• Өнөөдөр 2024-05-04

Хөгжлийн банкны дуулиан хуучирлаа, одоо халдварт тахлын санхүүжилтийн тайланг үзье, Ерөнхий сайд аа

2022-03-09,   1086

       Айдастайгаар 11 цагийн мэдээг хүлээдэг асан цаг үе ард хоцорч, амны хаалтаа тайлах амар тайван цаг айсуй. Жишээ нь, өчигдөр л гэхэд 189 хүнээс халдвар илэрч, нас баралт 0 байв. Хоногт 20 хүн нас барж, 2000 хүнээс халдвар илэрдэг байсан тэр хүндхэн цаг үетэй харьцуулахад хэд дахин буурсан үзүүлэлт. Дээрээс нь, Засгийн газраас ч улсаа улбар шараас шард шилжүүлж, “шавар”-т суусан эдийн засгаа сэргээхэд анхааръя, ард түмнээ амьдралынх нь хуучин хэмнэлт оруулъя гэсэн. Ямартай ч, хоёр жил гаруй хугацаанд хүн амыг айдас, түгшүүр, аюул заналхийлэл дунд байлгасан халдвар тахал ингээд биднээс аажмаар холдож байна. Харин цаашид хэзээ ч байгаагүй юм шиг алга болдоггүй юм гэхэд хамрын ханиад шиг ч юм уу, үлдэх л биз. 

       Тэгвэл тэрслүү нэг санал байна, Ерөнхий сайд аа. Бид хоёр жил гаруй хугацаанд халдварт тахалд хэдий хэмжээний мөнгө зарсан бэ, халдварт тахлын нэрээр хаанаас, хэнээс хэдэн төгрөг авсан бэ, хаана, юунд зарцуулсан бэ, бүх тайланг нь нийтэд ил болгоё, хэдэн мянган хуудас байсан ч нийтээр хэлэлцье.

Хоёрдугаар дайны “Бүхнийг фронтод” уриа шиг халдварт тахлын хоёр жил яг ийм “уриатай” явж ирлээ. Хөгжингүй орнуудаас хэдэн арав, зуун сая ам.доллароор хэмжигдэх зээл, тусламж тахалтай тэмцэх шугамаар орж ирж байлаа. Татвар төлөгчдийн данснаас төсвийн дансанд шилжсэн мөнгө тэр чигтээ биш юм гэхэд тал нь тахалтай тэмцэхэд зарцуулагдаж байсан. Тэтгэврийн хөгшид хүртэл талх, сүүнийхээ мөнгөнөөс илүүчилж, тав, арав гэхгүй хандивлаж байсан. Тэр байтугай, гуравдугаар ангийн хүү хүртэл гахайгаа хага цохиод, хадгалж байсан хэдэн бор төгрөгөө хандивлаж л байлаа. Хонь, ямаа нийлсэн хориодхон толгой малтай малчин хүртэл халдвартай тэмцэж буй алба хаагчдын хоолонд нь ч атугай нэмэр гэж хундан цагаан хонио бэлэглэж л байсан. Тэгэхээр тэр мөнгөнүүдийн тайланг нь шаардах нь шударга биз дээ. Шингэн дусал, ширхэг тариур, шил уусмал байсан ч алдалгүй тайлагнах нь ардчилсан улсад зүй ёсны зүйл биз дээ.  

Он гарсаар, Хөгжлийн банкийг тоносон төрийн түшээдийн дуулиан дэгдэж, хоёрдугаар сарыг хэн нь хэн бэ гэдгээ танилцаж, хэл амтай туулцгаалаа. Харамсалтай нь, хуульчийн эрх охины буюу “20 грамм кофе”-ний дуулиан дэгдэж, бид Хөгжлийн банкаа мартаж орхилоо. Одоо хэн нэгэн Хөгжлийн банкны “тонуулчид”-ын хойноос хэл ул болж хөөцөлдөх нь юу л бол. Ингээд мартагдах нь тэр. ЖДҮ-гийн, 60 тэрбумын гэх алдарт дуулианууд жил ч хүрэлгүй мартагдсан шиг. Тэгвэл гуравдугаар сарыг, цаашлаад дөрөв, тавдугаар сарыг тахалд зарцуулсан мөнгөний тайланг хэлэлцэх дуулианы сарууд болгоё. 

        Халдварт тахлын санхүүжилтийн тайлангаас илрэх “но” Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн дуулианыг хэд нугалах том байж ч мэднэ. Бас хавьгүй олон “хавьтагч”-тай, хамаагүй их мөнгөн дүнтэй, хэн нэгэн албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн оролцсон гэрээ хэлцэл, төсөл, тендерүүд ч тэр тайлангаар ил болох биз. Жишээ нь, халдварт тахлын үед хоёр Засгийн газар, хоёр парламент, хоёр Ерөнхийлөгч солигдсон, том бүтцээрээ. Тэдний цаана Эрүүл мэндийн сайд, Шадар сайд тус бүр гурав солигдсон бол ХӨСҮТ, УОК, Нийслэлийн шуурхай штаб зэрэг галын шугамны удирдах албан тушаалтнууд ч мөн тооны солигдсон гэх. Ингээд харвал, халдварт тахалд зарцуулагдсан мөнгөнд хэчнээн ч хүн гар хүрч, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан халаасаа түнтийлгэсэн байх боломжтой гэж хардах үндэслэлтэй. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгээс эхлээд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн дарга С.Энхзаяа, Хүний нөөцийн албаны дарга И.Орхон гээд хэд хэдэн хүний нэр АТГ-тай холбогдсон дуулдаад л байна. Нэмээд, ХӨСҮТ-ийн зөвлөхийн нэг компани, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бас нэг компани оношлуур, урвалж бодисын тендерүүдийг түүж байсан баримтууд гарч ирээд л байгаа, захаасаа. 
 
Эцэст нь, тэрслүү энэ саналаа дахиад хэлье, Ерөнхий сайд аа. “Зуд болоход нохой зоолох” гэх үгтэй юм. Халдварт тахлын хоёр жилийн сахүүжилтийн тайланг нийтэд ил болгоё, хэний компани хөлжиж томров, хэний компани хоосорч, үгүйрэв гэдгийг харцгаая. 
 

Хөгжлийн банкны дуулиан хуучирлаа, одоо халдварт тахлын санхүүжилтийн тайланг үзье, Ерөнхий сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 11:06:51
    Зочин: Ер. сайд та ойрын үелд Баттулга ер,- ийн сонгуулийн өмнөх ажлыг хийж, баахан төмөрзам ярьлаа. Нөгөө Хөгжлийн ыбанкаа, Та өөрөө үүнийг хариуцаж байх үеийн алдаа дутагдлаа, цааш үргэлжилсэн дампуурлын талаар яриач ээ. Та юм болгоыг эхлүүдээд дараа нь саармагжуулах юм. тэр болгонтой өөрөө холбоотой юм биш биз дээ. тэгвэл худдан төрөөс зайл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-09 11:51:54
    унгас: МАН-ын өлөн нохойнууд зуднаар маш их таргалсан байгаа.Энэ баньд бас энэ мөнгөнөөс зооглосон нь бөгс нь бүдүүрээд байгаагаар харж болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-09 10:03:20
    хэнд хэрэггүй хог: энэ бацаан ан ын новшнуудынхаа лалрыг бичээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188