• Өнөөдөр 2024-05-08

МАН УТААНД ЯЛАГДЛАА

2022-01-18,   593

         МАН үнэнд гүйцэгдэж, утаанд ялагдлаа. МАН-ын улстөрчид “Утаа буурсан” гэж мянгантаа мэлзэж, түмэнтээ толгой угаасан ч утаа буураагүйг ард түмэнд нүдээрээ харж, уушгиараа мэдэрч байна. 
        "Утаатай тэмцэж байна, утаа буурлаа" гэж улс түмнээр нь хуурсан түүхийг эхнээс нь ярьж өгье. У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сард сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр гаргаж, тавдугаар сард нь “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, мөн оныхоо арваннэгдүгээр сард 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг нээж байв. Улмаар 2019 оны тавдугаар сараас түүхий  нүүрсний хэрэглээг таслан зогсоож, улаан шуудайтай сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын айлуудыг хангаж, утаатай “тэмцэж” эхэлсэн байдаг. Үр дүнд нь 2019-2020 оны өвөл Улаанбаатарын утаа мэдэгдэхүйц буурч, У.Хүрэлсүхийн Засгийн газар “20 орчим жил хэний ч гаргаагүй зоримог, ухаалаг шийдэл гаргалаа” гэж ард түмнээр өөрсдөдөө алга ташуулсан. Өглөө босоход л өтгөн хөшиг татаж байдаг асан утаа сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр сиймийж эхэлсэн учраас ард түмэн ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт, цаашлаад МАН-д итгэсэн. Эргэн сануулахад, 2020 оны сонгуулиар Ж.Батбаясгалан “Улаанбаатарын утаа буурсан гэдгийг уушги батална. Уушги худлаа хэлдэггүй юм аа” хэмээн попорч, М.Оюунчимэг “Хэлэх үгтэй, хийсэн ажилтай, утааг бууруулсан гавьяатайгаар сонгогч та нар дээрээ буцаж ирлээ” хэмээн онгирч, У.Хүрэлсүх “Та бүхний бидэнд өгсөн итгэлийг утаа бууруулсан зүтгэлээр хариулж байна” хэмээн уухайлуулж, Л.Оюун-Эрдэнэ “Утаа 50 хувь буурсан нь эргэлзээгүй” хэмээн баталж асан нь бичлэгтэйгээ бий. Ингээд 2020 оны сонгуулиар тэдэнд улаан шуудайтай нүүрснийх нь хариуд улсаараа итгэл үзүүлж, олонхоороо санал өгч сонгосон. Угсраад Ерөнхийлөгчийн сонгууль болоход ч У.Хүрэлсүх утаа бууруулсан гэх “гавьяа”-гаа ярьсаар байсан учраас улсаараа дахиад л түүнийг сонгосон. 
         МАН ийнхүү “Утаа буурсан” гэж итгүүлсээр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн суудлын авч, бүх шатанд ноёрхлоо тогтоож чадсан. Гэтэл энэ өвөл өнөөх гайхал утаа Улаанбаатарыг дахин бүчиж авах нь тэр. Хэдхэн жилийн өмнөх буюу "Утаа уушгины хатгалгааны гол эх үүсвэр болж байна”, “Утаа жилд 1000 ургийн амийг авч байна”, “Утаанаас болж таван алхмын цаадах зам харагдахгүй байна” гэх гарчигтай сурвалжилгуудаар сонин, сайтын эхний нүүр дүүрч, телевизийн мэдээ эхэлдэг, түгшүүрийн дохио хангинадаг асан тэр айхтар цаг үе дахиад ноёлох нь гэж ард түмэн айж байна. Уушгины хатгалгаагаар хүүхдээ алдсан эцэг, эхчүүдийн уй гашууны шалтгаан, улстөрчдийн попролын яндашгүй өгөгдөл, хэн нэгэн эрх мэдэлтний халаасаа түнтийлгэх ундарга болсон тэр л утаа эргэн ирлээ гэж эмээж байна. 
       У.Хүрэлсүхийн Засгийн газар, угсаа залгамжилсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын аль алинд ард түмэн хууртагдчихсан юм байна. Тэд утааг бууруулаагүй, төрийн эрх мэдлийг авахын тулд түр зуур л, хүчээр торгоож, тогтоож байсан юм байна. Сайжруулсан шахмал түлш үнэндээ сааралтсан утааг бууруулах шийдэл биш, хоёр дахь шуудайнаасаа эхлээд л хорт утаа ялгаруулдаг, зуурч, барьцалдуулсан төдий түүхий нүүрс л юм байна гэдгийг сая нэг ухаарав. МАН ч утаанд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, утаатай тэмцэж чадаагүй шалтгаанаар Н.Уртнасан тэргүүтэй сайд, дэд сайд, төрийн нарийн бичиг нараараа “туг тахиж” эхэллээ. Утаа МАН-ын мандах шалтгаан болж чадсан шигээ унах, уруудах шалтгаан нь ч болж чадахаа мэдрүүлж байгаа нь энэ.
 
