• Өнөөдөр 2024-05-15

Ард түмний хөлийг хорьсон өнгөрсөн намрын хар түүх давтагдах юм биш биз, Ерөнхий сайд аа

2021-08-23,   790

          Юун түрүүнд Засгийн газраас ганц асуулт асууя, хичээл сургууль хаасан, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөлийг хорьсон өнгөрсөн намрын түүх энэ намар дахиад давтагдах юм биш биз. 
 
         Эрүүл мэндийн яамны мэдээллээр өдөр бүр шахуу дельта мутацийн халдвар бүртгэгдэх боллоо. Ялангуяа орон нутагт энэ мутацийн халдвар эрчимтэй тархжээ. Жишээ нь, энэ мутацийн тархалт Улаанбаатар хотод 30 хувьтай байгаа бол Баян-Өлгий аймагт 80 хувьд хүрч тархсан байна. Эрдэмтэн судлаачдын тайлбарыг сонсох нь ээ, эмнэлзүйн шинж тэмдэг нь нэн даруй илэрдэг, халдвар авсан хүмүүсийн 95 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болдог нэн аюултай мутаци гэнэ. Засгийн газар ямар нэг дорвитой тэмцэл хийж, хариу арга хэмжээ авах нь уу гэтэл цагаан тугаа өргөчихсөн аятай таг чиг. Нэгэнт нийтэд тархчихсан, ямар ч вакцин торгоож дийлэхгүй, ядаж Засгийн газар хүртэл буугаад өгчих нөхцөлд ард түмэн бид яах билээ. Дэмий л “Аюултай вирус гэнэ” гэж цуураад, амны хаалтаа цаг тутам сольж зүүгээд, “Хурдан алга болоосой” гэж залбираад суухаас өөр чадах зүйл бидэнд үлдээгүй бололтой юм. Товчхондоо энэ намар дельта мутациас болж дахиад хөл хорих дүр зураг харагдаад эхэллээ. 
 
        "Ажлаа хүлээж авснаасаа хойш эхний 100 хоногтоо “Ковид-19” халдварын голомтуудыг дарна, тархалтыг зогсооно" гэх амлалт өгсөн Засгийн газар ангайж сууцгаасаар 200 гаруй хоночихлоо. Хэдхэн хоногийн өмнө "200 хоногийн тайлан" гэж эдийн засгийн элдэв ойлгомж муутай хэдэн тоонууд танилцуулав. “Аж ахуйн нэгжүүдэд 10 их наяд төгрөг тарааж байгаа” гэх улиг болсон ганц ярьдаг юмтай л болж. Харин цар тахалтай хэрхэн тэмцсэн, цаашид хэрхэн тэмцэх тухайд “Нийт хүн амаа вакцинжуулсан” гэхээс өөр олигтой хариулт Засгийн газарт алга. Вакцинд ч дийлдэггүй дельта мутаци нийт хүнд амд нь тархаад аюулын харанга дэлдэж байхад вакцинаа ярьж сайрхсан хэвээрээ байгаа нь эмгэнэл гэлтэй.
 
       Үнэндээ “Ковид-19” халдварын альфа, дельта, монгол, англи мутациуд гэнэт гараад ирчихсэн юм биш л дээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөг тарааж, хөл хорио тогтоохдоо л “Ковид-19” халдварын  Англид тархсан мутацийн тухай ярьж байсан. Тухайн үед ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр “Турк улсаас шинэ төрлийн мутаци орж ирсэн. Тус улсаас тусгай нислэгээр ирсэн гэр бүлийн хүмүүсээс илэрсэн. Нийтэд тархсан байж болзошгүй. Манай гурван судлаач мутацийн судалгааны ажил дээр төвлөрч байгаа” гэх тайлбар хийж байлаа.
 

Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар одоогоос дөрвөн сарын өмнө л мутацийн тухай яриад сууж байсан байх нь. Мутаци хувилбаруудыг нийтэд тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, хүн амаа хамгаалах хангалттай хугацаа Засгийн газар байсан гэсэн үг. 

