• Өнөөдөр 2024-05-16

АРД ТҮМНИЙХЭЭ АМИЙГ ЗОЛИН БАЙЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮУ, ХОЙШЛУУЛЪЯ

2021-06-07,   608

              Юун түрүүнд асуумаар байна, У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар Ерөнхийлөгч болох гэж, ард түмэн шинэ Ерөнхийлөгчтэй болох гэж амь насаараа дэнчин тавих шаардлага байна уу. Цар тахлын энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны уулзалтуудыг өдөрт хэд хэдээр нь зохион байгуулсан нь хаврын хуурай өвсөнд чүдэнз зураад шидсэнтэй адил халдварын шинэ тохиолдлуудыг гааруулж орхилоо. Зөвхөн өнгөрөгч амралтын өдрүүдэд л гэхэд 2681 хүн халдвар авсан нь батлагдаж, арван хүн нас барж, нийт тохиолдол 65255, нас баралт 311 болж огцом өслөө. 
 
Тухайлбал, бямба гарагт 1393 хүн халдвар авч, зургаан хүн нас барсан бол ням гарагт 1288 хүн халдвар авч, дөрвөн хүн нас барлаа. Харамсалтай нь, цар тахлын халдвараар нас барсан арван хүний дунд наймхан настай хүүхэд хүртэл байлаа. Тэрээр коронавирусийн халдвар авсан нь хүүхдийн баярын өдөр батлагдаж, улмаар тав хоног ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад бямба гарагт хорвоогоос одлоо. Ирээдүй болсон хүүхэд багачууд хүртэл цар тахлын халдвараар нас барж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийг заавал одоо зохион байгуулах гэж хаа хаанаа улайрах хэрэг байна уу. 
 
Нэр дэвшигчдээс асуумаар байна. 
 
1.Эх, нярайг өрөвдөөд Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон, эхнэр, охидоороо сүү өргүүлж сурталчилгаандаа гарсан У.Хүрэлсүх, эхнэрээ дэргэдээсээ алхам “холдуулалгүй” халдвар автлаа хамтдаа сурталчилгаа хийсэн Э.Энхбат, эх, үрсийн баяраар ээждээ гүйж очиж үнсүүлж, түүгээрээ сурталчилгаа хийсэн Э.Эрдэнэ нарын хэн нь ч яагаад “Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулъя, бид эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдийнхөө амь нас, эрүүл мэндийг золин байж Ерөнхийлөгч болмооргүй байна” гэж хэлэхгүй байгаа юм бэ. 
 
2.Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийн бэлгэдэл, аюул байдлыг нь сахин хамгаалагч байх ёстой. Гэтэл энэ хариуцлагатай албан тушаал очих гэж сонгуульд өрсөлдөж байж ард түмэндээ яагаад ийм хайргүй, амь нас, эрүүл мэндийнх нь аюулгүй байдалд яагаад ийм хайхрамжгүй хандаж байгаа юм бэ.  Бас Ерөнхийлөгч хүн бол айл гэрээр яривал өрхийн тэргүүн нь. Тэгвэл ээж, аав  нь, эхнэр, хүүхдүүд нь ээлжилж өвчин тусаад, нэг нэгээрээ нас бараад байхад огт санаа зовдоггүй, арга хэмжээ авдаггүй айлын эцэг, өрхийн тэргүүн гэж байх уу. 
 
Уг нь ядаж хэн нэгэн нь индэр дээр гарч ирээд “Би Ерөнхийлөгч болох хүслээ зуу зуун иргэнийхээ амь нас, эрүүл мэндээр гүйцэлдүүлмээргүй байна” гээд хэлчихсэн бол тэр хүн шууд л “Ард түмний Ерөнхийлөгч” гэж хүндлэгдэх байлаа. Харамсалтай нь, хэнд нь ч ард түмнээ бодож, Ерөнхийлөгч болох “шунал”-аа түр хойш нь тавих сэтгэл байсангүй. 
 
Ард түмнээс асуумаар байна. 
 
1.Тэр гурвын хэн хэн нь Ерөнхийлөгч болсныхоо маргаашаас нь шууд л халдвар авсан бүх иргэнээ эмчлэх, нас барсныг нь буцааж амьдруулах ид шидтэй юм уу. Хэрвээ үгүй юм бол, тэдний хэн нэгнийг Ерөнхийлөгч болгохын төлөө ард түмэн яагаад амь насаа хайрлахгүй хэдэн зуугаараа бөөгнөрөн сурталчилгаанд нь сууж, нэр дэвшигчидтэй гар барихын төлөө унаж босон улайрцгаагаад байгаа юм бэ. 
 
2.Ерөнхийлөгчөө сонгочихвол л энэ аюулт цар тахал, эдийн засгийн хямрал тэр дороо зогсчих юм уу. Хэрвээ үгүй юм бол, Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаашаас халдварын дэгдэлт, өлсгөлөн, ажилгүйдэл, ядуурал улам гаарна гэдгийг мэдэж байж “Сонгуулиа хойшлуул” гэж яагаад шаардахгүй байгаа юм бэ. 
 
       Эцэст нь, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас хойш дөрөв, таван удаа хатуу хөл хорио тогтоосон. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны энэ хэдхэн хоног орцныхоо үүдэнд цагдаатай, гудамжныхаа буланд эргүүлтэй, хөл хорионд байсан тэр өдөр хоногуудын үр дүнг бүр мөсөн үгүй хийчихлээ. Энэ янзаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш гэхэд л хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөл бүрдэх нь. Тиймээс санал авах өдөр илүү олуулаа бөөгнөрч, илүү олон иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг золихоосоо өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулъя. Ард түмэн шаардаж, нэр дэвшигчид санал, санаачилга гарвал хойшлуулж болохгүй зүйл байхгүй биз дээ. Хууль журамдаа харшилж магад. Гэхдээ ард түмний аюулгүй байдлын эсрэг хууль гэж байх ёсгүй биз дээ. 
 

АРД ТҮМНИЙХЭЭ АМИЙГ ЗОЛИН БАЙЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮУ, ХОЙШЛУУЛЪЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188