• Өнөөдөр 2024-04-26

Сэлэм чинь хугарчихсан юм уу, Ерөнхий сайд аа

2020-10-29,   638

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх та 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр “Шударга ёсны төлөө би тун удахгүй хариуцлагын сэлэм далайна” гэж байснаа мартаагүй биз дээ. Хариуцлага, ёс зүй, шударга ёс хүссэн ард түмэнд таны энэ мэдэгдэл тухайн үед аавын үг шиг итгэлтэй, нөмөртэй, үнэмшилтэй сонсогдож байлаа. Гэвч та 60 тэрбумын гэх хэрэг буюу М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь буулгахад л ганц удаа дөнгөж цухуйлгаснаас биш, өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд өнөөх сэлмээ байрнаас нь ч “хөдөлгөсөнгүй”, барааг нь ч харуулсангүй. Өнгөрсөн хугацаанд “сэлэм” гаргадаггүй юмаа гэхэд ядаж хариуцлага хатуухан тооцмоор, хэлэхээс ч ичмээр хэргүүдийг таны удирдаж буй Засгийн газрынхан, хариуцаж буй намынхан ёстой нүүр улайхгүй, ичиж зовох зүйлгүй, айх айдасгүй хийж ирлээ. Гэвч та хараагүй юм шиг суусаар л байна. Бүр эсрэгээрээ даварсан, задарсан, хариуцлагагүй албатуудынхаа заримынх нь толгойг илж, албан тушаалын алим хүртээж, заримыг нь бүр хийсэн хэргээс нь цэвэрхэн “мултлах” ажлыг зохион байгуулалцаж явна. Энэ удаад бид гуравхан жишээ татъя. 
1. ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бага хүүтэй их хэмжээний зээлийг өөрийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүддээ авч өгсөн, түүнийгээ мөнгө хүүлэх зорилгоор ашигласан зэрэг ноцтой зөрчил, хууль бус үйлдэл нь баримтаар нотлогдсоор байхад Та ЖДҮ-чин УИХ-ын гишүүддээ ямар ч хариуцлага тооцсонгүй. Харин ч бүр эхнээс нь суллаад эхэллээ. Жишээ нь, ЖДҮХС-д их хэмжээний төсөв байгааг, хамгийн бага хүүтэйгээр их хэмжээгээр гарч болдгийг УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүдийн чихэнд “шивнэж”, албан тушаал, авлига наймаалцсан, бүр эхнэрийнхээ компанид их хэмжээний зээл гаргуулж дөнгөсөн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт нийтийн албан таван жил ажиллах эрхийг нь хязгаарлах, 40 сая төгрөгөөр торгох ял ногдуулаад өнгөрүүлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан, ЖДҮ-ээс их хэмжээний мөнгө гурван хувийн хүүтэйгээр зээлж чадсан Б.Ундармаад нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хязгаарлах, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад өнгөрөв. Одоо ирэх долоо хоногт 1.2 тэрбум төгрөгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан зээлсэн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг мөн энэ зарчмаараа суллах гэж байна. Сонирхолтой нь, Б.Ундармаад 2.6 жил, Д.Дамба-Очирт 3.5 жилийн ял оноон ялыг эдлүүлж эхлээд байсан билээ. Энэ мэтээр өдгөөгөөс хоёр жил гаруйн өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнөө барьсан туг, үнэн шударга нийгмийг цогцлоохын төлөө тэмцэх ганц зүйл нь байсан ЖДҮХС-гийн хууль бус зээлдэгчид огт гэмт хэрэг үйлдээгүй болж эхэллээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
