-ХҮЧИРХИЙЛЭЛ, ЗАЛИЛАН ҮЙЛДСЭН М.ЭНХБИЛЭГ, МӨНГӨ УГААХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ БАЙГУУЛАХ ХЭРЭГ ҮЙЛДСЭН М.ЭРХБАЯР НАРЫГ ТОМЧУУД ХАМГААЛДАГ УУ-
Хамтран амьдарч эмэгтэйнхээ гурван настай хүүг хүчирхийлж, сэхээнд ортол нь зодсон гэх Мягмарын Энхбилэг гэх залуу нийгмийг бухимдуулж буй. Түүгээр зогсохгүй, М.Энхбилэг гэгч нь “Хаан” банк, “Капитал” банкнаас авсан зээлээ төлөлгүй зугтсан, “Централ рийл Эстэйт” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниараа 110 иргэнийг залилж, 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан нь ил болоод буй.
Тэгвэл бүлэглэж залилан үйлдсэн, шүүхийн шатанд хянагдаж байхдаа оргон зайлсан, бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж буй М.Энхбилэгийн төрсөн ах М.Эрхбаярын тухай илүү ноцтой баримт дэлгэж байна.
М.Энхбилэгийн төрсөн ах М.Эрхбаяр гэх залуу бий. М.Эрхбаяр нь 2011 БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Бээжин хот дахь Цинхуа Их сургуульд элсэж, 2015 онд төгссөн. Төгсөж ирээд Монголд “Монголын бизнес машинууд” ХХК, “Деадема” ХХК, “Канкри консалтинг” ХХК, “Эе пропертис” ХХК-уудыг байгуулсан. М.Эрхбаярын энэ компаниуд түүний төрсөн дүү буюу хүчирхийлэл, залилангийн хэргээр шалгагдаж буй М.Энхбилэгийн иргэний үнэмлэх дээрх “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж, 63а байр, 12 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдгийг дурдах нь зүйтэй байх.

М.Эрхбаяр ийнхүү 2015 оноос хойш хувийн компаниудаа удирдаж, хажуугаар нь хадам аавынхаа “Мөнх дэвжих буян” ХХК-ийн захирлаар ажиллаж, “JCI” байгууллагын гишүүнээр элсэж, товчхондоо тун амжилттай явсан. Гэвч М.Эрхбаярын Хятадуудтай хамтарсан маш ноцтой гэмт хэрэг 2019 онд илчлэгдэж, том дуулиан дэгдсэн. Энэ бол алдарт “800 Хятадын хэрэг” юм. Хууль хяналтынхан М.Эрхбаяр болон БНХАУ-ын 14 иргэн нийлж зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, Хятадын 800 иргэнийг хилээр оруулж ирж, зочид буудлуудад нууцаар байршуулж, өндөр хүчин чадалтай бүхий компьютер, гар утас, сим картаар хангаж, Тайланд, Камбожийн компаниудын цахим сүлжээнд халдаж, залилан хийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гол асуудал нь, М.Эрхбаярын хамтрагч 14 Хятад иргэн тус бүр 9-12 жилийн ял авч, хэрэг нь хэдийнэ шийдвэрлэгдсэн. Гэтэл М.Эрхбаярын хэрэг Давж заалдах шатнаас анхан шат руу буцаагдсан гэхээс өөр мэдээлэлгүй, сошиал хаягууд нь ч хэвийн ажиллагаатай байна. Эндээс М.Эрхбаяр, М.Энхбилэг гэх ах дүү хоёрыг хэн нэгэн хууль шүүхийнхэнд нөлөөлөх замаар хамгаалдаг юм биш биз гэх хардлага гарч байгаа юм.
Эхлээд М.Эрхбаярын хэргийг эргэн сануулъя. 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө цагдаа, тагнуулынхан БНХАУ-ын 800 иргэнийг Улаанбаатар хотын “Амар”, “Ориентал”, “Секрет гарден”, “Кентавр” зочид буудлуудаас дайчлан баривчилж, бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулж, улс даяараа түгшүүрт автаж байлаа. Маргааш нь тухайн үеийн ТЕГ-ын дарга Д.Гэрэл “Урд хөршийн 800 иргэнийг цахим сүлжээгээр дамжуулан залилан хийх, мөнгө угаах зорилгоор Улаанбаатар хотод авчирсан байсан. Энэ гэмт хэргийг Хятадын хоёр иргэн, Монголын нэг иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон. Бүх зүйл бидний хяналтад байгаа тул айх, сандрах зүйл байхгүй” гэж ард түмнийг тайвшруулж байв. Ингээд цагдаа, тагнуулынхан дээрх нэр бүхий зочид буудлуудаас Хятад иргэдийн гэмт хэрэгтээ ашиглаж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 компьютер, 10 мянган сим карт, гар утас хурааж авсан. Харин БНХАУ-ын 800 иргэнээс гол зохион байгуулагч 14 иргэнийг нь үлдээж, 786 иргэнийг вагонд суулгаж нутаг буцаасан байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Е.Т, Ж.Х нарын 14 иргэн болон Монгол Улсын иргэн М.Эрхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3 “Залилах”, 18.6.3 “Мөнгө угаах”, 20.3.1 “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх”, 26.1.4.1 “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргүүдээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ БНХАУ-ын 14 иргэн болон Монгол Улсын иргэн М.Эрхбаяр нарын хэргийг тусад нь шүүсэн. Хятадын 14 иргэний хэргийг 2020 оны аравдугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, БНХАУ-ын 14 иргэнээс Е.Т, Ж.Х нарт 12 жилийн хорих ял, бусад 12 иргэнд нь 9 жилийн хорих ял оноосон. Тухайн 14 иргэн ялаа хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдсан бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 9-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэр буюу 9-12 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байдаг.

