• Өнөөдөр 2024-05-19

Урагшгүй төр, урт гартнууд хоёроос болж харь оронд хөдөлмөрлөж байгаа жирийн иргэд хохирох нь шударга уу

2021-12-03,   761

           Толгойдоо дотоож углуулж, духан дээрээ хараалын үг бичүүлээд, бие дээрээ угаадас асгуулж, ам руугаа тамхины иш чихүүлж, архи цутгуулж байхдаа “Ингэж байхаар үхэх юм сан” гэж бодсон тухайгаа хохирогч охин ярьжээ. Хөл, гар нь хүлээстэй, “Хэнд ч хэлэхгүй, зүгээр л намайг явуулчих” гэж мянга гуйгаад ч нэмэргүй, харь хэлтнүүдийн хараалын үг, хөл гарын зодуур дунд зургаан цаг тарчлахад “Ингэж тамлуулж байхаар үхэх юм сан” гэж бодохгүй яах юм бэ. 13-хан настай охины амьдрах хүслийг нь үгүй болтол тамласан, тохуурхсан хэрэг шүү дээ, хэн нэгэн өөрийг нь аврах байх гэсэн найдлага ч бүрэн тасарчихсан гэсэн үг. Харь оронд амьдрахын эрхээр очсон, хэл ус сайн мэдэхгүй аав ээжийгээ ч, хил давсан л бол хүн гэдгийг нь мартчихдаг Монголын төрийг ч өөрийг нь аварч чадахгүй нь гэдгийг ойлгоод тэгж бодсон хэрэг. Хөөрхий ээж нь хахир, яхир цагдаатай чүү чамай хэл амаа ололцож, охиныхоо тамлуулж байгаа газрыг нь зөв тааж очсон ч олж чадаагүй буцсан гэх. Амьдрах хүсэлгүй болтлоо тамлуулж, доромжлуулсан хөөрхий охин тэр үед тагтан дээр амаа даруулаад сууж байж. Монгол охин Солонгос охидод ингэж бүтэн зургаан цаг тамлуулсан энэ хэргийг бид бүхэл бүтэн таван сарын дараа мэдэж, дээр дооргүй, гадаад дотоодгүй үймж байна. Гэхдээ бид өөрсдийн сайндаа ч мэдсэнгүй, Солонгост байгаа манай Элчин сайдын яам ч биш, энд байгаа Гадаад харилцааны яам ч биш, Солонгосын хэвлэлүүд бидэнд энэ ноцтой хэргийг дуулгалаа. 13-хан настай Монгол охин бусдын гарт тамлуулж, амь гуйн тарчилж, харгис хүчирхийллийн золиос болж байхад бид энд наадам хийнэ, хийхгүй гэж хэрэлдээд л сууцгааж байсан болж таарч байна. 
 
Монгол хүний үнэ цэн, амь нас үнэгүйдсэний тод жишээ бол энэ. Энд нэгдүгээрт, хүнээ хүн гэж хайхарч, хамгаалдаггүй, хил давсан л бол хөсөр хаячихдаг төр буруутай. Хоёрдугаарт, хаа явсан газраа балаг тарьж, хулгай, хар тамхи, хүчирхийлэл танхайрлаараа улсынхаа нэр сүрийг, харь оронд хөлөө олж амьдрах гэж яваа бусдынхаа үнэлэмжийг унагадаг монголчууд өөрсдөө буруутай. 
 
Нэг-Төр.
 
