• Өнөөдөр 2024-04-20

САЙДЫН СУУДАЛ ХӨГШДӨДӨӨ “ХУДАЛДАЖ”, ЗОРИЛГОДОО ХҮРЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАЛЬ

2023-01-06,   1101

       Тэр өнгөрсөн хавар Хөгжлийн банкны хулгайг, намар нь нүүрсний хулгайг “дэлбэлсэн”. “Давс мэт шорвог шийдвэрүүд гаргана” гэх асар том амбицтай гарч ирж, улс төрд угсраа “дэлбэрэлт” зохион байгуулсных нь үр дүнд Ардын намынхан хаалгачаасаа хаан хүртлээ хулгайч байсныг нь ард түмэн бүгд мэддэг боллоо. Товчхондоо, өөрийнх нь тавьсан гал өөрийнх нь намыг түймэрдэж, Ардын намынх нь нэр хүнд адагтаа хүртэл унав. Театрт гал гарч байгааг гэнэт чанга хэлбэл хаалган дээрээ зэрэг шаваад, шалз шиг шатаж үхдэг гэдгийг тэр тооцоолсонгүй, тийм туршлага ч дутсан. Өөрөөр бол, нам доторх хулгайч нарынхаа хэнээс нь эхэлж, хэрхэн, яаж сугалахаа яг таг тооцоололгүй, нийтээр нь нэг өдөр барьж хорино гэж гэнэн төсөөлсөн нь түүний алдаа. Мөн түүний насан дээр намынхаа шатсан тугийг толгойдоо уяж, төрийн ордны донсолгож явсан туршлагаар дүүрэн ахаасаа хүртэл адгаж, ам, зам зөрсөн нь ч түүний алдаа байв. 
 
Нөгөөтээгүүр, намынхаа ах нарын 30 жил хийсэн бугшсан хулгайг, хотод орж ирээд 10 гаруйхан жил болж байгаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө, Х.Нямбаатартай хоёулхнаа бут ниргэнэ гэж оролдсон нь ч анхнаасаа төлөвлөгөөгүй “тэнэглэл” байв. Аргаа барахдаа ард түмэнтэй хүч хавсарч, хулгайч нарыгаа хөөлгөх гэж үзсэн ч өөрөө хөөгдөж, хар шүхэрний ачаар “амь” мултарсан. 
 
Харин одоо түүний хулхи нь буучихсан, тарьсан хэргийнхээ балгийг цэвэрлэж, намынхаа нэр хүндийг намгаас татаж гаргах, гол нь ирэх сонгуульд ирц бүрэн ялуулах “даалгавар”-ыг ах нараасаа авчихсан. Эл “даалгавар”-ыг амжилттай гүйцэтгэж байж тэр өөрөө ирэх жилүүдэд сайд хийдэггүй юм гэхэд сул гишүүнээр ч болтугай Төрийн ордонд байх эрхтэй болно. Гэхдээ одоогийн тоо, тогтолцоогоор Ардын нам ирэх сонгуульд өмнөх хоёр сонгууль шиг хол тасархай ялах боломж байхгүй. Тиймээс тэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ойрын гол зорилгоо болгоод улайрч байна. Нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай хийж, парламентын гишүүдийнхээ тоог нэмэхгүй бол одоогийн ах нар нь унах магадлал өндөр, тогтолцоогоо намдаа ашигтайгаар өөрчилж, хугацаагаа наашлуулахгүй бол Ардын нам 2024 он хүртэл тэсэхгүй, бас нэр хүнд нь Ардчилсан намынхаас ч доош орно. Чухамдаа тэр, тэд маш яарч байгаа. 

Тэгвэл тэр ҮХНӨ гэх зорилгоо биелүүлэх замаа засахын тулд Засгийн газрынхаа сайдын суудлыг хөгшдөдөө “худалдаж”, галч асан хүнээс гармааргүй заль гаргаж байна. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ-ийг эсэргүүцэж байгаа хөгшдөдөө сайдын суудал өгөх замаар амыг нь таглаж, ҮХНӨ-ийг богино хугацаанд хийхэд гол нөлөө үзүүлэх хөгшдөдөө сайдын суудал өгөх замаар улс төрийн дэмжлэг хүсэж байна. 