 
Гэтэл мутаци вирус яригдаж эхэлснээс хойш буюу энэ зун Засгийн газар яг юу хийв. Хотод хоногт 2000 давсан тохиолдол бүртгэгдэж байхад л “Хөдөө гар, амар, аялж зугаал, коронаг март” гэх маягтай хотоос хөдөө тийш гарах бүх “хаалгануудаа” нээсэн. Магад, хөл хорьж, вакцин хийгээд ч цар тахлын шинэ тохиолдлуудыг бууруулж чадаагүй алдаагаа залруулж, ард түмэнд таалагдах гэсэн эцсийн арга нь энэ байсан байх. Хагас жил хөл хоригдсон ард түмэн яах билээ, уухайн тас, вакцин хийлгэсэн гэх алга дарам цаас үзүүлээд л, амны хаалтаа цүнхнийхээ ёроол руу шидээд амарч, зугаалцгаасан. Уг нь ард түмэн амарч зугаалаад эзгүй, хүн амын бөөгнөрөл түр сарнисан энэ үед Засгийн газар цар тахлыг хэрхэн намжаах вэ, мутаци хувилбаруудтай хэрхэн тэмцэх вэ гэдэг төлөвлөгөө боловсруулаад, намар гэхэд айдгаа авдартаа хийсэн байхаар бэлтгэл бэлэн байдлаа хангаад сууж байх ёстой байсан. Гэтэл ажлаа хийгээд сууж байх ёстой байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө Япон нисэж, “Токио-2020” олимп үзэн шигээ баясаж, салбарын сайдууд нь орон нутаг руу “нисэж”, уул овоо, тэнгэр тахиж хийморио сэргээсэн шигээ амарч зугаалсан байх жишээтэй. Төр нь ард түмэнтэйгээ барьцаад амарч, зугаалах хооронд хотын бүх голомтууд нь хөдөөд тархаад, тэр дунд нь дельта мутацийн халдвар талийж өгсөн хэрэг. 
 
Хамгийн эмгэнэлтэй нь, зуны налгар өдрүүдэд ажлаа хийхгүй, ард түмэнтэйгээ барьцаад амарч зугаалсан Засгийн газар намар болж, ард түмэн буцаж бөөгнөрөөд, ажил, хичээл эхлэх болохтой зэрэг “Дельта вирус нийтэд тархсан шүү. Гэрээсээ бүү гар, анхаарал сэрэмжтэй бай” гэсэн юм яриад сууж байх. Уг нь сайдууд нь олимп үзэж, овоо тахиснаар цар тахлын аюулаас гэтэлдэг бол бид өнөөдөр дельта мутацийн тухай яриад сууж байхгүй л байлаа. Энэ янзаараа  одоо хоногт 1500 дундажтай байгаа шинэ тохиолдлуудын тоо хичээл сургууль эхэлмэгцөсөж таарна. Дамаа дельта мутацийн халдвар гойд нэмэгдэх биз. Тэгмэгц зунжин налайж сууцгаасан Засгийн газар гэнэт ухаан орсон аятай хуралдаад л, "Ард түмэн минь, аюултай мутаци гай тариад эхэллээ. Хөл хорихгүй бол дийлэхгүй нь, та нарыгаа л бодсондоо ийм шийдвэр гаргалаа шүү" гэж уянгалах байх даа.
 
 
 

Ард түмний хөлийг хорьсон өнгөрсөн намрын хар түүх давтагдах юм биш биз, Ерөнхий сайд аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-01 14:31:27
    Уншигч: Энэтхэгүүдийг оруулж ирээд тархсан байх магадлалтай юм уу даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-23 19:23:46
    Зочин: МАН тарвал таарна. Улс удирдаж чадахгуй, мулгуу, замбараагуй бна!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-23 16:42:21
    энхээ: гэж гоншигнох хэрэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-23 16:41:39
    энхээ: Хүн бүрийн хүсэл зорилгод нийцсэн шийдвэр гаргана гэдэг хэцүү?Гэхдээ дэлхий дахинд дийлдэхгүй байгаа энэ гайт тахалтайгаа зэрэгцэн амьдрахаас өөр гарцгүй болоод байх шиг?Гол нь хүн бүр өөрийнхээ л эрүүл мэндэд анхаарал тавих нь л зүйтэй юм болов уу?Одоо ЗГ хөл хорио тогтоохгүй байхаа?Харин хөл хорио тогтоосонгүй гэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188