• Өнөөдөр 2024-04-19

Яам дамжсан "Явуулын хүмүүс"-ээсээ салахгүй цагт төрийн ажил урагшлахгүй шүү, Ерөнхий сайд аа

2022-01-20,   626

       Жич: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, сайд нарыг сольж эхлэв. Энэ томилгоо цаашид ч үргэлжилнэ гэх. Тэгвэл яамныхан дунд "Явуулын хүмүүс" гэх нэршил гарч, мэргэжлийн бус дэд сайд, сайдын зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга нарыг шүүмжлэх хандлага гарч эхэлснийг Ерөнхий сайдад уламжилж байна.


         Яамныхан дунд “Явуулын хүмүүс” гэх сонирхолтой нэршил байдаг юм байна. Хэд гурваараа нийлж хов базахдаа, хошигнохдоо хэрэглэдэг хоч гэх үү дээ.  Яамныхан “Явуулын хүмүүс” гэж яг хэнийгээ хэлээд байгаа юм гэхээр, дэд сайд, сайдын зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга гурвыгаа ийн хочилдог юм байна. Мэдээж, нүүрэн дээр нь ил биш, нүднээс нь далдуур ийн жиг жуг гэцгээдэг хэрэг. Бодоод үзэхэд, бүр яг оноод нэрлэчихжээ гэмээр. Шинэ сайд томилогдоход энэ гурван албан тушаалд заавал шинэ хүмүүс ирдэг, шинээр ирсэн тэр хүмүүс нь ихэвчлэн өмнө нь өөр аль нэг яаманд дэд сайд, зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга аль эсвэл газар, хэлтсийн дарга байсан хүмүүс байдаг, сайд нь сэнтийгээсээ буувал дагаад энэ гурван албан тушаалтан хамгийн түрүүнд буудаг учраас “Явуулын хүмүүс” гэх нэршил нь яг онодог ажээ. Явж л байдаг, ирж л байдаг дэд сайд, сайдын зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга нараас яамныхан үнэндээ залхчихсан. Нэг яаманд 20 жил ажиллахад 20 дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын нүүр үзэхээс наахнуур.  Ямар сайндаа л “Явуулын хүн” гэх нэршил гаргах вэ дээ. 
 
“Явуулын хүмүүс” гэх нэршил бол яг үнэндээ яамныхан өөрсдөө ялзарсан тогтолцоог шүүмжилж байгаагийн нэг жишээ. Аль нэг яаманд яг мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн дээшээ дэвших хэцүү, бараг л боломжгүй гэдгийг бүгд л мэддэг. Дээшлээд л яамныхаа газар, хэлтийн дарга л болно. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй яамны удирдах албан тушаалд тэс өөр мэргэжилтэй, томчуудын томилгооны хүмүүс л ороод ирдэг. Шинэ сайд нь ёс юм биш багаа бүрдүүлж байгаа нэрээр намаараа дамжуулж, яам яам дамжсан нөхдийг дэд сайд, Төрийн нарийн бичгээрээ дэргэдээ авчирна, хөөрхий яамныхан харин ярвагар, яршигтай зантай хүн л битгий ирээсэй гэж залбирцгаахаас өөрийг чадахгүй. Өнөөх “Явуулын хүмүүс” нь тухайн салбараа мэдэхгүй, ойлгохгүй, сайдынхаа булхайг нуух үндсэн зориулалттайгаар суудал бөглөж байгаад дараагийн томилгоондоо явна. Бодит байдал л энэ.

Уг нь барилгын салбарын химийн технологич, соёлын салбарыг санхүүч, байгаль орчны салбарыг түүхч, орчуулагч, зам, тээврийн салбарыг вагоны ачигч удирдаж байгаа нь энэ нөхцөлд ядаж дэд сайд, эсвэл зөвлөх нь мэргэжлийн хүн байвал яамныхан тэднийг “Явуулын хүн” гэж ил, далд шүүмжлээд байхгүй л дээ. Гэтэл дэд сайд нь ч, Төрийн нарийн бичгийн дарга нь ч, сайдын зөвлөх нь ч мэргэжлийн бус хүмүүс байдагт яамны яг үндсэн хүмүүс нь бачимдаж, багтрахдаа “Явуулын хүн” хэмээн хочилдог хэрэг. 

