• Өнөөдөр 2024-05-15

ТЭНГЭР ТАХИЖ, ТӨСВӨӨ ДААТГАГЧ

2021-08-11,   853

Сангийн сайд Сутайн тэнгэрийг тахиж, “самарсан” төсвөө даатгасан нь

 
     Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагаж “намирсан” УИХ-ын гишүүд, сайдуудын нэг нь Сангийн сайд Б.Жавхлан байв. Тэрбээр Сангийн сайдын хувиар Сутай хайрхан уулын тэнгэрийн тахилгад оролцож, тасарсан, тарамдсан төсвөө даатгаад иржээ. Уул тахиад улсын төсвийн алдагдал нөхөгдөхгүйг, тэнгэр тахиад тасарсан төсвийн орлого өсөхгүйг банкны секторт насаараа ажилласан хүн эрх биш мэдэх л байлтай. Гэвч тэр тавь, жаран том жийп, хэд хэдэн нисдэг тэрэгний зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр дааж, 1200 км явж очоод тахичихсан.
 
Төрийн тахилгатай уулаа тахих нь буруу биш байх  л даа. Гэхдээ төсөв тасарсан, төгрөг долларын боол болсон, аж ахуйн нэгжүүд дампуурсан, ард түмэн ядуурсан цөвүүн цагт төрийн сайдууд, их хурлын гишүүд, хурган дарга нар нь тийм олон жийп, нисдэг тэрэг хөлөглөөд уул, ус тахиад явах нь зохисгүй л гэх гэсэн юм. Тэр тусмаа тахлын энэ хэцүү цагт өнчин ишигний ч үргүй зардал гаргах эрхгүй Сангийн сайд нь өөрөө уриалан манлайлаад, дагалдан баясаад явж байх нь бүр ч зохисгүй гэх гээд. Говь-Алтай, Ховдоос сонгогдсон гишүүн байсан бол ганц удаадаа яах вэ, гэх сэн. Гэтэл мань эр Дарханд төрж өссөн, Сүхбаатарт сургуулиа төгссөн хүн шүү дээ. 
 

Сангийн сайд аа сайлан муулж, магтан матах нь

 
       “Байхгүй, өгөхгүй” гэдэг Сангийн сайдтай байсан бид “Байна, өгнө” гэдэг Сангийн сайдтай болоод даруй зургаан сар гаруйн хугацаа өнгөрлөө. Харамч хойт эцгийн гараас өглөгч төрсөн эцгийн гарт ирчихсэн шиг, байхгүйн зовлон үзэж өлөн нойтон явснаа байгаагийн зоргоор үрдэг эрх танхи болчихсон шиг, нэг тийм. 
 
“Хөл хорио тогтоолоо, уучлаарай, май 300 мянга”, “Вакцинаа хийлгэчихсэн үү, май 50 мянга”, “Хүүхэдтэй юу, май он дуустал тус бүрд нь 100 мянга”, “Ус, цахилгааны төлбөрийг тань он дуустал би төлье”, “Аж ахуйн нэгж тань дампуурах гээд байна уу, май гурван хувийн хүүтэй 500 сая, тэгж байгаад буцааж өгөөрэй”, “Тахлын голомтод ажиллаж байна уу, май 454 тэрбум, урамшуулал шүү”, “Гэр хороололд амьдардаг уу, сайжруулсан түлшний үнийг он дуустал хөнгөллөө”, “Тариачин уу, үрийн улаанбуудайг чинь хөнгөлье”, “Залуу гэр бүл үү, хямд орон сууц барьж өгье”, “Эрүүл мэндийн салбарынхаа бэлэн байдлыг дэмжье, 321 тэрбум” гэх мэтээр Сангийн сайдын өглөг, халамжийг дурдвал зургаахан сарын дотор хэдэн их наяд ажээ.
 
Гэхдээ түүнийг “өглөгч” гэх нь магтаал уу, матаас уу, өгсөн, тараасан мөнгө нь хэсэг зуурын жаргал уу, хожим үүрэх зовлон уу гэдгийг одоогоор урдаа барьдаг эдийн засагчид ч тайлбарлаж чадахгүй байна. Урдах Сангийн сайдын үед улайсан “халаастай” явж асан төр шинэ Сангийн сайдтай болмогцоо гэнэт л мөнгөтэй, халамжийн бодлоготой болчихсоны учрыг тайлчихвал магтах уу, матах уу гэдгээ нэг тийш болгомоор.
 
