• Өнөөдөр 2024-04-26

ТӨРД ЭРХЭЛСЭН ТӨРСӨН АХ ДҮҮС

2021-10-19,   747

              Өнөөгийн Монголын улс төрд гурван айлын хөвгүүд л мөн их эрхэлж байна даа. Ерөнхий сайд О.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гурвын төрсөн ах дүүс л төрд утгаар нь эрхэлж, тосонд умбаж, торгонд хөлбөрч, тэгсэн мөртөө хуулиас дээгүүр амьдарч чадаж байна. Гурван айлын нийлсэн 10-аад "хөвгүүд"-ийг дураар эрхлүүлж байгаагаа юман чинээ тоодоггүй даанч баян улс, даанч уужуу ард түмэн юм. 
 

“НАЙРУУЛАГЧ” АХАН ДҮҮС

 
           Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгт төрсөн ах нь “Херо” Б.Баатар гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Харин эх нэгт төрсөн дүү Б.Баярнэмэхийг нь төдийлөн сайн танихгүй байх. Бас л ордон хавиар эргэлддэг нэгэн. Төөрч учирсан энэ ах дүүс энэ цагийн улс төрийг ёстой л найруулж байна даа. Ах Б.Баатар нь Пи-Ар-ыг нь, дүү Б.Баярнэмэх нь залуучууд, ТББ, холбоог нь хариуцаж, тэд хамт Л.Оюун-Эрдэнийнхээ замыг засаж, дардан байлгадаг гэх. 
 
          Дүү Л.Оюун-Эрдэнэ нь МАН-ын гал тогоо хавиар эргэлдэж, улс төрийн тавцанд гарч ирэх учраа олж ядан гүйж явахад ах Б.Баатар нь хэдийн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрын хайртай хуурай дүү нь болчихсон, олон нийтийг уяраах хамаг л ажлыг нь базаж явлаа. Санаж байвал, 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараахан Б.Баатар, У.Хүрэлсүх хоёрын утсаар ярьсан нууц бичлэг нийтэд цацагдсан байдаг. Тэр бичлэгт У.Хүрэлсүх Б.Баатарт “Уясан морь чинь түрүүллээ шүү дээ” гэхэд Б.Баатар хариуд нь “Одоо таныг сойно оо ахаа” гэсэн байдаг. Үнэхээр л У.Хүрэлсүх Х.Баттулгын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдчихлоо. Амны билгээс ашдын билэг гэгч нь болсон уу, аль эсвэл Б.Баатар У.Хүрэлсүхийг үнэхээр сойчихсон уу, бүү мэд. Нарийн анзаарсан хүнд бол У.Хүрэлсүх, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гурвын олон нийтэд хандсан Пи-Ар нь усны дусал шиг адилхан байдаг, монгол ханхалсан. 
 
        Төрсөн дүү Л.Оюун-Эрдэнэ нь эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд болсноос хойш “Херо” Б.Баатарын эрх хэмжээ улам ч тодорч, томорсон гэх. Заримдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдэл яг өөрийнх нь үү, ахынх нь уу гэж андуурмаар болтол төрийн хэрэгт тэр оролцдог болсон гэх.  Цар тахлын цөвүүн цаг үед наадам хийхгүй гэж эсэргүүцээд байхад л төрсөн ахдаа тэрбум төгрөг төсөвлөж өгөөд, ах нь түүгээр нь Хүй долоон худагт хэд хоног тоос манаргаж, нэг цагийн видео клип хийчихэж байгаа юм. 
 

БӨХ АХ ДҮҮС

 
             Улсын заан Д.Долгорсүрэнгийн хөвгүүд буюу улсын аварга Д.Сумъяабазар, мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, улсын начин Д.Сэржбүдээ нарын ах дүүсийг танихгүй, мэдэхгүй хүн үгүй. Энэ ах дүүсийг бөхөд хайртай монголчууд мөн ч их эрхлүүлж ирлээ дээ. 
 
Цөөхөн жишээ дурдъя. Д.Сумъяабазар, Д.Дагвадорж хоёрын дундаа эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны асуудал гэж дуусдаггүй дуулиантай нэг сэдэв байна. Өчнөөн тэрбум төгрөгийн чанаргүй зээл зах замбараагүй олгочихсон, авч чадахаа болимогц данс нь улайгаад, дампуурлаа зарлах хэмжээнд хүрчихсэн гэж эх сурвалжууд хэлээд л байгаа. Нэмээд Д.Дагвадоржийн үндэсний циркийг хувьчилж авсан хуудуутай асуудлын дуулиан байна. Улсдаа ганц байсан циркийг хувьчилж аваад түрээсийн оффис, түмэн залуус бужигнаж байдаг баар болгож орхисон. 
 
