргасан нь ч одоо яая гэх вэ. Гол нь түүний эл тайлбарын утга санаа нь зөвхөн иргэдийг буруутгаж, өөрсдийгөө зөвтгөсөн агуулгатай байгаа юм.
 
Нэгдүгээрт, “Нэг жил тортгүй өнжихөд яадаг юм, иргэдийн буруу” гэж тайлбарлаад сууж байх нь Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабыг удирдаж байгаа хүний амнаас гарч болох тайлбар мөн үү. Өөрөөр хэлбэл, иргэдийг олноороо бөөгнөрөхөөс сэргийлэх, хүн хоорондын зай бариулах, халдвар тархаж болохуйц нөхцөл байдал үүсгэхгүйн төлөө хөл хорио тогтоосон. Гэтэл иргэд баярын ширээгээ засах чихэр, жимс, бялуугаа авах гэж урт дараалал үүсгэж байхад нь газар дээр нь таслан зогсоогоогүй, урт дараалал үүсгэхээс нь урьдчилан сэргийлж, ийм зүйл болно гэж тооцоолж ажиллаагүй атлаа дараа нь “Иргэд өөрсдөө л тэнд очиж оочерлоод байсан” гэж гомдоллох нь шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчийн хэлэх үг мөн үү. Хоёрдугаарт, “Ийм үйлдэл болгоныг хууль хяналтын байгууллагууд хянаж, шалгаж, тогтоох боломж байхгүй” гэж хэлсэн нь хөл хорионы дэглэмийг үгүйсгэж байгаа агуулга гэмээр.
 
Өөрөөр хэлбэл “Дураараа бөөгнөр, дараалалд зогс, тэр бүхэнд чинь цагдаа очоод байж чадахгүй. Хөл хорио тогтоосон гэж зарласан л бол болоо” гэх санаа энэ өгүүлбэрээс цухалзаж байгаад олон нийт дургүйлхэж байв.
 

БАРИМТ: ХОЁР

“Тухайн 11 чиг үүрэг, 13 шалтгаантай иргэдийн ихэнх нь хувийн машингүй байсан. Олон улсын туршлагаар хамгийн түрүүнд нийтийн тээврийн үйлчилгээнд хориглолт тавьдаг боловч бид энэ хүмүүст зориулж, өглөө 06:00-10:00 цаг хүртэл, орой 17:00-20:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг нээж өгсөн шалтгаантай юм”

   Энэ бол нийтийн тээврийн автобусны жолоочоос халдвар илрэх үед хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн хэлсэн тайлбар. Өнгөц харахад хувийн автомашингүй хүмүүст зориулж, нийтийн тээврийн үйлчилгээг явуулж буй гэх тайлбар мэт. Харин дахин уншаад үзвэл “Цар тахлын үед олон улсад нийтийн тээврийн үйлчилгээг хамгийн түрүүнд зогсоодог. Харин бид зогсоогоогүй” гэх утгатай нь ойлгогдоно. Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэх өөр өөрсдийн аргуудыг боловсруулан ажиллаж байгаа. Хамгийн нийтлэг бөгөөд халдварыг нийтэд тархаахгүй байх үр дүнтэй арга нь нийтийн тээврийн үйлчилгээг хориглох арга байдаг аж. Гэтэл хотын орлогч Ж.Сандагсүрэн “Олон улсад хориглодог ч бид хувийн машингүй хүмүүсийг бодоод нийтийн тээврийг зөвшөөрсөн” гэх маягаар тайлбар хийсэн нь ард иргэдийг шууд эрсдэлд оруулсан буюу өнөө “Зүүдээ ярих гээд нууцаа ярив” гэгч л болсон.  
 
Дээрээс нь УОК-ын дарга Я.Содбаатар “Бид анхнаасаа нийтийн тээвэр бол эрсдэлтэй орчин гэдэг байр суурьтай байсан. Иргэдийг нийтийн тээврээр яв гэж хэзээ ч хэлээгүй” гэж мэдэгдсэнтэй зөрчилдсөн тайлбар байсан юм. Өөрөөр хэлбэл, НОК нь УОК-тойгоо зөрчилдөн байж хамгийн эрсдэлтэй гэгддэг нийтийн тээврийн үйлчилгээг явуулсан болж таарсан нь түүний ярианаас илт сонсогдоно. 
 

БАРИМТ: ГУРАВ

“Жолоочид бэлэн мөнгө өгөхийн оронд үнэгүй явсан нь дээр. Жолооч бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд огт өгөхгүй байх ёстой” 

 
   Нийслэлийн онцгой комисс хөл хорионы үед нийтийн тээврийн үйлчилгээг тодорхой цагаар явуулах шийдвэр гаргасан. Үүний дараа “Автобусаар зорчих карт цэнэглэгч цэгүүд ажиллахгүй байна, жолооч бэлэн мөнгө авч, зорчигчдыг суулгаад байна” гэх асуудал үүсэж, хэл ам дагуулах болсон. Үүнд хотын орлогч Ж.Сандагсүрэн дээрх тайлбарыг хэлсэн байдаг. Түүнийхээр бол автобусанд суутал жолооч нь мөнгө нэхэх үед “Ж.Сандагсүрэн дарга та нарт битгий мөнгө өг гэсэн” гэж хэлээд үнэгүй үйлчлүүлээд байж болох нь. Гэвч бодит байдал дээр хөнгөлөлтийн картаа хайн энгэрээ ухаж байгаа ахмад настнаас ч “Картгүй юм бол мөнгөө өгөөч” гэж нэхдэг нийтийн тээвэртэй гэдгээ мэддэггүй хотын орлогчтой байх ч гэж. Тэгээд бүр нийтийн тээврээ үйлчилгээнд явуулж байж, зорчих эрхийг нь олгодог карт цэнэглэгч цэгүүдийнхээ хаалгыг “барьчихдаг” дарга нартай байх гэж. 
 

