• Өнөөдөр 2024-05-16

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖ, ХИЛ НЭЭХ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ, САЙД НАРАА

2022-02-10,   613

    Монголд нэг нам дангаараа төрийн эрхийг барих болсноос хойш улс төр дэндүү унтаа, уйтгартай, унхиагүй байна. МАН-ынхан ч хувь тавилантайгаа эвлэрчихсэн, ард түмэн ч эрх баригчдаас хариуцлага нэхэхээ болиод хоёр жилийн нүүрийг үзлээ. Улсын хөгжил, эдийн засгийн нөхцөлбайдал хэдийнээ ард хоцрогдож, анхаардаг хүн ч байхаа болив.
 
    Одоо эрх баригч намынхан улс төрийн попролоо больж, үндсэн ажилдаа ормоор байна. Наанадаж, хоёр сар гаруй хугацаанд хаалттай байгаа хилээ нээх асуудал дээр даруй арга хэмжээ авч, эдийн засгаа эргэлтэнд оруулахгүй бол үнийн хөөрөгдөл, инфляц ард түмний нуруун дээр ачаа болж, бүсээ чангалсан иргэд түүнийг нь даахгүй ирэх хавар сульдаж унахаар байгааг сануулах нь зүйтэй биз ээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар хаа сайгүй шуугьж, хэлтэй болгон ярих болсон. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд дээрх асуудлаар хууль хүчнийхэнтэй уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо “Өнөөдрийг байдлаар тус банканд 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай, үүний 55 хувь нь чанаргүй зээлийн эрсдэлтэй байгаа. Нийт 28 зээлдэгчийн нэг их наяд төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Мөн 10 зээлдэгчийн асуудал АТГ-д шалгуулж байна.
 
     Мөн Эрүүгийн цагдаагийн газарт гурван зээлдэгчийн асуудал бий. Хөгжлийн банкны удирдлагуудын зүгээс шүүхийн шатанд зээлдэгч нарын асуудал хугацаа алдаж байгааг мэдээллээ. Нийт 69 сар шүүхийн шатанд явсан хэрэг байна. Мөн шүүхээр хэрэг нь шийдүүлсэн ч арга хэмжээ авахдаа удаж байгааг хэлсэн. Нэгдүгээр сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Асуудалтай байгаа зээлийн хувьд 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм. Хөгжлийн банканд Монголбанк шалгалт явуулдаг. Энэ шалгалтын талаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн мэдээлэл хийсэн. АТГ-ын дарга З.Дашдаваагийн мэдээлснээр Хөгжлийн банкны асуудлаар 52 зээлдэгчийн хэргийг шалгуулахаар өгсөн гэсэн” хэмээн мэдээлсэн.
Үндсэндээ бол Хөгжлийн банкыг шалгаж, хариуцлага хүлээлгэх асуудлыг хууль хяналтын байгууллага хийж, Засгийн газар, УИХ-ын гишүүд хийх ёстой ажлаа хиймээр байна
      Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг өмнө нь удаа дараа зарлаж, сануулсаар байтал тоосон шинжгүй өнөөдрийг хүрчихээд цоо шинэ асуудал гарч ирсэн мэтээр хууль хүчнийхнийг дайчилж байгаа нь даанч харамсалтай. Үндсэндээ бол Хөгжлийн банкыг шалгаж, хариуцлага хүлээлгэх асуудлыг хууль хяналтын байгууллага хийж, Засгийн газар, УИХ-ын гишүүд хийх ёстой ажлаа хиймээр байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдээс тусдаа хоолойд тулсан ажил манайд бишгүй их бий. Сүүлчийн хэдэн сар БНХАУ-ын тал коронавирусийн халдвар гарсан гэх шалтгаанаар хилээ хааж, өнөөдрийг хүртэл экспорт, импортын бүтээгдэхүүн хоёр улсын хил дээр таг гацчихсан, манай улсын эдийн засаг хүндхэн нөхцөлд буй.
 
         Хил хаасантай холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомстож, үнэ нь тэнгэрт хадсан нь ард түмэнд хүндхэн ачаа болж байгааг төрийн томчууд мэдсэн ч мэдээгүй царайлж, нүдэн балай, чихэн дүлий суугаа нь нууц биш юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр хөл хорио тогтоож, олон аж ахуй нэгж хаалгаа барьсан. Харин цар тахлын нөхцөл байдал харьцангуй намжиж, сөрөг нөлөө нь буурсан энэ үед хил, гааль хаалттай гэх шалтгаанаар үлдсэн хэдхэн үйлдвэрлэгч нь түүхий эд бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байсаар бүрэн мөсөн дампуурлаа зарлаж орхилоо. Өнөөдөр Нарантуул зах дээр импортын бараа бүтээгдэхүүн борлуулж, амьжиргаагаа залгуулдаг олон өрх орлогогүй болж, хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа нь нүдэнд бэлхнээ ил байна. Гэтэл төрийн томчууд тэнгэрийн амлалт өгч, хэдэн ядарсан иргэдээ тохуурхсан янзтай, одон тэмдэг тараасан шиг ээ сууж байгаа нь нууц биш байна.
 

       Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сар шинийн баяраар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, эдийн засгаа сэргээх олон асуудлаар хөрш оронтой ярилцсан гэх. Үндсэндээ Засгийн газрын сайд нар үр дүнтэй, өгөөжтэй айлчлал болсон гэдгийг ам уралдан ярьж байгаа. Төрийн томчуудын энэ үг бодит байдал дээр биеллээ олж, ард түмний амьдралд дэм болох, эдийн засгаа сэргээх чухал нөлөөтэй байгаасай.

 
 
 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖ, ХИЛ НЭЭХ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ, САЙД НАРАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-10 18:59:37
    НАСТАН: ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛЭЭ ЯАРАЛТАЙ ХИЙГЭЭЧ ЭЭ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188