     “Ам таглах” тактикаар “худалдсан” анхны сайдын сэнтий нь Спортын сайд  Б.Бат-Эрдэнэ байсан. Аварга Б.Бат-Эрдэнийн хувьд ахиж сонгогдох “шаанс”-гүй болсон учраас Ардын намынхнаасаа айхаа больсон. Тиймдээ ч Ардын намын гол зорилго ҮХНӨ, тэр дундаа “Давхар дээл”-ийг эсэргүүцэж, Төрийн ордноор нэг дэвж, шаваад эхэлсэн. Тэгмэгц Засагтаа зай гаргаж, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд гэх нэг суудал нэмээд, Б.Бат-Эрдэнийг суулгасан. “Давхар дээл”-ийг эсэргүүцэж явсан Б.Бат-Эрдэнэ өдгөө өөрөө давхар дээл нөмөрчихсөн, Ардын намынхаа эсрэг ам нээхээ ч больсон. Сайдын сэнтийгээр амыг нь таглаж байна гэдэг бол сайдын сэнтийгээ “худалдаж” байгаагаас ялгаагүй, яг ижил юм. 
 
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ эл тактикаа өчигдөр үргэлжлүүлж, Ц.Даваасүрэнд сайдын сэнтийгээ “худалдав”. “10 хувь” гэх хоч аавынх нь нэрийн өмнө бичигддэг болсон Ц.Даваасүрэнг Засагтаа залж, Барилга, хот байгуулалтын сайд болголоо. Ц.Даваасүрэнгийн хувьд намынхнаа намнаж, хажуу хавиргынхнаа хадарсаар, “10 хувь” гэх хоч дээрээ “хувийн шантаажчин” гэх хос нэртэй болоод буй. Саяхны жишээнээс нь дурдвал, тэр Сангийн сайд Б.Жавхланг нэг хэсэг ноолж, ноцсон. Хулгайч, Хөгжлийн банкны тонуулчин хэмээн элдэвлэж, эцэст нь түүнийг огцруулах таван заалт бүхий шаардах бичиг үйлдэж, Ерөнхий сайдад хүргүүлээд амжсан. “Хэрвээ Б.Жавхланг огцруулахгүй бол Засгийн газрыг огцруулна” гэж Ерөнхий сайдыгаа “шантаажилж” даналзсан. Үргэлжлүүлээд, үг хэлэх минут авах бүрдээ ҮХНӨ-ийг эсэргүүцдэг болсон. Эрх баригч намынхан тэр чигтээ ҮХНӨ-ийг хийхээр үгсэн нэгдчихээд байхад эсэргүүцэж суугаа ганц хүн нь тэр. “УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэж байхгүй шүү, сонгуулийн хугацааг наашлуулна гэж ярихгүй шүү, намын жагсаалтаар сонгодог болно гэвэл санасны чинь гарз шүү” гээд л өдөр шөнө, өглөө оройгүй “лайвдаж” суудаг болсон. Арга ядсан Л.Оюун-Эрдэнэ ҮХНӨ гэх амбицаа улс төрийн эсэргүүцэлгүй урагшлуулахын тулд Ц.Даваасүрэнг  Барилга, хот байгуулалтын сайдын сэнтийд залчихлаа. Тангараг өргөмөгцөө таарсан болгоноо үнсэж, үнгээд, баярлаж байгаа гэж сүйд. Ард түмэнд “10 хувь” хочоороо, Ардын нам дотроо “хувийн шантаажчин” гэх муу нэртэй, ахиж сонгогдох найдваргүй болчихсон хүнийг хэсэгхэн хугацаанд сайдын сэнтийд тухлуулж, хариуд нь өөдөөс өрвөлзөхгүй байхаар амыг нь таглах нь хаа хаанаа ашигтай гэж Л.Оюун-Эрдэнэ тооцоолсон биз. 
 