БАРИМТ: ДӨРӨВ

“Бид нар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжиж байгаатай холбогдуулаад тодорхой 52 чиглэлийн үйл ажиллагааг энэ бол ойролцоогоор  тэгээд нэг 20 мянга орчим, 21 мянга орчим аж ахуйн нэгжийн 281 ажилтан ажиллагсад ажилладаг ийм салбарыг үйл ажиллагааг нь хязгаарлалттай, зарим нэг нь тодорхой хязгаарлалтын хүрээнд нээж ажиллахаар шийдвэр гарахаар байна” 

 
    Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн дээрх мэдэгдэлд хоёр алдаа бий. Эхнийх нь “Бид бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдал рүү шилжиж байна” гэх өгүүлбэр. Тодруулбал, тэр энэ мэдэгдлийг арванхоёрдугаар сарын 9-нд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хориог сулруулахаар болсныг зарлах үедээ хэлсэн үг. Өөрөөр хэлбэл “Бид бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна” гэж хэлэх нь гамшгийн үеийн хуулиараа зөв нэршил билээ. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга хүн гамшгийн үеийн зэрэглэлээ ялгахгүй будилах нь хэр нийцтэйг албаныхан төдийгүй олон нийт хэрхэн үнэлж, дүгнэж байгаа бол. “Алдаж хэлээ л биз” гэх үгээр гаргасан алдааг нь хаацайлдаг баймааргүй байна.
 
Ялангуяа бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед төрийн алба хашиж байгаа хэн бүхэн хэлэх үг, хийх үйлдэл бүртээ тун хариуцлагатай байх ёстой биш гэж үү.  
 

БАРИМТ: ТАВ

“Халдвар хамгааллын дэглэм сахиулах болон иргэдийг тусгаарлах үйл ажиллагаа нь манай дээр байгаа ганцхан мэргэжлийн байгууллага нь ХӨСҮТ-ийн яг хяналтан дор тэдний заавраар зохион байгуулагддаг үйл ажиллагаа учраас жишээлбэл тэнд байгаа халдвар хамгааллын дэглэмийн нарийн ширийн зүйлийн талаар бидний хувьд яг бараг та хэдтэй адилхан ийм мэдээлэлтэй байдаг байхгүй юу” 

 
  Тусгаарлах үйл ажиллагаа явуулж байгаа “Алтай” зочид буудалд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, тусгаарлагдаж байсан иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн гэх асуудал ид шуугиж байх үед хотын орлогч Ж.Сандагсүрэн дээрх тайлбарыг хэлсэн. Эл мэдэгдлийнх нь хамгийн ноцтой нь “Бид яг үнэндээ та хэдтэй бараг л адилхан мэдээлэлтэй байдаг” гэх хэсэг. 
 
Улаанбаатар хотод тусгаарлах үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлууд дотор халдвар хамгааллын ямар дэглэм мөрдөгдөж байгааг иргэдтэй адил мэддэггүй юм бол Нийслэлийн онцгой комисс гэж байх хэрэг байна уу. Чухамдаа түүний яриа тусгаарлах байруудад халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн асуудлаас өөрсдийгөө буюу Нийслэлийн онцгой комиссыг бултуулах тайлбар гэдэг нь хэнд ч илэрхий байгаа юм. Нөгөөтэйгүүр иргэдийг доромжилж буй хэрэг билээ. Хариуцан ажиллаж буй ажлаа мэдэхгүй царай гарган өөрсдөөсөө холдуулж, хариуцлагаас мултрахыг санаархаж байгаа нь олны бухимдлыг төрүүлээд буй. Энэ мэтээр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнгийн өнгөрсөн хугацаанд нийслэлчүүдэд хандаж санаатай болоод санаандгүй алдаж хэлсэн мэдэгдлүүдийн захаас нь “шүүрдэхэд” л ийм байна. 
 
      Монгол хүн “Буруу ярьж, зөв ойлгодог” гэх мэт үгсээр тоо баримт, хуулийн нэршил, зүйл, заалтаа ч зөв хэлж, тайлбарлаж чаддаггүй, хатуухандаа хэл ярианы болоод мэргэжлийн боловсрол муутай хурган дарга нараа зөвтгөж, өөгшүүлмээргүй байна. Түүний хувьд хотын орлогч болохоосоо өмнө буюу өнгөрсөн дөрвөн жил 300 гаруй мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажилласан. Гэвч түүнд төрийн хүний хариуцлага, зангараг битгий хэл зүгшрэл ч “сууж” амжаагүй бололтой. Тиймдээ ч түүнийг хотын даргын орлогчоор томилогдоход нь нийслэлчүүд тийм ч таатай хүлээж аваагүй биз ээ. Цаг хугацааны явцад тэр хотын орлогчид анхнаасаа тэнцэхгүй нэгэн байсан гэдгээ үг, үйлдлээрээ харуулсаар явна.
 
 

Орлогч Ж.Сандагсүрэнгийн ОНЧГҮЙ, ОНЦГҮЙ мэдэгдлүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-14 00:52:47
    Зочин: Зөв хэлсэн байна. Сая гаран хүнтэй метро хотын орлогч байж хэдэн үг зөв холбоод хэлчихэж чаддаггүй ийм мэтийн хор хутгасан дарганцрууд өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Төрийн хүний чадвар чадамж эзэмшээгүй дэл сул үг ихтэй ийм хүмүүсээр өөрсдийгөө удирдуулж гарч орохоо хүртэл заалгаж байгаадаа харамсаж байна. Чадвартай хүнээр солих хэрэгтэй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188