• Өнөөдөр 2024-05-17

Ардчилсан намыг “залгисан” МАН Монголын Ардчилсан холбоог атгаж эхэллээ

2022-02-23,   879

       Ард түмний эвлэлдэн нэгдэх, үгээ хэлэх анхны индэр болж, Ардчилсан хувьсгалыг түүчээлсэн Монголын Ардчилсан холбоог Ардын нам атгандаа оруулахаар буюу “амийг нь таслахаар” санаархаж эхэллээ. Үүний тод илрэл нь Ардчилсан намыг арслантай тамганы хэрүүлээр тамирдуулж, амь голтой болтол нь адагт нь тулгаад Ардын намын өмнө сөхрүүлж орхисон С.Эрдэнэ, ард түмний тэмцэгчийн дүрээр тодорч, түүндээ хэт автчихсан яваа Д.Монголхүү нар сүүлийн үед Монголын Ардчилсан холбоогоор оролдож, удирдлагыг нь атгандаа оруулахаар улайрч эхэлсэн явдал. Товчхондоо, Монголын Ардчилсан холбоог Ардчилсан намын араас “мөхөл” рүү илгээх Ардын намын “төлөвлөгөө”-г хэрэгжүүлэгчээр С.Эрдэнэ, Д.Монголхүү нар “томилогджээ” гэсэн үг. 
 
Тодруулбал, сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явлуудыг сөхөж үзье. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт С.Эрдэнэ, Д.Монголхүү, Д.Сосорбарам тэргүүтнүүд хэсэг хүмүүсийг цуглуулан “Монголын Ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэгчийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үеэр Монголын Ардчилсан холбооны тавдугаар Их хурлыг хийх тухай хэлэлцэж, түүгээр зогсохгүй С.Эрдэнийн талаас Д.Монголхүүг тус холбооны даргаар томилох тухай санал гаргасан. Тэр байтугай Д.Сосорбарам Монголын Ардчилсан холбооны тугийг Д.Монголхүүд гардуулсан. 
Харин тэдний энэ үйлдлийг нь Монголын Ардчилсан холбооны Хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар, тус холбооны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт нар хууль бус хэмээн эсэргүүцэж ЦЕГ-т хандсан. Тухайлбал, “Монголын Ардчилсан холбооны дарга нь Х.Баттулга. Түүнийг оролцуулахгүйгээр, холбооны ТУЗ-өөс зөвшөөрөл авахгүйгээр С.Эрдэнэ, Д.Монголхүү нар “МоАХ-ны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэгчийг зохион байгуулж, МоАХ-ны нэр, туг зэргийг хууль бусаар ашигласан нь МоАХ-г шинээр байгуулж, зохион байгуулалтыг нь өөрчилж буй мэтээр олон нийтэд ойлголт төрүүлж, төөрөгдүүлсэн нь эрүүгийн гэмт хэрэг. Дээрээс нь Д.Монголхүү нь МоАХ-ны гишүүнчлэлгүй учраас дарга болох боломжгүй байтал дарга болгох гэж буй мэтээр зарлаж байна” гэж гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Иргэн Д.Монголхүү нь МоАХ-ны гишүүнчлэлгүй, төлөөлөх эрхгүй, мөн МоАХ-ны нэр, туг, бэлгэдлийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон” хариу ирүүлсэн гэх. Гэтэл С.Эрдэнэ “Би Монголын Ардчилсан холбооны дарга байсан буюу энэ холбооны анхлагчдийн нэг” гэж зүтгээд, Д.Монголхүү нь “Би аль эрт энэ холбоонд элссэн” гэж гүрийгээд байгаа. 