Сүүлийн үед шуугиан тариад байгаа Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын цирк тойрсон асуудал аль 10-аад жилийн өмнөөс л эхлэлтэй. 2014 онд ШӨХТГ-ын даргаар О.Магнай ажиллаж байх үедээ “АСА” циркт шалгалт хийж “Менежментийн хувьчлалын гэрээгээр хүлээсэн үүрэг буюу циркийн үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүргээ биелүүлээгүй байна. Ажилчдын тоо нь цөөрсөн, амьтадгүй болсон, байраа зориулалтын бусаар ашиглаж эхэлсэн гээд олон зөрчил илэрч байна. Д.Дагвадорж мөнгөтэй, бяртай байж болно. Гэхдээ хуулиа сахих ёстой. Намайг айлгаж чадахгүй шүү” хэмээн мэдэгдэж байлаа. Д.Дагвадорж ч тэр даруйд хэвлэлийн хурал хийж “Намайг 22 настай ёкозүна болоод тив дэлхийд улсынхаа нэрийг мандуулж явахад О.Магнай юу хийж байсан юм бэ. Энэ жижигхэн тойрогтоо шантааж хийгээд л явж байсан. Аварга нь бухимдалтай байна” хэмээн уурлах, тунихын завсраар мэдэгдэж байв.
 
           Ингээд энэ асуудал хэсэгтээ мартагдаж байгаад өнгөрсөн жилээс циркийн барилгыг дотроос нь нураагаад эхэлсэн тухай шуугих болсон ч бас л тэгсгээд намжсан. Гэтэл одоо циркийн арын нийтийн эзэмшлийн талбайг Д.Дагвадоржид эзэмшүүлчихсэн асуудал дэгдлээ. Судлаад үзвэл, циркийг эзэмшдэг “Рояал плаза”ХХК-ийг Д.Дагвадорж, эхнэр М.Отгонцэцэгтэйгээ хамт,  “Монголын үндэсний цирк” ХХК-ийг Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам, төрсөн дүү Д.Ичинноров нар нь эзэмшиж байна. Ээж, эхнэр, дүүтэй хамт циркт эзэн суучихсан, ах Д.Сумъяабазар нь хавь ойрынх нь газрыг нэмж эзэмшүүлээд, ар дээр нь хуулийн хамгаалалт хийгээд сууж байдаг бололтой юм. Гэтэл циркчид бэлтгэл, тоглолт хийх барилгагүй, брезентэн майханд бэлтгэлээ хийж байх. Нэгэн цагт дэлхийн тавцанд гарч явсан циркчид байргүй, амьтангүй болсноор гудамжинд гарцгаасан. 
 
Саяхнаас циркийн болон ойр орчмынх нь нийтийн эзэмшлийн газрын асуудал дэгдээд эхэлтэл хотын дарга Д.Сумъяабазар ах нь “Циркийг арай ч тийм болгосон гэж бодохгүй байна” хэмээн илт мэлзэж сууна лээ. 
 
        Уг нь Д.Дагвадоржийг арлын Японы сүмогийн дэвжээнд их бужигнуулж явахад нь монголчууд цэнхэр дэлгэцийнхээ өмнө нам сууж, хазайхад нь хамт хазайх шахуу л үзэцгээдэг байлаа. Тиймдээ ч алс Японд асуудалд орооцолдоод, зодог тайлаад хүрч ирэхэд нь “Аварга минь” гэж алгаа тосоод л хүлээж авсан. “Тэнд барилдана гэдэг чинь алаан байхгүй юу” гэж нулимс унагахад нь нийтээр л өмөлзөж байлаа. Даанч их эрхлүүлчихэж. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэгчээр одоо цирк ч үгүй, юу ч үгүй л болцгоосон байна. 
 
Д.Долгорсүрэн заан алсын ухаан сийлж, МАН-д Д.Сумъяабазар, АН-д Д.Дагвадорж, МАХН-д Д.Сэржбүдээгээ элсүүлсэн гэдэг. Аль ч нам төрийн эрхэнд гарсан энэ гэр бүлийнхний бизнес унаж, уруудахгүй гэсэн санаа л даа. Энэ зорилго нь ч амжилттай хэрэгждэг шиг. 
 

БИЗНЕСМЕН АХ ДҮҮС

             “Оюуны ундраа групп”-ээр овоглодог С.Отгонбаяр, С.Уламбаяр, С.Ганбат, С.Амарсайхан гэх ах дүүс бий. Энэ ах дүүс нийтийн дунд их алдартай. Том ах С.Отгонбаяр нь УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайдын албыг хашиж байсан. Түүний хүү О.Тэнүүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охинтой гэрлэсэн бөгөөд С.Отгонбаяр, Х.Баттулга хоёр худууд гэсэн үг. 
 
