• Өнөөдөр 2024-05-06

МАН-ААС ИЛГЭЭГДСЭН НАЙМАН САРЫН “НАСТАЙ” ХОЁР САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ

2023-10-05,   1129

      МАН-аас Х.Нямбаатарыг Б.Энхбаяраар, Ж.Сүхбаатарыг Б.Дэлгэрсайханаар орлуулах томилгоо хийлээ. Удирдах зөвлөлөөс нь “Шилдэг хүмүүсээ фронтод илгээж буй улс төрийн шийдвэр” гэж тайлбарлав. Ардын намынхны нүдэнд ард түмний аж байдал дайных, ахуй амьдрал нь улных харагддаг гэдгийг дахин нэг удаа баталлаа.  
 
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засагтаа залсан буюу өөрсдийнх нь хэллэгээр галын фронтод томилогдсон хоёр сайдыг товч танилцуулъя. 

“НОМИН ХОЛДИНГ”-ИЙН А.ШАГДАРСҮРЭНГИЙН ТУСЛАХ, “АЛТАЙ ХОЛДИНГ”-ИЙН Сү.БАТБОЛДЫН ЗӨВЛӨХ БОЛЖ ТӨРД ОРСОН, ХҮРГЭН ДҮҮ НЬ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛДЭГЧ ГЭХ МЭТЭЭР АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ “ХАНХЛУУЛСАН” Б.ЭНХБАЯР ХУУЛЬ ЗҮЙН, ДОТООД ХЭРГИЙН САЙД БОЛЛОО

     Б.Энхбаярын хувьд, анхнаасаа Х.Нямбаатар огцорвол оронд нь суухаар сандалынх нь хажуугаас салахгүй сахиад зогсож байсан хүн. Тэр анх 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хууль зүйн дэд сайдаар томилогдсон. Хоёр жил ажиллаад 2018 онд “ЖДҮ”-гийн дуулиантай давхцаад унасан. Учир нь, “ЖДҮ-д холбогдсон улстөрчид бол уучлах боломжгүй хулгайч нар” гэж ам алдсан нь ах нарт нь таалагдаагүй, “алгадуулсан” энэ. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа дахиад Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар хоёртой хамт Хууль зүйн сайдад яригдаж байлаа. Хэн хэн нь хуульч боловч Хэнтийнх гэдгээрээ Х.Нямбаатар нь өрссөн. Харин өчигдөр Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыгаа Хотын дарга болгож, Б.Энхбаярт хүсэн хүлээсэн сэнтийдээ залрах завшаан олгов. 
 
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Б.Энхбаяр өчигдөр “Би Ерөнхий сайдын эхлүүлсэн авлигатай тэмцэх тэмцэлд хуулийн илд нь болж ажиллана” хэмээн хуулийнхнаас төдийлөн гардаггүй уянгын үгс унагасан. Гэвч үнэн хэрэгтээ Б.Энхбаярын төрд орсон түүх, өнгөрсөн намтар руу нь өнгийж харвал ашиг сонирхлын асар их зөрчил үүсэж мэдэх нэгэн. Тэр анх “Номин холдинг”-ийн А.Шагдарсүрэнг УИХ-ын гишүүн байх үед туслахаар, “Алтай холдинг”-ийн Сү.Батболдыг МАН-ын дарга байх үед зөвлөхөөр нь ажиллаж байлаа. Түүнийг Сү.Батболдыг МАН-ын эзэн байх үед хөтөлж, хормойдсоныхоо хүчинд хожим дэд сайд болтлоо шат алгасаж харайсан гэцгээдэг. Аль 10, 20 жилийн өмнөх ажил, алба гэж өмөөрөх нэгэн гарах л байх. Алим модноосоо хол унадаггүй гэдэг үгтэй юм. Ялангуяа даргыгаа дагаж томордог зарчимтай манай улстөрчдөд тун сайн тохирдог хэлц. 
 
Нэг жишээ дурдъя. Б.Энхбаяр 2000 онд УИХ-ын гишүүн А.Шагдарсүрэнгийн туслах болж, төрийн ордны босго анх давж байв. Түүний дарга байсан А.Шагдарсүрэн нь одоогийн “Номин холдинг”-ийн босс буюу Улсын их дэлгүүрийн эзэн. Тэгвэл өдгөө А.Шагдарсүрэнгийн хүүхдүүд Богдхан уулын амуудад эзэн суучихсан. Хүүш, Арцат, Нүхтийн амуудад хүүхдүүдийнх нь хаус хорооллууд ярайж буй. Жишээ нь, Арцатын аманд ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын “Хан төгөл” хотхонтой хаяа залгаад А.Шагдарсүрэнгийн “Casa Da Vinci” гэх хотдоо л хамгийн тансагт тооцогдох хотхон бий. 
 