Ингээд харвал, Монголын Ардчилсан холбоо Х.Баттулгын тал, С.Эрдэнийн тал гээд хоёр талцчихлаа. Талцуулах бол С.Эрдэнийн танил арга барил. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн хувьд Ардын намын албат болсон гэгдээд жил тойрч буй. Тэр “Ардчилсан намын албан ёсны дарга нь би, арслантай тамга нь минийх” гэж жил тойрон хэрэлдээд, намаа хоёр хэсэгт хувааж орхисон. Хоёр хуваагдаж хүчгүйдсэн Ардчилсан нам хүссэн хүсээгүй Ардын намын “амтат зууш” болж хувирсан. Харин одоо С.Эрдэнэ Ардчилсан намыг хоёр хуваах замаар Ардын намд “тушаасан” аргаа Ардчилсан холбоонд ашиглаж байна гэсэн үг. 

        Тэгвэл Ардын нам Ардчилсан холбоог атгандаа оруулж, “амийг нь таслах”-аар санаархах болсны цаад шалтгааныг хайж үзье. Тэр бол Х.Баттулга. Тэр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийн тулд тус намыг атгандаа оруулах хэрэгтэй болсон. Гэвч Ардын намынхан үүнийг нь тооцоолж, “чөлөөндөө” гараад байсан С.Эрдэнийг дуудаж, Х.Баттулгын эсрэг тавьсан. Тамганы хэрүүл, талцал хуваагдал тэгж эхэлсэн. Данц ганц С.Эрдэнээр хаалт хийх хангалтгүй байсан тул Ардын намынхан Үндсэн хуулиар хаалт хийж, Х.Баттулгын нэр дэвших эрхийг нь хазаарлаж дөнгөсөн. Гэвч ингэлээ гээд Х.Баттулгыг дахин улс төрд орж ирэх боломжийг нь хааж чадахгүй байсан. Учир нь Х.Баттулгад Ардчилсан намаас илүү эв нэгдэлтэй, 21 аймагт салбартай, Ардчилсан хувьсгалын анхдагч партизануудын гишүүнчлэлтэй Монголын Ардчилсан холбоо үлдсэн.  Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаасаа буухынхаа яг өмнө 33 жилийн түүхтэй энэ холбоог Хөдөлмөрийн баатар болгож шагнасан. Ингэж шагнасан нь 33 жилийн өмнөх гавьяаг нь үнэлсэн гэхээс илүүтэй ирээдүйд байгуулах гавьяаг нь сануулсан шагнал байсан гэхэд хилсдэхгүй. Өөрөөр бол, Х.Баттулга Монголын Ардчилсан холбоог нам болговол Ардчилсан намаас хэд дахин хүчтэй сөрөг хүчин болж босож ирэх боломжтой. Хэрвээ нам болчихвол Ардын нам 2024 онд аюултай дайсантай халз тулах хэрэгтэй болно гэсэн үг. Тиймээс Ардын намынхан Х.Баттулгад Монголын Ардчилсан холбоог нам болгох боломж өгөхгүй байх, болж өгвөл Ардчилсан холбоотой нь хамт арчих төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн дүр зураг харагдаж байна. Мэдээж, эл төлөвлөгөөнийх нь эхлэл нь Х.Баттулгыг Хөгжлийн банкны хоёр ч найдваргүй зээлдэгчтэй холбоотой буюу Монголын Ардчилсан холбооны газрыг банкны барьцаанд тавьсан, энэ асуудлаасаа болоод Сингапур руу зугтсан гэж зарлах явдал байсан. Харин одоо С.Эрдэнэ Монголын Ардчилсан холбоог хоёр талцуулснаар үргэлжилж байна. 
 

Ардчилсан намыг “залгисан” МАН Монголын Ардчилсан холбоог атгаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-23 14:02:57
    иргэн: Сэтгүүлчид хэрүүл бичиж суухаас ичих хэрэгтэй. Энэ бичвэрт нэг ч баримт алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-23 14:02:54
    иргэн: Сэтгүүлчид хэрүүл бичиж суухаас ичих хэрэгтэй. Энэ бичвэрт нэг ч баримт алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-23 10:40:06
    Хувьсгал: баттулга оюунэрдэнийн зөвлөх бус уу. Баттулга эрдэнэ нар бүгд урвагч нар болой. Өмнөх зуунуудад амьдарч байсан бол аль эрт цаазлуулж бурханы орондоо одсон болой.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188