Угтаа утаа бол уушгитай хүнд бүхэнд хамаатай асуудал. Д.Сарангэрэлийн “Түгжрэл төрийн түшээ байна уу, дарга байна уу, ялгадаггүй юм байна” гэдэгтэй агаар нэг буюу амьсгалж байгаа хүн бүрд утаа хамаатай. Яах вэ, "Утаа бууруулсан" гэх гавьяаг өөртөө наагаад төрийн тэргүүн болмогцоо таг чиг болчихсон У.Хүрэлсүхэд хамаагүй болсон байж болно. Гэхдээ яаж шийдэх, ямар гарц гаргалгаа олох нь энэ цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хамаарах болчихоод байгаа юм. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн утаатай хийх тэмцэл эхнээсээ л урагшгүйтэж байна. “Утааны асуудлыг шийд” гэж танхимынхаа хоёр сайдад долоо хоногийн үүрэг өгөөд, өнөөх хоёр сайд нь дрон яриад эхэлмэгц ажлаас нь чөлөөлчихлөө. Улаанбаатарын утаа бол Н.Уртнасан гэдэг ганц сайд чөлөөлөгдсөнөөр, "Долоо хоногийн дотор шийд" гэж үүрэгдсэнээрээ шийдэгдчихдэг ч асуудал биш. Харин ч эсрэгээрээ “Утаатай тэмцэхийн оронд Уртаа сайдтайгаа тэмцлээ" гэх шүүмжлэл дагуулж, Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь "жижигхэн" харагдуулж эхэллээ. Ядахад, У.Хүрэлсүх углааш, халадтай хөхүүл эмэгтэйг өрөвдсөн дүр үзүүлж, хариуцлага алдсан Шадар сайд Я.Содбаатарыгаа "Галын шугам дунд ганц хүнээ хаяад явах хүн би биш, би бол дайчин нөхрөө орхидоггүй цэрэг" хэмээн өмөөрч, танхимаараа огцорсноос болоод төрд нэг жишиг тогтож, ард түмэн төр засгаас тэр жишгийг хүлээгээд байдаг болчихсон. Углааштай эмэгтэйн асуудал, утаа нэмэгдсэн асуудлыг харьцуулбал тэнгэр газар шиг буюу У.Хүрэлсүхийн тогтоосон жишгээр бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын огцрох шалтгаан хэдийнэ бүрдчихсэн. Гэхдээ ард түмэн аль болох тайван байж, "Засгийн газар огцор" гэж шахаж шаардахгүйгээр, шахмал түлшнийхээ чанарыг сайжруулаад, цаашдаа өөр арга зам ол л гэж хүлээж байгаа. Энэ Засгийн газарт хайртайдаа биш, харин төрийн тогтвортой байдлыг бодсондоо л тэр. Гэтэл мань Л.Оюун-Эрдэнэ утааны асуудлыг ул суурьтай шийдэх байтугай, Н.Уртнасан гэх ганц сайдаа сугалж явуулаад, ард нь өөрөө амиа бодоод үлдчихсэн нь ард түмэнд таалагдсангүй. Энэ нь "Н.Уртнасанг явуулахгүй ёсгүй байсан юм" гэж өмөөрч байгаа хэрэг огт биш бөгөөд утааны асуудалд хариуцлага хүлээлгэх, огцруулах дээрээ тулбал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар танхимаараа огцрох ёстой байсныг л хэлээд байгаа юм. 
 

МАН УТААНД ЯЛАГДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 15:28:19
    зочин: оорсноо адил утаанд хордож нэг юм болоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 15:28:19
    зочин: оорсноо адил утаанд хордож нэг юм болоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 15:28:19
    зочин: оорсноо адил утаанд хордож нэг юм болоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 15:28:18
    зочин: оорсноо адил утаанд хордож нэг юм болоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 13:06:32
    zochin: chorlogchid odoo zailj dald or!!!, utaa gej jaal show chiij iim ondorlogt chursen. Ur dun utaa ,utaa bas utaand chordoj suirdeg. Odoo bolloo tegeed zailchgaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 11:39:38
    зочин: утаа хараад зарим нь БАЯРЛАСАН ХЭРЭЭ БАРХИРАВ гэгч болох юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188