• Өнөөдөр 2024-04-23

“ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ” ТӨМӨР ЗАМЫН ГАВЬЯАГ У.ХҮРЭЛСҮХ ХҮРТЭЖ, ГАЙГ НЬ Х.БАТТУЛГА ҮҮРЭВ

2022-09-12,   829

       Өнгөрөгч баасан гарагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг ашиглалтад орууллаа. Анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам, басхүү жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртгийг дөрөв дахин бууруулах ач холбогдолтой зам учраас алга таших үйл явдал яах аргагүй мөн. Харамсалтай нь, долоон Ерөнхий сайд дамжиж, 10 гаруй жилээр хоцорч ашиглалтад орсон эл төмөр замын гавьяаг өөрийн болгож өмчлөгсөд, "автор нь би" гэж цамнагсад хэтэрхий олон болчихож. 
 
       Товчхондоо, эхлүүлснээрээ С.Баяр, эрчимжүүлснээрээ У.Хүрэлсүх, үргэлжлүүлснээрээ Л.Оюун-Эрдэнэ гавьяаг нь хүртэв. Харин гайг нь Х.Баттулга ганцаараа үүрч хоцорлоо. Эл төмөр замтай 14 жил сайнаар ч, саараар ч нэр холбогдож, “Төмөр зам” гэж овоглох шахсан Х.Баттулгад “хэрчим” талархал ч ногдсонгүй. 
 
      Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл төмөр замыг ашиглалтад оруулсан гавьяатнаар өөрийгөө нэрлэж, биечлэн тууз хайчлав. Тэрбээр “Энэ төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, үнэт цаг хугацаа алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг Монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй. 
 
Тийм учир 2018 оны наймдугаар сарын 8-нд Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, бүтээн байгуулалтын ажлыг түргэн шуурхай эхлүүлж, зоримог, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байснаа эргэн дурсахад таатай байна” гэж тодотгосон. Өөрөөр хэлбэл, “Би Ерөнхий сайд байхдаа олон жил гацаад байсан энэ төмөр замын төслийг эрчимжүүлж, өнөөдөр ашиглалтад оруулж байна” гэж гавьяаг нь шууд өмчлөв.
         
       Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “С.Баярын Засгийн газар эхлүүлсэн боловч зогсоод байсан замын бүтээн байгуулалтыг У.Хүрэлсүхийн Засгийн газар дахин эхлүүлж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ийнхүү ашиглалтад орж байна” гэжээ. Агуулга нь, “У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа, би Сангийн сайд байхад эхлүүлсэн юм, ашиглалтад орох хугацаа нь У.Оюун-эрдэнийн Засгийн газрын үед таарлаа” гэх аяс цухалзуулав. У.Хүрэлсүхийн Засгийн газарт байсан, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ч байгаа түүний хувьд аль алиныг нь дурдахгүй бол алдас болно. 
           
         Ерөнхий сайд асан С.Баяр ч гавьяа хүртэгсдээс хоцорсонгүй. “Манай Засгийн газрын үед 2009 онд эхлээд, хэсэг гацаж байгаад 2019 онд дахисан төмөр замын ажил дуусжээ. Баярлаж байна. Одоо царигийн зөрүү, ачих буулган цэгийн ажлаа дуусгаж орхивол эдийн засагт нэн хэрэгтэй трасс болох нигууртай. Энэ ажлыг хийсэн бүх хүмүүст талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье” гэжээ. Анзаарвал, “Манай Засгийн газар алсыг харсан, эдийн засагт маш чухал хэрэгтэй төмөр замын ажлыг эхлүүлснийг харж байна уу” гэх шиг. 
         
        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талынхан ч үргэлжлүүлснээрээ гавьяаг нь хүртэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан ажлуудын нэг" гэх маягтай өөрсдөдөө наав. 
 
