• Өнөөдөр 2024-05-05

Амрыг эрье, амбаараа шалгуул!

2022-01-25,   1537

        Айлын амбаараас “атга” түүхий нүүрс, автомашины хуучин дугуй сэлт олчихвол агаарын бохирдлын гол буруутан болгож зарлачих гээд төрийн цагдаа нар маань тамираа барж байна аа. Толгой, тагалцаг тогоондоо хийчихээд “түргэхэн буцлаасай” гэж хүлээж суусан эр тэсгэл алдаад ороолтоо түлж, хар утаа олгойдуулсан “ноцтой” хэрэг саяхан гарсан. Яг тэр үед нь, бүр яг тэр гудамжинд нь төрийн том том дарга нар явж таараад, олгойдсон хар утааг олж хармагцаа давхиж ороод “Аа чи ард түмнийхээ эсрэг дайсагнаж, агаарын бохирдол үүсгэж байна уу” хэмээн зад загнаж, таслан зогсоосон билээ. Даанч дарга нар өөрсдөө айл айлаар орж, амбаар савыг нь нэгжээд, гутал, ороолтоо шатааж, гамшиг тарьж байгааг нь илрүүлээд байх нь ард түмэнд таалагдаагүй. Тэгтэл төр маань тэр даруйд аргаа өөрчлөөд, төрийн цагдаагаа явуулж эхэлсэн нь энэ ажээ. 
 