     Харин улс төрийн дэмжлэг хүсэх тактикаар Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт сайдын сэнтий “худалдав”. Гурван жилийн дотор гурван удаа тангараг өргөсөн, гурван давхар дээлтэй анхны хүн Ч.Хүрэлбаатар боллоо. Тэр Ардын намаас албан тушаалын авлагатай мэт аашилж байна. Л.Оюун-эрдэнэ Ч.Хүрэлбаатарын УИХ-ын гишүүн гэх тэрлэг дээр нь Эдийн засгийн хөгжлийн сайд гэх хурган дээл давхар нөмөргөж, дахиад Шадар сайд гэх торгон дээл давхарлан бөөцийлж буй нь ах нарынхаа өөдөөс “арсалдсан” гэмээ ухаарсны, уучлал хүсэж байгаагийн, хамгийн гол нь улс төрийн дэмжлэг хүсэж байгаагийн тод илрэл гэж болно. Ч.Хүрэлбаатарын хувьд Увс гэх улс төрийн том тайзтай, У.Хүрэлсүхийн “цэрэг” гэх тодоос тод пайзтай нэгэн. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Ч.Хүрэлбаатарын дээлийг давхарлаад байгаа нь хэнээс уучлал эрж, хэнээс дэмжлэг хүсэж буй үйлдэл болохыг тайлбарлах илүүц биз. Энэ тохиолдолд тэр Ч.Хүрэлбаатарт хос сайдын сэнтий “худалдсан” гэхээсээ “бэлэглэсэн” гэвэл онох байх. Харин одоо Ч.Хүрэлбаатараар дамжуулан ах нар нь авахаа авчихсан учраас Л.Оюун-Эрдэнэ зорилго биелэх нь цаг хугацааны л асуудал болов бололтой. Нэг зүйл сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг 2001 онд Бэрх тосгоны галч байхад, Ч.Хүрэлбаатар тухайн үеийн Ерөнхий сайдын Эдийн засаг хариуцсан зөвлөх хийж байв. 
 
     “Өвөрхангайн гурвал”-аас С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайд болголоо. С.Чинзоригийн ард Г.Ганболд, Д.Тогтохсүрэн гэдэг тойрог нэгтэй дагагчдаас нь эхлээд олон хүн бий. Нэг хүнээр төлөөлүүлж нэжгээд хүнийг нэгтгэнэ гэдэг Л.Оюун-Эрдэнэд ашигтай. Харин нэжгээд хүний ашиг сонирхлыг төлөөлж сайд болохоор "сонгогдсон" С.Чинзориг өөрөө бол дурамжхан харагдана лээ. Эрүүл мэндийн салбар эмзэг байгаа үед сайд боллоо гээд намтартаа хар толбо нэмэхээс нэг их хэтрэхгүй. Ямар сайндаа л “Ерөнхий сайд надад сайд болох санал тавьсан. Би салбарын хүн биш. Гэхдээ сайд бол улс төрийн албан тушаал. Өөрөөр бол сайн менежерийн хийх ажил учраас би бодож үзсэн” гэж үнэмшил муутай тайлбар хэлж зогсоно лээ. Түүний эл тайлбараар бол Л.Оюун-Эрдэнэ түүнийг “Та Эрүүл мэндийн сайд болооч” гэж гуйж, гувшиж гүйсэн болж таарах нь л дээ.  Гэвч үнэн хэрэгтээ эмч С.Энхболдыгоо дэд сайд болгож, Эдийн засагч С.Чинзоригийг сайд болгосон цаанаа ҮХНӨ-ийг оруулж ирэхэд хөр гараа, хөр хөлтэйгээ өргөж дэмжих хэд хэдэн хүний нийлмэл тохироо бий гэх. 
 
Энэ мэтээр, Л.Оюун-Эрдэнэ Ардын намаа, цаагуураа өөрийгөө аврахын тулд ҮХНӨ-ийг зүсэн зүйлийн аргаар зүтгүүлж, эл зорилгодоо хүрэх замаа засахын тулд Засгаа “зарахад” ч бэлэн явна. 
 

САЙДЫН СУУДАЛ ХӨГШДӨДӨӨ “ХУДАЛДАЖ”, ЗОРИЛГОДОО ХҮРЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАЛЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 16:26:14
    irgen: Yg odoo UBTZ d anhaaralaa handuulaach.Shal hudlaa 2 loozon devshuulj bhaar Batduliig Herlen tatsan gene.Herleng hen TZ d shahsan bilee.Ta nariin ajiliig.hurungiig arivjuulaj gj zutgej bgaad barigdachihsan uom bishuu.Herlen tgd deeshee hen bilee bugd hulgaich.Yg unen muneer n shalgaj chadahuu.Ergelzej bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 13:59:27
    Иргэн: Тэнэг данх тэлчилэж үхнээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188