• Өнөөдөр 2024-05-15

Хэнтийд хэт анхаарал хандуулах чинь таалагдахгүй байна, Ерөнхий сайд аа

2021-10-29,   1233

                 Хэнтий аймаг хөгжлөөрөө хол тасраад бусад аймгууд хөлд нь чирэгдэж мэдэх нь. Аймгуудыг хүүхэд гэвэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий гэх ганцхан хүүхдээ л торгонд ороож, тосонд умбуулаад, бусад 20 хүүхдээ хөсөр хаяж, хатуу хойд эцэг шиг хандаад байна гэсэн үг л дээ. Бас сумдыг хүүхэд гэвэл, Бэрх гэх балчирхан ганц хүүхдээ л бүлтийтэл нь гоёж гангалаад, бусад 360 гаруй хүүхэд нь үс нь ширэлдчихсэн, өвдөг тохой нь сайртай, өмд, цамц нь урагдаад, өөрөө умайтал нөхөөд өмсчихсөн аятай л байна. 
              Эзэн хааны төрсөн нутаг гэх нэрээр Хэнтий аймаг руу  улсын төсвийн мөнгө хэдэн арван тэрбумаараа урссаар байна. Хэнтий аймгийн бараг бүх суманд сургууль, спорт цогцолбор, аялал жуулчлалын парк байгуулж, тэр байтугай цөмийг нь автозамаар холбож, нисэх буудал барьж байна. Зарим бүтээн байгуулалт нь хүн амын тооноосоо ч давсан шахуу. Зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өсөж торнисон Бэрх гэх буйдхан тосгон л гэхэд 2000 гаруйхан хүн амтай атал тэнд таван тэрбум төгрөгөөр музей, 2.4 тэрбум төгрөгөөр 640 хүүхдийн сургууль барьж, басхүү Хэнтий аймгийн төвөөс шууд хатуу хучилттай автозамаар холбож байна. 
          Сүүлийн хоёр жил ба ирэх жилийн улсын төсвийг хараад үзье. 2022 оны төсвийн төсөлд Хэнтий аймагт 214 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Тухайлбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолбор барилгын интерьер, гадна тохижилт, гадна шугам сүлжээний ажилд 2.7 тэрбум, Хэрлэн суманд гэр хорооллын инженерийн шугам сүлжээ байгуулахад 29.95 тэрбум төгрөг зарцуулахаас ирэх онд онд есөн тэрбумыг нь гаргахаар, Бор-Өндөр суманд төвлөрсөн дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний их засварт 10 тэрбум төгрөг шаардлагатайгаас ирэх онд дөрвөн тэрбумыг нь, Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай автозамын ажилд 109 тэрбум төгрөг шаардлагатайгаас ирэх онд 25 тэрбумыг нь гаргахаар тус тус тусгажээ.

Бусад аймгуудын төсвийн хөрөнгө оруулалтыг Хэнтий аймагтай харьцуулахад дунджаар зургаа дахин бага байна. Зөвхөн Завхан аймагт ногдох хөрөнгө оруулалт л гэхэд Хэнтий аймгийнхаас даруй 7.4 дахин бага байгаа гэх тооцоог ч гаргасан байна. Түүнчлэн, 2021 оны төсвөөр Хэнтий аймгийн нэг иргэнд 1.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт ногдож байсан. Тэгвэл энэ жил 2.74 сая төгрөг буюу 70 хувиар өссөн байна.

 
Хэт ялгаварлаж буюу Хэнтий аймагт бусад аймгуудаас 6-7 дахин их төсөв хуваарилж байгаа нь ганц энэ удаад ч яригдаж байгаа юм биш л дээ. Ерөнхийдөө Хэнтийгээр овоглодог У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр төрийн эрхэнд гарснаас хойш л ийм болсон. 
           Тухайлбал, 2020 оны улсын төсвийг хэлэлцэж байхад Хэнтий аймагт хамгийн их төсөв хуваарилсан тухай шүүмжлэл хүчтэй гарч байлаа. Ганц жишээ дурдвал, Хэнтий аймгийн Бэрх тосгонд 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан атлаа Говьсүмбэр аймагт 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. “Л.Оюун-Эрдэнийн өссөн тосгоны төсөв бүтэн аймгийн төсвөөс 10 тэрбумаар их байх нь шударга хувиарлалт биш” гэж зарим тойргийн гишүүд шүүмжилж байсан ч тусыг эс олсон юм. 
 
Түүнчлэн, энэ оны буюу 2021 оны улсын төсвийн төсөлд нийт 3.5 их наяд төгрөг зарцуулахаар оруулж ирснээс Хэнтий аймагт ногдох хөрөнгө оруулалт мөн л хамгийн их байсан. Жишээ нь, Хэнтий аймгийн Дадал суманд спорт цогцолбор байгуулахад нэг тэрбум, Дэлүүн болдогт нисэх буудал барихад таван тэрбум, Хэрлэн суманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллагуудын нэгдсэн конторын барилга барихад 1.5 тэрбум, Хэрлэн суманд 1500 хүүхдийн суудалтай сургууль барихад 6.2 тэрбум төгрөг, Бэрх тосгонд 640 хүүхдийн суудалтай сургууль барихад 2.4 тэрбум гэх мэтээр 90 ажилд 126 тэрбум төгрөг зарцуулахаар оруулж ирж байв.  Чухамдаа, Хэнтий аймагт ногдох хөрөнгө оруулалт Булган аймгийнхаас 11.4 дахин их байсан юм. 
 

