• Өнөөдөр 2024-05-19

Ардын намын зөвлөх Ардчилсан намыг даргалах уу

2022-01-07,   1071

         Он гарсаар “Х.Баттулга эргэн ирлээ”, “Ардчилсан нам Х.Баттулгын атганд орлоо, тэр авчихлаа” гэж ил далдаар зарлах болов. Ингэж зарлах шалтгаан нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Д.Ганбат ба бусад гэж хоёр хуваагдсан явдал. Нэгэн цагт Х.Баттулгын хүн гэх хаягтай, хамт нэр дэвшиж явсан Д.Ганбат С.Эрдэнийн талд нэгдсэн. Харин О.Цогтгэрэл, Ц.Туваан тэргүүтэй бусад нь Х.Баттулгын талд байр сууриа нэгтгэсэн. Ингэснээр Ардчилсан намын дийлэнх жин Х.Баттулгын тал руу хэлбийж, дээр нь Дээд шүүхийн шийдвэр тэдний талд гарснаар “Х.Баттулга эргэн ирлээ” гэж зарлах үндсэн шалтгаан бий болж байгаа хэрэг. 
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрөгч даваа гарагт “Улсын дээд шүүх арванхоёрдугаар сарын 20-нд хуралдаж шийдвэрээ гарсан. Улмаар арванхоёрдугаар сарын 31-нд 11 хуудас тогтоолыг бидэнд гардуулсан. Энэ тогтоолоор арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг хүчин төгөлдөр гэдгийг баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл даргын асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа боловч бидний талд байгаа АН-ын Үндэсний бодлогын хороог хууль ёсны гэж үзсэн нь дараа дараагийн үйл ажиллагааг явуулах гарц гаргалгаа нээгдэж байна. Мөн аравдугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан болж, бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулсан. Олонхоороо гаргасан энэ шийдвэрт Д.Ганбат гишүүн хүндэтгэлтэй хандана гэж итгэж байгаа. Шийдвэрийг УИХ-д өргөн барьсан, УИХ-ын дарга нийтэд зарлана гэж итгэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа” гэж мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “АН нэг талдаа байгаа гэдгийг Улсын дээд шүүх хүлээн зөвшөөрлөө. АН хоёр хуваагдсан юм шиг ойлголт өгөхийн тулд МАН-ын явуулгатай нөхөд мөнгөний улс төр хийсэн. Энэ жүжгийг одоо илчилнэ. Одоо бидэнд жижиг асуудлууд л үлдсэн” гэж хачирласан. 
 
Ийнхүү УИХ дахь АН-ын бүлгийн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүд нэгдмэл байр суурьтай буюу Х.Баттулгын талд буцалтгүйгээр гарснаа илэрхийлчихлээ. Тэд цөм Х.Баттулгатай холбоо, хамааралтай хүмүүс. Өнгөрсөн хавар тэднийг төв талбайд өлсгөлөн зарлаж байх үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга төрийн ордны зүүн жигүүрээс бууж, очиж уулзангаа тоо бүртгэл хийж байсан. Тэр үед Х.Баттулга тэдний ард байгаа нь тодорхой болж байлаа. Харин одоо албажиж байгаа нь энэ. 
 
          Тэгвэл Ардчилсан нам Х.Баттулгын атганд ингээд орчихлоо гэж бодъё. Цаашид Ардчилсан намын хувь заяа хаашаа эргэх вэ. Төсөөллөөр бол, эхний ээлжид О.Цогтгэрэлийг намын дарга, Ц.Тувааныг бүлгийн дарга болгох замаар Х.Баттулга Ардчилсан намд байр сууриа бэхжүүлнэ.  Үүнээс цааш яах вэ гэдэг л чухал. Бүтэн жил үргэлжилсэн талцал хуваагдал, хэрүүл шуугианы дараа Ардчилсан нам амь голтой л үлдээд байна. Намаа ялагдуулсан хүргэсэн гэмээ үүрч, хариуцлага хүлээх нэрээр явж одсон С.Эрдэнэ Ардчилсан намыг Ардын намд “тушаах” даалгавартай буцаж ирсэн. Хэдий ялагдал хүлээж, хүч нь суларсан байсан ч нэгэн цагт улс төрийн хоёрдогч хүчин гэгдэж, төр удирдаж, түмэн олныг тэр чигт нь цэнхэртүүлж явсан Ардчилсан намыг Ардын намд тушаах амаргүй байсан нь мэдээж. Тиймдээ ч “Тамга бол минийх, Улсын бүртгэл дээр миний нэр байгаа” гэж дөргүй бух шиг зөрүүдэлж зүтгэсэн. Ингэхдээ Ц.Тувааны буюу Х.Баттулгын талынхан эсэргүүцнэ, эсэргүүцлээр нь далимдуулж, намаа хагалах замаар хүчийг нь тарамдаж, сульдуулна, дараа нь Ардын намд тушаахад хялбар болно гэж С.Эрдэнэ тооцсон. Түүний тооцоо, төлөвлөгөөний дагуу бүх процесс өрнөсөн. Харин одоо С.Эрдэнэ Ардын намд хэрэггүй буюу гүйцэтгэх ёстой, гар барьсан тохиролцоо нь дууссан гэсэн үг. Эцэст нь Ардчилсан нам амьтай, голтой төдий Х.Баттулгад ирж байгаа нь энэ. Харин Х.Баттулга Ардчилсан намыг хааш нь чиглүүлэх вэ гэдэг л одоогийн байдлаар хамгийн сүүлийн асуулт болж байна. 