Эргэн санавал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сард “Байгаль орчны яамны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт танай салбарт буюу газрын наймаачдын дунд болно” гэж мэдэгдэж байв. Улмаар өнгөрсөн наймдугаар сард Л.Оюун-Эрдэнэ дахиад “Богдхан уулын амуудад байгаа хотхон, хорооллууд чинь бүгдээрээ отог шүү дээ. Аялал жуулчлалын отог барина гэж захирамж гаргуулж газар авчихаад хотхон, хороолол барьчихсан. Отог гэдэг нэрээр хотхон барьж худалдахаа хэрэгтэй. Одоо энийг цэгцлэх цаг болсон” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ удахгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар дамжуулан Богдхан уулыг “отог”-уудын асуудлыг эхлүүлнэ гэсэн үг. Тэгвэл Б.Энхбаяр өөрийг нь туслахаараа авч, төрийн босго өргөж давуулсан анхны дарга А.Шагдарсүрэнгийнхээ хүүхдүүдийг “Богдхан уулын амуудыг отог нэрээр хаус хотхон, хороолол болгосон” гэж буруутгаж чадахгүй л болов уу. Ашиг сонирхлын зөрчил ингэж л үүсдэг. 
 
Цаашилбал, өнгөрсөн өвөл Б.Энхбаяр Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах Ажлын хэсгийг ахалж, саарал ордны ч, сошиал сүлжээний ч гол дүрээр тодорсон. Хоржоонтой нь, Хянан шалгах Ажлын хэсгийг ахалсан Б.Энхбаярын хүргэн А.Амар-Отгоны “Дорнын цас” ХХК нь Хөгжлийн банканд 3.5 тэрбум төгрөгийн зээлтэй байсныг бид тухайн үед анх илчилсэн. Хүргэн А.Амар-Отгоных нь “Дорнын цас” ХХК 2018 оны тавдугаар сарын 31-нд буюу Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үед Хөгжлийн банкнаас дээрх 3.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Илүү ноцтой нь, “Дорнын цас” ХХК-ийн захирал А.Амар-Отгон 2020 оны УИХ-ын сонгуулиар хувийнхаа “Боломж фонд” ХХК, “Дорнын цас гоёл чимэглэл” ХХК-уудаар дамжуулан Б.Энхбаярын сурталчилгааны санхүүжилтийг босгож өгсөн байдаг. 
Энэ мэтээр дурдвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Х.Нямбаатарыгаа орлуулж томилсон Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Б.Энхбаяр тийм ч дардан намтартай нэгэн биш буюу ирэх сонгууль хүртэлх найман сарын хугацаанд ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсэж болзошгүй. 

ХОЁРХОН ЖИЛИЙН ӨМНӨ ШВЕЙЦАРЫН ШҮҮХЭД ДУУДАГДАЖ, ЯЛ АСУУЛГАЖ ЯВСАН Б.ДЭЛГЭРСАЙХАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСАГТ ЯМБА ЭДЛЭХЭЭР БОЛОВ

       Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амны уншлага мэт хэлдэг “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй хатуу тэмцэнэ” гэх өгүүлбэр нь үйлдэлтэйгээ алд дэлэм зөрдгийн бас нэгэн баталгаа нь “Оффшорчин” гэх хусавч арилахгүй хочтой Б.Дэлгэрсайханыг Түгжрэлийн сайд болгож, Засагтаа залсан томилгоо боллоо. Оффшор данс нь илэрч, Швейцарын шүүхэд дуудагдаж, ял авахдаа тулж явсан Б.Дэлгэрсайханыг Л.Оюун-Эрдэнэ ямар учраас Засагтаа залж, ямба эдлүүлэхээр болсныг хоёр шалтгаанаар тайлбарлаж болно. 
 
Нэгдүгээрт, сонгууль болоход наймхан сарын хугацаа үлдсэн. Тиймдээ ч, Түгжрэлийн сайд гэх түмний хараалд нэрвэгдсэн сэнтийд яг одоо МАН-ынхнаас хэн ч суухыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Харин Б.Дэлгэрсайханы хувьд хэний ч өөдөөс, хэвлэлийн камерын өмнө ч хэгжүүрхэж чаддаг гэдгээрээ Түгжрэлийн сайдын сэнтийд суухаас айгаагүй байх. Оффшор данс нь ил болоход ч “Оффшор данстай байх нь яагаад буруу юм” гэж улаан цагаандаа гарч, цадиггүй загнаж байсан хүн шүү дээ. 
 
