• Өнөөдөр 2024-05-19

АН-ЫН САНААЧИЛСАН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ МАН-ЫНХАН 11 ЖИЛ АШИГЛАЛАА, ӨӨР ШИЙДЭЛ АЛГА УУ

2023-12-18,   647

     Хотын дарга Х.Нямбаатар төрд ч, твиттерт ч том байна аа. Ерөөс Ерөнхий сайд л биш бол Х.Нямбаатарын өөдөөс хэн ч үг хэлж болохоо больчихсон, тэр тэгтлээ томорчихсон юм байна. Тэг зогсож, тэс хөлдсөн хотынхон Х.Нямбаатараас шийдэл, шийдвэр нэхтэл хувийн автомашинуудаа хязгаарлуулж, зөрчвөл эрхээ хасуулахаар болчихлоо. Хөхөө өвлөөр хөл дүүжлэх хувийн автомашиныг нь хүчээр хорьж, тэгш, сондгойгоор явуулах “таг солгой” шийдвэрийг нь сошиалд эсэргүүцсэн иргэдийн ам руу нь алгадлаа, тэр өчигдөр. Тавхан жилийн өмнө түмнээ царайчилж, төв талбайг сахисан үстэй дээл, үнэгэн малгайтай жагсагч байснаа мартаад, түмнийхээ өөдөөс “Түгжрэл бууруулах шийдлээ олж ирээд огцруулаарай, харъя” гэх маягтай твиттертээ даналзаж, бүр даапаалж байх юм. Ер нь ч Х.Нямбаатар “эвдэрч” байгаа нь үнэн. Хагас сарын өмнө Хотын төсвийг хэлэлцэх үеэр шүүмжлэлтэй санал хэлсэн НИТХ-ын хэд хэдэн төлөөлөгчийг Х.Нямбаатар мөн л “Хүү минь, дүү минь” хэмээн ихэд эгдүүцсэн аясаар дуудаж, бас даапаалж харагдсан. Х.Нямбаатараас “халдварлаж”, хорхойд хоргүй харагддаг асан орлогч П.Сайнзориг нь хүртэл “Галзуураад байгаарай” хэмээн хавьтаж ойртсоноо загнадаг болсон. Хатуухан хэлэхэд, албан тушаалын амт, ааганд нь орчихоод, өөдөөс нь үг хэлсэн болгонтой өштөн мэт харьцаж, Хотын даргын суудлыг хааны сэнтий гээд ойлгочихоод явна, Х.Нямбаатар.
    Хөлдөх шахтал хүлээлгэдэггүй, хөл хөндийртөл пиг чихдэхгүй, хар үүрээр, харанхуй шөнөөр хаяад “зугтдаггүй” нийтийн тээврийн автобустай бол хэн ч эсэргүүцэхгүй. Колонк бүр дээр оочерлож, коток шиг зам дээр түгжирч зогсохыг хэн ч хүсэхгүй. Х.Нямбаатар хорино, хязгаарлана гэж айлгасан, айлгаагүй амины унаагаа орхиод автобусанд суухыг л хүснэ, ард түмэн. Гэтэл автобусны буудал бүр дээр хөлдөх шахсан 20, 30 хүн л уур савсуулан зогсож байгаагаас биш улаан, ногоон, цэнхэр аль ч автобус алга. Хөл, гарынхаа хурууг мэдээ алдаж хөхөртөл хоёр, гурван цагаар автобус хүлээж зогсох уу, хувийн автомашиндаа дулаахан хоёр, гурван цаг түгжрэлд зогсох уу гэж Х.Нямбаатар эхлээд өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй байлаа. Ядаж л “Түгжрэл бууруулах шийдэл бидэнд үнэхээр алга, тэгш, сондгойгоор хязгаарлаад энэ сарыг давъя, болох уу” гэж нийслэлчүүдээс асуух ёстой байв. Бүр болъё, ирэх сард оруулж ирнэ гэж сайрхаад байгаа шинэ автобуснуудаа оруулж ирчихээд, ориг, хулхийг нь шалгуулсныхаа дараа “Та бүхэн энэ автобусаар яваад, аминыхаа машиныг гэртээ үлдээчих” гэсэн бол бас өөр асуудал. Гэсэн ч тэр тэгсэнгүй, шууд л тэгш, сондгойгоор хязгаарлана, хязгаарлалт зөрчвөл эрхийг чинь хасна гэж тулгасан нь ардчилсан орны ард түмэнд таалагдсангүй. 
 
