• Өнөөдөр 2024-03-19

ГУРАВДУГААР ТУН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТЭД ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ БОЛОМЖ

2021-11-30,   563

-Хэрэв энэ байдлаараа гуравдугаар тунд хамрагдахгүй бол дөнгөж эргэлтэнд орж эхэлсэн эдийн засгаа дахин царцааж, хөл хорионы дэглэмд орохыг ч үгүйсгэх юм-

         Цар тахлаас хэвийн амьдралд шилжиж, өмнөх шигээ дураараа амьдрах боломж бидэнд байна. Өнгөрсөн оны өдийд манайд коронавирусийн халдвар эд тархаж, хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн амаргүй цаг үеийг туулж байв.  Харин өнөөдөр бид коронавирус тархахаас өмнө ямар байсан яг тийм үедээ очиход ойрхон болсон байна. Наанадаж хүүхдүүд танхимаар хичээллэх боломж бага ч болсон нээгдэж, хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүд хэвийн горимоор ажиллаж эхлэв.  Хөл хорионы үед нам гүмд автсан Улаанбаатар сая “сэрж”, иргэдийн сэтгэл санаа ч харьцангуй тайван болов. Хоёр жил ковидын нөлөөгөөр хямарсан эдийн засаг сая эргэлтэд орж, иргэдийн ажил орлого ч тогтвортой болж эхэлсэн нь ажиглагдаж байна.
 
     Хэдийгээр халдварын голомтын бүрэн дарж чадаагүй ч дэвшилттэй зүйлс гарсаар байгааг энэ мэт жишээгээр дурдаж болох нь. Халдварын тоо сүүлийн хэдэн долоо хоногт эрс буурч, нас баралтын тоо ч буурсан гэх эерэг мэдээллүүд гарч байгаа нь сайшаалтай.
      Өөрөөр хэлбэл, Засгийн газраас иргэдээ вакцинд хамруулах ажлыг яаралтай зохион байгуулж,  дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлснээр ковидын халдварын тархалтыг хяналтдаа авч чадлаа. Өнөөдөр халдварын тоо эрс буурсан нь иргэд вакцины нэг, хоёрдугаар тундаа идэвхтэй хамрагдсаны үр дүн гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, цар тахал дөнгөж тархаж эхлэх үед нийгэм тэр аяараа айдаст автаж, халдвараас хэрхэн сэргийлэхээ мэдэгдэхгүй цочролд орсон цаг хугацаа үргэлжилсэн. Улмаар анхны вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө ковидын халдвар маш эрчимтэй тархаж, олон хүн өвчилсөн, амиа алдсан харамсалтай цаг хугацааг өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид туулаад байв
 
       Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийг вакцинд яаралтай хамруулах арга хэмжээ энэ цаг үед нүдээ олж, өнөөдөр нэг, хоёрдугаар тунд иргэд олноороо хамрагдсаны үр дүнд хөл хорио харьцангуй суларлаа. Гэвч иргэд тайвшрах болоогүй гэдгийг албаныхан эрүүл мэндийн байгууллагууд сануулсаар байгаа. Учир нь Ковид-19 халдварын сөрөг нөлөөллийг бууруулах ямар ч вакцин хүний биед 5-6 сар л дархлаа тогтоох чадвартай хэмээн вакцин үйлдвэрлэгчид,  дэлхий эрүүл мэндийн байгууллагууд сануулж байгаа юм. Тиймээс дэлхий нийтээр вакцины бүүстер тун буюу гуравдугаар тунг хийх ажлыг зохион байгуулж, коронавирусийн халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авч эхлээд байна.
 
      Манай улс иргэдээ вакцины гуравдугаар тунд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн наймдугаар сараас иргэдийг гуравдугаар тунд хамруулах ажлыг эхлүүлсэн боловч вакцинд хамрагдаж буй тоог харахад хангалттай үр дүнд хүрээгүй байна. 
 

Хэрэв энэ байдлаараа гуравдугаар тунд хамрагдахгүй бол дөнгөж эргэлтэнд орж эхэлсэн эдийн засгаа дахин царцааж, хөл хорионы дэглэмд орохыг ч үгүйсгэх юм. Угтаа бол цар тахлын сөрөг үр дагавар тэр чигтэй алга болчихсон юм биш ээ. Дээр дурдсанчлан вакцины нэг, хоёрдугаар тунгийн үйлчлэлээр халдварын тоог хяналтандаа авах боломж бүрдсэн гэж ойлгож болно. 

 
    Олны яагаад гуравдугаар тунг хийлгэх шаардлагатай вэ гэдэг эргээлзээ бий. Дэлхий улсууд ажил амьдралын хэвийн горимд шилжихийн тулд иргэдээ бүүстер тунд хамруулах ажлыг эрчимжүүлсэн, үүнээс гарсан эерэг өөрчлөлтүүд ч байгааг дурдах нь зүйтэй болов уу.
 
     Тухайлбал,  Өмнөд Африкт шинээр илэрсэн 30 гаруй мутациас бүрдсэн В.1.1.529 буюу коронавирусийн Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд дэлхийн зарим орон бүүстер тун буюу вакцины гурав дахь тунг эрчимжүүлж эхэлжээ. 
 
Австрали Улсад шинэ төрлийн Омикрон хувилбар эхэлснээс хойш эрх баригчид бүүстер тунг эрчимжүүлэхийг зөвлөсөн байна. Харин Арабын Нэгдсэн Эмират Улс үүнээс урьдчилан сэргийлэхээр гурав дахь тунд идэвхтэй хамрагдахыг анхааруулаад байгааг эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. Мөн Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид өнгөрсөн амралтын өдөр “Шинэ төрлийн Омикрон хувилбарын нөлөөг сулруулна гэж найдаж байна” хэмээн мэдэгдэл хийж, нийт иргэддээ гурав дахь тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөжээ.
 

     Түүгээр ч зогсохгүй дэлхийн олон улсад зорилтод бүлгийн иргэдээ дархлаажуулж, цаашид улсынхаа хэвийн амьдрах боломжийг хангахын тулд хүүхдүүдээ бүүстер тунд хамруулах асуудлыг судалж байгаа юм. Манай улс ч арванхоёрдугаар сарын 15-нд гэхэд зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдчихвал шар түвшинд шилжих, хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн түвшинд шилжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.  Аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлогыг гаргахаар бэлдэж байгаа аж.

 
Үндсэндээ цар тахлын нөлөөгөөр хямарсан эдийн засгаа аврах ганц боломж нь иргэдийн хариуцлага, бүүстер тунгийн үр дагавар болох нь.

ГУРАВДУГААР ТУН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТЭД ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ БОЛОМЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188