         Монголын төр 400-хан километрийн цаана буюу Өвөрхангай аймагт дотуур байранд амьдарч, бусдад удаа дараа дарамтлуулж, хүчирхийлүүлж байсан охины амь насыг аварч чадаагүй. Тийм байхад далайн цаадах Солонгост байгаа охины амь насыг аврах байсан гэвэл үлгэр. Одоогийн төрийн чадамж нь л энэ. Өчигдөр л гэхэд Архангай аймгийн нэгэн цэцэрлэгийн багш хүүхдүүдийг зодож байгаа бичлэг цахим орчин цацагдаж, нийтээрээ үзэн ядсан. Архангайд байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалж чадаагүй төр алс Солонгост байгаа охины эрхийг хамгаалж чадах байсан гэж үү. Бид ийм л чадамжгүй төртэй. Орох орон, унах машинтай болж, хүүхдүүдээ өмсөх хувцастай, идэх хоолтой байлгахын тулд мөлхөөд ч хамаагүй Солонгос явахыг хүсдэг бүхэл бүтэн арми манайд бий. Гэхдээ энэ тэдний буруу биш. Сарын цалингаараа долоо хоногийн хүнсээ авч чадахгүй шахам байхад харь оронд очиж, ахиу цалин авъя гэж хэн ч хүснэ. Тэгэхээр хөдөлмөрийн насны иргэддээ хангалттай цалин өгч чаддаггүй, эдийн засгаа тийм чадамжтай болгож чадахгүй юм бол ядаж харь оронд очоод ажиллахад нь араас нь санаа тавьж, эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг хянаж байх нь төрийн үүрэг мөн биз дээ. 
 
Хоёр-Монголчууд. 
 
Харь оронд монголчуудын үйлдсэн гэмт хэргийг ангилж үзвэл хулгай тэргүүлж, хар тамхи, танхайн хэрэг удаалдаг. Товчхондоо Хятадад хар тамхи, Солонгос хулгайгаар “манлайлдаг”. 
 
Жишээ нь, 
 
- БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газар тус улсад аялал жуулчлалын визээр очсон Монгол Улсын иргэн Б, А гэх эгч дүү хоёрыг баривчилсан. Тэд их дэлгүүрүүдээр явж, хувцасны шошгоны дохиоллын системийг нь унтраадаг тусгай тоноглосон гар цүнх ашиглан брэндийн хувцас хулгайлдаг байсныг нь илрүүлсэн. Шалгалтын явцад эгч дүүс нийт найман удаагийн үйлдлээр таван сая 620 мянган воны гутал, хувцас хулгайлсныг нь тогтоосон байдаг. Мөн тухайн эгч дүүс хулгайлсан хувцас, гутал, цүнхээ каргогоор дамжуулан Монгол руу явуулж, ар гэрийнхэн нь зарж борлуулдаг байсныг илрүүлсэн. Улмаар эгчид нь нэг жил, дүүд нь хоёр жилийн ял оноосон. 
 
- БНСУ-ын Кёнги дүүргийн Кимпо хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн А, Г, В нарт эрүүгийн хэрэг үүсгэснээ зарласан. Тэд хоёрдогч түүхий эд худалдаж авдаг компанийн агуулахаас 56 удаагийн үйлдлээр нийт 160 гаруй сая вон буюу тухайн үеийн ханшаар 300 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх хөнгөн цагаан, цахилгаан утас, автомашины хуучин эд анги хулгайлсныг тогтоосон.Тэдний хулгайлсан хоёрдогч түүхий эд нь нийт 27 орчим тонн байсан нь Солонгост дуулиан тарьж байлаа. 
 
- БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газар Монгол Улсын иргэн Б, А нарыг баривчилсан. Тэд нийт 10 удаагийн үйлдлээр хоёр сая воны хүнсний бүтээгдэхүүн хулгайлсныг илрүүлсэн. 
 
- БНСУ-ын Чонбуг аймгийн Вонжү хотын цагдаагийн газраас Монгол Улсын 45, 50 настай хоёр иргэнийг баривчилсан. Тус улсад аялал жуулчлалын визээр очсон тухайн иргэд шөнийн цагаар орон сууцны хорооллуудаар явж унадаг дугуй хулгайлдаг байсныг хяналтын камераар илрүүлсэн. Тэд хулгайлсан унадаг дугуйгаа Монгол рүү карго ашиглан илгээснээ хүлээсэн бөгөөд нийт таван унадаг дугуй явуулсан гэж мэдүүлсэн байдаг. 
 
- БНСУ-ын Янгжү дүүргийн цагдаагийн газар Монгол Улсын иргэн А-г баривчилсан. Түүнийг автомашинуудыг цонхыг хагалж, нийт долоон удаагийн үйлдлээр 10 орчим сая воны багаж хулгайлсан гэж буруутгасан. 
 
