• Өнөөдөр 2024-04-20

БАЯР НЬ БАГАДААГҮЙ МОНГОЛ

2021-11-10,   906

         Төсвийн хөрөнгө улайж, төрийн мөнгө уйлдаггүй гэгчээр татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй цацдаг төрийн байгууллагуудын тансаглал хэрээс хэтэрсэн жишээ манайд олон бий. Ингэхдээ төсвийн хөрөнгө оруулалт нэрээр яам, агентлаг, тамгын газрууд төсвөөс их хэмжээний мөнгө цохуулан түүнийгээ үр ашиггүй зардал буюу ойн арга хэмжээ, хурал цуглааны зардал, томилолтын мөнгө зэргээр салхинд хийсгэчихдэг нь нууц биш юм.
 

          Дарин дээр давс гэгчээр манайд улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг баярын арга хэмжээ дэндүү олон. Ямар сайндаа л жилийн 365 хоног багадаж байна гэдэг явган яриа хүртэл гарах билээ. Энэ жил гэхэд л тэгш ой нь тохиосон хэд хэдэн ойн арга хэмжээ болж байгаа юм. Үүнээс хамгийн анхаарал татаж, хэл ам дагуулсан нь МАН-ын 100 жилийн ойн арга хэмжээ байсан.

 
       Ардын намынхан 100 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын нөлөөгөөр санасандаа хүртэл тэмдэглэж чадаагүй. Гэвч тэд цаг үеийн амаргүй нөхцөл байдалд ч олны шүүмжлэлийг үл тоож, ойн баяраа багагүй дуулиантай хийгээд амжсан билээ. Хэдийгээр Үндэсний баяр наадмаар ойн баярын нүсэр том хүлээн авалт, нижгэр баяр хийх төлөвлөгөөтэй байсан олны эсэргүүцлээс зугтаж чадаагүй тэд зарим арга хэмжээгээ цуцалсан байдаг. Гэхдээ баярын хурал, ойн одон медалиа гардуулдгаараа гардуулж, ёслолын арга хэмжээг ч хийдгээрээ хийсэн. Үндсэндээ төсвийн хөрөнгөнөөс эрх баригч намын ойн арга хэмжээний санхүүжилтэд багагүй хэсгийг нь зарцуулсан нь тодорхой байгаа юм. Ингээд л төсвийн алдагдал дахин дээд хэмжээндээ хүрэхэд энэ мэт үр ашиггүй зардал нөлөөлж буй.
 
       Угтаа бол эрх баригчид 100 жилийнхээ ойн баярт 10 тэрбум төгрөг төсөвлөж, нижгэр баяр тэмдэглэхээр төлөвлөсөн нь талаар болсон гэдэг. Гэвч тэд гандан буурахгүй, улсын төсвийн долоон тэрбум төгрөгөөр 100 жилийн ойг тэмдэглэсэн талаар баримтууд ч дэлгэгдэж байлаа. Хэрэв санаж байгаа бол Ардын намын 100 жилийн ой гэсэн тэмдэг мөнгөн аяга, сэтгүүл зэргийг цар тахлын нөхцөл байдал эд дэлгэрч, хүндхэн үед байхдаа л тэд тарааж эхэлсэн. Тэрбүү хэл өөрсдөө Цар тахлын эсрэг хуулиа зөрчиж, иргэдийг олноор нь цуглуулсан уулзалт, арга хэмжээ явуулж байсан удаатай. Энэ нь ч өнөөдөр Монгол Улс ковидын халдварыг дотооддоо хяналтгүй алдахад нөлөөлсөн гэх хардлага олны дунд бий.
 
       Ийн тэмдэглэлт ойн арга хэмжээ өнөөдрийг хүртэл дуусаагүй үргэлжилсээр байна. Энэ жил Ардын намын 100 жилийн баяраас гадна улсын хэмжээнд хэд хэдэн байгууллагын үүсгэн байгуулагдсан тэгш ой тохиож байгаа аж. Улмаар байгууллагууд энэ ойн арга хэмжээгээ дор бүрнээ тэмдэглэж, хурал цуглаан, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсаар байна.

         Дээр дурдсанчлан энэ арга хэмжээг зохион байгуулахад төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийг мөнгө үргүй урсаж байгааг нуух юун. Тухайлбал, энэ жил Зэвсэгт хүчний 100, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ой баяр тохиосон. Ойн арга хэмжээг сүр дуулиантай тэмдэглэж чадааүй ч олны хэл ам дагуулсан арга хэмжээ зохион байгуулж амжсан удаатай. Ингэхдээ шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн удирдлага дор Төв талбайд цэргийн прад, ёслолын  арга хэмжээг зохион байгуулж, хөгжимчид амны хаалтны завсраар бүрээгээ үлээсэн, ёслолын жагсаалын үеэр цэргийн алба хаагч ухаан алдаж унасан зэрэг дуулиан дагуулсан.

       Гэвч энэ үйлдлээ тэд юу ч болоогүй мэтээр тайлбарлаж, ард түмний загасны ой санамжинд тоглолт хийгээд өнгөрөөсөн нь саяхан.
 
         Үүнээс гадна энэ жил боловсролын салбар гэхэд л олон тэгш ой тохиож байна. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Шинжлэх ухааны Академи  байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээг яам тэмдэглээд яамны ажилчид үндсэн ажилдаа анхаарах ч чөлөө завгүй байгаа сурагтай. Үндсэндээ бол тэгш ойн жилдээ ач холбогдол өгч салбарынхаа хүрээнд 100 жилийн хугацаанд хэрхэн өсөн дэвжсэн, цаашид хэрхэн вэ гэдэг шинэ санааг солилцох үйл ажиллагааг онцлох ёстой атал манайд ийм жишээ цөөн байдгийг нуух юун.
 
Үндсэндээ ойн хүндэтгэлийн арга хэмжээнд их хэмжээний зардал гаргаж, баяр ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахад гол анхаарлаа хандуулчихдаг сул тал бий.
 
        Өнөөдөр ч ковид-19 халдвар бүрэн намжчихаагүй, нас баралт, өвчлөлийн тоо буурахгүй байна. Угтаа бол хүйтний улирал эхэлж, ханиад томууны дэгдэлт ихэсдэг энэ үед хурал цуглаа, тэмдэглэлт ойн арга хэмжээг хязгаарламаар байна.
 
Хэрэв зээ цар тахлын энэ амаргүй үед тархалтын тоог бууруулахад анхаарахгүй бол энэ жил монголчуудын эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдал дахин хүнд байдалд ороход тун ойрхон байна.
 

БАЯР НЬ БАГАДААГҮЙ МОНГОЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 21:16:43
    олноо: 30 жилийн ойг нижгэр дэмдэглэж байхад 100 жил ч аргагүй байх өө...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 14:24:45
    зочин: бусад улс орнууд манайхаас ч олон хоногоор баяр ладаг юм байна лээ шүү,баярлахыг хориглоод яах вэ дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188