• Өнөөдөр 2024-05-05

Манай хаан хоёр хөршийн хааны дэргэд СУМЫН ЗААН

2021-12-08,   848

          Монгол гэх айлын хаалга нь гаднаасаа түгжээтэй, өрх нь бүтээгээстэй, хаяа нь хүртэл шороогоор манаастай. Харанхуй гэр дотор гурван саяулаа, хөл толгойгүй олохгүй бужигнана. Орон дээгүүр залрагсад нь нэгнээ хаан болгож мандуулаад, өөрсдийгөө түшмэд болгон тахин шүтээд, түүндээ өөрсдөө баясацгаана.  Харин орны хөндийгөөр зулагсад нь өлсөж, өлбөрч, үхэж, үрэгдэж, орон дээрээс ойчсон хатсан талхны үйрмэг, хавирганы толгойгоор өл залгана. Хоолны шүүгээнд нь хэл давуулж, ходоод руу гулгуулах хүнс байхгүй, авдарт нь алт, мөнгө дараастай ч зарах арга байхгүй. Өрхийн тэргүүнүүд нь хоногийн хоолондоо огтхон ч санаа зовохгүй, хаа холын мөрөөдөл ярьж, түүгээрээ хаяагаар зулах хэдийнхээ өлөн гэдсийг цатгана. Хаалга хэзээ онгойхыг, тооноор гэрэл хэзээ тусахыг хэн нь ч хэлж мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй, бүр онгойлгохыг ч хүсэхгүй байгаа нь харамсалтай. Харанхуй гэртээ хаан болж залраад, түшмэл болж мандаад сууж байх нь өөрсдөд нь ашигтай болохоор тэр ч юм уу. Хөөрхий Монголын бодит байдал яг ийм л байна. 
 
“Эрх баригч намын эзэн доторлоо, уурхайн тосгоны хүү улс төрийн ууган хүчнийг удирдахаар боллоо” гэж коммунист маягаар лоозогнож, долоож, долоолгож хоёр өдрийг барлаа. Харанхуй гэрийн хааныг залах ёслол яасан ч сүр жавхлантай болдог юм. Төөргөөр учирсан дүү нь хамгийн хаан болоход төрсөн ах нь тайзны дээр өнгийн гэрэл тусааж, баярын хөгжим нижигнүүлэхэд, нам шүтэгсэд нь түүнд нь огшиж, олиггүй зарим нь нулимс унагаж ч байх шиг. Тооноор тусах наргүй, хаяагаар сэвэлзэх салхигүй, хаалга нь түгжээтэй хар гэрт бид л ингэж баясаж, огшиж чаддаг байх. Халдварт тахлаар хоёр мянган хүн шар модон саванд чандар болж, хоёр зуун мянган ажилчин гудамжинд лааз өшиглөгч болж хувирчихаад байхад бид л ингэж хамрын самсайгаа шархируулан хаан аа залаад зогсож чадах байх. Хүүхдүүд нь боловсролгүй, хөгшид нь цайны сүүгүй, хөдөлмөрийн насны залуучууд нь ажилгүй, орлогогүй сууж байхад бид л удирдагчдаа тахин шүтээд сууж чадах чаддаг юм байна. 
 