Түүнчлэн Сангийн сайдын бас нэг тайлагдаагүй нууц бий. Тэр Сангийн сайд болохоосоо өмнө халамжийн бодлогыг эсэргүүцдэг, нарийн гэмээр нөхөр байлаа. Нэг жишээ, 2020 оны нэгдүгээр сарын 10-нд буюу Сангийн сайд болохоосоо яг нэг жилийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэх асуудалтай холбоотойгоор “Энэ бол халамжийн нэг хэлбэр шүү дээ. Бид халамж ихсэх тусам популизм гаардаг гашуун түүхээс салаад удаагүй байгаа. 2004, 2008, 2012 онуудад их мөнгө амлаж, улс төр хийдэг байсан тэр чөтгөрийн тойргоос бид арайхийж гарч ядаж байгаа. Гэтэл буцаад халамжийн чиглэлийн эдийн засгийг тэлэх нь чөтгөрийн тойрогтоо эргэн орж болзошгүй байдлыг үүсгэх үр дагавартай. Тогтож ядаж байсан төсвийг ч, иргэдийн санхүүгийн сахилга батыг ч эвдэх хор уршигтай” хэмээн эрс шийдэмгий эсрэг байр суурь илэрхийлж байв. Гэтэл өөрөө Сангийн сайд болмогцоо халамжийг бодлогыг баруун, солгойгүй “цэцэглүүлж” эхэлсэн нь бас л нэг тайлагдаагүй нууц. 
 
Ямартай ч мань эр өөрөө энэ онд эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх, цар тахлын нөлөөгөөр экспортын орлого буурсан ч үнийн өсөлтөөр алдагдлаа нөхөх мэдэгдэл хийсэн. Тэгэхээр шинэ баяны дүрд дэмий тоглоогүй байгаасай л гэж найдах үлдэж байгаа юм. Нөгөөтээгүүр, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урт настай, удаан жаргалтай байхыг зорьж байгаагаа удаа дараа илэрхийлсээр буй. Улс төр тогтвортой байвал, уначихгүй бол тэдэнд засаглах дахиад гурван жил бий гэсэн үг. Чухамдаа хоосон байж хуурамч баяны дүрд тоглосон бол хожим ирэх "гай" нь өөрийнх нь толгой дээр бууна гэдгийг санаж явахад гэмгүй л байх. 

Сангийн сайдын санхүүгийн “хар түүх”-ийг сөхөх нь

 
        2018 онд ЖДҮХС-аас танил тал, эрх мэдлийн давуу талаа ашиглан их хэмжээний зээл авсан 49 гишүүний нэр олон нийтэд ил болж, жинхэнэ дуулиан тарьж байв. Тэдний дунд, нэлээд дээгүүрт Сангийн сайд Б.Жавхлангийн нэр бичигдэж байлаа. Тухайлбал, ЖДҮХС-гаас “Пример инвестмент групп” ХХК-д 900 сая, “Жетте майнинг” ХХК-д 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв. Өөр бас нэг мэдээлэл нь тэрбээр АНУ-д суралцаж байхдаа танилцсан, Монголд ирээд өөрийнх нь туслахаар ажиллаж байсан С.Төгсбилэг гэх залууг ЖДҮХС-гийн захирлаар томилуулсан гэж шуугьж байв. Гэхдээ үндэслэл нь хангалттай нотлогдоогүй гэх шалтгаанаар хэрэгт холбогдолгүй болж хоцорсон гэдэг.
 
Түүнчлэн 2016 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол банкны үйл ажиллагаанд шалгалт хийж, “Улсад гурван их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдал учруулсан байна” гэх тооцоог гаргаж, улмаар уг шалгалтын мөрөөр АТГ ажиллаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж эхэлсэн ч дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхланд хариуцлага тооцоогүй өнгөрсөн гэдэг нэг “хар түүх” түүнд бий. 
 
 

ТЭНГЭР ТАХИЖ, ТӨСВӨӨ ДААТГАГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 21:27:49
    З: УУЛ ТАХИАД БААХАН МОГОЙ ОРУУЛААД ИРЭХ ЮМАА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 10:28:52
    zochin: darhandaa uym hiij chadahgvi hun uyn ulsiin tusuv eniig hurdan soliochee uy ch medehgvi usan tolgoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-11 09:10:31
    дархан иргэд: дарханыхаа дуусдагүй спортын цогцолбороо хурдан дуусгаачээ сангийн сайдаа овоо дуусах дөхөөд байх шиг бодвол мөнгө төгрөг нь хүрэхгүй болтой одоо барилгын материалын үнэ тэнгэрт хадлаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188