• Өнөөдөр 2024-04-26

Жолооч Д, дуучин Д.Дэмбэрэлнямбуу нарын буруу биш

2020-11-12,   1133

Монгол улс коронавирусийн эсрэг “Хятадад сарьсан багваахайнаас үүсэлтэй халдварт өвчин гарч гэнэ” гэх шуум төдий байхаас нь тэмцсэн. Цар тахал болтлоо мутацижиж 50 сая гаруй хүнийг халдварлуулах хүртэл, 1,6 сая хүний амийг авах хүртэл нь дотооддоо алдалгүйгээр тэмцэж чадсан. Эцэст нь халдвар хамгааллын өчүүхэн жижиг, эсвэл ноцтой том ч байж болох алдаанаасаа болж дотооддоо “алдчихлаа”. Одоо Монгол Улс коронавирусийн голомттой орон болсон. Коронавирусийг дотооддоо алдаагүй зургаахан улсын нэг, тивдээ ганцхан гэж хөөрч асан үе ард үлдлээ. Одоо цааш нь яаж тархаахгүй байх вэ, яаж нийтээр нь халдварлуулахгүй байх вэ гэдэгтээ л санаа зовох цаг ирлээ.
 
Гэвч бүхэл бүтэн 11 сар тэмцэж, гүрийж, хамгаалж чадсан Монгол Улс юун дээр алдчихав аа.             

Алдаа нуух, хариуцлагаас зугтах арга буюу жолооч, дуучнаар туг тахих тактик

 
Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын өгч буй мэдээллүүдийг харвал дотооддоо халдвар алдах нөхцөл бүрдүүлсэн өөрсдийн алдаагаа нууж, зөвхөн тээврийн жолоочоор л туг тахиад, олон нийтээр тэнүүлчээр нь дуудуулаад дуусгах тактик бариад байх шиг. Уг нь хэн яаж халдвар тарааснаас илүүтэйгээр яагаад 21 хоногийн тусгаарлалтаас гарсан иргэнээс коронавирус илэрсэн бэ, анх халдвар хаана, хэнээс авсан бэ гэдэг нь илүү чухал асуудал баймаар.
 
Гэтэл Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс цөм л тээврийн жолоочоос халдвар тархсан хэмээн өчигдөржин “цоллов”. Тэр жолооч нь автобус хэд дамжиж суугаад л, тэгснээ буугаад такси бариад л, хотын зүүн захаас баруун зах хүртэл яваад байж. Тэгснээ бүр эхнэр, дүүгээ дагуулаад “Улаанбаатар” паласт 2000 хүнтэй цуг “Хархан нүдэн” тоглолт үзэж, тухлажээ. Уг тоглолтыг нь Увсын Тэсийнхэн тэр аяараа үзчихсэн. Дээрээс нь эхнэр нь өдөрт мянган жолоочтой харьцдаг шатахуун түгээгч. Дүү нь МУБИС-ийн 16 мянган оюутны нэг. Ингээд нэг, хоёр, гуравдугаар хавьтагчид нийт 3500 орчим хүн байх тооцоо гаргав. 
Элэг нэгтнүүддээ халдвар тараасан, энд тэндгүй тэнэсэн, эхнэртээ тоглолт үзүүлж эрхлүүлсэн, залуу дуучны бие даасан анхны тоглолтыг корона тараах цэнгүүн болгосон гээд л тэрэн шиг муу хүн алга, Монголд.
Энгийн логикоор бодоод үзье. Халдвар авсан жолооч ОХУ-аас ирээд 21 хоног тусгаарлагдсан уу, тусгаарлагдсан. Хоёр удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан уу сөрөг гарсан. Тусгаарлалтаас гарах зөвшөөрөл өгсөн үү, өгсөн. Эмнэлгийн тусгаарлалтаас гараад гэртээ өөрийгөө тусгаарла гэж түүнд хэн ч хэлээгүй, шахаж шаардаагүй, хяналт тавиагүй байгаа юм. Чухамдаа өөрийг нь халдваргүй гээд эмч нар хэлчихсэн, эхнэр хоёр хүүхдээсээ хол удсан, 21 хоног ажлаа алдчихсан хэн ч хурдхан ажлаа хийж, цалин мөнгөтэйгээ золгож, эхнэртээ цаг гаргахыг хүснэ биз дээ. Халдвартай гэдгээ мэдэж байсан хэрнээ л гэр бүлдээ, элэг нэгтнүүддээ тараагаад яваад байсан гэвэл үнэнээс дэндүү хол болно. Өөрөөр хэлбэл, жолоочийг вирусгүй гэж оношилж, тусгаарлалтаас гаргачихаад хойноос нь хөөцөлдөж, вирус “илрүүлсний” хариуцлагыг хэн хүлээх вэ.