2. Энэ жил УИХ болон орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Сонгууль бүрээр гардаг “Тэр нам мөнгө тараалаа. Энэ нам мөнгө амлаж байна” гэх яриа энэ удаад ч мөн гарч, зарим нь бүр ил цагаан баригдаж, хаа сайгүй бичлэг нь цацагдаж, хар машиныг хакердуулахыг хүртэл санаархлаа. Гэсэн ч тэдний хэн нь ч төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр бүү хэл сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар ч шалгагдсангүй. Харин ч бүр “Монголчуудаа, та нарыг яаж ч доромжилсон бидний дур” гэх шиг тус тусынхаа даргын сэнтийд заларч, албан тушаалын бялуугаа хуваалцаад явж байна. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ та мөн л чив чимээгүй байсаар л байна. 
3. Таны байгуулсан Засгийн газрын, бүр тодруулбал, өөрийн чинь зүтгүүлсэн, магадгүй “шагнал” болгож өгсөн сайдын суудал, эрх ямбыг эдэлж буй гурван сайд чинь өнгөрсөн өдрүүдэд хэн бэ гэдгээ Монголын ард түмэнд таниулаад авлаа. 
Тодруулбал, дөнгөж өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ирэх жилүүдэд архи, хар тамхи, мансууруулах бодист донтох өвчтэй хүнийг албадан эмчилдэг 1000 ортой эмнэлэг байгуулна” хэмээж сууна. Төрөх, хүүхдийн, түлэнхийн эмнэлэг барих гэж хэдэн Засгийн нүүр үзэж, хэчнээн даргын халаас түнтийхийг хүлэээж суугаа билээ. Ийм атал хар тамхи, мансууруулах бодис сайн дураараа хэрэглэгчдийг татвар төлөгчдийн мөнгөөр асарна гэж яриад сууж байна. Мөн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Визийн хяналтаа чангатгаад хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлбэл урд хөршийн мөнгөтэй иргэдийг сэгсрэх боломж байна, залуучуудын хэлдгээр” хэмээн салбарынхан төдийгүй улс эх орноо олон улсын өмнө шившиг болгосон хариуцлагагүй үг унагасан. Хоёр орны найрамдалт харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, экспортын боломж гарц бүхий улсынхаа тухай ийм үг унагачихаад өнөөдрийг хүртэл гэмших ч үгүй, ядаж манайхыг зорихоор төлөвлөсөн олон зуун жуулчнаас уучлал эрэх ч үгүй явсаар байгаа нь хэр зохистой вэ. Нөгөөх нь, төрийн мөнгөөр хүүхдүүдийнхээ сургуулийн сургалтын төлбөрийг хийсэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэвлэлийнхнийг цуглуулж, мэдээлэл өгөхдөө “Би өөрийгөө болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байгаа” хэмээн хэгжүүрхсэн байдаг. Төрийн мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихөөд хээв нэг “Миний буруу биш” гээд сууж байдаг сайд таны кабинатаас төрлөө, Ерөнхий сайд аа. 
Таны амласан хариуцлагын сэлэм яг хэнд, хэзээ, юунд хэрэглэгдэх вэ. Хэн нэгнийг албан тушаалаас нь татан буулгаж, кинонд гардаг шиг толгойг нь тасдаггүй юм аа гэхэд ёс зүйн хариуцлага ч болтугай авах хэмжээний сэлэм биш юм гэж үү. Хэрвээ тийм бол ядаж хамгийн сүүлийн жишээ, хариуцлагагүй, хэнэггүй үгнээсээ болж олны хэл амны бай болоод байгаа хоёр сайддаа ёс зүйн арга хэмжээ биш юм аа гэхэд анхааруулга, сануулга ч болтугай авч болохгүй юм уу. Тэгвэл ард түмэн Ерөнхий сайд болохдоо хэлж байсанд тань жаахан ч гэсэн итгэх гээд байх шиг. 
Эсвэл таны хариуцлагын сэлэм 60 тэрбумын сүлжээг зохион байгуулсан хэмээн буруутгагддаг ч, хууль хяналтын байгууллагаар яг таг тогтоогдолгүй өнөөг хүрч байгаа М.Энхболдыг УИХ-ын даргаас нь буулгах хор найруулж явах үедээ хуйндаа хугарчихсан юм уу. 
Жич: Хариуцлагын сэлэм гэдгийг түүний шударга үнэний талд тууштай зогсож, ёс зүй хийгээд бүх шударга бус зүйлд ижил тэнцүү хариуцлага тооцно хэмээн ард түмэн итгэсэн билээ. 

Сэлэм чинь хугарчихсан юм уу, Ерөнхий сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188