• Өнөөдөр 2024-05-06

Цар тахлын эцсийн цэг шатаах зуух, тэгээд нэг килограмм чандар

2021-09-28,   350

             Чандарлах зуухны яндангаас үл мэдэг утаа цоролзоно. Цар тахал дахиад нэг хүний амыг авч одож, бие цогцос нь тэр зууханд шатаагдаж буй. Цаг бусаар нартаас буцаж буйдаа гомдолтой байх шиг утаа нь эргэн хурган байна. Шатаах зуух 850-1000 хэмээр тасралтгүй төөнөж, 70 минутын дараа энэ орчлонгоос нэгэн бие цогцос юу ч үгүй болно. Гэхдээ байсныг нь гэрчилж, шатаах зуухны доторх тавцан дээр халуу төөнөсөн нэг килограмм чандар үлдэж хоцорно. Эх дэлхийдээ эргэн хурган байсан мөнөөх утаа ч агаарт юу ч үгүй замхран одно. Хаа нэг тийш... Амьдрахад яасан урт, яасан хэцүү, харин явахад ямар амархан, яасан хурдан байдаг хэрэг вэ. Унаж, босож, уйлж, инээж, асаж, тэмцэж явсан амьдрал эцсийн цэгт энэ зууханд дуусдаг аж. Тэр тусмаа цар тахлын жинхэнэ аюул амьсгаа боосон ханиалга, 39 хэмийн халууралт биш 1000 хэмийн халуун шатаах зуух байдаг ажээ. 
 
Цар тахлын халдвараар нас барсан бол хүний ёсоор салах ёс гүйцэтгэх боломжгүй. Хэчнээн их хайртай байсан, хөрсөн цогцсыг нь тэвэрч, хөхөрч цайсан царайг нь эцсийн удаа харах эрх ар гэрийнхэнд нь байхгүй. Цар тахлын цөвүүн цагийн журам нь тийм учраас. Ердөө үлдэж хоцорсон нэг килограмм чандрыг нь л шавар вааранд хийсэн хойно харж, салах ёс гүйцэтгэх боломжтой.
 

Хоймор дүүргэн ханхайж суудаг асан аав нь хоёр килограмм ч хүрэхгүй чандар болчихоод шавар вааранд багтчихна чинээ хэн ч санахгүй, төсөөлөх ч үгүй. Тиймдээ ч итгэдэггүй, итгэхийг хүсдэггүй аж. Харамсалтай нь, цар тахлын цөвүүн цагийн гашуун боловч бодит үнэн бол энэ. 

 
Бурхан болоочийн чандартай ар гэрийнхэн нь хэрхэн салах ёс хийж, яаж хөдөөлүүлж, хойдын буяныг нь хэрхэн хурааж буйг нарийвчлахыг эс хүслээ. Цар тахлын цөвүүн цаг ноёлох болсноос хойш буяны газруудад шарил чандарлах, хойдын ном хурах, салах ёс гүйцэтгэх ёслол үүр хаяархаас бүрий тасрах хүртэл үргэлжилж байна. Мэдэхийг хүсэх биш, эсрэгээрээ мартахыг хүсэх дүр зураг учраас дэлгэрүүлэлгүй орхиё.
 
          Цар тахлын улмаас цаг бусаар 1152 хүн хорвоог орхиод байна, бидний дундаас. Бидний хэн нэгнийх нь аав, ээж, ах, дүү, хүү, охин нь байсан. Тэднээс тун цөөнийг нь буюу хөдөө буйд суманд нас барсан иргэдийг халдвар хамгааллын дэглэмийн дор уламжлалт аргаар австай хөдөөлүүлсэн бол ихэнхийг нь чандарласан. Өөрөөр бол, эхэнд өгүүлсэн 1000 хэмийн халуун зууханд. Харамсалтай нь, цар тахлын халдвараар нас барж, шатаах зууханд чандарлуулсан 1152 хүний төлөө төр засгаас ямар нэг зүйл хийсэнгүй өдийг хүрлээ. Хүний ёсоор эмгэнэл ч илэрхийлсэнгүй. Уг нь 3.5-хан сая хүн амтай манай улсад 1152 иргэн цар тахлаар нас барна гэдэг айж мэгдмээр, харуусаж гашуудмаар их тоо л баймаар.
 
