• Өнөөдөр 2024-05-18

Саарал утаа, цар тахал хоёрын аль ч буурсангүй, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө

2021-12-30,   748

          Утааг бууруулсан, цар тахалтай тэмцсэн гавьяагаараа Ерөнхийлөгч болж мандсан У.Хүрэлсүхийн зэс цухуйж эхэллээ. Сааралтсан утаа Улаанбаатарыг дахин нөмөрч, цар тахлын тоо өдрөөс өдөрт өссөөр. Гэтэл цар тахалтай тэмцсэн, утааг бууруулсан бүх гавьяаг өөртөө наасан У.Хүрэлсүх таг чиг. 

Утаа ба У.Хүрэлсүх

 
         Улаанбаатарын утааг арилгасан гавьяатнаа тахин шүтээд, төрийн тэргүүнээрээ залчихаад сууж байтал утаа эргээд ирлээ. Уушги утаагаар хахаж цацаж, урдах зам харагдахгүй “униартаж” байна. Улаанбаатарчууд халдварт тахлаас айж нэгийг, хорт утаанаас айж нэгийг, хоёр амны хаалттай өвлийг туулах хэрэгтэй болох нь.  Хорт утааг бууруулах хоёрхон өвлийн настай шийдэл гаргасан У.Хүрэлсүхэд гомдох уу, утааг буурууллаа гэхэд нь баярлаж, хууртаад улсын тэргүүнээрээ залчихсан өөрсдөдөө гомдох уу. 
 
Утааг бууруулах У.Хүрэлсүхийн агуу төлөвлөгөө урт настай байгаагүй нь илчлэгдлээ. Улаанбаатар хот дахиад л утаан дунд сүүмэлцэж эхэлмэгц У.Хүрэлсүхийг янз бүрээр л хамгаалж байх шиг. Ингэхдээ сайжруулсан түлшинд огт хир халдаахгүй, харин ч иргэд рүү, байгаль цаг агаар луу бүх бурууг чихэж байх аж. Тухайлбал, хотын дарга Д.Сумъяабазар  “Энэ утаа арай л байна аа. Өчигдөр орой 01:00 цагт нэлээд өндөр дээрээс харлаа. Ер нь бол битүү байна, өмхий үнэртэй байна. Энэ юунаас болоод байгаа юм бэ. Надад ирсэн мэдээллээр хүйтрээд эхлэхээр хотын ядуу, орлогогүй иргэд дугуй, хамер шатааж байна гэсэн. Түлш нь байгаад байдаг гэтэл авч чадахгүй. Сүүлийн 10 хоногт утаа бүр илт нэмэгдлээ. Гадаа агаарт гараад алхаад үзээрэй. Өмхий утаа. Энэ бол сайжруулсан түлшний утаа биш. Хамер болон бусад хог шатаасны утаа гэж би хардаж байна” хэмээн иргэд рүү бүх бурууг чихжээ. Харин У.Хүрэлсүхийн утаатай тэмцэх урт насгүй төлөвлөгөөг гардан гүйцэтгэж буй “Тавантолгой түлш” компанийн захирал Г.Ганбаатар “Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Нэгдүгээрт, сүүлийн үед салхигүй, манан ихтэй байгаагаас утаа ихэссэн.  Хоёрдугаарт сайжруулсан түлшний үнэ хямд байгаагаас иргэдийн хэрэглээ их байна. Өнгөрсөн жил гэр хорооллын иргэд өдөрт 2500 тонн сайжруулсан түлш хэрэглэдэг байсан бол одоо өдөрт 3500 тонныг хэрэглэж байна. Ингэснээр удаа өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10-15 хувиар нэмэгдсэн гэж тайлбарласан” хэмээн цаг агаар руу бүх бурууг чихжээ. Харин одоо утаа дахиад нэмэгдсэнийг У.Хүрэлсүх юу гэж тайлбарлахыг л сонсох дутуу байна. 
 
Уг нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа утаа л ярьдаг, утаа л бодож сэрдэг байв. Түүхий  нүүрсний хэрэглээг таслан зогсоож, Улаанбаатарын баруун, зүүн захад тус бүр нь 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр барьж, улаан шуудайтай сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын айлуудыг хангаж эхэлсэн. Үр дүнд нь 2019, 2020 оны өвөл Улаанбаатарын утаа мэдэгдэхүйц буурч, “20 орчим жил хэний ч гаргаагүй зоримог, ухаалаг шийдэл гаргалаа” гэж хэн хүнгүй У.Хүрэлсүхэд алга ташиж, Улаанбаатарчуудын уушги ч баярласан, үнэн. Гэвч У.Хүрэлсүхийн утаа бууруулах “аугаа” төлөвлөгөө хэрэгжиж байх зуур угаартаж хэдэн арван хүн унтаагаараа хорвоогоос одсон. Утааг бууруулах төлөвлөгөөг үргэлжлүүлэхийн төлөө угаартаж нас барсан хэдэн арван хүнийг “золиос” хийж, өрхөө бүтээсэн, яндангаа салгасан зэргээр өөрсдийг нь буруутан болгосон. Эцэст нь, “Улаанбаатарын утааг 50 хувь бууруулсан” гэх гавьяаг У.Хүрэлсүхэд өгч, энэ гавьяа МАН-ыг угсраа ялалтад хүргэж, У.Хүрэлсүхийг өөрийг нь Улсын тэргүүн болгосон. Харамсалтай, нь түүний хорт утааг бууруулсан “гавьяат” шийдэл хоёрхон өвлийн “настай” байжээ, хорт утаа эргээд ирлээ. Улсын Ерөнхийлөгч болсон хүнд одоо утаа хамаагүй бололтой, мань гавьяатан маань таг чиг.
 

