• Өнөөдөр 2024-05-15

Хүсэл биелүүлдэг “бирд” шиг Хэнтийн нутгийн зөвлөлийн гишүүн болъё

2022-10-29,   972

      Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл гэж хүсэл бүхнийг биелүүлдэг “бирд” шиг байгууллага байна. Босгыг нь алхсан хүний буян заяа нь дэлгэрч, албан тушаалын авшиг хүртдэг юм уу, гэмээр. Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлд харьяалалтай л бол хэн ч хаана ч дарга, сайд болж болдог болчихлоо. Тус зөвлөлийн гишүүн л бол төрөөс төсөл, тендер авахад ч төвөггүй болчихдог юм байна. Энэ янзаараа төрийн албанд ажиллахад, албан тушаалд томилогдоход “Хэнтийн нутгийн зөвлөлд ажилласан байх” гэдэг туршлага нэхдэг, шаардлага тавьдаг болж мэдэх нь. Тиймээс Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гишүүн болцгооё гэсэн юм. 
       
      Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ М.Ганхүлэг гэх 1990 оны залууг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайдаар томиллоо. Нас нь ч дүүрч, цаг нь ирсэн биз. Гол нь, М.Ганхүлэг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, басхүү Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн төрсөн дүү Б.Буяннэмэхтэй “Ашид пресс” ХХК-ийг хамтран эзэмшиж, удирдаж ирсэн. Ашиг сонирхлын асар том зөрчил, ах дүүсийн арай л гүнзгий холбоо, хууль зөрчсөн томилгоо биш үү. Хэнтийнх, тэр тусмаа Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл гэх байгууллагад харьяалалтай гэдгээрээ ингээд төрийн сайдын сэнтийд шууд залрах нь шударга юм уу. 
 
      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө 2016 оны долдугаар сард Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн болж байлаа. Ингээд 2020 он хүртэл Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл гэх нэрийн дор Хэнтийн хамаг л нэр нөлөөтэй, хэтэвч зузаантай, алдар суутай, албан тушаалтай хүмүүсийг нэгтгэж, Засгийн тэргүүн болох замаа зассан. Нутгийн зөвлөл гэх нэрийг ашиглаж, албан тушаалд хүрмэгцээ Ц.Идэрбатад тэргүүний суудлаа шилжүүлсэн. Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүний суудлыг Л.Оюун-Эрдэнээс залгамжилж авсан Ц.Идэрбат одоо УИХ-ын гишүүн болчихсон сууж байна.  
 
      Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс албан тушаалын авшиг хүртсэн өөр олон хүн бий. Л.Оюун-Эрдэнийг тус зөвлөлийн тэргүүн байх үед УИХ-ын гишүүн Н.Учрал Бодлогын зөвлөлийн гишүүн нь байлаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараа Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг тусгайлан байгуулсан. Давхар дээлийн хязгаарлалтаас болж жил шахам сайдгүй байлгасан. Улмаар Үндсэн хуулиас давхар дээлийн хязгаарлалтыг авч хаямагцаа тус яамаа Н.Учралаар удирдуулж эхэлсэн. Яг л түүнд зориулж тусгайлан байгуулсан гэмээр. 
 
    Мөн Л.Оюун-Эрдэнийг тус зөвлөлийн тэргүүн байх үед гүйцэтгэх захирал нь байсан М.Батбаяр Соёлын яамны дэд сайд болж тодорсон. Тэгээд болоогүй “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-иараа Хэнтийд хэрэгжиж буй барилга, бүтээн байгуулалтуудын зураг төслийг төсвийн мөнгөөр гүйцэтгэж, түрийвчээ түнтийлгэж суудаг. Цаашилбал, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Б.Ачитсайхан төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жирийн нэг мэргэжилтэн байснаа Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн гэдгээрээ ийнхүү төрийн өмчит компанийг удирдаж эхэлсэн байдаг. 
 
Эхэнд дурдсанчлан, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлд харьяалалтай бол төрөөс төсөл, тендер авахад ч төвөггүй болчихсон. Тус зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүд Хэнтийд хэрэгжиж буй том төслүүдээс мөнгө “цохиод” сууж байдаг баримтууд олон бий. Жишээ нь, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш “Хасу мегаватт” ХХК-иараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд баригдаж буй “Монголын нууц товчоо” аялал жуулчлалын цогцолборын барилга угсралтыг гүйцэтгэх 1.5 тэрбум төгрөгийн тендерийг “халаасласан”. Өнгөрсөн намрын гол дуулиан буюу Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн Бизнесийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Л.Батсүрэн “Хос санаа” ХХК-иараа Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын хөшөө” аялал жуулчлалын цогцолборын барилга угсралтын 1.9 тэрбум төгрөгийн тендерийг “халаасласан” баримт өнөө ч хуучраагүй байна. 
 
     Энэ мэтээр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл сүүлдээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг эзэнтэй бүлэглэл маягийн байгууллага болж хувирлаа. Энэ зөвлөлд хамааралтай л бол нас, туршлага, мэдлэг үл хамааран ногоон гэрлээр дарга, дэд сайд, сайд болж болно гэдэг нь М.Ганхүлэгээр батлагдлаа. Цаашлаад Хэнтийн хамаг л том тендерүүдийг сорчлон түүж, түрийвчээ түнтийлгэж болно гэдэг нь Ж.Түмэн-Аюуш, Л.Батсүрэн мэтээр батлагдчихлаа. Хууль хяналтынхан хараандаа авахгүй бол Хэнтийн нутгийн зөвлөл гэдэг төрийн бус байгууллага төр болж хувирах нь ээ. 
 

Хүсэл биелүүлдэг “бирд” шиг Хэнтийн нутгийн зөвлөлийн гишүүн болъё
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 11:10:21
    дур: данхан толгойт даварч гүйцлээ.даруулга хэрэгтэй болжээ.огцруулъяа!!!!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188