         Тэгвэл манай хаан харанхуй гэрт гэрэл тусаах хүн үнэхээр мөн юм уу. Тахин шүтэж, тэнгэрт тултал магтахаасаа өмнө бид бодох ёстой. Цал буурал болтлоо үерхэж, нөхөрлөж ирсэн хоёр хөрш маань цар тахлаар шалтаглан нүүрээ буруулчихлаа. Урд хөрш маань хаалгаа дотроосоо цоожлоод, хатавчаараа шагайн “Буц” гэж ярдаглаад хэдэн сар боллоо. Хаалгыг нь эвтэйхэн тогшоод онгойлгож чаддаггүй юм бол тооноор нь ороод ч хамаагүй онгойлгох чадал энэ хүнд байна уу. Урд хөрш хаалгаа нээхгүй удвал улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, эрчимт эмчилгээний тасаг руу шилжинэ гэдгийг эрт ойлгох ухаан энэ хүнд бий юү. Яриа хэлэлцээр яаралтай хийж, ярвайсан хятадуудыг инээлгэх ухаангүй бол яаж энэ төрийг цаашид удирдах юм бэ. Вакцины гурван тун шахсанаа хэний ч хийж чадахгүйг хийсэн мэт сэтгэж ханаад, хаалттай хилтэйгээ ор мөр мартаад, нам доторх томилгоондоо анхаараад суучихвал юу болохыг төсөөлөхөд ч бэрх байна. 
Дээрээс нь цаг үргэлж онгорхой цэлэлздэг асан Оросын хаалга үе үе тасхийн хаагдах боллоо. Хойд хөрш хаалгаа нам түгжээд, шатахуунаа тасалчихвал нийтээрээ явган таваргаж, цахилгаанаа тасалчихвал нийтээрээ лаа барихад хүрнэ гэдгээ харанхуй гэрийн хаан маань мэдэж байгаа юм болов уу. Уг нь Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Ерөнхий сайдуудыг суулгаж, зөвлөн туслуулж байхаар ахаа сонсдог дүүгийн дүр үзүүлсэн, саяхан. Тэгвэл тэд түүнд Оросын даргын ганц шийдвэр биднийг улсаар нь дундад зуун руу буцаах чадалтайг ойлгуулсан л байлгүй дээ. Сонирхуулахад, 1996 оноос хойш бид 13 Ерөнхий сайдтай байсан. Боловсролыг нь жагсаавал Орос гэж эхлээд Бэрс гэж дуусдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдаас найм нь ОХУ-д сургууль төгссөн бол дөрөв нь дотоодын улсын их сургууль төгсөж, ганц Л.Оюун-Эрдэнэ Бэрс буюу хувийн дээд сургууль дүүргэжээ гэсэн үг л дээ. Төгссөн сургууль эзэмшсэн мэргэжлээр нь ялгаварлаж байгаа юм биш. Хойд хөршид боловсрол эзэмшсэн нөхөд усыг нь ууж, гахайг нь үүрч явсан учраас Орос дарга нартай хэл амаа амархан ололцож ирсэн нь үнэн. Харин Бэрхэд өссөн, Бэрсийг төгссөн Л.Оюун-Эрдэнийн хувьд Оросуудтай хэл амаа хэрхэн ололцож чадах бол гэдэг нь сонин байна.  
 
         Эцэст нь, Хоёр их гүрний дунд хавчуулагдсан, харцных нь аясаар бөхөлзөн амь зуухаас өөр сонголтгүй байгаа энэ цаг үед хамгийг захирна гэвэл түүнээс их ухаан шаардаж таарна. У.Хүрэлсүхийн хуурай дүү, халаасны хүн гэж цоллуулж явсан тэр одоо албан ёсоор бие даан улс удирдаж үзэх нь. Хоёр хөрштэйгөө хэл амаа хэр хурдан ололцохоос, хил гаалийн асуудлаа хэр хурдан нэг тийш болгохоос түүний ажил эхлэх ёстой. Хойд хөршийн тэргүүн В.Путин түүнээс 28 насаар, урд хөршийн тэргүүн Си Зиньпин 27 насаар ах. Хэн хэнийх нь ард түмнийхээ төлөө хийсэн ажил, гаргасан шийдвэрийг нь жагсаавал манай хаан хажууд нь хол явж барилдаагүй сумын заан л гэсэн үг. Хоёр хөршийн ах нар манай хаанаас ах гэж хүндлэл хүлээлгүй, жаахан юм гэж гололгүй хөрш улсуудын ёсоор хамтарч ажиллаасай л гэж найдах үлдэж байна.
 

Манай хаан хоёр хөршийн хааны дэргэд СУМЫН ЗААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-08 17:56:42
    о: сайхан зүйрлэж
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188