• Өнөөдөр 2024-05-15

Жагсагчийг жагсагчаар намнуулах төрийн технологи улам л боловсронгуй болж байна

2021-10-21,   833

           Хулгайчийн арга нарийсахад цагдаагийн арга нарийсдаг гэдэг дээ. Монголын төр өөрсдийнх нь эсрэг тэрслэн босогчдыг, шударга үнэний төлөө жагсагчдыг хөлсний троллуудаар намнуулдаг бузгай технологитой болж, түүндээ бүр гаршиж байна. Улс төр, нийгмийн амьдрал корона тусчихсан аятай өндөр халуурч, Төрийн ордныг тойроод жагсагчид орилолдож байгаа энэ цаг үед төр троллуудаа тийш нь улам л олноор нь илгээх боллоо. 
 
Тэгвэл тролл гэж чухам хэн юм бэ. 
 
          Ардчилалд шилжсэн он жилүүдээс хойш аваад үзье л дээ. Төр эхлээд жагсагчдын эсрэг элдэв хариу үйлдэл үзүүлэлгүй, үг дуугүй л бууж өгдөг байлаа. 1990 оны гуравдугаар сарын 4-нд Төв талбайд 100 мянгуулаа жагсаж, төр тэдэнд бууж өгснөөр жагсаалыг удирдсан “алтан хараацай”-нууд цөмд төрд орцгоосныг мэдэхгүй хүн үгүй. 
 
Дунд үедээ төр жагсагчдыг бууддаг, баривчилдаг болсон. 2008 оны долоон сарын 1-нд болсон жагсаал эцэстээ монголчуудын түүхэнд хар толбо үлдээсэн эмх замбараагүйтэл болж, таван хүн буудуулан нас барж, 800 гаруй хүн баривчлагдаж байв. 
 

Харин одоо жагсагчдын эсрэг троллуудыг сөрж зогсоодог болж, жагсагчидтай тэмцэх технологи нь илүү нарийн, тактик нь илүү боловсронгуй болж байна. Төрийн өмнөөс, эсхүл хэн нэг эрх мэдэл, албан тушаалтны нэрийн өмнөөс, тэдний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд хөлсөөр, зорилготой, зохион байгуулалттай ажиллагсдыг тролл гэдэг болсон юм билээ л дээ. Тэр троллууд уйлна, дуулна, орилно, хашхирна, жүжиглэнэ, олны нийтийн анхаарлыг өөр дээрээ авах л бол юу ч хийхэд бэлэн, нэр, намтраа төрд арилжаалсан хүмүүс бололтой юм. Төр, тролл хоёр нэг тал гэдгийг иргэд ихэнхдээ мэдэхгүй буюу троллыг иргэн л гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, төр тролл хөлсөлж, шударга үнэний төлөө жагсагчдын жагсаалын зорилго, үг, үйлдлийнх нь үнэ цэнийг алдагдуулж, жагсаалыг нь ямар ч утга учиргүй болгоод самарч орхино. Тухайлбал, троллууд үндсэн гурван үүрэгтэйгээр төв талбайд гарч ирдэг шиг байгаа юм. 

 
Нэгдүгээрт, жагсагчид нийтийн анхаарлын төвд ороод, үг нь нийтэд хүрээд эхлэхээр төрийн хөлсөлсөн тролл нь өөрийгөө хүчээр олны анхааралд оруулж, жагсагчдыг нийтийн анхаарлаас “арчих” нэг шалгарсан технологи “моод”-нд орлоо. 
 