          Ойлгомжтойгоор тооцвол, 1152 хүн гэдэг бол буйдхан нэг сумын хүн ам гэсэн үг. Бас 45 хүний суудалтай хот хоорондын автобусаар тооцвол, 28 автобус дүүрэн хүн, бидний нийтлэг хэрэглэдэг приүс машинаар тооцвол, 230 машин дүүрэн хүн гэсэн үг. Хэтэрхий олон хүн биш гэж үү. Гэтэл яагаад бид тэдний үхлийг нийтээрээ мартчихаж байгаа юм бэ. Үндэстнээрээ гашуудах хэмжээний олон нас баралт тохиолдолж, тэр тусмаа ахмад буурлууд хуйгаараа нас барж байхад яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ. Үр хүүхдүүд нь уйлж гашуудаад өнгөрөх нь зөв юм уу. Цар тахлын эсрэг зөв зохион байгуулалтаар тэмцэж чадаагүй, өдий хоёр жил өнгөрөхөд хөл хорио тогтоох, ресторан хоолны газрыг 22:00 цагаас өмнө хаахаас өөр шийдэл олж чадаагүй төр засаг цаг бусаар нас барсан 1152 хүний өмнө хариуцлага хүлээхгүй юм уу. Ядаж төрийн өндөрлөгүүд нь толгой бөхийж, уучлал гуйж, эмгэнэл илэрхийлэхгүй юм уу. 
 
"Нярайлаад удаагүй эмэгтэйг халаад, тавчигтай эмнэлгээс гаргалаа. Төр ийм энэрэнгүй бус байж болохгүй" хэмээн попорч Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх өөрийнхөө ард түмний өмнө эмгэнэл илэрхийлээгүй атлаа алс АНУ-д оччихсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индэр дээрээс "Цар тахлын улмаас дэлхий нийтэд 4.6 сая хүн амиа алдлаа. Гүнээ эмгэнэл илэрхийлж байна" хэмээн толгой бөхийж харагдсан. Цар тахлыг хэрхэн давж гарах тухай бодол, сэдэл боловсруулж, танхимын гишүүдээ шавдуулж байх ёстой УИХ-ын дарга Г.Занданшатар мөн Амеркид оччихсон, алимны тухай ярьж яваад ирсэн. "Цар тахлыг аюул багатай гэтлэх нь манай Засгийн газрын нэн тэргүүний зорилго" хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс амлалт өгч зогссон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын дүрэм журмыг зөрчин байж, "Цахим үндэстэн" хэмээн гурав хоног шоудсан. Шинэ тохиолдол, нас баралт бүхнийг "толгойгоороо" хариуцаж, галын шугамаа удирдлага зохион байгуулалтаар хангах ёстой Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ажилгүй хүчний хомсдол нүүрлэж эхэллээ" гэж уйлан дуугарах болов. Шадар сайд С.Амарсайхан хүртэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгч нэр зүүж, харь орнуудаар "тэнэх" болсон. Ингээд харвал, цар тахлын улмаас мянга давсан хүн нас барчихаад, мянга давсан гэр бүлд уй гашуу тохиочихоод байгааг анзаарч мэдэх, анхаарч ойлгох сэхээтэй, сэтгэлтэй төрийн өндөрлөг байна уу. 

 


Цар тахлын эцсийн цэг шатаах зуух, тэгээд нэг килограмм чандар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-28 18:39:29
    Иргэн: Ум ма ни бад МЭ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-28 14:30:49
    Бод доо: Хаа сайгүй л ийм байна. Засаг ямар халдвар тараасан биш, ганцхан Монголд гарсан биш. Ийм үед ийм үг ярих нь нэмж хорлож байгаа л хэрэг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188