Өрөө хэсэж, хоорондоо хөзөр тоглодог тусгаарлалт буюу ЭМЯ, УОК-ийн жинхэнэ алдаа

 
Өнгөрсөн мягмар гарагийн орой Эрүүл мэндийн яам шуурхай хурал хийх үеэрээ албан ёсны цахим хуудас дээрээ 10 гаруй минутын шууд дамжуулалт хийгээд удалгүй ор мөргүй устгасан байдаг. Гэхдээ уг бичлэг нь өөр бусад хуудаст хадгалагдаж үлджээ. Тэнд “Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан тээврийн жолооч нар нэг нэгнийхээ өрөөгөөр чөлөөтэй орж гарч байсан. Тиймээс бие биенээсээ халдвар авсан байх” гэх зүйл яригдсан. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтын байранд халдвар хамгааллын горим ноцтой зөрчигдөж байсан нь ил болсон юм. Тухайлбал, “Энхсаран” сувилалд тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс гадна тээврийн хоёр жолооч тусгаарлагдаж байтал тэдэн дээр нэмээд нэг жолооч оруулсан байгаа юм. Ингээд нэг нэгнийхээ өрөөгөөр хэсэж, гурвуулаа хамт шахуу тусгаарлагдаж байснаа хоёрынх нь 21 хоног дуусаад гэр рүүгээ гарч. Гэтэл дөрөв хоногийн дараа үлдсэн ганцаас нь халдвар илэрсэн. Хамт байж байгаад гарсан хоёр хүнийг нь буцааж авчраад шинжилгээ автал нэг нь халдвартай гарсан гэх. Нэг нэгэндээ халдаасан байх магадлал 90 хувь гэнэ.
 
Тусгаарлагдаж буй хүмүүс ингэж нэгнийхээ өрөөгөөр сул чөлөөтэй орж гарч, хамтдаа хооллож, хөзөр тоглож, нэг нэгэндээ халдвар тарааж байхад тэнд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм сахиулах ёстой цагдаа, тагнуул, ЭМЯ, УОК-ийнхон юу хийж байсан нь тодорхойгүй. Тэгсэн атлаа бүх бурууг жолоочид бухаж, тохох маягтай. Угтаа бол халдвар хамгааллын дүрэм журмыг чанд сахиулаагүй, хариуцлага алдсан ЭМЯ, УОК-ынхон буруутай.  Бас 21 хоног нь дуусмагц “Та халдваргүй, аюулгүй” гээд тавьж явуулахаасаа өмнө эргэлзэж, эрсдэлтэй байж болзошгүй гэж бодоогүй, сэжиглээгүй, таамаглаагүй нь ч тэдний буруу. Учир нь, үүнийг л сэжиглэж, таамаглаж ол гэж тагнуул, цагдаагийнхан тэнд ажиллаж байгаа билээ.

Эцэст нь, Магтсан хүүхэн хуриман дээрээ л гэгч боллоо. Халдвар авсан 317 иргэнийг эдгээгээд гаргасан, тусгаарлалтын горим сайн сахиулсан эмч, сувилагч, цагдаа, тагнуулын ажилтнуудынхаа гавьяаг хүндлэх, үнэлэх ёстой. Гэвч Монгол Улс дотооддоо халдвар алдсан нь халдвар хамгааллын дэглэм сахиулахдаа хайнга хандсанаас болсон нь маргашгүй үнэн болоод ирлээ. Өөрөөр хэлбэл, онцгой дэглэм сахиулах ёстой УОК-ынхон өөрсдөө хэтэрхий назгайрсны гор монголчуудыг тэр аяар нь эрсдэлд түлхсэн гэсэн үг.  

Өнгөрсөн есдүгээр сард тусгаарлалтад байсан хорт хавдартай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Эмэгтэйг нас барахаас өмнө дөрөвхөн настай охин нь гурван давхар амны хаалт, нүдний шил зүүж, гартаа резинэн бээлий өмсөж, бүтэн биеэ гялгар уутаар скочдоод очиход нь тусгаарлалтын бүс рүү нэвтрүүлээгүй, ээжтэй нь уулзуулаагүй гэдэг. Бас гадаад яваад хэл сураг тасарч, удаан уулзаагүй найз нь эх орондоо ирчихсэн тусгаарлагдаж байгааг сонссон хоёр найз эргэхээр очсон байгаа юм. Улмаар тусгаарлалтад байгаа найз нь цонхоор тамхи шидэж, өнөө хоёр нь барьж авснаар тусгаарлалтад орсон байдаг. Тусгаарлалтын горим, халдвар хамгааллын дэглэмийг ийм л хатуу гэж бид ойлгодог. Тийм ч байх ёстой гэж боддог. Гэтэл бидний төсөөлж байсан тусгаарлалтын горим, халдвар хамгааллын дэглэм тусгаарлах байруудад үнэхээр мөрдөгдөж чадаж байна уу. Гадаадад гацсан монголчуудаа хэл ам, хэрүүл тэмцэлтэйгээр авчраад тусгаарлах нэрээр нэг байшинд шамбааралдуулж, дотор нь халдвар “үржүүлээд” байгаа юм биш биз.
 

Жолооч Д, дуучин Д.Дэмбэрэлнямбуу нарын буруу биш
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 12:15:08
    Хб: Баримт факт илүү дэлгэрэнгүй хэрэгтэй байна. Хэтэрхий өөрийн Таамгаар бичсэн болж харагдаж байна. Асуулт тавьж, түүндээ хариулж, асуултаар гарчиглаж иргэдийг төөрөгдүүлэх хэрэггүй ш дээ. Корана хэрхэн илэрдэг далд үе нь яадаг хэрхэн мутацилаглаж байгаа вэ гэдгийг эхлээд судал л даа. Тэр хужаа нарыг судалсан дээр. Бас нэг сайт байж нэг нь хэн корона тараав гэж сэжиглэж ббичээд нэг нь Дэмбрэлнямбуугтйн тоглолтыг ардчилсан намбнхан үзүүллээ гэж бичээд л ... Нэг баримт, үзэл санаа, зориого дээр тогтох хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 10:54:34
    Согтуу гар: Юу ч Ойлогдохгүй бичихын Согтуу юмуу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188