Энэ мэтээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг, ялалт байгуулсан тойрог руу л улсын төсвийн мөнгө урсаад, сүртэй хийцтэй, өндөр зарлагатай, аялал жуулчлалын гэх тодотголтой цогцолборууд босоод л, хүн амын тооноосоо давсан шахуу суудалтай сургууль, спорт цогцолборууд баригдаад л байдаг. Хэзээ ч юм бэ, Хэнтий аймаг 400 сая жуулчин хүлээж авдаг болж, улсын төсвөөс гаргуулсан энэ их хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг хүртээх л юм гэсэн. 

           Гол нь Хэнтий аймаг руу ингэж их хөрөнгө оруулалт хийх нь тэндхийн иргэддээ гэхээсээ илүү тэндээс ялалт байгуулж, Төрийн ордонд заларсан эрхэм гишүүд, Ерөнхий сайдад л илүү өгөөжтэй байгаа нь нууц биш. Тиймдээ ч бүр амтшаад, жил ирэх бүр л Хэнтийд зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж байна. Жишээ нь, “Андлалын өргөө”-ний 1.9 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай дүү, хамаарал бүхий этгээд нь аваад, тал хүрэхгүй мөнгөөр нь л айлын хауснаас хямд харагдах, “арай ч дээ” гэмээр сарайсан хөшөө бариад, хэл аманд ормогцоо нураачихсаныг бүгд мэддэг болсон. “Андлалын хөшөө”-нийх шиг луйвар тус тойрогт хэрэгжиж буй, хэрэгжих бусад бүтээн байгуулалтын төслүүд дээр нь ч бий. Товчхондоо, тойрог руугаа улсын төсвөөс асар их хөрөнгө оруулалт татаж байгаа нь нэгдүгээрт ирэх сонгуульд айхгүй оролцох буюу тойргийнхондоо таалагдах, хоёрдугаарт тендерүүдэд нь хамаарал бүхий этгээдийнхээ компанийг ялуулж, дундын халаасаа дүүргэх гэсэн шилдэг арга. Түүнээс биш аялал жуулчлалын цогцолбор гэж айлын хаус шиг байгууламж бариад, хүн ам нь төв суурин газар бараадаад, хаягдаж хоцорсон жижигхэн тосгонд музей, сургууль бариад тухайн аймаг хөгжчихгүй л дээ. 
 

Хэнтий аймгийг хөгжүүлэхийг буруутгах гэсэнгүй. Гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганц өөрийнхөө аймгаа л тордоод, тендерээс нь мөнгө “туугаад” байдаг, гэтэл баруун бүсийн аймгуудыг хойд хөршөөс тог авдаггүй болгох гэж хэдэн жил ярьж байгаа билээ, Дархан хүртэл 200-хан км автозамын ажил хэдэн жил саатаж байгаа билээ, Замын-Үүд боомтод ганц ариутгалын хаалга барьж чадахгүй яаж хилээ хаалгасан билээ, аймаг, орон нутгуудад нүхэн жорлонтой хэчнээн сургууль, цэцэрлэг байгаа билээ гээд бодохоор ганц аймгийг л тордоод байгаа нь шударга бус санагдаад байгаа юм. 

 
Төсгөлд нь, Хэнтийнхэн төрд ч, ард түмэнд ч дэндүү эрхэлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтийнх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтийнх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хэнтийнх, цаашлаад Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын дарга ч Хэнтийнх. Төрийн ордонд “Бандааш”-ны асуудлаар хэвлэлийн хурал хийж, хүчингийн хоёр удаагийн үйлдлээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн цор ганц улс төрч байдаг нь Хэнтийнх. Допинг илэрсэн ч цолоо хураалгадаггүй, хариуцлага үүрдэггүй ганц бөх байдаг нь мөн л Хэнтийнх. Тэгээд жил бүрийн улсын төсвөөс хамгийн их хөрөнгө оруулалт авдаг, бусад аймгуудаас давуу эрхтэй байдаг нь Хэнтий...
 
 

Хэнтийд хэт анхаарал хандуулах чинь таалагдахгүй байна, Ерөнхий сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 11:33:10
    irgen: арай дэндүү байнаа Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ Зандка 2 арай даварч байна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 09:00:38
    Зочин: Адилхан хүн амтай зарим аймгаас 10-15 дахин их төсөв тавьжээ. Ямар гэр лүүгээ чихэр бариад гүйдэг хүүхэд биш дээ? Арай л өлөн юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-29 20:36:22
    Bob: Bolioch .arai dendene
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-29 11:36:03
    Zochin: Uuriinhuu nuhiig uuruu uhaj bgaam bna duuu. Ergeed huzuug ni oroon doo.. Эхнээсээ балгас болоод Эхлэсэн шуу дээ, даахгуй нохой булуу хураана гэдэг дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-29 10:27:08
    Зочин: Толгойгүй мэдлэггүй хог шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-29 08:31:29
    Zochin: No double standard
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188