Хоёрдугаарт, Б.Дэлгэрсайханыг Л.Оюун-Эрдэнэ Түгжрэлийн сайдаар томилсон нь нэг ёсны шагнал гэж хэлж болно. Л.Оюун-Эрдэнийн Засгаа урт настай байлгах зорилгоор зүтгүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн гэх тодотголтой салбарт бүрд хэрэгжих төслүүд бий. Тэдгээрийн нэг нь, басхүү хамгийн чухал нь төмөр замын бүтээн байгуулалтуудын төслүүд. Харин Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн Ерөө суманд байх Баянголын уурхайгаасаа Төмрийн хүдэр зөөхийн тулд хувийн компаниудаараа 90 гаруй км төмөр зам тавьж байсан туршлагадаа үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “төмөр замын хамтрагч” болчихоод буй. Тодруулбал, Б.Дэлгэрсайхан өөрийн “Монголиан транс лайн” ХХК-аараа өнгөрөгч 2022 онд Засгийн газартай Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын 600 сая ам.долларын концессын гэрээ байгуулсан. Улмаар тус төмөр замыг өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Зүүнбаян-Ханги төмөр замын нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Дэлгэрсайхан болон түүний туслах Б.Баяржаргалтай хамт тууз хайчилсан. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км замыг Б.Дэлгэрсайхан барьсан боловч бариулсан гэх гавьяаг Л.Оюун-Эрдэнэ хүртэж, ард түмнээр өөртөө алга ташуулсан. Ингэж харвал, Л.Оюун-Эрдэнэ Б.Дэлгэрсайханд Түгжрэлийн сайдын сэнтийг шагнал болгоод “бэлэглэчихлээ” гэж харж болно. 
 
Асуудлын гол нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьдаг шигээ авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй тэмцдэг байсан бол Б.Дэлгэрсайханыг Түгжрэлийн сайдаар томилж ямба эдлүүлэх биш эсрэгээрээ ял асуух ёстой байв. Ганц нэгхэн жишээ дурдъя. Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргал гэх залуу 2021 онд төрсөн эгч Б.Золжаргалтайгаа хамтран “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийг байгуулсан. Улмаар УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны зээлээр барьсан 13 давхар эмнэлгийн зориулалттай барилгыг нь 20 жилийн хугацаатай түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан. Ингээд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж, өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сараас “Дөрөвдүгээр эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Б.Дэлгэрсайханы туслах хийж, төмөр замын компанид нь ажиллаж явсан Б.Баяржаргал өдгөө цагаан халад өмсөж, эмчийн дүрд орчихсон “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Яаж гэдгийг нь АТГ шалгах ёстой биз. 
 
Цаашилбал, Б.Дэлгэрсайхантай Цэргийн дээд сургууль хамт төгссөн, Дорноговьд цагдаагаар хамт ажиллаж байсан, хожим 2016, 2020 онд сонгуулийнх нь ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Энхтүвшин гэгч нөхөр бий. Б.Дэлгэрсайхан Ц.Энхтүвшингээ 2017 онд төрийн өмчит “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилуулж, олон жилийн нөхөрлөлийнхөө хариуг барьсан. Харин өдгөө Ц.Энхтүвшин нь эхнэр О.Оюун-Ундрах, төрсөн дүү нар болох Ц.Энхтөр, Ц.Энхтайван нарынхаа нэр дээр “Мон Тиско” ХХК-ийг байгуулчихсан, өөрийнхөө удирдаж буй “Шивээ Овоо” ХК болон “Багануур” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголроцветмет” ТӨҮГ-ын том тендерүүдийг түүж суугаа. “Төрд үүрлэсэн хулгайч нартай тэмцэнэ” гэж анх ярьсан хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Хэрвээ хэлсэндээ хүрсэн бол Б.Дэлгэрсайханы өөрийнх нь болон хам, хамтаасан, найз нөхдийнх нь энэ мэт хэргүүдийг шалгуулах л ёстой байлаа. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засагт залагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан хоёрын дээр товч танилцуулгаас тэднээс үлдсэн найман сарын хугацаанд нэг их зүйл хүлээх хэрэггүйг анзаарч буй биз ээ. 
 

МАН-ААС ИЛГЭЭГДСЭН НАЙМАН САРЫН “НАСТАЙ” ХОЁР САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 09:42:51
    Зочин: БДэлгэрсайхан хужаа нарын бөгс долоохоос өөр юу чаддаг юм хотын талаар ч түйч мэдлэг байхгүй боловсрол мэдлэг нимгэн бөгс долоогч шүү дээ хятадуудын бууны нохой утсан хүүхэлдэй зарц шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 07:28:33
    зочин: дэлгэрсайхан бол засращгуй хулгайч,ард тумнии омч баялагт хууль бусаар эзэн суусан бузар новш
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188