- Инчоний нисэх буудлын дамжин өнгөрөх танхимд 10 орчим цаг эргэлдэж, гадаадын иргэдээс таван сая вон хулгайлсан Монгол халаасны хулгайчийн тус нисэх буудлын ажилтнууд илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 
 
- БНСУ-д аялал жуулчлалын визээр очсон ээж, охин хоёр нийт есөн сая воны үнэ хүрэх гар утаснууд хулгайлсныг тус улсын цагдаагийн алба хаагчид хяналтын камераар илрүүлсэн. 
 
- БНСУ-д гурван сарын аялал жуулчлалын визээр очсон эхнэр, нөхөр хоёр шөнийн цагаар метрогоор явж, бусдын эд зүйлсийг хулгайлдаг байсныг нь Сөүл хотын цагдаагийн газар илрүүлсэн. Шалгалтын явцад нөхөр нь хяналтын камерыг халхалж, эхнэр нь хулгай хийдэг байснаа хүлээсэн. 
 
Энэ бол урт гартай, шунахайн сэдэлтэй монголчуудын Солонгост тарьсан балаг. Үр дүнд нь Солонгосчуудын сэтгэхүйд “Монголчууд бүгд хулгайч” гэх ойлголт төрж, гэм зэмгүй мөрөөрөө ажлаа хийж байгаа Монгол иргэдийг ч хардаж сэрдэх, хэл үгээр доромжлох, ялгаварлан гадуурхах үзэгдэл газар авсан. Нэмээд бөөнөөрөө нийлж архидан согтуурдаг, хоорондоо зодолддог, бусдын нийлж зоддог, нийтийн үйлчилгээний эд хогшил эвддэг, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулдаг хэргүүдийг яривал далай. Тэдний тарьсан энэ балгаас болж, мөрөөрөө ажиллаж, амьдралаа өөд татах гэсэн хэсэг нь дээрэлхүүлж, дарамтлуулж, хавчигдаж, хүчирхийллийн золиос болж байна.  

Урагшгүй төр, урт гартнууд хоёроос болж харь оронд хөдөлмөрлөж байгаа жирийн иргэд хохирох нь шударга уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-03 19:27:39
    иргэн: манай хумуус дээр дооргуй хулгайчид болжээ тор засгийнхан тэрбум тэрбумаар нь хулгайлна гадаад оронд улсынхаа нэрийг бузарласан хулгайчуудыг хатуу шийтгэж гадаад явахыг хязгаарлах хэрэгтэй тор засаг гэж байгаа бол наад хулгай дээрэм тонуулаа цэгцлээчээ монго олохын толоо нудээ ухаад огохоос буцахгуй болжээ монголчууд хун хогнууд болж суйрэхэд ойрхонбайна даа яана даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-03 13:39:22
    Zochin: Yag heljee. Mongol hvnii setgvvg uurchilhgu bol mongol hugjihgui mongold ervvl hvn bdag ymu? Dandaa setgetsin umchtei hvmvvs l bna .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-03 13:39:21
    Zochin: Yag heljee. Mongol hvnii setgvvg uurchilhgu bol mongol hugjihgui mongold ervvl hvn bdag ymu? Dandaa setgetsin umchtei hvmvvs l bna .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-03 13:39:12
    Zochin: Yag heljee. Mongol hvnii setgvvg uurchilhgu bol mongol hugjihgui mongold ervvl hvn bdag ymu? Dandaa setgetsin umchtei hvmvvs l bna .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-03 10:21:06
    Зочин: Энэ оркуудыг гадагш бүү явуул. Юм үзээгүй өлөн гарууд дандаа оркууд бдаг. Залилан мэхлэгчид, урт гартнуудыг бүгдыг харааж бн, үхлийн муугаар үхэцгээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-03 10:21:06
    Зочин: Энэ оркуудыг гадагш бүү явуул. Юм үзээгүй өлөн гарууд дандаа оркууд бдаг. Залилан мэхлэгчид, урт гартнуудыг бүгдыг харааж бн, үхлийн муугаар үхэцгээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188