• Өнөөдөр 2024-04-26

Төрийн гурван өндөрлөгийн харилцаа тэс хөлдүү байна

2021-11-17,   808

            Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн нь нэг намынх байвал үндэстнээрээ цэнгэлийн манлайд хүрэх цаг хугацааны л асуудал гэцгээн, багаар нь сонгохыг аминчлан гуйсан. Гэтэл юу болов, гурван тийшээ харж суучихаад, голд нь ард түмнээ бүлтэлзүүлсээр хэдэн сарыг ардаа хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үлэмж эрх мэдэл өвөлж авсан Ерөнхий сайд нь хамраа сөхөж гэдийчихээд, ам нээвэл гуравдугаар тун яриад, ард түмний амьдралыг зөнд нь хаячихлаа. Төрийн тэргүүн нь “тэрбум мод” гэдэг ганц амны уншлагатай, төрийн байгууллагуудаар мод бут тариулдаг ганц ажилтай болчихлоо. УИХ-ын дарга нь сахал үсээ арчилж гангалсан, сошиал орчинд постер цацаж попорсон, алх барьсан, “ангийнхнаа” аялдан дагалдсан нэгэн болж хувирав. Эв нэгдэлтэй, элэг бүтэн төрийг цогцлоож, энэ улсаа хөгжүүлнэ гэсэн төрийн гурван өндөрлөгийн амлалт начир дээрээ нам доторх байр сууриа булаацалдсан “нанчилдаан” болж хувирав. Товчхондоо төрийн гурван өндөрлөгийн харилцаа тэс хөлдүү мөс шиг л байна. 
 
Тэгвэл төрийн гурван өндөрлөг тус бүрдээ ямархуу байр байдалтай байгааг нэг харъя. 
 

ЕРӨНХИЙ САЙД

 
          Түүхэндээ анх удаа 18 их наядын зарлагатай “түнтийсэн” төсөв батлуулчихаад даналзаж байна. Торнисон тосгон руугаа төсвийн мөнгийг шуудуу татан урсгаж, тэнд л бүтээн байгуулалт өрнөх ёстой гэсэн ялгавар үзлээр хандаж байхад ч ямар ч гишүүн түүний өөдөөс тэрссэнгүй. Энэ Засгийн газар, эрх баригч нам цөм атганд нь байгаа гэж бодохоор эрх мэдэл амтагдаад, эр бяр мэдрэгдээд, төсвөөр хүртэл тогломоор санагддаг юм байлгүй. 
 
Гарыг нь ганзаганд хүргэсэн ганц сайн ах У.Хүрэлсүхийгээ баруун тонгорч, барьцгүй хавираад орыг нь залгачихсан. Засгийг захирч эхэлснээсээ хойш зангаа таниулж, ачийг нь эс санах болсноор тосгоны галч, тостой жолоочийн хүү хоёрын ах дүүсийн амин барилдлага тасарсан гэдэг. Сайн ах У.Хүрэлсүхийнхээ торгон “цэргүүд” рүү үе үе тролл довтлуулаад байгаагаас үзвэл тэдний харилцаа тийм ч сайнгүй байгаагийн илрэл. 
 
Гэхдээ Ерөнхий сайдын хувьд одоогоор Ерөнхийлөгчтэй эв эвдрэлцэхээс өөр зүйл анхаарал нь төвлөрчихсөн яваа. Тодруулбал, газрын холд хань болох тулхгүй нөхдийг сайдаар дэргэдээ авсандаа сэтгэл зовниж яваа гэх. 200-хан километр зам тавьж чадахгүй яваа Л.Халтар, “төмс” хэмээн хочлуулж, твиттерт элдвээрээ дуудуулж яваа Ч.Номин, эрүүл мэндийн салбарт эцэг шиг байж чадахгүй байгаа С.Энхболд гээд хол замд хөлөөс нь өргөс мэт хатгах сайдууд олон. Ч.Номин гэхэд л төрийн сайд хийх гэж түмний хараал барж, “төмс” хэмээн хочлуулж байхаар телевизээ удирдаад сууж байсан бол бие ч, сэтгэлд ч амар байх байж дээ гэж бодтолоо л булхайгаа дэлгүүлж, булайгаа яриулж байна. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ Засгаа задлахгүй гэж зүтгээд, харин ч хоёр яам нэмж байгуулах хор гүйлгэж, санасандаа хүрлээ. Засгаа задалчихвал замын дундаас дайгдах гэсэн, захиас даалгавартай нөхдийг багтааж шингээх асуудалтай нүүр тулах хэрэгтэй болно. Хэнийг нь Засагтаа багтаах, хэнийг нь гээхээс үүдэлтэй хэрүүл мөддөө тасрахгүй нь тодорхой. Тиймдээ ч толгой өвдлөө гээд таслаад хаячихдаггүйтэй адил ур чадвар муутай, унхиагүй хэдэн сайд нараа хэвээр нь үлдээгээд, “халаасныхаа” хоёр хүнийг нэмж суулгаад цааш хөдөлье гэж төлөвлөж байх шиг. 
 