           Сонгодог жишээ нь, өчигдөр комедиан Д.Амартүвшин хэлмэгдүүлэлтийн хөшөөний дэргэд Т.Бадар-Ууган гэх залуутай нударга зөрүүлж, улмаар баривчлагдаж буй бичлэг цацагдсан. Тэр бичлэгт, Д.Амартүвшинд зодуулсан гэх Т.Бадар-Ууган тэр даруйдаа газраар өнхөрч, хамраасаа цус гарсан эсэхийг алгаараа шалгах зуураа халааснаасаа цэнхэр хавтастай үнэмлэх гарган цагдаад үзүүлж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг та нар яаж байгаа юм бэ” хэмээн тэр хавиар орь дуу тавин уйлж буй нь бичигдсэн. Тэр бичлэг цацагдсанаас хойш нийгэм даяараа өнөөх орь дуу тавин уйлж, жүжиглэдэг Т.Бадар-Ууган гэх эрийн тухай л ярьж, инээж байна. Хоёр Жавхлангийн дөрвөн тэрбумын хэрүүл анхаарлын төвд ороод байсан бол одоо Амараа, Ууганаа хоёрын зодоон олны анхаарлын төвд орж, хоёр Жавхлан түрдээ мартагдаж байгаа юм. Товчхондоо, хэрвээ Ууганаа төрийн хөлсөлсөн тролл мөн бол зорилгодоо хүрчээ гэсэн үг. Сонирхолтой нь, тэр эрийг судлаад үзэхээр хөгжлийн чадвараа 95 хувь алдсан, амьжиргааны түвшнээс бага орлоготой гэх бүртгэлээр СХД-ийн Засаг даргын захирамжаар тэтгэмж авч байсан атлаа каратегийн дугуйлан ажиллуулж, төв талбайд хажууд зодоон хийж, жийп хөлөглөж яваа юм. 
Хоёрдугаарт, ямар нэг аргаар жагсагчдыг муухай харагдуулах буюу нийгэмд “Жагсагчид гэж бүгд галзуу, солиотой нь мэдэгдэхгүй хүмүүс” гэдэг сэтгэгдэл төрүүлэх троллуудын нэг шалгарсан технологи байна. 
 
         Төв талбайд төрийн ямар нэг бодлого, шийдвэр, унж дорой, унхиагүй байдлыг эсэргүүцэж, эгдүүцсэн хүмүүсийн өлсгөлөн, суулт, жагсаал болохтой зэрэг л заавал нэг хэл ам нь хөгжсөн настайвтар эмэгтэй шууд дамжуулалтаар яриа өгч “од” болдог нь бүр нийтлэг үзэгдэл. Жишээ нь, эртээд нүүрс тээврийн жолооч нар төв талбайд шланзтайгаа гарч ирж, төрийн унхиагүй байдлыг шүүмжлэх үеэр хурган дээл өмссөн нэгэн эмэгтэй өврөөсөө цаас гарган ирж “Амьдрал хэцүү байна. Миний ард түмнийг яаж амьдруулж байгаа юм бэ” хэмээн уншихын сацуу шууд дамжуулалтаар ярилцлага өгч, хөлөөрөө газар дэвслэн уйлж харагдсан. Даанч жүжиглэлт нь хэтэрхий доторгүй буюу үнэмшилгүй, уйлах мөртөө нулимс нь хиймэл байж таарч, олны анхаарлыг өөртөө татах зорилготой тролл гэдгийг илчилчихэж байгаа юм.
 
Мөн саяхан цүнх, тор барьсан, хэн ч харсан ядуу зүдүү гэмээргүй настайвтар эмэгтэй “Би өр зээлтэй, өвчин зовлонтой, амьдрал хэцүү байна. Нэг архичинтай байсан, ашгүй ковидоор бурхан боллоо. Төв талбайд би стрессээ тайлахаар ирлээ” хэмээн эрээ цээргүй, эх адаггүй ярьж буй бичлэг цацагдсан. Тэр бичлэгийг нь хэсэг бүлэг хүмүүс цахим орчноор нэг тараагаад л “Эгчийн хэлсэн үгс үнэхээр үнэн” гэх маягтай. “Амьдрал хэцүү байсан чинь ашгүй нөхөр маань амьсгал хурааж, зовлон нимгэрлээ” гэж үнэнээсээ баярладаг хүн байх уу. 
 