Харин Монгол Улсын иргэн М.Эрхбаярын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэрийн сангаас М.Эрхбаярын 2102000000214 дугаартай хэргийг шүүлт хийж үзэхэд 2022 оны нэгдүгээр сарын 12-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн, 2022 оны гуравдугаар сарын 15-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.Эрхбаярын хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан гэхээс өөр мэдээлэл одоогоор алга байна.
Тэгвэл 9-12 жилийн ял авсан БНХАУ-ын 14 Хятад иргэнийг хавтаст хэргээс М.Эрхбаярын тухай баримтыг түүвэрлэн, ойлгомжтойгоор тайлбарлая.
1. М.Эрхбаяр нь 800 Хятад иргэнд Монголоос урилга явуулж, бизнесийн ангиллын визэд хамруулж, хилээр оруулж ирэх ажлыг гардан гүйцэтгэснийг тогтоосон. Энэ талаар шүүхэд хуралд гэрч Б.Гантигмаа “ ... Би 2019 онд М.Эрхбаярын удирдлага дор ажилладаг байсан. М.Эрхбаяр надад 2019 есдүгээр сард БНХАУ-аас хүмүүс ирэх гэж байгаа, тэднийг бизнес ангиллын визээр оруулж ирэх гэж байгаа учраас чи тэдэнд урилгын бичиг илгээх ёстой гэж хэлсэн. Ингээд М.Эрхбаяр надад эхлээд 300 орчим Хятад иргэний цээж зураг, нэр өгсөн. Би Гадаад харилцааны яамны Консулын газрын вебсайтад нэвтэрч, “Монгол Мао Шин Фэнг” ХХК, “Монгол Чүн Шэн Мао” ХХК, “Мултилимэншионал интернэшнл” ХХК гэх гурван компанийн өмнөөс М.Эрхбаярын надад өгсөн Хятадад иргэдийн цээж зураг, нэрээр урилга явуулдаг байсан. Учир нь “Монгол Мао Шин Фэнг” ХХК, “Монгол Чүн Шэн Мао” ХХК, “Мултилимэншионал интернэшнл” ХХК гэх гурван компани Хятад хүмүүсийн нэр дээр байдаг ч тамга, тэмдэг нь М.Эрхбаярт байдаг байсан. Би өдөрт нэг компани дээр 1-9 хүний урилга явуулдаг байсан” гэж мэдүүлжээ.
2. М.Эрхбаяр хилээр орж ирсэн 800 Хятад иргэнийг Улаанбаатар хотын дөрвөн зочид буудалд хуваан байршуулах ажлыг гардан гүйцэтгэснийг тогтоосон. Энэ талаар шүүх хуралдаанд прокуророос “БНХАУ-ын иргэн Ж.Х, Е.Т нар нь Монгол Улсын иргэн М.Эрхбаяртай бүлэглэж, 2019 оны есдүгээр сараас 2019 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд 230 хүнийг “Амар” зочид буудалд, 20 хүнийг “Секрет гарден” зочид буудалд, 84 хүнийг “Кентавр” зочид буудал, 264 хүнийг “Ориентал” зочид буудалд тус тус байрлуулсан” гэжээ. Мөн 200 Хятад иргэний байрлаж байсан “Амар” зочид буудлын захирал, “Ноён капитал” ХХК-ийн Ерөнхий захирал О.Намжинбаатар “Манай зочид буудалд онлайн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж “Канкри консалтинг” гэдэг компани бидэнтэй гэрээ байгуулсан. “Канкри консалтинг” компанийн захирал гээд Монгол залуу гэрээ байгуулаад, манай зочид буудлын 4-12 давхрыг түрээсэлсэн. Бид нэгэнт түрээсийн гэрээ байгуулаад, буудлынхаа 4-12 давхрыг хүлээлгээд өгчихсөн учраас тэнд ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдээгүй, гэрээний хүрээнд хөндлөнгөөс хянах ч эрхгүй байсан” гэжээ. 800 Хятад иргэнийг байрлуулахаар зочид буудлуудтай түрээсийн гэрээ байгуулсан “Канкри консалтинг” ХХК нь М.Энхбаярын нэр дээр байдаг, түүний компани юм.
3. М.Эрхбаяр 800 Хятад иргэнд өөрийнхөө “Канкри консалтинг” ХХК, хадам аавынхаа “Мөнх дэвжих буян” ХХК-ийн нэр дээр “Жи мобайл” ХХК-иас 2019 оны аравдугаар сарын 10-наас 28-нийг хүртэл хугацаанд 8100 ширхэг сим карт худалдаж авч өгсөн нь тогтоогдсон.