Амар тайван амьдралын төлөө уриатай цагдаагийн байгууллага айлын амбаар сав шалгадаг ажилтай ч болчих гэж. Хулгай зэлгээ, хүчин, хүн амины хэрэг, дээрэм тонуул, танхай мэтийн хэргүүд ч яамай, амбаартаа түүхий нүүрс, автомашины хуучин дугуй нуусан айлыг илрүүлэх нь төрийн цагдаа нарын гол ажил болно чинээ хэн санах вэ. Төв талбай дээр зуух тэврээд зугтаж үзэгддэг, ноорхой дээвэр булаалдаж харагддаг, сонгуулийн үеэр саналын хайрцагтай тэвэрсэн хүнтэй хөөцөлддөг, төр ер нь тангараг өргөсөн цагдаа нараа нохойд барьдаг мод, тугалд барьдаг шилбүүр болгосоор тарамдаж дууслаа. 
       Уг нь Ерөнхий сайд маань тосгоны галч байж үзсэн, утаа, тортог яавал гардгийг гарцаагүй сайн мэдэх л хүмүүсийн нэг. Хамар хашаанд нь хаяа залгаж өссөн Хууль зүй, дотоод хэргийн сайд маань ч айл айлын амбаарыг төрийн цагдаагаар нэгжүүллээ гээд айлын яндангаас олгойдох утаа алга болохгүйг мэдэх л ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайд маань харин барилгын манаач ч бүлээцэхийн тулд гал түлдгийг, бенз, приүс ялгаагүй яндангаас нь утаа савсдагийг сая мэдэж байгаа бололтой юм билээ. Тиймдээ ч тэр үү, Улаанбаатарын утаа утгаа алдаад байгаа шалтгааныг ухаж ойлгоцгоохгүй байна. Ухаж ядах юмгүй л дээ, уг нь их энгийн. Хавар галлагаа зогсохтой зэрэг “Таван толгой түлш”-ийнхэн тайвшраад, ард түмэнтэйгээ хамт зунжин амарч, аялж зугаалж, ажлаа цалгардуулчихаад намар гэнэт ухаан орж, нойтон нүүрс машин машинаар нь татаж, тэс хөлдүү шахмал түлш үйлдвэрлэж тарааснаа төр ерөөсөө ойлгохгүй, хүлээх зөвшөөрөхийг хүсэхгүй байх шиг. Ус дуслах нь холгүй чийгтэй түлш нь уугьж, утаа май тавиад байгааг улс даяараа л мэдээд байхад төр засгийнхан л харин “тийм байх ёсгүй” гэж зүтгээд байдаг. Тэгээд л "Төр, түлш хоёрт ямар ч буруу байхгүй, түмпэн түмпэнгээр түүхий нүүрс түлээд байгаагаас болж л Улаанбаатарын утаа ихэссэн" гэж түмнээ хардах. Сүүлдээ төрийн цагдаагаа жагсаалаар нь гаргаад, гудамж бүрийг самнуулан, айл айлын хаалга нүдүүлээд, амбаар савыг нь нэгжүүлээд эхэллээ. 
         Бодоод байхад инээдтэй ч юм шиг, эгдүү ч хүрэх шиг. Ойр хавь, орц хонгил, гудамж талбайгаар хэн, ямар зорилготой эргэлдээд байгааг илрүүлэн мэдээлэх даалгавартай олон нийтийн цагдаа гэж байдаг даа. Тэтгэвэртээ суусан голдуу ахмадууд баруун бугуйндаа улаан бүч зүүчихээд айл айлын хаалга чагнахын наагуур явдаг. Гэхдээ тэднийг шүүмжлэх гэсэн юм биш шүү. Тэд ингэж эргүүлдсэнээрээ гэмт хэрэгтэн, гаж донтнуудыг илрүүлж, гэртээ нөхрийнхөө гарын шүүс болохоо шахаж байсан хөөрхий эмэгтэйг аварсан сайн жишээнүүд олон бий. Тэгвэл одоо айл айлын амбаар сав, нохойн байрыг нь нэгжиж явдаг “нүүрсний цагдаа” гээд гаргачихвал болмоор санагдаад. Хэрвээ тэгж тусгайлан түүхий нүүрс л шалгах үүрэгтэй цагдаа гаргадаггүй юм бол хэв журмын цагдаа нарыгаа айл айл хэсүүлээд, амбаар сав ухуулаад байх зохимжгүй л дээ. Тэгээд ч хувь хүний эзэмшилд хэн хүссэн нь давхиж ороод, аж амьдралыг нь нэгд нэгэнгүй үзэж харж, зураг хөрөг дараад яваад байх нь хуульдаа ч харш юм. Наанадаж л прокурорын зөвшөөрлөө үзүүлж, зохих бичиг баримтаа шалгуулж байж зөвхөн нүүрс хадгалж байж болзошгүй гэж үзсэн нөхцөлд шалгахаас биш зүү хайж байгаа мэт хөнжил гудасыг нь сөхөхөөс наагуур шалгаад байж огт болохгүй. Тиймээс төрийн цагдаа нараар айл айлын амбаар сав нэгжүүлж, ард түмэнд нүд үзүүрлүүлэх энэ явуургүй ажлаа болих хэрэгтэй. Сайжруулсан нэртэй шахмал түлш чинь муужруулсан түлш болчихсон, утаа угаарын углуурга шалтгааныг ухаад ухаад ердөө энэ. Айлын амбаараас юу ч хайгаад нэмэргүй. 
 
Эцэст нь нэмж хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Улаанбаатарын утаатай тэмцэх учраа нэг л олохгүй л байна. Урдах Н.Уртнасан сайд нь “Утаа их гаргаж байгаа айлуудыг дроноор олж илрүүлнэ” гэж ам алдаж буруутаад сайдын сэнтийгээсээ огцорсон. Орыг нь залгасан Б.Бат-Эрдэнэ сайд ч олигтой шийдэл гаргахгүй нь бололтой. Түүнийхээр бол барилгын хашааны манаач нар, машинаа удаан нормалдсан жолооч нар, амбаартаа түүхий нүүрс хадгалсан айлууд л агаарын бохирдлын гол буруутнууд болж таарч байх шиг байна. Төдөлгүй тамхи татдаг иргэд Улаанбаатарын утааг нэмж байна гэж хэлээд унах нүхээ өөрөө ухахгүй л байгаасай билээ. 
 
 

Амрыг эрье, амбаараа шалгуул!
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-25 20:22:52
    Х: Оройн мэнд охиноо шалгуул
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188