        Өчигдрийн томилгоонуудаар жишээ авч үзье. Цөөн хэдэн хүнээр жишээ авахад, МХЕГ-ын даргаас ШӨХТГ-ын даргаар сэлгэн томилогдож буй Т.Гантулга гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Анхны мэргэжил нь түүх, нийгмийн багш атлаа гурван яам дамжаад Төрийн нарийн бичиг, дэд сайдаар ажилласан байх жишээтэй. 
 
Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилогдсон С.Наранцогт гэхэд Хөдөлмөрийн яамны Санхүү, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон. Одоо Эдийн засаг, хөгжлийн дэд сайд гэхээр мөн л гурав дахь яамаа дамжиж байна. БОАЖ-ын дэд сайдаар томилогдсон Г.Түвдэндоржийн хувьд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан гэхээр хоёр дахь яамаа дамжиж байна. Нас залуу түүний хувьд цаашид хэдэн яам дамжих зай бий биз. МХЕГ-ын даргаар томилогдсон Б.Баасандорж гэхэд л Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүнээс өмнө УИХ-ын Тамгын газарт туслах, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, УБЕГ-ын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан гэхээр мөн л дөрвөн газар сэлгэн томилогдож байна. 
 
         Энэ мэтээр яам дамжин ямар нэг албан тушаалд очдог “Явуулын хүмүүс”-ийн бүхэл бүтэн арми бий болчихлоо. Тэд хамгийн багадаа хоёр их дээд сургуулийн дипломтой, хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг гэх нийтлэг намтартай. Тэгээд л энэ цагийн эгэлгүй боловсон хүчнүүд аятай албан тушаалд дамжин томилогдоод, дэд сайд, зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газар хэлтсийн дарга болж томилогдоод байдаг. Яг үнэндээ “Явуулын хүмүүс” -ээсээ салаагүй нөхцөлд аль ч яамны ажил урагшлахгүй. Дэд сайд гэх албан тушаал шахааны ч гэх үү, шагналын ч гэх үү, шаггүй эрх мэдэлтэй атлаа шалихгүй нэр хүндтэй албан тушаал болчихлоо. Уг нь төрийн бүтэц данхар байгаагийн тэргүүн шугамд дэд сайд нарыг жагсаадаг боловч салбараа бүхэлд нь сайд ганцаараа удирдахад учир дутагдалтай гэдэг шалтгаанаар дэд сайдыг орон тоог хасдаггүй. Сайдынхаа хийж чадаагүйг хийдэг, салбараа сайдын зангаргатай удирддаг дэд сайдыг аль тэр гэх вэ. Гэхдээ л үнэн хэрэгтээ сайдынхаа очиж амжихгүй уулзалтад очиж, сайдынхаа хайчилж амжихгүй туузыг хайчлах төдий үүрэгтэй дэд сайд нар захын яамаар ороход л сууж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга гэх сонсоход л сүрдэм, төрийг яаманд төлөөлөх эл албан тушаал үнэндээ төрийн гэхээсээ төрлийн, танил талын, талархлын албан тушаал болоод удаж байна. Тухайн яамны төсөв, тендер цөм Төрийн нарийн бичгийн ширээгээр дамждаг учраас энэ албан тушаалд заавал тухайн яамны сайдын өөрийнх нь хүн, эсвэл намын томилгоотой хүн л очдог болчихсон. Сайдын зөвлөх гэх сэтэртэй нөхдийн хувьд сайдаасаа өөр хэн ч захирагдахгүй, саарал ордон хавиар л эргэлдэж явдаг, сайддаа чухам юу зөвлөдөг нь тодорхойгүй, чухамдаа салбарынхаа асуудалд огт санаа чилээдэггүй хүмүүс байх нь элбэг. Чухамдаа дэд сайд, сайдын зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга гэх сэтэртнүүд яамныхаа ажилд яг л явуулын хүний хандлагаар хандаж байна. Тиймээс танхимаа тогтвортой байлгаж, төрийн ажлыг урашлуулъя гэвэл яам дамжсан "Явуулын хүмүүс"-ийг ялгаж салгаж томилох хэрэгтэй байна, Ерөнхий сайд аа. 
 

Яам дамжсан "Явуулын хүмүүс"-ээсээ салахгүй цагт төрийн ажил урагшлахгүй шүү, Ерөнхий сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-20 19:51:31
    Тайжийн удам: Зөв бна. Барьцаатай Ерөнхий сайд хэзээ ч ярьж хэлсэндээ хүрэх боломжгүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188