Тайлбар: 14 Хятад иргэний хавтас хэрэгт авагдсан баримт
Тайлбар: "Канкри консалтинг" ХХК-ийг Мягмарын Эрхбаяр эзэмшдэг тухай баримт, Улсын бүртгэлийн сан
4. М.Эрхбаяр 800 Хятад иргэнийг хилээр оруулж ирж, зочид буудлуудад байрлуулж, компьютер, гар утас, сим картаар хангасныхаа дараа цахим залилангийн хэрэгт нь ч хамтран оролцсон нь тогтоогдсон. Энэ талаар шүүх хуралдаанд прокуророос “БНХАУ-ын иргэн Е.Т, Ж.Х бүлэглэн 2019 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотоос Тайландын Вант улсын “Стар петролиум Репинг паблик компани лимитэд” компанийн АНУ-ын “Шеврон Юү Эс Эй Инк” гэх шатахуун үйлдвэрлэгч компанитай харилцаж байсан цахим шууданд халдсан. Улмаар “Шеврон Юү Эс Эй Инк” компанийн өмнөөс “Стар петролиум Репинг паблик компани лимитэд” компани руу хуурамч төлбөрийн нэхэмжлэл илгээсэн. Энэ хуурамч төлбөрийн нэхэмжлэлээрээ “Стар петролиум Репинг паблик компани лимитэд” компаниас 22.3 сая ам.доллар буюу 59.7 тэрбум төгрөг залилсан. БНХАУ-ын иргэн Е.Т, Ж.Х нар энэ мөнгөө угааж, хууль ёсны мөнгө болгож харагдуулахын тулд Монгол Улсын иргэн М.Эрхбаяртай бүлэглэж 3.4 тэрбум төгрөгийг Монгол Улсад үүсгэн байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн данс руу “Хөрөнгө оруулалт” гэх утгаар шилжүүлсэн. Энэхүү 3.4 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулж угаахын тулд Улаанбаатар хотод өөрсдийн байрлаж байсан зочид буудал, орон сууц, оффисын төлбөрийг төлж, мөн Лексус 570 автомашин хоёрыг, Ланд крузер-200 автомашин хоёрыг, Альфард автомашин гурвыг, Форд эверест автомашин нэгийг, Акуа автомашин нэгийг тус тус худалдаж авсан” гэжээ.

Тайлбар: 14 Хятад иргэний хавтас хэрэгт авагдсан баримт
Ийнхүү БНХАУ-ын 14 иргэнийг шүүж байх үед М.Эрхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөнгө угаах, цахим халдлага хийх гэмт хэрэг үйлдсэнийг гэрчүүд болон прокуророос тогтоосноо танилцуулж байжээ. Гэвч 2022 оны гуравдугаар сарын 15-ний Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хурлаас хойш М.Эрхбаярын хэргийг хэрхсэн нь тодорхойгүй болчихсон байна. Хамгийн ноцтой нь, М.Эрхбаярын өөрийнх нь сошиал хуудсууд одоог хүртэл өдөр тутмын хэвийн ажиллагаатай, хамгийн сүүлд найм хоногийн өмнө хадам аавынхаа “Мөнхдэвжих буян” ХХК-ийн компанийн сурталчилгааг нийтэлжээ. Сонирхуулахад, М.Эрхбаяр нь хууль хяналтынханд шалгагдаж буй “IHC” койны дэмжигч, цагдан хоригдож буй О.Мөнхжингийн “МОТ велт эдүкэйшн” академийн гишүүн юм байна.
Тэгвэл М.Эрхбаяр, М.Энхбилэг гэх ах дүү хоёрыг хэн нэгэн хууль шүүхээс хамгаалдаг юм биш биз гэсэн ноцтой асуулт гарч ирж байна. Судалж үзвэл, М.Эрхбаяр, М.Энхбилэг хоёрын аав, ээж, ах, эгч нар нь бүгд Баянхонгор аймагтаа нөлөө бүхий компанийн захирлууд, төрийн албаны дарга нар ажээ. Тухайлбал, том эгч М.Норовбанзадынх нь нөхөр Э.Сампилноров нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад чөлөөндөө суужээ.
Тайлбар: М.Эрхбаяр, М.Энхбилэг болон төрсөн эгч М.Норовбанзад, хүргэн ах Э.Сампилноров нар
Товчхондоо, залилан, хүчирхийлэл үйлдсэн М.Энхбилэг, залилан, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, цахим халдлага хийх хэрэг үйлдсэн М.Эрхбаяр ардаа том нөлөөтэй байж болзошгүй тул хэргүүд нь хэрхэн шийдэгдэхийг анхааралтай ажиглах л үлдэж байна.
ХҮЧИРХИЙЛЭГЧ М.ЭНХБИЛЭГИЙН ТӨРСӨН АХ М.ЭРХБАЯР “800 ХЯТАДЫН ХЭРЭГ”-ЭЭС ЯЛ ЗАВШСАН УУ |
|