• Өнөөдөр 2024-04-29

Л.Оюун-Эрдэнэ, Л.Халтар, Г.Ёндон, Б.Батцэцэг нар Монголын эдийн засгийн жинхэнэ алуурчид боллоо

2022-07-23,   991

               Монголын улс төрийн түүхэнд бүх цаг үеийн Засгийн газар “мөлхөх” дөхсөн эдийн засгаа сэргээж, ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөх шиг хөнгөлж байлаа. Сайн, муу хэлүүлсэн ч сайдууд нь олон улсад нүүртэй, цаг үеийн мэдрэмжтэй байжээ. Гадаадад явахдаа ганзага хоосон ирдэггүй, гаргасан шийдвэр нь ард түмнээ “мөлждөггүй” сайхан цаг үеийг санаж байна даа монголчууд. “Борог, ядруухан улс оронд чинь болж байгаа зүйл юу байна вэ” гэж Засгийн эрхэнд залагдсан ямбатнуудаас ам асуух цаг аль хэдийнэ иржээ.


УЛСЫН АЖИЛ “ЧАНГАДААД” БАЙВАЛ УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗАМНАЛД ТАНЬ АЛГА ТАШИН ЯВУУЛЪЯ ЕРӨНХИЙ САЙД АА

          Арабын Шах шиг авирлаж, ард түмний төлсөн татварын мөнгөөр “Их тэнгэрийн” аманд эгэлгүй сайхан наадлаа даа, манай төрийн түшээд. Олныхоо дундаас онцгойрдог жамаараа Ерөнхий сайд маань ээлжит уянгын нэвтрүүлгээ ч толилуулаад амжив. Ид шуугиулж явсан үеэ дурсан суугаа зургаан эрхмийн дунд илүү нь гэвэл Л.Оюун-Эрдэнэ байлаа. Энтертайнментаар улсын ажлыг явуулдаг байсан бол энэ хүнээр удирдуулсан бид өдгөө хөгжил, цэцэглэлтээрээ Азийн бар улс болчихсон байгаа биз. Улсын ажил “чангадаад” байвал уран бүтээлч болох зам тань нээлттэй бий.

                Ерөнхий сайд аа, та санадаг уу. Та болон таны нөхдөд монголын ард түмэн итгэж, идэр есийн хүйтэнд жанжин Сүхийн талбай дээр хамт жагсаж байсан цаг үеийг. “М.Энхболд гэдэг хүнийг л унагачихвал МАН-ын бүлэглэлүүд задарч, манай улс мандан бадарна” гэцгээн нам дотроо “намналцаж”, бүлэг дотроо “бүлэлцсээр” одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд та гарч ирж байсан. Таны яриад байсан тэр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт чухам хаан байна вэ. Цар тахлын хүнд цаг үеийг даван туулсан дэлхийн их гүрнүүд сансар огторгуй, од гаригт хүрч, хүн төрөлхтний ирээдүйд санаа зовниод эхэллээ. Бүхэл бүтэн Засгийн газрыг толгойлж, улс гүрнийг төлөөлж байгаа Ерөнхий сайд та дэлхийг биш юм аа гэхэд ард иргэдээ бодохгүй бол таны гарт Монгол Улс мөхөх нь ээ. Эдийн засаг энэ чигээрээ байвал удахгүй иргэд чинь картын бараанд дугаарлаж,  улс даяар ядуурал, өлсгөлөн нүүрлэх аюул ойрхон байна шүү. Олон зүйл хүсэх ээ байя аа гэхэд монголчууд улирал, жилээр нь биш бүрэн эрхийнхээ хүрээнд шатахууны үнийг тогтвортой барьдаг Засгийн газартай байхыг хүсэж буй гэвэл хилсдэхгүй болов уу.

