• Өнөөдөр 2024-04-24

АРДЫН намын атганд орсон Ардчилсан нам ХҮН-д байр сууриа тавьж өгөхөд ойрхон байна

2021-11-26,   530

       Ардчилсан намын гишүүд дэмжигчид нь хөдөө, гадаанаас ирж, хурал, цуглаан зохион байгуулаад ч энэ намыг хөл дээр нь босгож чадахгүйд хүрсэн бололтой. 30 жилийн түүхт тус нам хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээхдээ эрх баригч намынхны атганд нэгэнт оржээ. 
 
      Өөрөөр хэлбэл, Ардчилсан намыг удирдаж байсан хуучин дарга нар нь МАН-ын халаасанд багтаж, хэргээ цайруулах нь царуулсан учир намынхаа хувь заяаг эрх баригчдад даатгаад тэдний өгсөн зааврынх нь дагуу гар хөл болж ажилладаг болсон гэсэн үг. Намынхаа хувь заяаг “Ах” намдаа даатгасан удирдагч нар нь залуу гишүүдээрээ бамбай хийчихсэн өөрсдөө ард талд нь “Ингэж хөдөл, тэгж ажил” гэсэн шигээ заавар өгөөд намынхаа хувь заяагаар тоглож суугаа сурагтай. Энэ нь ч олон жишээгээр батлагдаж байгаа.
 

Саяхан гэхэд л УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр одоогийн намын дарга гэгдэж буй М.Тулгат, О.Цогтгэрэл нар намаа нэгтгэж, нөхөн сонгууль хамтарч ажиллана гээд гар барилцан хэд хоног эвтэй найртай ажилласан. Ингэхдээ тэд сэтгэл нь хөөрч “Намын Их хурлаа хуралдуулж, дүрмээ шинэчилнэ. Цаашид Ардчилсан намынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдээд амжсан ч удаатай. Гэвч тэднийг дарга болгосон гол тоглогч нар нь ард нь чим чимээгүй, заавар өгч байгаад л намын Их хурлаа хуралдуулах үеэр нь хоёр талд, хоёр өөр юм яриад нөгөө хоёр залуу дарга нарынхаа хооронд дахиад л яс хаячихсан. Ингээд л О.Цогтгэрэл Их хурлаа М.Тулгатаас тусад нь хийж, өөрийгөө дахиад намын даргаар баталгаажуулах ажлаа эрчимжүүлсэн. Харин М.Тулгат С.Эрдэнэ даргатайгаа “Шонхор” тауэртаа үлдэж, нөгөө талынхаа эсрэг лобби зохиож эхлэв.

 
Хэдий Ардчилсан намын маргаан С.Эрдэнэ, Х.Баттулга, О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хооронд өрнөөд байгаа мэт боловч цаад эзэн нь МАН-ынхан болчихсон. 
 
      Намынхаа хагарлын талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дарга төвтэй, даргын эрх мэдэл хэт төвлөрсөн удирдлагын системд аажим аажмаар Ардчилсан нам шилжсээр, МАН-ын даргаас илүү дарангуйлагчийг төрүүлдэг, МАН-аас илүү төвлөрсөн нам, нэг хүний нам болж хувирсан. Ажлынхаа үр дүнг тайлагнах ёстой намын дарга нь эргээд гишүүдийнхээ, төлөөллийн төв байгууллагынхаа гээд бүхний дарга болчихсон.  Тиймээс намынхаа нөхдөдөө санал болгох зүйл гэвэл Ардчилсан нам илүү институцлаг, эрх мэдлийн төвлөрлийг сааруулсан томоохон өөрчлөлт хийх ёстой” гэх байр суурийг илэрсэн байна лээ. 
 
    Харин М.Тулгат “Ардчилсан нам дотоод асуудлаасаа болоод сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй үе байна. Гэхдээ Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь одоогийн дотоод асуудал биш. Ер нь өнгөрсөн хугацаанд үзэл баримтлал, бодлогын хувьд нэг байж чадахгүй. Өөр өөрсдийгөө үгүйсгэж ирсэн. Нэг ардчилсан намын лидер нөгөөгөө үгүйсгэдэг, нэгнийхээ шийдвэрийг өөрчилдөг. Хэдийгээр тамга нэг болсон ч үүнийгээ цэгцэлж чадахгүй бол хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй. Хүчтэй сөрөг хүчин  байхын тулд барууны бодлогоо ярьдаг байх хэрэгтэй” гэв. Тэдний энэ санаа бол намын хуучин удирдагч нар эрх мэдлийн төлөө намаа “үгүй хийсэн нь үнэн” гэх агуулгыг илтгэж байгаа том жишээ болов. 
       Ийн намын эцэс төгсгөлгүй маргаан намын дарга нарын заавраар энэ байдлаар үргэлжлэх нь гарцаагүй болоод буй.  Намын залуу гишүүд хэчнээн “Намаа шинэчилнэ, эвлэлдэнэ, нэгдэнэ” гэж уриалж, хашхираад ч ямар ч нэмэргүй, хаданд үг хэлснээс ялгаагүй болсон гэсэн үг. 
 
      Улсын дээд шүүхээр хэргээ шийдүүлнэ гэж жил гаруй хугацаан өнгөрөөсөн ч цаана нь мөнөөх л эрх баригч намын тоглолт өрнөж буй. Аль тал нь намынхандаа нөлөөтэй, намаа удирдаж чадахаар байна тэдэнтэй нь тохиролцож, хор хутгаж, намын гишүүдэд нь албан тушаал амлаж, нэр хүндийг нь унагаах ажил зохион байгуулж байгаа гэх. 
 
      Одоогийн парламентад сонгогдсон 11 гишүүн ч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээсээ нэгэнт өнгөрч, МАН-ын гишүүдийн ая талын харсан шиг ээ сууж байгаа нь нууц биш юм аа. Ямар сайндаа төсвийн хуудуутай асуудлын ил болгож чадахгүй, ил болсон асуудал дээр нь олигтой дуугарч чадахгүй гэлбэлзэж суух билээ. Бүлгийн ахмад гишүүн Ш.Адъшаа сүүлийн үед маргаан дагуулсан Богд Зонховын цогцолборын төслийн санаачилсан гишүүний тоонд багтаж, ххамт төсөл өргөн мэдүүлсэн хоёр гишүүнээ хамгаалах гэж нэлээд үзнэ лээ. Харин Бүлгийн дарга Д.Ганбат “Энэ асуудалд хэвлэлийн анхаарал хандуулах байсан юм гэж” улаан нүүрээ хамгаалж, өөрийнхөө ажлыг бусдад тохох гээд хээв нэг мэдэгдэл хийж суусан. 
 
   Угтаа бол Ардчилсан намынхны хагарал МАН-д ашигтайгаар эргэж, нэг нам төрийн эрхийг бүхэлд нь гартаа оруулахад том түлхэц боллоо. Цаашдаа Ардчилсан намд зангаргатай, лидер улстөрч үгүйлэгдэж буйн том жишээ энэ болов. Хэрэв зээ Ардчилсан нам энэ чигээрээ эрх баригчдын атганд үлдвэл 2024 оны сонгуульд дахин ялагдаж, гуравдагч хүчинд өөрсдийн байр сууриа алдах нь. Өөрөөр хэлбэл, МАН-ын бөөрөнд наалдсан ХҮН аажмаар хүч түрэн гарч, Ардчилсан намынхны байр суурийг эзлэх нь цаг хугацааны асуудал болов.
 

АРДЫН намын атганд орсон Ардчилсан нам ХҮН-д байр сууриа тавьж өгөхөд ойрхон байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188