           С.Уламбаяр нь Туулын бургасыг “хядаж” тансаг орон сууц босгосон хэргээр олны хэл аманд өртсөн “Зүүн баян рефайнери” ХХК-ийн захирал гэдгээрээ эчнээ танил болсон нэгэн. Дархан цаазат Богд хан уулын Бага тэнгэрийн ам хавьцаа дөрвөн га газар аялал жуулчлалын зориулалтаар “дээгүүр нөлөөлж” авчихаад, Туулын эргийг хөрстэй нь эргүүлж, тансаг хотхон, оффис сүндэрлүүлчихсэн хэрэг нь одоо ч шийдэгдээгүй яваа. 
 

С.Ганбат нь сүүлийн хэдэн өдрийн гол дуулиан буюу цар тахлын дэглэм зөрчиж “Камертон” хамтлагийн нүсэр шоуг зохион байгуулсан хэл аманд өртөж, тусгай зөвшөөрлөө цуцлуулаад буй “Собт трейд” ХХК-йн захирал. Энэ ах дүүсийн мэдлийн “Зайсан хилл” цогцолбор зөвхөн ганц энэ удаад ч биш ерөөс цар тахлын дэглэм удаа дараа зөрчдөг, халдвар хамгааллын дэглэм сахидаггүй, том толгойгоороо УОК, НОК-ийнхний дунд зартай, гол толгойны өвчин нь байж ирсэн юм билээ л дээ. Даанч Шадар сайд С.Амарсайхан гэдэг асар том хамгаалалттай учир юу ч хийж чадахгүй байсаар өдийг хүргэж. 

 
          Дархан цаазат Богд хан уулын тусгай хамгаалалтын бүсэд хууль бусаар их хэмжээний газар авсан, зориулалтын бусаар ашигласан, амины тансаг хаус хотхон, хороолол, оффис барьж, түүнийгээ зарж үлэмж баяжсан, Туул голын эргийг сэндийчиж, бургасыг нь хядсан гээд түмэн асуудалд орооцолдож ирсэн ч хариуцлага хүлээж байгаагүй энэ ах дүүс нэмээд цар тахлын дэглэм зөрчиж, үндэстнийхээ эсрэг аюул заналхийлсэн хэрэгтэй боллоо. Туул гол, Богд хан уул, нийслэлийн иргэд ер нь ах дүүст ямар буруу зүйл хийсэн болоод гарт нь өртчих гээд байдаг байна даа. 
 
              Загас толгойноосоо өтдөг гэдэг үгтэй юм. Өнөөгийн төрд хамгийн хүчтэй, нөлөөтэй, эрх мэдэлтэй яваа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гурвын төрсөн ах дүүс төрөөр ч, түмнээр ч тоглох шиг болж байна. Энэ гурав цаашид эрх мэдэл ахихын хэрээр төрсөн ах дүүсийнх нь ч эрхлэх талбай томрох болно. Тэр цагт ард түмэн мянга орилоод дийлэхээсээ нэгэнт өнгөрсөн байх вий. 
 
 

ТӨРД ЭРХЭЛСЭН ТӨРСӨН АХ ДҮҮС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 12:02:08
    zochin: deeguur bgaa chumuus chaana neg ongiroo, danalzuur, ******** boloch mongo saaj ach duu naraa ood n tatdag !!! tegeed dandaa chudlaa yrij tsag alduulj uls orniig talchuulj ulam chymraadag . Tsaana neg zevuun luivarchid. Bugd dald or
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 12:02:08
    zochin: deeguur bgaa chumuus chaana neg ongiroo, danalzuur, ******** boloch mongo saaj ach duu naraa ood n tatdag !!! tegeed dandaa chudlaa yrij tsag alduulj uls orniig talchuulj ulam chymraadag . Tsaana neg zevuun luivarchid. Bugd dald or
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 12:02:08
    zochin: deeguur bgaa chumuus chaana neg ongiroo, danalzuur, ******** boloch mongo saaj ach duu naraa ood n tatdag !!! tegeed dandaa chudlaa yrij tsag alduulj uls orniig talchuulj ulam chymraadag . Tsaana neg zevuun luivarchid. Bugd dald or
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-19 11:00:34
    И: ЁСТОЙ ҮНЭН БИЧЖЭЭ, БИД ИЙМ ТАВИЛАНТАЙ БИШ ШҮҮ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188