Энтертайнментаар улсын ажлыг явуулдаг байсан бол энэ хүнээр удирдуулсан бид өдгөө хөгжил, цэцэглэлтээрээ Азийн бар улс болчихсон байгаа биз

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН "АЛУУРЧИД"-ЫН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ШАТАХУУНЫ ҮНЭЭ БАРЬЖ ЧАДДАГГҮЙ Г.ЁНДОН САЙД НЭРЛЭГДЭНЭ

            Уул, уурхайн салбарыг хөдөлгөгч гол хүч нь салбарын сайд биш ердөө л дизель түлш байдаг. Хүнд даацын төдийгүй дийлэнх техник хэрэгслүүд дизель түлшээр ажилладаг учир уул, уурхайд хамгийн чухал нь шатахууны нөөц болон үнийн тогтвортой байдал. Угтаа бол уул, уурхайн салбарын тогоонд “чанагдаж” номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хэмээн Г.Ёндон сайдыг тус салбарын “ханхүү”-д өргөмжилсөн гэдэг. Харамсалтай нь Г.Ёндон сайдын ур ухаан, арга барил, мэдлэг чадвар энэ салбарыг “шалбааг”-аас гаргаж чадахгүй л явна. Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бол Ашигт малтмал газрын тосны газар.

            Өөрөөр хэлбэл, Г.Ёндон сайдын шууд удирдлага, уялдаа холбоон дор тус байгууллагын үйл ажиллагаа өрнөдөг. Цар тахал гарснаас хойш монголчууд шатахууны үнийн дарамтад үнэхээр туйлдаж гүйцлээ. Үеийн үед, жилийн жилд л оросууд нийлүүлэлтээ зогсоох, үнээ нэмэх зэргээр монголын төрийг барьцаалж ирсэн. Үйлдвэрлэгч биш орны хувьд манай удирдагчид тэдний тулган шаардсан, басамжилж ёжилсон, далдуур шахсан бүх л үед үг дуугүй бөхөлздөг нь нууц биш.

Харамсалтай нь Г.Ёндон сайдын ур ухаан, арга барил, мэдлэг чадвар энэ салбарыг “шалбааг”-аас гаргаж чадахгүй л явна.

           Гэвч өмнөх сайдууд эрвийх дэрвийхээрээ зүтгэж, хойд хөршийн улстөрчидтэй ч тэр, шатахуун экспортлогчидтой ч тэр үг хэлээ ололцож, шатахууны үнийг барьдаг байв. Гэтэл Г.Ёндон сайдын үед шатахууны үнэ огт буурахгүйгээр зогсохгүй шатлалтайгаар тогтмол өсөж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд шатахууны үнийг буулгах нь бүү хэл тогтвортой ч барьж чадах аа байлаа. Нэгэнт хяналтаас гарсан болохоор ард түмэн төр засагт найдахын оронд бүсээ чангалж, хэрэглээгээ танахаас өөр сонголтгүй болж байх шиг байна. Энэ бүхнийх нь төлөө “Эдийн засгийн алуурчин” гэдэг цолыг Г.Ёндон сайдад албан ёсоор гардуулах ёстой. Ер нь ихэс цагаандаа гарч, харц ард өрөнд идэгдэж, өлмөн зэлмэн амьдарч буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч та Төрийн ордны их танхимд гавьяатын шагнал өгч байхын оронд өөрийнхөө удирдсан төрийн увайгүй түшээдэд “Эдийн засгийн алуурчин”, “Ард түмнийг тарчлаагч”, “Төлөвлөснөөс хэтэрч төсөв хонхойлгогч” зэрэг цол хэргэм олговол таарна. Бид л лав түүнд эмзэглэж, гайхширхааргүй сэтгэл зүйтэй болчихлоо.

            Монгол Ардын Намынхан, Ерөнхий сайд аа, тав алхаад Оросын хил давчих нүүртэй, халз тулсан үед танилыг нь бодоод шатахуунаа хямдруулчих нүүртэй, олон улсад нөлөөтэй хүн олж Уул, уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамныхаа тэргүүнийг солихгүй бол шатахууны үнэ та нарын ч толгойг цусдах цаг ойрхон байгаа бололтой. Хүлцэнгүй, хүлээцтэй, номхон дорой ард чинь хурааж, хурааж нэг тэсэрвэл дийлдэхгүй л байх даа.

