• Өнөөдөр 2024-04-26

Догшин ноёны дүртэй, “дэвшүүлэн зайлуулах” технологитой Д.Сумъяабазар

2021-11-19,   765

        Хотын дарга Д.Сумъяабазар “Дэвшүүлэн зайлуулах” мэхийг дэндүү сайн хийдэг боллоо, бүр нэг сурцтай. Хариуцсан ажлаа хийж чадаагүй, хэнэггүй хайнга хандсан, хууль зөрчсөн нөхдөд хариуцлага тооцож байна гэж хөөх юм аа, хөөрхий. Хоржоонтой нь хэсэг хугацааны дараа хэл ам татрахтай зэрэг л буцаагаад хуучинд нь эсвэл эн зэрэгцэх албан тушаалд томилчих юм. Догшин ноёны дүр үзүүлж, дарга, даамлууддаа “хяргаж” байгаа мэт харагдавч, хотын захиргааны байрнаас бүр мөсөн хөөгөөд гаргачихгүй, хажуу хавиргандаа байлгаад л байна гэсэн үг дээ. Орчин цагийн улс төрийн хэллэгээр “цонхны цаанаас чихэр долоолгох” гэдэг юм, ийм төрлийн залийг. 

Жишээ нь, Д.Сумъяабазар хариуцлага алдсан Ж.Сандансүрэн, Р.Чингис гэдэг “хасар, басар” хоёрыгоо хэчнээн ч удаа халж, сольж, томилов доо. Баруун, зүүн сугандаа хавчуулж, хаацайлж, хамгаалаад л байдаг. Хүн хүчний хомсдолд орчихсон юм уу, хувийн нууцаараа “базуулчихсан” юм уу, мэдэхгүй тэр хоёрыгоо лав хөсөр хаяхгүй өдий хүрэв. 

 
         Эргэн саная, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргаар ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг хариуцлага алдсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бангадаж, арга буюу ажлаас нь чөлөөлсөн. 
 
Тэгмэгцээ хайртай “ганцыгаа” явуулахыг хүсээгүй хотын дарга Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хаяглаж “Зөвшилцөх санал хүргүүлэх тухай” гэх албан бичгийг хүргүүлсэн байдаг. Уг зөвшилцөх саналын бичигт “Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн албан тушаалаас Жигжидсүрэнгийн Сандагсүрэнг, Хүний хөгжил, нийгмийн  асуудал хариуцсан орлогчийн албан тушаалаас Нанзадын Баярчимэгийг тус тус чөлөөлж, Ж.Сандагсүрэнгийн оронд Р.Чингисийг, Н.Баярчимэгийн оронд Ж.Сандагсүрэнг томилуулахаар зөвшилцөх саналыг хүргүүлж байна” гэсэн байдаг. Ингээд Ж.Батбаясгалан зөвшилцлийг нь хүлээн авч, хариуцлага алдсан Ж.Сандагсүрэнг хоёрдугаар орлогчийн орон тоонд томилж, хоосорсон нэгдүгээр орлогчийн орон тоонд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон. 
 

Хоржоонтой нь, халдвар ид галзуурч байхад хариуцлага алдсан хэмээн хөөгдөх мөртөө хоёрдугаар орлогчийн суудалд заларсан Ж.Сандансүрэн есөн сар хэл чимээгүй байж байгаад саяхан нэгдүгээр орлогчийн суудалдаа буцаад ирлээ. Учир нь түүний оронд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Р.Чингис өнгөрөгч аравдугаар сарын 15-нд цар тахлын журам зөрчин “Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолттой холбоотой дуулианаар хариуцлага алдсан хэмээн “донгодуулж” ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд Ж.Сандагсүрэн “төрхөмдөө” буцаж ирсэн хэрэг. Тэгээд болоогүй хариуцлага алдсан гэж “халагдсан” Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаар томилчихож байгаа юм. “Дэвшүүлэн зайлуулах” гэж чухам үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Өөрөөр бол, баруун гараараа хариуцлага тооцож байна гэж халаад, зүүн гараараа өөр албан тушаалд томилохыг хэлээд байгаа юм. 

