• Өнөөдөр 2024-04-24

УНШИГЧДАА ДОРОМЖИЛСОН "УТГЫН ЧИМЭГ" НААДАМ

2023-01-10,   492

          Монголын зохиолчдын нэгдсэн эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Утгын Чимэг" богино өгүүллэгийн наадам уншигчдынхаа боловсролыг доромжлоод байна уу. Эсвэл зохиолч нэр зүүсэн хэдэн хүний шоу болоод дуусах нь уу. Ядаж байхад зохиогчийн илэрхийлэл тааруу, дүрийн өгүүлэмж буюу гол дүрийн баатрын өгүүллэгт хийх аялал ойлгомжгүй. Мөн энэ өгүүллэгүүдээс авчих санаа бүү хэл ганц ч өгүүлбэр алга. Ийм өгүүллэгүүдийг сүүлийн шатанд тайзнаас сонсоод алга ташна гэдэг эмгэнэлтэй, тун чиг эмгэнэлтэй. 
 
Салбар хариуцсан сайдын маань хэлсэн үг хэлбэр төдийхөн болоод хөөсрөөд дууслаа
 
          Аливаа уралдаан, тэмцээн ар араас хэл ам дагуулдаг нь нууц биш. Тухайлбал "Энэ зохиолчийн тэр өгүүллэг түрүүлэх байж. Энэ нь энэ талаар илүү юм байна" гэх мэт уншигчид давхар шүүн тунгаадаг билээ. Гэтэл энэ жилийн "Утгын чимэг" өгүүллэгийн наадмын сүүлийн шатанд шалгарсан 10 өгүүллэгээс ганц нь ч болов уншигчдынхаа ташаалд нийцсэнгүй. Тухайлбал, энэ жилийн "Утгын чимэг" өгүүллэгийн наадамд Н.Баасанжав “Алтан зуузай”, С.Баттулга “Тэнгэр үр”, Э.Ганболд “Алгын чинээхэн газар”, Х.Эрдэнэцэцэг “Гэрэлтэгч хус мод”, До.Цэнджав “Цагаан нохой”, Ц.Цоожчулуунцэцэг “Хишиг”,  А.Ивээл “Буйд сумын наадам”, Л.Дайриймаа “Гар хөрөө”, Н.Мөнхсайхан “Дардас”, Б.Цогнэмэх “Ай Сүнжидмаа минь ээ хө” гэх өгүүллэг шалгараад буй.  Утга зохиолын салбар тодорхой хэмжээнд соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл энэ үүргээсээ гажуудан, эрх ашиг, алдар нэрийн төлөө ажиллаад байна уу. Монгол Улсын Соёлын яам  урлаг уран сайхны бүхий л үйл ажиллагааг дэмжих, хянах, зохион байгуулах чиглэлийг хариуцах ёстой. Соёлын сайд Ч.Номин "Соён гэгээрлийн салбарт олон ажлыг чанартай хийнэ" хэмээн амлаж, сайдын зөөлөн сэнтийд заларсан нь нууц биш. Гэтэл салбар хариуцсан сайдын маань хэлсэн үг хэлбэр төдийхөн болоод хөөсрөөд дууслаа. Үүний нэгэн нотолгоо бол МЗЭ-ээс зохион байгуулдаг "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадамд юм. 
Зохиолч нэр зүүсэн хэдэн хүний шоу болоод дуусах нь уу
 
           Уг нь "Утгын чимэг" өгүүллэгийн наадмаар дамжуулан олон сайн бүтээл төрж, утга зохиолын хөгжилд хувь нэмэр оруулж явсан цаг саяхан. Тиймээс утга зохиол шимтэн сонирхогчид цахим хуудсаар давалгаалан өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байна. Тухайлбал, утга зохиол сонирхогчид "Монголын Зохиолчдын Эвлэл гэдэг байгууллага өнөөдөр цаг үетэйгээ хөл нийлүүлж продюсингийн, эсвэл паблишинг компанийн үүрэг гүйцэтгэж байх ёстой. Тэд "оготнын нүхнээс сувд"-уудыг олж илрүүлэх үүрэгтэй. Тэрнээс биш хуучин шиг, зохиолчид нэг байгууллагатай байхгүй бол болохгүй гээд "Сууц Өмчлөгчдийн Холбоо" шиг юм байх юм бол хэрэг алга. "Монгол залуусын үгээр урлахуйн үйл нь ундран оргилож буй хэвээр юм байна "хэмээн бахдаж байлаа. Гэтэл "Утгын Чимэг" тэр авьяаслаг залуусыг хаагуураа өнгөрүүлчихэв ээ" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. 
          "Утгын чимэг" өгүүллэгийн наадмын сүүлийн шатанд шалгарсан 10 бүтээлээс уншигчаа уран зохиолд татах, гайхшруулж эргэлзүүлэх, ухаж төнхүүлэх, адаглаад таашаал өгөх, сэрж сэхээгүй сэдвийг нь дэлгээд үзүүлчих даацтай бүтээл даанч алга. Тоочилт, тоочилт, тоочилт, тун тааруу дүрслэлүүд. Соён гэгээрэл, философи, жиг сэтгэлгээ, төсөөлөл, уран зөгнөл, ухамсрын урсгал, нийгмийн айдас, үндэстний асуудал, улс төр гээд нийгэмд хүрч уншигдах зүйл хаана нь байна вэ. Хамгийн энгийн дүрслэлээр зангидсан хэрэггүй шахам сэдвүүд. Нэг үгээр бол хэдийнэ улиг болсон санаанууд. Үүнийг нь уншсан хүүхэд, багачууд "Уран зохиол гэж иймэрхүү утга замбараагүй цаг үрсэн эрээчмэл байдаг байх нь" гэж бодоод эхэлбэл яах вэ. Жинхэнэ гамшиг болох бус уу. Бид чанар, чансаатай уран бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлж, хүүхэд багачуудаа багаас сайн сайханд хөтлөх хэрэгтэй байна. Үгүй бол утга зохиолын салбараар нийтийг соён гэгээрүүлнэ гэдэг үлгэр болох нь ээ, Соёлын сайд аа. 
 

УНШИГЧДАА ДОРОМЖИЛСОН "УТГЫН ЧИМЭГ" НААДАМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188