 

ОХУ-ТАЙ Ч ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ ЧАДДАГГҮЙ, ОЛОН УЛСАД ТАНИЛЫН НҮҮРГҮЙ Б.БАТЦЭЦЭГ САЙД

               Хэдхэн жилийн өмнө манай улсад гадаад харилцааны бодлого, олон улсын түвшинд эзлэх байр суурь гэдэг зүйл байж билээ. Алдаа, оноо ихтэй ч Ардчилсан намын үед “дэлхийтэй” явж ээ бид. Одоо бол хоёр хөршөө гуйлгачлахаас өөрөөр холыг харж, ихийг сэтгэж чадахгүй хилээ хаалгаж, “хөлөө тушуулсан” байна. Орос ах нар чаддагаараа хавчиж, шатахууны үнэ дахин өслөө. Товчхондоо гэвэл урд хөршдөө хилээ хаалгаж “уймарсан” Монголын төр хойд хөршөө царайчилсан биш “хор долоох” шиг боллоо. Саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров урьд өмнөхөөсөө ч илүү хүндлэлтэйгээр тонгос, тонгос бөхөлзөн ирсэн нь их гүрний үггүй сануулга байлаа. Тэрбээр, “Манай улс дэлхийд ганцаардаж байна, ийм цаг үед та нар бидний талд зогсох уу, эс зогсох уу” гэдэг ганцхан тодорхой асуултыг биеэрээ тээж ирэв. Айлчлалын үед манай улсын төрийн гурван өндөрлөг болон Засгийн газар ухаантай, даацтай хариулт хэлж чадалгүй “Ааваасаа айсан хүүхэд шиг” дагжин чичирсээр явууллаа. Шатраар бол шаглуулж, шалдаа буусан Монголын төр энэ айлчлалаас хойш олон улсын түвшинд “Орос”-ын хэмээх хамаарал, харьяаллыг зүүчихлээ. Салбарын сайдын чинь зангараг дутаад байна гэдгийг ч хэлэх шиг.

            Ганган хувцас, сайхан төрхдөө анхаарч гадаад харилцаагаа мартсан Б.Батцэцэг сайд та хаана явна вэ. Монгол Улсын Гадаад харилцааны үе, үеийн сайд оросуудтай ов мэх уралдуулж, ончтой тохиролцоонд хүрч, шатахууны үнэ өсөлтийг барьдаг байсан. Б.Батцэцэг сайдаас өмнө манай улсыг Гадаад харилцааны яамтай, сайдтай гэдгийг дэлхий мэддэг байлаа. Хилийн дээс алхахад нь хэн ч танихгүй, олон улсад нэр, нүүргүй хүнээр сайдын албыг бөглөсөн нь МАН-ынхны буруу. Тэдний буруу гээд яалтай суудал наймаалдаг бизнесийнх нь ял, горыг ядарсан ард түмэн л үүрч байна. Европ доо биш юм аа гэхэд Ази даа танигдсан улс төрчөөр Гадаад харилцааны сайд томилсон бол ингэж байх, байхгүйн зовлонд нийтээрээ сөхрөхгүй байсан болов уу. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай удирдагч нарт “сэлэм тулгаад” явлаа. Тэднийг аргалах болоод аргадах үйл хэргээ ч дөмөгхөн хийж чадахгүй байгаа сайд олон улсын тавцанд “Оросын дэмжигч” хэмээн онилогдсон улс орныхоо гадаад харилцааг цаашид хэрхэн авч явах бол доо гэж бодохоор гол зурж байна.

