• Өнөөдөр 2024-05-15

ХӨЛ ЖИНДЭЖ, ХАЦАР ХАЙРАГДСАНЫ ШАГНАЛ ХНХ-ЫН САЙДЫН СЭНТИЙ

2022-10-27,   519

     Төрийн сайдын сэнтий хэдий хэрийн ханштай юм бэ. Төлбөрт, эсвэл шагналд өгдөг шалихгүй албан тушаал мөн үү. Жишээ нь, хэдхэн өдөр хөлөө жиндүүлж, хацраа хайруулж зогссоны хариуд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болох нь хямдхан уу, үнэтэй юү. 
      2018-2019 оны шилжилтийн заагт тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг улс төрийн тайзнаас унагах акцыг У.Хүрэлсүх эхлүүлж, үүнийг нь үстэй дээл өмсөж, үнэгэн малгайгаар дулаалсан таван хүн төв талбайд үргэлжлүүлж байв. Тэр таван хүн нь Бэрх тосгоны галч, хувийн сургуулийн хуулийн ангийн багш, хоёр дахь Ерөнхийлөгчийн хувийн туслах, төв талбайг төрж өссөн нутаг шигээ санадаг жагсагч, толгой баячуудын том төлөөлөл нараас бүрдсэн жинхэнэ “мөрөөдлийн баг” байлаа. Тэд өөрсдийгөө “Шударга тав” хэмээн өргөмжилж, эгээ л 1921 оны хувьсгалчдын хойд дүр гэх нь холгүй явсан. Тэд төв талбай, төрийн ордныг гороолж, түмэн олныг “Ганцхан М.Энхболдыг л хөөж явуулбал МАНАН нурж, Монгол хөгжинө” гэх ухуулж байлаа. Бас, “Бид албан тушаалаар хэзээ ч худалдагдахгүй ард түмний хөвгүүд” гэж цугласан олны өмнө цусан тангараг өргөхөөс наахнуур ам өчгөө өгч байлаа. Эцэст нь, М.Энхболд “тахим”-аа өгч, тайзнаас бууж, түмний дунд “Шударга тав”-ын суу алдар түгсэн. 
       
ТАЙЛБАР: 2019.01.10-ТӨВ ТАЛБАЙ, "МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ" ЖАГСААЛ
      Гэтэл юу болсон бэ, хөхөө өвлийн хүйтэнд хөл, хацраа жиндүүлэн “хөтлөлцөж” зогсон байж хуучин “хаан”-ыгаа хөөж асан ахуйдаа “Албан тушаалд очихгүй” гэж ам тангарагч өгч байсан өнөө “Шударга тав” ээлж дараалан албан тушаалд шургалж, шагналаа авч эхэлсэн. Гэхдээ “Шударга тав”-ын гавьяаг үнэлэх, гарыг нь цайлгах албан тушаалын шагнал шударга бус, ялгавартай явагдсан гэхэд болно. Өөрөөр бол, Т.Аюурсайханыг бусад дөрвөөс нь багаар шагнасан гэх юм уу даа. Хөхөө өвлөөр хүйтэн цемент дээр хамт зогсож асан бусдаасаа багаар шагнуулсандаа тэр бачуурдаг янзтай саяхныг хүртэл баргар суудаг байв.
 
     Яах вэ, хөлөө жиндүүлж, хацраа хайруулан хэд хоног зогссоны хүчинд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга гэх нэр төдий сэтэр зүүсэн, оргүй хоосон биш. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Ардын намын дарга, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, хэд хэдэн ажлын хэсгийн ахлагч болсонтой харьцуулахад хаана нь ч хүрэхгүй шагнал л даа. Тэр байтугай, УИХ-ын гишүүн болж чадаагүй, өөр намын Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсад суух Бүрэн эрхт элчин сайд, Ж.Батзандан Австрали Улсад суух Элчин зөвлөх болсонтой харьцуулахад Т.Аюурсайханы шагнал “боорцог” төдий юм. 

Харин хэдхэн хоногийн өмнө "түүхэн" үйл явдал болж, Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болж, хүсэн хүлээсэн “шагнал”-аа гардан авлаа. Ингэснээр “Шударга тав”-ынхны албан тушаалын авлага, өглөг, өр төлбөр албан ёсоор дуусаж байх шиг байна.

ТАЙЛБАР: 2022.10.21- ХНХЯ-НЫ БАЙР, Т.АЮУРСАЙХАН САЙД ТӨРИЙН ТАМГАА ГАРДАЖ АВЧ БУЙ НЬ

      Тэр төрийн сайд болох гэж олон жил олон хүнийг дагаж, олон ч жагсаалыг оройлон манлайлсан. Эхлээд, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийг төрийн тэргүүнээс буусны дараа хажуугаас нь холддоггүй, “Титэм үг”-ийг нь тараадаг шадар туслах нь байлаа. Дараа нь Г.Занданшатарын зөвлөх болж, зэрэг нэмсэн. Цүнх барьсан туслахаас тамга атгасан сайд болоход тэр амьдралынхаа 10 гаруй жилийг зарцуулжээ гэсэн үг. Гэхдээ энэ 10 жилээс төв талбайд өнгөрүүлсэн 10 гаруй хоног л төрийн сайд болоход нь хамгийн их нөлөөлсөн буюу хөдөлмөрийн зүтгэлийнх нь оргил үе байсан гэвэл үнэнд илүү ойр биз. 
 
     Яадаг ч байсан, “Шударга тав”-ын өргөмжит гишүүн, өрхийн тэргүүн Т.Аюурсайхан ийнхүү төрийн сайд болж, авга эгч нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, эхнэр нь Гаалийн ерөнхий газарт, бас нэг дүү нь Хятад дахь элчинд гэх мэтээр нэгэн өрх айл төрд тов хийтэл төвхнөөд авлаа. Аятай юу даа. 
 

ХӨЛ ЖИНДЭЖ, ХАЦАР ХАЙРАГДСАНЫ ШАГНАЛ ХНХ-ЫН САЙДЫН СЭНТИЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188