Цар тахал ба У.Хүрэлсүх

 
         У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Коронавирус бол дайн. Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цар тахлын бүслэлтэд байсан. Хориглон хамгаалах тулалдааныг хийсэн ч харамсалтай нь хориглолт задарлаа. Халдварыг дотооддоо алдлаа. Одоо бид гардан тулалдаанд шилжиж байна. Бид дайтаж байна. Бид үхэх үү, сэхэх үү гэдэг хоёр сонголтын өмнө байна. Сахилга, хариуцлагатай байж чадахгүй л бол, хичээхгүй л бол олон хүнийхээ амь насыг энэ дайнд алдана” гэх сүржин мэдэгдэл хийж, тухайн үед бүх л телевиз, сайт шууд дамжуулж, ард түмэн айдаст автаж байлаа. Түүнийг ингэж “Энэ бол дайн” хэмээн “сүржигнэж” суух үед улсын хэмжээнд 29 хүн л халдвар аваад байлаа. Энэ үед нас барсан, биеийн байдал нь хүнд хүн ч байсангүй. 
 
Гэтэл одоо улсын хэмжээнд 390 мянган хүн цар тахлын халдвар аваад байна. У.Хүрэлсүхийн “Энэ бол дайн. Бид дайтаж байна” гэх мэдэгдлээс хойш дотоодын халдвар даруй 13 дахин нэмэгдчихээд байна гэсэн үг. 29 хүн халдвар аваад байх үед “Энэ бол дайн” гэж байсан атлаа одоо 390 мянган хүн халдвар авч, 1984 хүн цар тахлын халдвараар амьсгал хурааж, 321 мянган хүн хэвтэн эмчлүүлж, тэднээс 23 хүн маш хүнд, 195 хүн хүнд оноштойгоор эмнэлгийн орон дээр тарчилж хэвтэхэд У.Хүрэлсүх таг чиг. Ард түмний амь нас Ерөнхий сайд байхад нь хайран, Ерөнхийлөгч болчихоор нь хамаагүй болчихно гэж байх уу.  Эсвэл Ерөнхийлөгч болчихоод улс орныхоо алс хэтийг хараад, ард түмнээ бодох завгүй яваа хэрэг үү. Хойд хөршдөө айлчиллаа, АНУ-г зорьж НҮБ-ын чуулганд оролцлоо л гэнэ, тэрбум мод тарьж эхэллээ, төрийн шагнал олголоо л гэнэ. Цар тахалд нэрвэгдсэн үндэстнийхээ төлөө чухам юу хийх гээд байна вэ, Ерөнхийлөгчийн хувиар. 
 
Өнөөх “Галын шугаман дунд нөхрөө хаядаггүй” имижтэй асан хурандаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болчихоод ард түмнээ ингэж цар тахал дунд хаячих юм чинээ яаж санах билээ. Бүр үнсэнд хаясан шалз шиг, хөөрхий ард түмэн. Үнэндээ цар тахал дотоодод ингэж хаврын түймэр шиг тархахад У.Хүрэлсүхийн “гавьяа” их бий. Хэрвээ тэр Ерөнхий сайд байхдаа эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бүрэн хангаж чадсан бол, халдвар илэрвэл, тархалт нэмэгдвэл яах тухай төлөвлөгөөтэй байсан бол өдийд халдвар арай цөөн, ядаж л хэдэн айл элэг бүтэн байх байсан ч юм бил үү. Өөрөөр бол цар тахлын гарц хохиролд их бага хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой хүн У.Хүрэлсүх мөн юм л даа. Тиймээс ч цар тахал ингэж гаарч байхад ганц удаа гарч ирээд “Цар тахал бол...” гээд зогсоосой гээд байгаа юм. Гэтэл юун хариуцлага хүлээх, “Чоно борооноор, бадарчин үймээр”гэдгийг үлгэрээр дотоодод халдвар ид тархаж, бужигнах зуур Ерөнхийлөгч болоод мандчихсан. Эргээд харахаар тэр цар тахлын аюул заналхийллээс ард түмнээ үнэнээсээ хамгаалдаг, сэтгэл зовнидог  байгаагүй, харин нэр алдар олох шалтаг, хүссэн сэнтийдээ хүрэх гишгүүр төдий байсан мэт л харагдаж байна. 
 

Саарал утаа, цар тахал хоёрын аль ч буурсангүй, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 18:03:37
    ЖДҮ-: Сайн бичсэн байна шүү, Амжилт ?????????????????????????????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 12:41:07
    Иргэн: Үмхий утаандаа бөглөрөөд мажийх л үлдэж дээ, УБ чуудаа. Шал үмхий утаандаа хордоод байгаагаа анзаарахгүй байна уу??
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 11:04:51
    зочин: utaa kovid 2 ers bagasaad baigaa yum bish uu.yamar nudeer haraad bna
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188