• Өнөөдөр 2024-04-27

У.ХҮРЭЛСҮХ АРДЧИЛСАН НАМЫГ АШИГЛАН УЛС ТӨРД "НОЁРХОХ" УУ

2022-09-28,   750

      Сарын өмнө У.Хүрэлсүхийн “угшилтай” хоёр хүн Засагт залагдсан нь Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар. Эл томилгооноос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр түр ч атугай "сайндсан" гэж олон нийт ойлгосон. Гэтэл өчигдөр Л.Оюун-Эрдэнэ Д.Сарангэрэлийг "өчиггүй" огцруулж орхив. Д.Сарангэрэлд сайдын суудал руу дахиж "сарвайх" эрх үлдсэнгүй. Л.Оюун-Эрдэнийн эл шийдвэр Ч.Хүрэлбаатарын сайдын суудал ч "баталгаагүй" гэдгийг харууллаа. Өөрөөр бол, У.Хүрэлсүхийн хуучин "ангийнхан"-д дахиж дээшлэх боломж үлдсэнгүй. Тэгвэл У.Хүрэлсүх цаашид Ардын нам дахь хуучин "арми"-ынхнаа тордох гэхээсээ Ардчилсан намыг тойглох замаар улс төрийн "ноёрхол"-оо тогтоох шинэ хувилбарт шилжиж эхэлжээ. 
       У.Хүрэлсүхийн Л.Оюун-Эрдэнтэй тохирон байж томилуулсан Д.Сарангэрэлийн сайдын сэнтий, сэтэр сарын л “настай” байлаа. “Ул айлууд” гэх ухамсаргүй үгээрээ унах нүхээ өөрөө “ухав”. Өөрөөр бол, ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэйгээр ард түмний уур бухимдал, нийгмийн сэтгэлзүй дэлбэрэхэд бэлэн дарьтай торх шиг болчихсон энэ үед Д.Сарангэрэл “Ул айлууд” гэх үгээрээ тэр торх рүү шүдэнз  зураад шидчихэв. Сошиал дахь Д.Сарангэрэлийг үзэн ядагчид борооны дараах мөөг шиг олшров. “Ядуурал гэх үгийг ямар нэг үгээр орлуулж, зөөллөх гэсэн ёр минь тэр, “Ул айл” гэж хэлсэндээ уучлал гуйж байна” гээд ч тусыг эс олов. 
 
Хамгийн гол нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Д.Сарангэрэлийг огцруулах шийдвэр “гэрлийн хурд”-аар гарав. Ардын намын нэр хүнд “агаарын бөмбөлөг” шиг эмзэг байгаа энэ үед Д.Сарангэрэл рүү чиглэсэн сошиал үзэн ядалт гал дуудна гэж үзэж хурдан чөлөөлсөн байж болох, өнгөц харвал. Гэхдээ илүү нухацтай харвал, “Ул айл” гэх үгнээс нь болж огцруулсан гэхээсээ “У.Хүрэлсүхийн хүн” болохоор нь огцруулсан гэвэл үнэнтэй илүү дөхнө. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “зодоон” одоо ч үргэлжилж буй нь С.Сарангэрэлийг сайдаас огцруулсан шийдвэрээс харагдаж байна гэсэн үг. Чухамдаа Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийг улс төрд “ганцаардуулах” тактик буюу түүний хүмүүсийг төрд томруулахгүй байх, Ардын нам дахь хуучин “арми”-ынхныг нь өөд гаргахгүй байх тактикийг одоогийн удирдагчид нь барьж байна гэсэн үг. 

       Тэгвэл У.Хүрэлсүх төрийн тэргүүний хувиар улс төрд ноёрхлоо тогтоох тэс өөр хувилбар хэрэгжүүлж эхэлсэн мэдээлэл байна. Тодруулбал, Ардын нам доторх хүрээлэл нь хумигдсан У.Хүрэлсүх Ардчилсан намыг тордож, тойглох замаар парламентад өөрийн “бүлэг”-ийг бий болгож, улмаар "хориг"-оороо дамжуулж “ноёрхох” нүүдэл хийж эхэлсэн гэх.

        Энгийнээр тайлбарлавал, У.Хүрэлсүх Ардчилсан намыг 2024 онд багадаа 20-30 суудалтай болгоно. Мэдээж, түүний татаасаар Ардчилсан намаас төрийн түшээ болсон хүмүүс түүний хүссэн үед кноп дарах “болзолтой” байна. Ингээд У.Хүрэлсүх УИХ-аас гаргасан хууль, тогтоолд хориг тавьж эхэлнэ. Тэр хоригийг нь хүлээж авах талд Ардчилсан намынхан кноп дарна. Ингэж тооцвол, У.Хүрэлсүхийн Ардын намд үлдсэн хуучин нөхөд дээр Ардчилсан намын төлөөлөл нэмэгдэхээр түүний талд дарагдах кноп багадаа гуравны нэг, цаашлаад гуравны хоёрт дөхөж очно гэсэн үг. УИХ дээр У.Хүрэлсүхийн хоригийг хүлээж авдаг болсон цагт У.Хүрэлсүх Ардын намын одоогийн удирдагчидтай хэлэлцээрийн ширээнд суух, тохироо хийх, томилгоонд оролцох эрх мэдэлтэй болно. Чухамдаа тэрбум мод тарих, төрийн одон медаль гардуулахаас хэтрэхгүй мэт харагдаж байгаа төрийн тэргүүний суудлаа жинхэнэ утгаар нь ашиглах хүчтэй болно гэсэн үг.
 
Ингэхийн тулд У.Хүрэлсүх ба Ардчилсан намын нэр нөлөө хүмүүс хэсэг бүлгийнхэн эхлээд С.Эрдэнийг “зайлуулах” зохион байгуулалттай ажиллагаанд шилжжээ. Ажиллагаа нь ч амжилттай болж байгаа бололтой юм. Тухайлбал,  нэгдүгээрт, АЗХ-ныхон АТГ болон НПГ-аас “С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрыг шалгаж байгаа юу” гэдэг асуултад хариулт нэхэж дөрөв хоног суулт хийв. Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Иргэн С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин Х.Баттулгад холбогдох хэрэг шалгагдаагүй байна” гэх хариулт өгчээ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийг АТГ-аас шалгаж байгаа, нартаас нарсанд оруулах нь тодорхой болсон гэдэг “мессеж”-ийг нийтэд хүргэв. Хэзээ мөдгүй "ачигдах" гэж байгаа хүнээр Ардчилсан намыг удирдуулахыг хэн хүснэ гэж, энгийн гишүүд нь ч түүнийг хурдан "зайлуулахыг" хүсэх нь мэдээж. 
 
Хоёрдугаарт, өчигдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намын асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ “С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр баталгаажуулах”, “Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээж бүртгэх” тухай өргөдлийг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын асуудал С.Эрдэнийн эсрэг эргэж байна гэсэн үг. 
 

У.ХҮРЭЛСҮХ АРДЧИЛСАН НАМЫГ АШИГЛАН УЛС ТӨРД "НОЁРХОХ" УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188