Харамсалтай нь, С.Эрдэнийн савраас салж, Х.Баттулгын атганд орсон ч Ардчилсан намын хувь заяа сайнаар эргэхгүй, сэргэн мандахгүй дүр зураг харагдаж байна. Ингэж төсөөлөх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, Х.Баттулга одоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэгэхээр Ардын намын даргад зөвлөж байгаа хүн Ардчилсан намыг удирдах нь ээ гэсэн үг. Ийм нөхцөлд Ардчилсан нам Ардын намын хараанаас гарахгүй гэсэн үг л дээ.  Уг нь Х.Баттулгыг МАН-тай гал, ус мэт харш гэж тооцоолж байсан ч Төрийн тэргүүний сэнтийгээс буумагцаа түүнд зөвлөж эхэлсэн. Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэд ямар нэг нууц, эсвэл сул талаараа “барьцаалагдсан”, эсвэл “барьцаалагдсан” мэт байдлаар аюулгүй хорогдож байгаа гэх яриа ч бий. Аль нь ч байлаа, МАН-ын бодлогыг тодорхойлж, хувь заяаг нь хариуцах болсон Л.Оюун-Эрдэнийн хувьд Х.Баттулгыг дэргэдээсээ тавьж явуулаад, Ардчилсан намыг дахин “амилуулаасай” гэж хүсэхгүй нь тодорхой. Ингэж харвал Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийн хараа, “халаас”-наас мөд гарахгүй. Х.Баттулга Л.Оюун-Эрдэнээс холдохгүй бол Ардчилсан нам ч Ардын намаас холдохгүй гэсэн үг. 

       Нэмээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн МАН доторх нөлөөлөл буураагүй хэвээр байгаа. Нэгэн цагт “32”-ын бүлгийг толгойлж явсан түүний “цэргүүд” энэ парламентад олон бий. Төрийн тэргүүн болж, төрөлх намаасаа “хагацах” үүрэг хүлээсэн ч тэр явахыг хүсэхгүй байгаа. Хэрэв явчихвал тэр хүчгүй, сул дорой, нэр төдий Төрийн тэргүүн л болж үлдэнэ. Тэгэхээр МАН-ын хувь заяа У.Хүрэлсүхэд ч мөн хамааралтай гэсэн үг. Энэ утгаараа Х.Баттулга Ардчилсан намыг авч, МАН-ын эсрэг дахин өрсөлдөгч болоосой гэж У.Хүрэлсүх хүсэхгүй. Хүсэхгүй учраас Х.Баттулгыг Ерөнхий сайд байхдаа дарж байсан шигээ цаашид ч дарна. Дарах аргаа тэр хэнээс ч илүү мэднэ. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Х.Баттулгатай хамтраад байгаа мэт атлаа хамгийн их ганцаардуулж, гацааж байлаа шүү дээ. У.Хүрэлсүхийн өөдөөс улс төрийн ямар ч нүүдэл хийж чадахгүй байсаар, адагт нь “Чамайг арай ч ингэнэ гэж бодсонгүй” гэснээр тэдний хоршил төгссөн байдаг. 

Ингээд харвал, “Х.Баттулга Ардчилсан намыг авлаа” гэдэг нь “Ардчилсан нам ахиад амилах нь” гэдэг утгыг илэрхийлж чадахгүй нь ээ гэсэн үг болж таарч байна. Ардын нам Ардчилсан намын хувь заяагаар тоглож дуусах нь дээ. 

 

Ардын намын зөвлөх Ардчилсан намыг даргалах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-11 00:11:37
    АН-ын анхдагч: Цоорхой хоосон Битон Ганбат, С.Эрдэнэ нараас л АН-ыг салгаж авах нь маш чухал.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-10 17:07:53
    789: ЕС Баттулгын барьцаанд байх нээнтэгтэй юм б а. Цаашилбал Ерөнхийлөгч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 13:08:46
    О: Ерөөсөө л Үүлийг цааш нь харуулсан шалтгаан энэ шүү дээ Жанхуу л захиалсан юм байна л даа Оюук яахав сайн ахын хүсэлтийн дагуу л ардчилалын сүүлчийн ганц найдвар байсан Үүлийг шоронд хийсэн шүү дээ бузар лаларууд хэзээ нэгэн цагт хүртэх ёстойгоо хүртэнэ дээ та нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 09:48:52
    Hha: Hahah zayagaaraa togluulj bval yostoi zaya chin terdee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188