     Ер нь Хотыг хоёр сар даргалж буй Х.Нямбаатар байтугай, Ардчиллалаас хойш бүтэн 22 жил, тэр дундаа сүүлийн найман жил тасралтгүй засаглаж байгаа Ардын нам ч түгжрэлийн эсрэг шийдэл олсонгүй, олох ч үгүй юм байна. Өдөр тутмын дугаарын хязгаарлалтыг аль 11 жилийн өмнө, өнөөдөр хэл ул болоод байгаа тэгш сондгойн хязгаарлалтыг аль есөн жилийн өмнө АН-ынхан анх санаачилж байв. Эргэн санавал, 2012 оны наймдугаар сарын 22-нд Хотын дарга Э.Бат-Үүл дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах тухай захирамж гаргаж байлаа. Одоог хүртэл тэр журмыг өдөр тутам мөрдөж буй. Дараа нь 2014 оны есдүгээр сард мөн  л Э.Бат-Үүл хичээлийн шинэ жилээр “0” зогсоохгүй гэж, тэгш, сондгойгоор хязгаарлах шийдлийг анх туршиж байлаа. АН-ыг магтах гэсэнгүй. Эсрэгээрээ “Метро бариж, түгжрэлийг бууруулна” гэж молиго үмхүүлж 2012 оны сонгуульд ялсан АН-ынхан арга ядахдаа дугаарын хязгаарлалт, тэгш, сондгойн хязгаарлалтаар түгжрэлийг аргацааж байгаад 2016 онд явцгаасан. Хоржоонтой нь, 2016 онд Ардын нам төрийн эрхийг авмагцаа АН-ын дугаарын хязгаарлалтыг өдөр тутмын хязгаарлалт хэвээр үлдээж, харин хичээлийн шинэ жил, ёолк, цагаан сар, хүүхдийн баяр гээд ачаалал үеүүдэд тэгш, сондгойн хязгаарлалтыг хүчээр хэрэгжүүлдэг болсон түүхтэй. 
 
Товчхондоо, Хотыг удирдаж буй Х.Нямбаатараас, улсыг удирдаж буй Ардын намаас тэгш, сондгойн хязгаарлалтаас өөр ямар ч шийдэл, шийдвэр гарахгүй юм байна. 
 

АН-ЫН САНААЧИЛСАН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ МАН-ЫНХАН 11 ЖИЛ АШИГЛАЛАА, ӨӨР ШИЙДЭЛ АЛГА УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-19 10:24:18
    Зочин: Энэ асуудлыг тийм ч амархан шийдэхгүй. Хотыг олон төвтэй болгох дэд бүтэцүүдийг байгуулж байна. Ер гадаад улс орнууд тууштай хатуу арга хэмжээнүүд авсан байдаг юм билээ. Өндөр татвар, хязгаарлалт бол алсыг харсан ажлуудаа хэрэгжүүлэх үед хийдэг л ажил.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 17:43:10
    Ан: Анамч идэж уухаар дутаагүй бүр илүү гарсан шүү. Эрдэнэт үйлдвэрийг худгайлсан. Дарханы төмөолөгийн зйлдвэрийш идээд хөтөлийн цементийн үйлдвэрийг дампууруулаад дуусгасан. Үүнээс өөр их юм байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 11:33:30
    ИРГЭН: МАЛ МИНЬ , ХОРИХ ХЯЗГААРЛАХ ЧИНЬ ШИЙДВЭР БИШ. ТАРХИ НЬ ХӨЛДЧИХӨӨГҮЙ БОЛ ӨӨР ГАРЦ ГАРГА. ТӨЛӨВЛӨ, ХИЙ, ШИЙД.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 09:31:59
    Зочин : Хулгайч авлигчин нүүрсчид юу хийж чадахав дээ, юуч чадахгүйш дээ! 30 гаран жил засаглахдаа ганц ч цах станц барьсангүй, тэр нефтийн үйлдвэрийн нь хар хаа байсан 27 он гэчихсэн ер нь тэр үйлдвэр нь хэзээч ашиглалтанд орохгүй л дээ. Чаддаг юм худлаа шааж хулгай хийж, авлига авна мөн УБ-н газрыг зараад дууссан одоо монгол улсын газрыг харийнханд өч төчнөөн га-аар зарсан нь эхнээсээ илэрчихсэн байна. Ёстой нэг бузарууд шүү дээ! Энэ МАНАН гэж бузаруудаас л салахгүй бол болохгүй байна даа!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188