ЕРӨНХИЙЛӨГЧ

 
             Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүн шагнадаг, мод тарьдаг л нэгэн болоод хувирчихлаа. Хамгийн хаан болно гэж улайрч явахдаа хаана хүрэх, хэн болохоо тооцоолж л байсан баймаар. Гэвч тэр алджээ. Монгол Улсын төрийн тэргүүн хуульд хориг тавьдаг, хүссэн хүнээ шүүгчээр томилдог, хүн шагнадаг, хөнгөн ялтай гэмт хэрэгтнүүдийг өршөөдөг үндсэн эрхүүдийг эдэлж ирсэн. Бусдаар бол бэлгэдлийн чанартай гэдэг нь худлаа юм биш. Харин У.Хүрэлсүхийн хувьд хамаг эрх мэдлээ хуулийн хүрээнд Л.Оюун-Эрдэнэд “алдчихсан”, нэмээд Ерөнхийлөгч болсныхоо халуунд шүүгч томилох эрхээсээ татгалзаж буйгаа зарлачихсан. Эрх биш хүн шагнах эрх нь өөрт нь үлдсэн. Хазайвал түших, халтирвал босгох дүү минь гэж санаж явсан Л.Оюун-Эрдэнэ нь Засгийг гартаа авмагцаа зангаа таниулж, эрх баригч намын дарга болмогцоо эргэж харахаа ч больсон гэх. Хамаг л том гэсэн, танагтай гэсэн томилгоо, тохироог Л.Оюун-Эрдэнэ өрсөж хийгээд, өөрт нь нэг ихийг илүүчилсэнгүй. Харахад хааны дүртэй ч мөн чанартаа эрх мэдэлгүй, энд тэнд “шургуулсан” гар хөлгүй ч үгүй үлдэж хоцорч байх шиг байна.  Энэ янзаараа харилцаа нь “хөлдүү” хэвээрээ байвал Х.Баттулгын өнгөрсөн дөрвөн жилийн ганцаардал, гансралыг У.Хүрэлсүх ирэх зургаан жил амсах нь. Ингээд харвал, ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх, тэжээсэн бяруу тэрэг эвдэх гэх мэт элдвийн хэлцүүд энэ хоёрт яг зориулагдсан шиг байна. 
 
Өнгөц харахад алдсан мэт харагдавч, өөрт нь бол оносон зүйлүүд бий л байх. Ялангуяа зэр зэвсэг, цэрэг хүчний “хобби”-той хүнд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байж үзнэ гэдэг ховор хувь заяа байлгүй. Гэхдээ л нэгэн бодлын харамсмаар. Нэгэн цагт хариуцлагын сэлэм ярьж, хуйнаас нь сугалахад бэлэн шүү гэж айлгаж явсан хүн “цэцэрлэгч” болчихсон явахаар...Ямартай ч тэрбум модоо асуудалгүй тариад дуусгачихвал тэр цагт шинэ харгуй дурайх биз.
 

УИХ-ЫН ДАРГА

 
         УИХ-ын дарга Г.Занданшатар алх барьсан, “ангийнхнаа” аялдан дагалдсан л нэгэн болж хувираад удаж байна.  Г.Занданшатарт зангараг алга гэж амтай болгон нь шүүмжлээд ч ахиц гарсангүй. Өргөн барьсан хуулийн төслийг нь өө сэвгүй баталж өгөөд, өөр зүйлд хошуу дүрэхгүй сууж байвал өөрт нь өгөөжтэй гэж бодсоных ч биз. У.Хүрэлсүхтэй урт зам туулж энэ хүртэл дэвшиж ирчихээд Ерөнхий сайдынхаа ширвээнд өртөж, сул гишүүн болчихвол хайран. Тиймдээ ч сахал үсээ арчлах, сошиал сүлжээнд постер цацах мэтхэнээр хэнд ч хоргүй дүрээр үзүүлээд сууж байвал болох нь тэр. 
 

Төрийн гурван өндөрлөгийн харилцаа тэс хөлдүү байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-21 09:25:38
    зочин: Цахим орчинд төрийн 3 өндөрлөгийн талаар хэрэгтэй танилцуулга мэдээлэл тавьсан юм байх гээд унштал танилцуулга мэдээлэл байхгүйгээр барахгүй атаа жөтөөгөө цацаж байгаа нь тун харамсалтай. Монгол хүн олон нийтийн сүлжээгээр ийм авир гаргадаггүй л юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-17 12:30:23
    зочин: Хооронд нь яс хаячих гээд л. Аргаа барсан юм бичих юм даа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188