 
          Яаж ч бодоод энэ томилгооны учрыг ухаж ойлгохгүй л байгаа юм. Хариуцлага алдсан Ж.Сандагсүрэнд хариуцлага тооцож байна гэж нэгдүгээр орлогчоос нь нэг шат бууруулж, хоёрдугаар орлогч болгож нүглийн нүдийг гурилаар хуурчихаад, есөн сарын дараа буцаагаад нэгдүгээр орлогч болгосныг нь. Есөн сарын дотор нэгдүгээр орлогчийн албан тушаалд тэнцэх нэн хариуцлагатай нэгэн болж төлөвшөөд буцаж ирсэн хэрэг үү. Ж.Сандагсүрэнгээс өөр хотын даргын нэгдүгээр орлогч хийх хүн төрийн албанаас хайгаад олдохгүй гэж үү. Зүй нь, төрийн албыг чаддаг нь хашаад чадахгүй нь зайгаа тавиад өгдөг байх хэрэгтэй. Үүнийг л жинхэнэ мерит зарчим гээд байгаа юм шүү дээ. Түүнээс хойш төрийн ажил хийх чадваргүй нөхдийг татаж, чангааж, албан тушаалд амь голтой байлгахыг хэлэхгүй. Д.Сумъяабазар, Ж.Сандагсүрэн хоёр Сонгинохайрхан гэдэг тогооноос дөрвөн жил хамт "хооллож", өвөр түрийндээ орсон ах дүүс болцгоосон нь тэндээ л биз. Төрийн ажил хийхэд тэдний ах дүү, амраг садан, анд найз байх ямар ч хамаагүй л байлтай. Ялангуяа түгжрэл, ядуурлаас эхлээд түмэн асуудалтай 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын захирагч нь ур чадваргүй байдаг юм аа гэхэд ядаж нэгдүгээр орлогч нь ажлаа мэддэг, боловсролтой нэгэн байх ёстой биз дээ. 
 
        Хариуцлага тооцуулж, “халагдсан” гэх мөртөө Дотоодын цэргийн штабын дарга болсон Р.Чингисийн томилгоог ч ойлгохгүй байгаа юм. Төрийн ажилд хайнга хандаж хариуцлага тооцуулсан хүнийг төрийн албанд буцаагаад томилдог ямар ухаан Д.Сумъяабазарт байна аа. Нэгдүгээр орлогч байхдаа хариуцлага алдсан хүн Дотоодын цэргийн штабын дарга болохоороо хариуцлагатай ажиллах юм уу. Эсвэл насаараа шахуу цэрэг, цагдаагийн өндөр албан тушаалуудыг хашсан Р.Чингис насны бөгсөнд албан тушаалгүй бол амьдарч чадахгүй болчихсон юм уу. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгддөггүй гэдгийг хашилт нээж, хаадаг хотын дарга маань даанч мэдэхгүй юм даа. 
 

Нэмээд хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг уулын модыг Улаанбаатарт авчирсан “булшилсан” дуулиантай нь зэрэгцүүлээд албан тушаалаас нь чөлөөлчихлөө. Улаанбаатарын аж ахуйн ажилтай сүүлийн хэдэн жил зууралдсан түүнийг он гармагц Ойн агентлагийн даргаар томилох тохироо хийгдсэн гэх шуум гараад эхэлсэн. Энэ яриа ойн салбарынхан дунд түймэр шиг тархсанаас үзвэл оргүй яриа биш ч байж мэдэх. Үнэн ч бай, худал ч Д.Сумъяабазар Ж.Сандагсүрэн, Р.Чингис хоёр дээрээ нэмээд Т.Гантөмөрт албан тушаалыг нүх, сүв хайх ажилтай болох шиг боллоо. 

 
          Энэ мэтээр “Дэвшүүлэн зайлуулах”  гэх мэхийг дэндүү сурцтай хийж явна, Д.Сумъяабазар. 
 

Догшин ноёны дүртэй, “дэвшүүлэн зайлуулах” технологитой Д.Сумъяабазар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-19 11:12:18
    Ой хамгаалагч: Сумьяабазар хүүхэд энэ холион бантангийнхаа горыг дараа нь дийлэх үү. Гантөмөрийг Ойн агентлаг томилуулахыг мань эр ч мэдэхгүй байхаа. МАН-ын ЕНБДарга хийх магадлалтайн гээ биз дээ. Гантөмөр мод тарьдаг биш тайрч мөнгө болгоод хувьдаа хармаалаад сурсан хүн дээ. Тэрбум мод тарих биш тэрбум мод тайрах л юм хийнэ дээ Тужийн нарсыг тайраад ирж л алах вий дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188