        Харин Х.Баттулгад гавьяа биш гай л ногдов. Өнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан уулзахдаа таныг урина шүү гэж хэлсэн. Би очно, очмоор байна. Уухайн тас очно шүү дээ” гэж байв. Гэсэн ч нээлтэд нь ч очсонгүй. "Хөөрхий", Х.Баттулгын төмөр замын наахна авхуулсан зураг “Монгол яллаа” гэх тайлбартайгаар хэдэн өдөр сэвэгдэв. 
         
        Эргэн санавал, 2008 оны зургадугаар сарын 24-нд УИХ-ын 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” -ыг баталсан нь “Шинэ төмөр зам” төслийн эхлэл байв. Тухайн үед Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байлаа. Уг нь хүссэн ч хүсээгүй ч "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын анхны хүрз шороог хаясан "автор" нь тэр мөн. 
 
Харамсалтай нь, Х.Баттулга өнгөрсөн 14 жил "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг гацаасан ганц хүн" цоллогдоод, гавьяа хүртэж алга ташуулах байтугай, нээлтэд нь очиж хайч барих хувьгүй нэгэн болчихож. Зах зухаас нь дурдахад, “Гашуунсухайтын төмөр зам нарийн царигтай байвал Хятадын танк орж ирнэ гэж эсэргүүцсэн” гэж түүнд хаягласан шүүмжлэл эхэлдэг. Цаашлаад, анхны санхүүжилт 200 сая ам.доллараар шороон овоолго барьсан, “Энержи ресурс” ХХК-д олгогдсон төмөр замын тусгай зөвшөөрлийг цуцалж, “Монголын төмөр зам”-д шилжүүлж, даргаар нь өөрийн хүн Б.Батзаяаг томилсон, “Самсунг Си Энд Ти” компанийг оруулж ирж, оффшор бүсээр дамжуулан санхүүжилтийг нь “идсэн” гэх зэрэг хэргүүд цөм Х.Баттулгад харьяалагддаг. 
 
    Гэсэн ч 2019 онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дахин эхлэхэд У.Хүрэлсүхтэй хоршиж хөдөлсөн хүн бол Х.Баттулга гэдгийг нь мартаж болохгүй. Цаашлаад, Ерөнхийлөгч байхдаа Өмнөговь руу, төмөр зам руу "гүйдэлтэй" мэт л байсан. Хамгийн сүүлд гэхэд, төрийн тэргүүнээс буухаасаа өмнөхөн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийг төмөр замын төслийг удирдан хэрэгжүүлсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Зэвсэгт хүчний барилга-Инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жагалсайхан нарыг Хөдөлмөрийн баатар  цолоор шагнаж байв. Үүнийхээ дараа “2019 онд Үндэсний аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн санал нэгтэйгээр энэхүү төрийн бодлогыг дэмжин ажилласныг энд цохон тэмдэглэмээр байна. “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани болон “Монголын төмөр зам” компанийн хувь эзэмшлийн “Тавантолгой төмөр зам” компани гардан гүйцэтгэж байгаа. Удахгүй дуусна. Овоолсон шороо хэмээн адлагдаж байсан энэ их ажил амжилттай үргэлжилж байна” хэмээж байлаа. 
 
 
       Гэвч Х.Баттулга одоо гавьяатан биш гацаагч нэр зүүгээд Засгийн газраас 80 их наядын "өр" нэхүүлэхдээ тулчихлаа. Тодруулбал,  Х.Нямбаатар “Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Бүгд л мэдэж байгаа. Гялгар уутанд элс хийж цоолоод баялаг чинь алга болно, дуусна гээд явж байсан хүн. Үүний ард олж болох орлого буюу алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Өнөөдрийн Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц хэмжээний боломжийг нөхөр экс Ерөнхийлөгчийн пропагандад алдсан. Үүнийг ч цааш нь нэхэмжлэх ёстой. Энэ бол Засгийн газрын байр суурь” гэж их л "заналтайгаар" мэдэгдээд буй билээ. 
 
 
 

“ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ” ТӨМӨР ЗАМЫН ГАВЬЯАГ У.ХҮРЭЛСҮХ ХҮРТЭЖ, ГАЙГ НЬ Х.БАТТУЛГА ҮҮРЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188