Зөвхөн энэ хоёр эмэгтэйн бичлэг л гэхэд нийтэд жагсагчдын итгэл үнэмшлийг шууд унагаж, “Жагсагчид бүгд хагас галзуу юм байна. Төв талбайд эрүүл ухаантай хүн гарах хэрэггүй юм байна” гэх бодол, сэдлийг төрүүлж байгаа юм. 
 
Гуравдугаарт, жагсагчийг жагсагчаар намнах технологи гэж байна.
           УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан зургаа хоногийн өмнөөс “Засгийн газар огцор, УИХ тар” гэж төв талбайд суулт хийж эхэлсэн. Тэгмэгц О.Отгонтөгс гэж залуу хэвлэлийн хурал зарлаж, “С.Жавхлан Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг шаардсан. Засгийн газар шаардсан мөнгийг нь өгөөгүй учраас одоо төв талбайд суулт хийж, учир мэдэхгүй иргэдийг ашиг сонирхлынхоо төлөө ашиглаж байна” гэж мэдэгдсэн. Түүнийг ийн хэвлэлийн хурал хиймэгц нь Сангийн сайд Б.Жавхлан төрийн ордны коридорт хэвлэлийнхэнтэй санамсаргүй мэтээр таарч, “С.Жавхлан биднээс дөрвөн тэрбум төгрөг нэхсэн нь үнэн, өгөхгүй бол жагсаал хийнэ гэж ярьж байсан нь ч үнэн. Гэхдээ энэ хямралын үед бидэнд түүнд өгөх мөнгө алга. Үнэхээр ингээд жагсчихна гэж бодсонгүй” хэмээн тайлбар өгч байгаа юм.
 
С.Жавхлангийн жагсаалын цаадах ашиг сонирхлыг нийтэд анх дэлгэсэн гэх О.Отгонтөгс гэх залууг нь судлаад үзэхээр Үндэсний лигт тоглож байсан сагсчин залуу байх бөгөөд сүүлийн үед төрийг шүүмжилж бичлэг хийдэг болсон юм билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, гавьяат С.Жавхлан гурвын дунд яригдсан дөрвөн тэрбумын асуудлыг сагсчин залуу үг үсэггүй олоод мэдчихсэн, тэгснээ төлбөртэй хэвлэлийн хурлын зааланд хурал зарлаж, хэвлэлийнхнийг цуглуулан мэдэгдэл хийсэн нь үнэхээр иргэн хүний үүргээ биелүүлж, С.Жавхлангийн булайг дэлгэсэн үйлдэл үү, эсвэл...
 
         Товчхондоо, Төв талбайд жагсаал болно, жагсаал дээр олон хүн цуглана, тэр дунд тухайн жагсаалыг муухай харагдуулах, жагсаж буй хүмүүс нь бүгд галзуу солиотой гэж ойлгуулах зорилготой тролл жагсагч байна, тэр тролл жагсагч шууд дамжуулж байгаа камерийг нэн яаралтай олж, эх адаггүй ярина. Эсвэл жагсаалтай зэрэгцээд олон нийтийн анхаарлыг өөр дээрээ татах ямар нэг үйлдэл гаргана. Үр дүнд нь жагсаалын зорилго хазайж, жагсагчийнх нь нэр хүнд унана. Тролл зураг хөрөгтэйгөө цахим орчинд муулуулж, чулуу шийдүүлээд, харин төр гаднаа жагсагчгүй, эсвэл нэр хүндгүй, муугаараа дуудуулсан хэдэн жагсагчтай болж, хожиж үлдэнэ. Өнөөгийн төрийн жагсагчидтай тэмцэж буй технологи нь ердөө л энэ. 

 


Жагсагчийг жагсагчаар намнуулах төрийн технологи улам л боловсронгуй болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188