 

ДАРХАНЫ ЗАМД “ДАРЛУУЛСАН” ХАЛТАР САЙДАД ДААНЧ ЧАДАХ ЗҮЙЛ АЛГА ДАА

            Улаанбаатараас Дархан орох зам үхлийн хөндий” болоод цөөнгүй жил өнгөрчээ. Дуусдаггүй ажил, дундардаггүй үйлийн үр болсон Дарханы замын бүтээн байгуулалт гурван ч сайдын гар дамжлаа.  Тэдний дундаас хамгийн удаан зууралдсан нь Л.Халтар сайд. Уртын болон богинын тээврийн жолооч нарынхаа асуудлыг цэгцэлж чадаагүй хэмээн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайдад хөөгдөж гарч байсан удаа ч түүнд бий. Төсөв санхүүг нь төрийн түшээд хувааж завшаад, тендер уралдаанд нь танилууддаа “шахсан” зэрэг Дарханы замыг тойрсон олон хэл ам байдаг. Хатуу, хэцүү л албанд томилогдож байна даа, ханцуй шууж ороод, дор нь дуусгах байх гэсэн ард түмний хүлээлт Л.Халтар та Монгол Улсын Зам Тээврийн сайдын өндөр сэнтийд өргөмжлөгдсөн. Ямбыг нь хэнээс ч дутахгүй эдэлж ялыг нь үүрэхээсээ зугтаж, балчир хүүхэд шиг “гоншигносоор” энэ хүрлээ.

            Түүний хариуцсан салбар зөвхөн авто замаар хэмжигдэхгүй ч ядах нь Дарханы замаа засчихсан бол улстөрчийн хувьд ретинг нь хэд дахин өсөх байлаа. Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэгч, стратегийн чухал ач холбогдол болох уул, уурхайнуудын олборлолт, экспортын асуудалд Л.Халтар сайдын бяр ухаан дэндүү дутаж байна. Цар тахал гарсан цагаас хойш хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа нүүрс тээврийн асуудал дээр Хятад улс өөрийн талд ашигтай, уян хатан биш шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, хэлэлцээрийн ширээний ард гарын үсэг зурж суухдаа Л.Халтар сайд чухам юу бодож байсан бол. Хатуу үнэн гэвэл салбарын сайдтай, сайдгүй Хятадын тал хилээ бүрэн хаалгүй “дусал, дуслаар” импорт аваад л байх байсан. Өнөөдөр манай улсын экспортын нөхцөл байдал ус нь тасарчихсан айлын крантнаас хоолойд үлдсэн ус дусал дуслаар шүүрч байгаа мэт өрөвдмөөр байна. Засгийн газар цаг үеэ олсон шийдэл олж, өөрийн улсдаа ашигтай шийдвэр гаргахгүй бол Л.Халтар сайдынхаа “халтартуулсан” зам харгуй, бүтээн байгуулалтын балаг дээр кабинетаараа “хальтирч” унах вий дээ. 

 


Л.Оюун-Эрдэнэ, Л.Халтар, Г.Ёндон, Б.Батцэцэг нар Монголын эдийн засгийн жинхэнэ алуурчид боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-23 10:22:04
    батэрдэнэ гелгерее сонс: БАТЗАНДАНГИЙН АХ НЬ ДЭД САЙДАА ГОЛОО Л ЯВААД БАЙДАГ ДУУТЭЙГЭЭ ТААРСАН НЭГ ТУГЖИЛ Л НАМАЙГ БЕГСДЕЖ ХОШНОГОДООД БАЙДИЙН ГЭЖ ХАЛТАР ЗЕНДЕЕ Л ХЕЛСИЙШТ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-23 10:21:36
    батэрдэнэ гелгерее сонс: БАТЗАНДАНГИЙН АХ НЬ ДЭД САЙДАА ГОЛОО Л ЯВААД БАЙДАГ ДУУТЭЙГЭЭ ТААРСАН НЭГ ТУГЖИЛ Л НАМАЙГ БЕГСДЕЖ ХОШНОГОДООД БАЙДИЙН ГЭЖ ХАЛТАР ЗЕНДЕЕ Л ХЕЛСИЙШТ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 19:09:55
    Зочин: Дандаа буруу шийдвэр гаргадаг мэргэжлийн бус боловсролын сайд гэж бас нэг хун байнаа!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 14:41:02
    иргэн: ЭНЭ ХАЛТАР ХЭДЭН ВАГОН НААШ ЦААШ БОЛГООД НӨГӨӨ ДУУНД ГАРДАГ ШИГ ХАЛАГДАХ ХОНОГОО ТООЛЖ СУУГАА ДАА.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188